Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00021

 

 

 

 

 

   2025          12             24                                         210/МА2026/00021             

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07698 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

 

Орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******ээс түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 дугаар гудамж, *******байр, ******* 70.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу 2020 оны 11 сарын 07-ны өдөр ******* улсын дугаартай “Норд” үйлдвэрийн сонсмол маркийн шар өнгийн автомашинаа 50,000,000 төгрөгт тооцож, *******ийн нөхөр болох *******ийн нэр дээр шилжүүлсэн. Мөн 2019 оны 09 сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 24,271,000 төгрөгийг ******* болон түүний нөхөр болох *******ийн Хас банкны данс руу тус тус шилжүүлсэн.

1.2. ******* нь *******д орон сууцныхаа нэрийг шилжүүлж өгөөгүй байхдаа орон сууцнаасаа албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 сарын 27-ны өдөр 210/МА2024/00044 дугаартай магадлал гарсан. Тухайн магадлалаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээ нь хүчин төгөлдөр болохыг тогтоож, мөн шүүхээс *******г орон сууц худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 15,729,000 төгрөг төлөх ёстойг дурдсан. Мөн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор Улсын Дээд шүүхээс хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ******* нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг *******ийн данс руу шилжүүлсэн боловч ******* нь орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг *******гийн нэр дээр шилжүүлээгүй.

Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг ******* нэр дээр шилжүүлэхийг *******т даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******-тай 2018 оны 08 сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, тухайн байрыг 120,000,000 төгрөгөөр тооцон худалдаж авсан. 2019 оны 08 сард үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, бэлэн мөнгө болгох шаардлага гарсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 08 сард хариуцагчтай ирж уулзаад “удахгүй бэлэн мөнгөтэй болж ирээд авъя, 7 хоног хүлээж байгаарай” гээд явсан. ******* орон сууцны төлбөрөөс 2,000,000 төгрөг өгөөд орон сууцанд орсон бөгөөд банкны зээл гарахгүй байсантай холбогдон 2-3 удаа төлбөрийг хойшлуулж байсан. Улмаар *******ийн нэр дээр зээл аваад, ******* төлөхөөр тохиролцсон. Гэтэл мөнгөө төлөөгүй, ******* өөрөө төлөөд дуусгасан. Ингээд 2021 оны 11 сарын 23-ны өдөр “Итгэлцэл” гэсэн баримт үйлдээд ******* улсын дугаартай Норд маркийн сонсмол машиныг 50,000,000 төгрөгт тооцож өгөөд, 2023 оны 10 сарын 23-ны өдөр үлдэгдэл 15,729,000 төлж дуусгасан.

Өөрөөр хэлбэл, 2019 онд орон сууцыг худалдан аваад 2023 оныг хүртэл ямар нэгэн өсөлтгүйгээр мөнгийг төлөөд өөртөө давуу байдал олж авч хариуцагчийг хохироосон. Уг хохирлыг барагдуулахгүй бол хөрөнгийг шилжүүлэхгүй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******гийн нэр дээр шилжүүлэх гэж ойлгох уу, тухайн хөрөнгө, гэрчилгээг нэхэмжлэгчид өгөх үү гэдгийг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Мөн орон сууц нь барьцаанд бүртгэгдсэн байгаа тул өмчлөгчийг өөрчилж бүртгүүлэх боломжгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Манай компанийн зүгээс 2024 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгосон. Өнөөдрийн байдлаар 258 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байна. ******* нь уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр болж, маргаан эхэлснээс хойш зээлээ төлөхөө больсон. Манай компаниас *******ийн зээл нь бүрэн хаагдаж, өр төлбөргүй болсных нь дараа барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалбараас чөлөөлнө гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, Толгойт 18105 гудамж, 33 байр ******* хаягт байршилтай, 70.8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч *******т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. ******* нь тохиролцсон төлбөрөө хугацаанд нь төлөөгүй 4 жил гаруй төлөхгүй, бусдыг хохироосон үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй орхих боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь *******г өөрт хохирол учруулсан гэж үзэж 64,510,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

5.2. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдаагүй худалдах, худалдан авах гэрээг дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.1. Уг хэргийг өмнө нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн. Улсын Дээд шүүхээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6.2. Нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

            7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

            7.1. Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчтай холбоотойгоор зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дууссаны дараа барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, учруулсан хохирлыг барагдуулсны дараагаар өмчлөх эрхийг шаардах ёстой ...” гэх агуулгаар тайлбарлан, талууд маргажээ.  

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон зохигч талуудын тайлбар зэргийг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/03940 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 210/МА2023/00044 дугаартай магадлал нотлох баримтаар авагджээ. /хх33-38, 6-9/  

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр *******, ******* нар 2019 оны 09 сард Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, *******байр, *******, 70.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 84,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах нөхцөлийг аман хэлбэрээр харилцан тохиролцож, ******* нь орон сууцыг *******гийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, ******* нь гэрээний төлбөрт 2,000,000 төгрөгийг дансаар, ******* улсын дугаартай Норд үйлдвэрийн сонсмол маркийн автомашиныг 50,000,000 төгрөгт тооцон *******т тус тус шилжүүлсэн үйл баримтыг тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байна. Мөн ******* нь гэрээний үүргээс 74,271,000 төгрөг буюу 82,5 хувийг гүйцэтгэсэн тул ******* гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнээд ******* орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, ******* нь 15,729,000 төгрөг төлөх гэрээний үүргээ гүйцэтгээгүй учир орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх6-9/

Анхан шатны шүүх талуудын маргаж буй үйл баримт нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

3.2. Хэргийн 56 дахь талд 2024 оны 04 сарын 15-ны өдөр “*******байрны үлдэгдэл мөнгө хийв” гэсэн утгаар ******* тоот данс руу 13,950,000 төгрөг шилжүүлсэн “ХААН банк” ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар авагджээ.

Гэвч хариуцагч тал “орон сууцны үлдэгдэл төлбөрт 15,729,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан” гэсэн тайлбар шүүхэд гаргасан тул нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иймээс хариуцагч *******ээс худалдан авсан орон сууцны өмчлөх эрх, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч ******* шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх112-114/

 

4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул “шүүх хэрэгт авагдаагүй худалдах, худалдан авах гэрээг дүгнэж, хууль зөрчсөн” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

 

6. ******* нь *******-тай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, 38.4 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, *******байр, ******* хаягт байршилтай, 70.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ. /хх76-83/

Шүүх дээрх үйл баримтын талаар “барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн эрх, ашгийг хөндөхгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Хариуцагч ******* нь 2025 оны 09 сарын 30-ны өдөр хохиролд 64,510,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хариуцагчийн эрхийг дээрх шүүгчийн захирамж хязгаарлахгүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

8. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг давхар баримталсан нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07698 дугаар шийдвэрийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “186 дугаар зүйлийн 186.1” гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОДГЭРЭЛ

 

                                        ШҮҮГЧИД                                      Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                                                                       Ч.ЦЭНД