Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Б.О, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Б.Б нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.О

Монгол Улсын иргэн , Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 28- наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших "Мандал” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч О.Бийн 2 үхрийг хулгайлсаны улмаас 1050000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 02 ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрээс хохирогч В.Бы 2 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж түүнд 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Иххэт сумын 3 дугаар баг “Лакаторын-Овоо" гэх газраас хохирогч В.Бы 2 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсаны улмаас түүнд 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Бт буруу гарын үхэр гэж хэлээгүй, аймаг руу ачаад өгөөч л гэж хэлсэн. Бы адууг хулгайлсан нь үнэн. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан ... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: О аймаг орох гэсэн юм унаа байхгүй гээд гуйхаар нь явсан. Тухайн үед хулгайн үхэр гэж мэдээгүй. ... гэсэн мэдүүлэг,

Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 сарын 28-ны шөнө...манайх Иххэт сумын төвөөс баруун урагш 27 орчим км зайд байдаг ... гэх газар нутаглаж байсан...манай үхэрнээс хар сарман бяруу, сартай улаан гунжин үхрүүдийг бэлчээр дээрээс нь алдаад одоог болтол олоогүй... манай гэрээс 3 орчим км зайд ... гэх газар Оынх байдаг байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 22-24, 28/,

Хохирогч В.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би адуугаа хураагаад бүртгэж үзээд орхисон тухайн үед манай адуу сумын төвөөс урагш холгүй Агэх газрын ойролцоо байсан тэгээд бүрэн болохоор нь орхиод явсан маргааш нь өдөр мөн адуугаа татах гээд бөөгнүүлтэл манай цавьдар зүсмийн адуунд байдаг зээрд зүсмийн шүдлэн байдас мөн цавьдар зүсмийн хязаалан байдас нар нь байхгүй болчихсон байсан... Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээрд азаргатай адуунаасаа хоёр тооны нас бие гүйцсэн сартай хүрэн гүү, хүрэн гүү алдсан юм...Лакатарын Овоо гэх газар бэлчиж хоносон...өглөө нь бүртгэж үзэхэд бүгд бүрэн байсан маргааш өдөр нь 14-ний өдөр бүртгэж үзэхэд манай уг хоёр гүү байхгүй болсон байсан...О нь миний хохирлыг бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 41-45, 80 /,

Гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 сарын дундуур намайг хөдөө Иххэт сумын төвөөс урагш Хонхор гэх газар байж байхад Б болон О нар Бын машинтай орой бүрэнхий болсон үед ирсэн тэгээд намайг Б, О нар хөдөө үхэр ачилцаад өгчих гэхээр нь би хамт явсан тэгээд сумын төвөөс баруун урагш ... гэх газар очиж бэлчиж байсан үхэрнээс 2 тооны үхэр О бугуйлдаж барьсан тэгээд Бын машинд бид гурав элбэж ачсан...уг хоёр үхэр хар сарман бяруу, сартай улаан гунжин үхрүүд байсан...хулгайн үхэр болох талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 11-12/,

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын эхээр байх хүнээс авлаганы мал ахуй цуглуулах ажилтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд надаас миний эзэмшлийн ... улсын дугаартай Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан тухайн үед хэд хоноод авчирч өгснийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 49- 50 /,

Гэрч М.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр О нь надад гарал үүслийн бичиггүй 2 тооны зээрд зүсмийн шүдлэн байдас, цавьдар зүсмийн хязаалан байдсыг 1 100 000 төгрөгөөр зарж борлуулсан...хоёулаа зүүн талын гуян дээрээ саран толгойтой тамгатай адуу байсан...” /хх-ийн 37-38 /, “...2018 оны 12 сарын 14- ний өдөр 11 цагийн орчимд...Одоохонтой уулзан сартай хүрэн гүү мөн хүрэн зүсмийн гүүг худалдан авсан...уг хоёр гүүний нэг нь хээлтэй байсан...” гэсэн мэдүүлэг./хх-ийн 68-69 /,

Ашид билгүүн ХХК-ны газраас охин бяруу, гунжин үнээг 1 050 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 17-18 /,

Ашид билгүүн ХХК-ны газраас шүдлэн байдас, хязаалан байдасыг нийт 1 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх- ийн 52-53 /,

Ашид билгүүн ХХК-ны газраас нас бие гүйцсэн хүрэн 2 гүүг нийт 1 600 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. / хх-ийн 72 /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-138, 156 / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч шүүгдэгч Б.О, Б.Б нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,оногдуулах ялыг хөнгөрүүлсэн,гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.О, Б.Б нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна. Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших "Мандал” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч О.Бийн 2 үхрийг хулгайлсаны улмаас 1050000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2016 оны 11 сарын 28-ны шөнө...манайх Иххэт сумын төвөөс баруун урагш 27 орчим км зайд байдаг ... гэх газар нутаглаж байсан...манай үхэрнээс хар сарман бяруу, сартай улаан гунжин үхрүүдийг бэлчээр дээрээс нь бэлчээр дээрээс нь алдаад одоог болтол олоогүй...манай гэрээс 3 орчим км зайд ... гэх газар Оынх байдаг байсан...гэсэн мэдүүлэг, Гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2016 оны 11 сарын дундуур намайг хөдөө Иххэт сумын төвөөс урагш Хонхор гэх газар байж байхад Б болон О нар Бын машинтай орой бүрэнхий болсон үед ирсэн тэгээд намайг Б, О нар хөдөө үхэр ачилцаад өгчих гэхээр нь би хамт явсан тэгээд сумын төвөөс баруун урагш ... гэх газар очиж бэлчиж байсан үхэрнээс 2 тооны үхэр О бугуйлдаж барьсан тэгээд Бын машинд бид гурав элбэж ачсан..." гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны газраас охин бяруу, гунжин үнээг 1 050 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар, Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 02 ноос 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрээс хохирогч В.Бы 2 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж түүнд 1 400 000 төгрөгийн, мөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Лакаторын-Овоо” гэх газраас хохирогч В.Бы 2 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсаны улмаас түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч В.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би адуугаа хураагаад бүртгэж үзээд орхисон тухайн үед манай адуу сумын төвөөс урагш холгүйАгэх газрын ойролцоо байсан тэгээд бүрэн болохоор нь орхиод явсан маргааш нь өдөр мөн адуугаа татах гээд бөөгнүүлтэл манай цавьдар зүсмийн адуунд байдаг зээрд зүсмийн шүдлэн байдас мөн цавьдар зүсмийн хязаалан байдас байхгүй болчихсон байсан... 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээрд азаргатай адуунаасаа хоёр тооны нас бие гүйцсэн сартай хүрэн гүү, хүрэн гүү алдсан юм...Лакатарын Овоо гэх газар бэлчиж хоносон... 14-ний өдөр бүртгэж үзэхэд манай уг хоёр гүү байхгүй болсон байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2018 оны 12 дугаар сарын эхээр байх хүнээс авлаганы мал ахуй цуглуулах ажилтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд надаас миний эзэмшлийн ... улсын дугаартай Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан тухайн үед хэд хоноод авчирч өгснийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр О нь надад гарал үүслийн бичиггүй 2 тооны зээрд зүсмийн шүдлэн байдас, цавьдар зүсмийн хязаалан байдсыг 1 100 000 төгрөгөөр зарж борлуулсан... 2018 оны 12 сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд...Одоохонтой уулзан сартай хүрэн гүү мөн хүрэн зүсмийн гүүг худалдан авсан...уг хоёр гүүний нэг нь хээлтэй байсан.. гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгчөөс “Отай нийлж хулгай хийгээгүй, О нь .....машинаараа туслаж,түүний гуйлтаар явсан, хулгайн зүйлээс өөрт авсан зүйлгүй ” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан ба Б.Бын гэрчээр өгсөн /ххийн 6-р тал/ ...Тухайн үед Оыг буруу гарын мал ачиж байсныг бол мэдсэн, би үхэр зарсан мөнгөнөөс авч хувьдаа зарцуулаагүй” гэсэн мэдүүлэг, Б.Оын гэрчээр өгсөн /хх-ийн 9-10-р тал/ ...Б нь намайг хулгайн мал ачиж байсан талаар бол мэдсэн байсан...” гэсэн мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 25-р талд өгсөн “...хулгайн мал ачих гэж байгаа талаар Б мэдэж байсан Дт хэлээгүй байсан...” гэсэн мэдүүлэг, Б.Бын яллагдагчаар өгсөн /хх-ийн 93-р тал/ “...Миний хувьд анх тухайн 2 үхрийг бол хулгайн үхэр гэж бол мэдээгүй харин үхэр ачиж байхад бол уг 2 үхэр нь Оын үхэр бол биш байсан ба миний хувьд Оын мал биш гэдгийг нь гадарласан. Тэгээд би Оыг хулгайн мал ачуулж байна гэдгийг мэдсэн юм...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Б.Отай үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын 2 тооны малыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр авч эзэмшилдээ оруулж байгаагаа ухамсарлан ойлгож хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас ...тээврийн хэрэгслийн үнэлгээг дахин гаргуулах шаардлагатай, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй” гэсэн саналыг үндэслэлгүй гэж үзлээ. Хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан гэрч Бын өгсөн “ Манай дүү Б нь 2018 оны хавар өөрийн нэр дээрээ шилжүүлж ... гэсэн улсын дугаар авч байсан. Өнгөрсөн 2018 оны 05 дугаар сард машины урд тэнхлэг нь эвдрээд зарахаар болоод би өөрөө хотод унаж ирээд үл таних ченжид 1200000 төгрөгөөр зарчихсан ”гэсэн мэдүүлэг, тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээдийн үнэлсэн Техникийн үнэлгээгээр 2000000 төгрөгөөр тогтоосон баримтуудыг шүүх үнэлэх боломжтой тул дахин шинжээч томилон үнэлүүлэх шаардлагагүй юм.

Иймд гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд шүүгдэгч Б.О, Б.Б нарыг бүлэглэн бусдын 2 тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Б.Оыг бусдын 4 тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь бүлэглэн бусдын 2 тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Б.О нь бусдын 4 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Б.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа /, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Оад 1 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Бт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.О нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О нь ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн хулгайлах гэмт хэргийн хорих ялтай тэгшитгэхэд урьд тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял өөрчлөгдөхгүй байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг одоогийн тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн хуулийн 3-т ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан малаа амьдаар нь зөөж тээвэрлэн Иххэт сумаас Сайншандад суманд ирж бусдад зарж борлуулсан нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу малыг амьдаар нь зөөж тээвэрлэхэд тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинжтэй, шаардлагатай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан Атлас” ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1200000 төгрөгөөр бусдад зарсан болох нь хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан гэрч Б.Бын мэдүүлгээр, шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэл Б.Бын эзэмшлийнх болох нь Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 15 тоот албан бичгээр тогтоогдож байх ба уг тээврийн хэрэгслийн үнийг Хөрөнгө,даатгалын үнэлгээний Ашид Билгүүн ХХК 4300000 төгрөгөөр үнэлэн тогтоожээ.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэж, хавтаст хэргийн 84 дүгээр талд Б.Бын Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 138, 156/ ял шийтгэгдэж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч О, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.О, Б.Б. нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.ыг  1 жил хорих ял, шүүгдэгч Б.Б.ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй. 

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б. нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

           4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.ад Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосугай. 

 

           5. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.ад Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн  хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн  хорих ялд нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 3 жилийн хугацаагаар  тогтоосугай. 

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.ад оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

7. Шүүгдэгч Б.О., Б.Б. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8.Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.аас 4300000 төгрөг, шүүгдэгч Б.Б.аас 1200000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 84/ хүчингүйд тооцсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.О.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН