Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 496

 

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Төв аймгийн Баянжаргал сумын нутагт орших “Үзүүр” нэртэй газарт 840.83 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуул хийх тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоосон байдаг. Энэ дагуу тодорхой талбайнууд дээр сонгон шалгаруулалт болон өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож боломж бүрдсэн.

“Т” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдөл гаргахад тавигддаг шаардлагуудыг бүрэн хангаж, Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Үзүүр” нэртэй газарт 840.83 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, NE-******* дугаартай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан байдаг. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс манай компаний гаргасан өргөдлийг хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасаны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд Төв аймгийн Засаг дарга Д.*******ад хандан санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан. Төв аймгийн Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал нь хуулийн энэ шаардлагыг хангаагүй буюу хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзсан асуудал болсон байна.  

Улсын дээд шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 09 тоот тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байх бөгөөд уг тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-ыг тайлбарласан байдаг. Үүнд “Энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэсэн байх бөгөөд манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан Төв аймгийн Баянжаргалын сумын нутагт орших “Үзүүр” нэртэй газар дахь 840.83 га газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хориглож, хязгаарласан, орон нутгаас тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газар биш байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг олгох ёстой гэж үзэж байгаа болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоосон бөгөөд энэ нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор баталгаажсан. Энэхүү өргөдөл гаргасан талбай нь уг 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан солбилцолд багтсан талбай болно.  

Засгийн газар, түүнийг тэргүүлдэг Ерөнхий сайд тогтоолоор баталгаажуулж тусгай зөвшөөрөл эзэмшүүлж болохоор заасан талбайд хуулиар хориглосон үндэслэл байхгүй байхад тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх боломжгүй гэж Аймгийн засаг дарга үзэж, үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрөл олгохгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компани энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан хүсэлт гаргасан боловч тус газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.******* нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/2699 дугаартай албан тоотоор манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь “Үзүүр” нэртэй газарт 840.83 га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшихээр хуульд заасан шаардлагуудыг хангаж гаргасан өргөдлийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэв” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“******* эрэлчин *******” ХХК 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Үзүүр” нэртэй 840.83 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дах хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Төв аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “...Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8548 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Төв аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон 91 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Төв аймгийн Баянжаргал сумын нутагт орших “Үзүүр” нэртэй газарт 840.83 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “******* ******* *******” ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуул хийх тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах” тухай шаардлага гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.1.4-д “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох”, 19.2.2-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “******* эрэлчин *******” ХХК нь мөн хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд байх ба хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “******* эрэлчин *******”ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч дээрх хуульд заасны дагуу шүүлт хийж, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй тул тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, энэ талаар Төв аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Гэтэл Төв аймгийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүйгээр “дэмжихгүй” саналыг Ашигт малтмал, газрын тосны газарын Кадастрын хэлтэст ирүүлсэн байх бөгөөд уг хууль бус шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 7/2699 дугаар албан бичгээр “...Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул...” гэж дурдаж “******* эрэлчин Групп” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалсан нь хууль бус болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус тус заасан байна.

Дээр дурдснаар Төв аймгийн Засаг даргын 91 дүгээр санал нь мөн аймгийн эсхүл Баянжаргал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “санал”-д үндэслээгүй, “иргэдийн санал”-д үндэслсэн гэх боловч энэ тухай ямар нэгэн баримт хавсаргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зүйл, заалтад “иргэдээс санал авч, түүнд үндэслэх талаар” заагаагүй, татгалзах санал нь хуульд заасан үндэслэлийн дагуу байх шаардлагад нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж зааж, 11 дүгээр зүйлийн 11.1.19-т зааснаар “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн эрхийг төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгжид олгожээ.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.3-т “аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлтэй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулах” гэж, 4.5-д “хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 3 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулах” гэж тус тус журамласан байна.

Эдгээрээс үзвэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхээ дангаараа хэрэгжүүлэх бөгөөд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь “татгалсан санал”-ыг зөвхөн хуульд заасан үндэслэлд тулгуурлан гаргах, үүнд дүгнэлт өгч тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх эрх төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байна.

Гэтэл Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дгээр сарын 30-ны өдрийн 91 дүгээр “татгалсан санал” нь хуульд үндэслээгүй байхад “дэмжихгүй” санал ирүүлсэн гэж үзэн нэхэмжлэгч “******* эрэлчин *******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан шудрага ёсыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянжаргал сумын нутагт орших “Үзүүр” нэртэй 840.83 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ