| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0376/З |
| Дугаар | 001/ХТ2026/0089 |
| Огноо | 2026-10-06 |
| Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2026/0089
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Тендерийн үнэлгээний хороонд
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0493 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0443 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ч.М, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Э.У нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2026/0327 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн хоёр үндэслэлээр хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хэргийн нөхцөл байдал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ЭТТХК/******** дугаартай тендерийг зарласнаас Багц 1, “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохоор 4 компани материалаа ирүүлж, “М” ХХК-ийг шалгаруулсан боловч нэхэмжлэгч хуулийн этгээд Сангийн сайдад гомдол гаргаснаар үнэлгээг дахин хийхээр болж, улмаар Тендерийн үнэлгээний хороо “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж үзэж, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “… тендерийн баримт бичгийн шаардлагыг хангах баримтуудыг ирүүлсэн бөгөөд баталгаат хугацаанд үүсэх эвдрэл, гэмтэлд хариуцлага хүлээхээ тодорхой илэрхийлсэн 26/14, 26/15 тоот албан бичгүүдийг Үнэлгээний хороонд хүргүүлсэн. Гэтэл Үнэлгээний хороо эдгээр баримтыг бүрэн үнэлэлгүй, зөвхөн 26/14 тоот албан бичгийг авч үзэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй. Гэрээний “баталгаат хугацаанд гарсан доголдлыг нийлүүлэгч бүрэн хариуцна” гэсэн нөхцөл агуулгаараа бүрэн багтаж байсан тул манай компанийн зүгээс “Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүтэгт заасан гэрээний нөхцөлийг зөвшөөрч байна” гэдгээ 26/15 тоот албан бичгээрээ хоёрдмол утгагүйгээр тодорхой илэрхийлсэн” гэж,
4.Хариуцагч нараас “… ТШЗ-ны 20.1-ийн 2.3, 2.4-т тус тусдаа тодорхой шаардлага тавьсан бөгөөд тэдгээрийг хангахын тулд хоёр тусдаа албан бичиг ирүүлэхээр заасан. Гэтэл “А” ХХК нь ТШЗ-ны 20.1-ийн 2.4-т шаардсан үйлдвэрлэгчийн баталгаат хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг тусгайлан зааж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан. Тус тендерт оролцож буй компаниудаас 2 ширхэг албан бичиг ирүүлэхийг шаардсан, тодорхой ойлгомжтой шаардлага байсан, бусад компанид адилхан шаардлага тавьсан байхад нэхэмжлэгчийн баримтыг өөрөөр үнэлэх боломжгүй” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
5.1.Нэхэмжлэгчийн ирүүлсэн албан бичгийг “Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 20.1-ийн 2.4-т заасан баталгаа” гэж үзэхээргүй байна. Тодруулбал, Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 20.1-ийн 2.4-т “Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах ...” гэж ямар нэгэн хоёрдмол утга агуулгаар ойлгогдохооргүй буюу нийлүүлж буй сэлбэг, хэрэгслийнхээ үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах талаар тодорхой тусгасан байхад нэхэмжлэгчээс “... сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх болохоо үүгээр мэдэгдэж байна” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан нь утга, агуулга тодорхойгүй буюу тодруулбал, үйлдвэрийн баталгаат хугацаанд гарах эвдрэл, гэмтлийн талаар тодорхой баталгааг гаргаагүй байна.
5.2.Нэхэмжлэгч нь маргаан бүхий тендерт оролцохдоо Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 20.1-ийн 2.4-т баталгааг албан бичгээр гаргаж ирүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй.
6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:
6.2.Нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/15 тоот албан бичгээр ...Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заагдсан гэрээний нөхцөлийг зөвшөөрч байгаа болохыг... мэдэгдэж, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/14 тоот албан бичгээр сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээхээ илэрхийлсэн зэргээр дээрх тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 20.1-ийн 2.3-д заасан чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэхээр дурдсан шаардлагыг,
6.3.Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.4-д заасан нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлэх шаардлагыг үйлдвэрлэгч ********** Co. Ltd /SGB/-ийн баталгаат хугацааны албан захидлаар илэрхийлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 26/14 тоот, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/15 тоот албан бичгүүдээр тус тус хангалттай илэрхийлсэн гэж үзэхээр байна.
6.4.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын ... “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан хэсэг, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчимд нийцээгүй, хуулийг хэт явцууруулан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонхи дүгнэв.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.2.Төрийн худалдан авах ажиллагааны үндсэн зарчим нь оролцогч бүр урьдчилан тогтоосон ижил шаардлага, шалгуурын дагуу өрсөлдөх нөхцөлийг хангах явдал бөгөөд хянан үзэх, үнэлэх шатанд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг өөрчлөх, өргөжүүлэн тайлбарлах боломжгүй.
7.3.Гэтэл давж заалдах шатны шүүх тендер шалгаруулалтын баримт бичигт тусгайлан шаардсан баримтыг өөр агуулгатай баримтаар дүйцүүлэн тооцож, шаардлага хангасан гэж үзсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ач холбогдол, оролцогчдын тендер шалгаруулалтад тэгш оролцох нөхцөлийг алдагдуулах үр дагавар үүсгэсэн.
7.4.Түүнчлэн, нэхэмжлэгчид хэт давуу байдал олгосон, хууль зөрчсөн энэхүү дүгнэлтийг бүрэлдэхүүний нэг шүүгч эс зөвшөөрч тусгай санал гаргасан нь уг маргаанд хууль хэрэглээний асуудлыг нэг мөр болгох шаардлага бодитоор үүссэн болохыг илтгэж байна.
7.5.ТШЗ-ны 20.1-ийн 2.3-т “Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх”, ТШЗ-ны 20.1-ийн 2.4-т “Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх” гэж тус тус заасан. Дээрх хоёр шаардлага нь агуулга, зорилго, хүлээлгэх хариуцлагын хувьд ялгаатай. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх 2 тусдаа шаардлагыг хооронд нь адилтгаж, нэг шаардлагыг хангаж буй баримтыг нөгөө шаардлагыг мөн хангана гэж дүгнэсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн агуулгыг өөрчилсөн хууль хэрэглээний алдаа болж байна.
7.6.Хуульд зааснаар сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл захиалагчаас тодруулга авах боломжтой. Нэхэмжлэгч “А” ХХК нь мэргэжлийн оролцогчийн хувьд ТШЗ 20.1-ийн 2.3, 2.4 дэх шаардлагуудын агуулга, ялгааг ойлгох боломжтой бөгөөд хэрэв шаардлагыг тодорхой бус гэж үзсэн бол хуульд заасан журмын дагуу тодруулга авах боломжтой байсан.
7.7.Гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн ерөнхий мэдэгдлийг тусгай техникийн баталгаатай адилтган үзэх нь тендер шалгаруулалтын баримт бичигт тусгайлан тавьсан шаардлагын ач холбогдлыг үгүйсгэж байна. Мөн нэхэмжлэгчийн ирүүлсэн “************ Co. Ltd /SGB/”-ийн бичиг нь үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа болон бүтээгдэхүүний чанарыг нотолсон баримт болохоос нийлүүлэгч өөрөө үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах тухай баталгаа биш юм. Үйлдвэрлэгчийн баталгаа болон нийлүүлэгчийн баталгаа нь өөр өөр этгээдийн, өөр өөр агуулгатай үүрэг тул нэгийг нөгөөгөөр орлуулах боломжгүй.
7.8.Давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтээрээ бусад тендерт оролцсон компаниудын эрх ашгийг шууд хөндөөд зогсохгүй, цаашид бусад тендер шалгаруулалтад Үнэлгээний хорооны гишүүд дур зоргоор шийдвэр гаргах, төстэй бичгүүдийг агуулгаар дүйцүүлэх нэрийдлээр шаардлага хангаагүй компанийг шалгаруулах, нэг талд давуу байдал бий болгох, өрсөлдөх боломжийг хязгаарлах зэргээр Тендер шалгаруулалтын баримт бичигт ямар шаардлага тавина, түүний дагуу тендерийг бэлтгэж ирүүлдэг маш тодорхой болсон жишгийг үгүйсгэх нөхцөл байдлыг шууд бий болгож байна.
7.9.Тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхой баримт ирүүлэхээр заасан байхад тухайн шаардлагыг өөр төрлийн баримтаар дүйцүүлэн хангаж болно гэж үзвэл бүх оролцогч ижил нөхцөлөөр өрсөлдөх зарчим алдагдана. Бусад оролцогчид тендерийн баримт бичигт заасан шаардлагыг яг тусгасан баримт ирүүлэх үүрэг хүлээж байхад нэг оролцогчийн хувьд ерөнхий мэдэгдэл, үйлдвэрлэгчийн бичиг, өөр агуулгатай албан бичиг зэргийг нийлүүлэн тусгай шаардлагыг хангасан гэж үзэх нь тухайн оролцогчид давуу байдал бий болгосон үр дагаврыг үүсгэж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангах зарчимтай нийцэхгүй.
7.10.Мөн Үнэлгээний хороог нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг агуулгаар нь өргөтгөн тайлбарлаж, дүйцүүлэн ойлгох ёстой байсан гэх дүгнэлт нь тендерийг хянан үзэхэд хуульд тогтоосон шалгуур, эрх хэмжээний хүрээг тодорхой бус болгож, нэгэнт тогтсон үнэлгээний жишгийг үгүйсгэх үр дагавартай.
7.11.Түүнчлэн, энэ нь тендерийн баримт бичигт тусгайлан шаардсан баримт, мэдээллийн ач холбогдлыг бууруулж, оролцогч шаардсан баримтыг бүрэн ирүүлээгүй эсхүл өөр агуулгатай баримт ирүүлсэн тохиолдолд түүнийг агуулгаар нь өргөтгөн тайлбарлах боломжтой гэх эрх зүйн тодорхой бус нөхцөл байдлыг бий болгож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.9-т заасан зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүх өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
9.Маргааны үйл баримтын тухайд, “А” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарласан Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцсон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендерийг хариуцагчаас “ТШЗ-ийн 20.1-ийн 2.4-т заасан шаардлага хангаагүй, шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “тендер шалгаруулалтын шаардлагыг хангасан, бүх баримтыг бүрэн өгсөн, баталгаат хугацаанд үүсэх эвдрэл, гэмтэлд хариуцлага хүлээхээ тодорхой илэрхийлсэн байхад үндэслэлгүйгээр татгалзсан” гэж маргаж байна.
10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж заасан; энэ тохиолдолд Тендер шалгаруулалтыг зааварчилгааны 20.1-ийн 2.3-т “Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх” гэж, 2.4-т “Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх” гэж зааснаас үзэхэд оролцогч нэгдүгээрт, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх, хоёрдугаарт, эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах тухай албан бичиг ирүүлэх үр дагавар үүссэн буюу оролцогч ямар агуулгатай, хэдэн бичиг баримт ирүүлэх нь тендер шалгаруулалтын зааварчилгаанд (цаашид ТШЗ гэх) ойлгомжтой тодорхой байсан, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.
11.Нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/14 дугаар албан бичгээр “Манай компани техникийн тодорхойлолт, үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн техникийн шаардлагад заасан онцгой нөхцөлийн дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн сэлбэг нь хавсралт №1-т тусгагдсан сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх болохоо үүгээр мэдэгдэж байна” гэсэн байгаа нь ТШЗ-ны 20.1-ийн 2.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
12.Харин 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/15 дугаар албан бичигт “Манай компани тус тендер шалгаруулалттай холбоотойгоор дараах мэдэгдэл зөвшөөрөл, баталгааг үнэлгээний хороо болон захиалагчид гаргаж байна, ... 4-т Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заагдсан гэрээний нөхцөлийг зөвшөөрч байгаа болохыг хүлээн зөвшөөрч байна” гэснийг ТШЗ-ны 20.1-ийн 2.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй, эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах агуулгыг хангалттай тодорхой илэрхийлэхгүй байна.
13.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.10-т “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана”, 26.10.3-т “тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан оролцогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй” гэж заасан; нэхэмжлэгч ТШЗ-ны 20.1-ийн 2.4-т заасан албан бичгийг ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт бичгийг шаардлага хангаагүйд тооцсон хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн, энэ үүднээс анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
14.Давж заалдах шатны шүүх “… баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26/14 тоот, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/15 тоот албан бичгүүдээр тус тус хангалттай илэрхийлсэн, хуулийг хэт явцууруулан хэрэглэсэн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, албан бичгүүдийн агуулга болон тендерийн баримт бичгийн агуулгыг бүрэн харьцуулж дүгнээгүй, ямар учраас “бүрэн хариуцах баталгааг хангалттай илэрхийлсэн” гэж үзсэн үндэслэл тодорхойгүй, энэ талаарх хариуцагчийн “… хоёр тусдаа шаардлагыг хооронд нь адилтгаж, гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн ерөнхий мэдэгдлийг тусгай техникийн баталгаатай адилтган үзэх нь тендер шалгаруулалтын баримт бичигт тусгайлан тавьсан шаардлагын ач холбогдлыг үгүйсгэж, цаашид Үнэлгээний хорооны гишүүд дур зоргоор шийдвэр гаргах, төстэй бичгүүдийг агуулгаар дүйцүүлэх нэрийдлээр өрсөлдөх боломжийг хязгаарлана” гэх гомдол үндэслэлтэй байна.
15.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0443 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ