Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 120/2019/0013/З |
Дугаар | 221/МА2020/0060 |
Огноо | 2020-01-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2020/0060
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.А 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах ....... ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын зорилгоор газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №1-73 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр:
1. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.7, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн гаргасан Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах ........ ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дотор ашигт малтмалын зорилгоор 357.3 га газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан мөн сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Манай компанийн зүгээс Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Учир нь Засаг даргын 1-73 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах ...... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын зорилгоор газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан ба татгалзлын үндэслэл нь “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгох боломжгүй” гэсэн нь Газрын тухай хуулийн 2.2-т “газрын хэвлий ...байгалийн бусад баялгийг ашиглах ...харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар нутгийн захиргааны байгууллага нь “ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах” хуулиар олгосон чиг үүргийг зөрчсөн, хуулийн үндэслэлгүй болно.
Энэ асуудлаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 27 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.
Учир нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл “тухайн газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газарт хамааралгүй хуулийн заалт хэрэглэсэн нь тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна.
Тухайн маргаан бүхий газарт баримтлах ёсгүй хуулийн зохицуулалтыг барьж асуудлыг шийдсэн нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч манай байгууллагын хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Тодруулбал шүүхээс “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар ашиглах эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сумын Засаг даргын зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн байдаг.
Гэвч Засаг даргын зүгээс “гуравдагч этгээдийн газартай давхацсан байгаа, газар эзэмшлийн давхацсан байдал нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэлээ болгоогүй. Энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хэн аль нь маргаагүй, ийм үндэслэлээр Засаг дарга шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд байхгүй энэ асуудлаар шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэв энэ асуудлыг давхар шалгах ёстой гэж шүүх үзсэн бол гуравдагч этгээдийн газар эзэмшлийн байдлыг, тэр дундаа, газар эзэмших эрх хүчинтэй байх хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэх, газрын төлбөрийг төлсөн эсэх, олгосон зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, тухай газрыг гуравдагч этгээд ямар зориулалтаар эзэмшиж ашиглаж байхад нь яг ямар эрхийг нь хөндөөд зөрчөөд байгаа талаар шалган тогтоож нотлох баримтын үндсэн дээр дүгнэх ёстой байсан.
Захиргааны шүүх хэрэгт хамааралтай гэж үзвэл өөрөө санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэй билээ. Гэтэл ийм ажиллагаа хийгээгүй хэрнээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Засаг дарга огт өөр үндэслэл зааж захиргааны акт гаргасан байхад шүүхээс уг актад байхгүй үнэн зөв эсэх нь ч тодорхойгүй үг өгүүлбэр, үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь өөрөө хууль ёсны бус үндэслэлгүй шийдвэр боллоо.
Харин Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл маргаж буй 1-73 дугаар шийдвэр хууль бус болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, бичгэн нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн энэ талаарх хийсэн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа болно.
Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар сумын Засаг дарга уг хуулийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.2-т зааснаар харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох бүрэн эрхтэй;
-мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн саналд үндэслэсэн хариунд тулгуурлан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтын талбайг ялгахаар зохицуулсан;
-мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд шаардлагатай барилга байгууламж барих, 27.1.11-д зааснаар холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрхтэй, 27.1.14-т зааснаар газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх эрх, үүрэгтэй;
-мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг уурхай дээр байлгахаар зохицуулсан;
-Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 34.11 дэх хэсэгт зааснаар “ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө болон энэхүү зорилгоор газар эзэмших хүсэлт гаргасан этгээд газар эзэмших гэрээ байгуулахаас өмнө уг газарт палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна”;
55 дугаар зүйлийн 55.1-д дэх хэсэгт “Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна”;
Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж газрын төлбөрийг хоёр дахин өгсөж тооцно” гэснээс тус тус үзэхэд Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр байна.
“Э” ХХК-ийн тухайд Ноён сумын нутаг дэвсгэрт ........ тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших бөгөөд уг тусгай зөвшөөрлийн уурхайн эдэлбэрийн хил хязгаар дотор тодорхой хэмжээний газар ашиглах хүсэлт гаргасныг “…сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй…” гэсэн үндэслэлээр татгалзсан нь буруу байхад анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэнгүй.
Нийтдээ ...... гектар талбайг хамрах дээрх тусгай зөвшөөрлийн талбайн ........ гектар талбайг уурхайн эдэлбэрийн зориулалтаар ашиглах, түүнчлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах хүсэлтүүдийг нэхэмжлэгчээс удаа дараа гаргаж байсан талаар, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хүсэлтийг нь хэлэлцэж байсан болохыг шүүхийн шийдвэрт дүгнэсэн атлаа “…нэхэмжлэгчийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тухайн талбайг ашигт малтмал олборлох зориулалтаар эзэмших эрхтэй болохоос бус уг харилцаанд Газрын тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулахтай холбоотой зохицуулалт хэрэглэгдэхгүй…” гэсэн нь үндэслэлгүй.
Учир нь газар ашиглах гэрээ байгуулах, газрын төлбөр төлөх эрх зүйн үндэслэл нь газар эзэмших, ашиглах эрх олгогдох явдал.
Тэр тусмаа ашигт малтмал ашиглах харилцаа Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг ч, газрын хэвлийд оршдог эрдсийн хуримтлалыг олборлохын тулд зохих хэмжээний газар зайлшгүй ашиглах шаардлагатай, энэхүү нөхцөлийг бүрдүүлэх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.
Хэргийн 190 дүгээр талд авагдсан давхцлыг харуулсан зургаас үзэхэд гуравдагч этгээд С.Б хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 900 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн ....... гектар талбайтай бүхэлдээ давхацсан нь газар ашиглуулахаас татгалзах үндэслэл биш, өөрөөр хэлбэл тухайн газартай давхцуулалгүйгээр олгох нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах ч, үүнийг газар ашиглуулахаас татгалзах үндэслэлээ болгоогүй байна.
Мөн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгээр уурхайн эдэлбэр, овоолго болон дэд бүтцийн зориулалтаар газар ашиглах эрх олгохгүй байх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байх нь дээр дурдсанчлан хуулийн шаардлага.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон “Э” ХХК-ийн захирал Д.А нэхэмжлэлийн шаардлагаасаа “...газар ашиглах зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” хэсгийг багасгасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн болгон,
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.11, 35 дугаар зүйлийн 35.3.7-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах ......... ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын зорилгоор газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №1-73 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.А гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН