| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2024/00373/И |
| Дугаар | 203/МА2025/00050 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 203/МА2025/00050
Б.*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 313/ШШ2025/00454 дугаартай шийдвэртэй,
Б.*******ы нэхэмжлэлтэй
А.*******ид холбогдох
Зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол 14,181,318 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын үндэслэл: Б.******* миний бие өөрийн эзэмшлийн Toyota prius alpha-XW40 маркийн *******УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ төрсөн дүү Б.*******аар жолоодуулан гурван хүүхдийн хамт 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу гарч яваад А.*******ийн согтуугаар жолоодож явсан Bongo Frontier маркийн ******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Зам тээврийн ослын улмаас миний охин А.Мөнхзул биедээ хөнгөн гэмтэл авсан, тээврийн хэрэгслийн урд буфер урагдаж тасарсан, зүүн урд их гэрэл хагарсан, баруун урд их гэрлийн арын хар таг хагарсан, урд буферийн доод хар сетка хагарсан, баруун урд гэрэл, зүүн урд нэмэлт гэрэл, урд салхины шил хагарсан, зүүн урд крыло, зүүн урд хаалга, капот, зүүн урд шанаа тунарч чихэгдсэн, зүүн толь сууриараа хугарсан, зүүн урд хаалганы дээд нугас гулзайсан, зүүн урд багана зурагдаж гулзайсан, капотны нугаснууд гулзайсан, урд панель гулзайсан хугарсан, урд буферийн зүүн топгоогч зам хугарсан, зүүн урд пол крело урагдсан, урд буферийн хөөсөнцөр хугарсан, урд буферийн кранштейн төмөр гулзайсан, баруун урд крело тунарсан, жолоочийн болон зорчигчийн аюулгүйн дэр задарсан, жолоочийн болон зорчигчийн хамгаалах бүс гацсан, зүүн урд амортизаторын суурь гулзайсан, хойд буфер цуурч урагдсан, моторын доод хуванцар элгэвч урагдсан, гал хамгаалагчийн үүр хагарсан, зүүн урд гар, өндгөн тулгуур, амортизатор, лонжром гулзайсан, зүүн урд обуд сэнсэрч дугуй хагарсан, радиатор тунарч цоорсон, сэнсний хүрээ хагарсан, цахилгаан моторын утас тасарч суурь хөдөлсөн зэрэг эвдрэл гэмтэл гарсан.
Миний бие өөрөө болон хамт тээврийн хэрэгсэлд зорчиж явсан жолооч, хүүхдүүдийн хамт эмнэлэгт хүргэгдэн биеийн эрүүл мэндийн байдлаа үзүүлж, шинжилгээ өгч, компьютер томограф, MRI зураг авхуулсан.
Б.******* миний бие өөрт болон охин А.Мөнхзулд учирсан гэмтлийн улмаас Өмнөговь аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн. Энэхүү зам тээврийн осол нь хариуцагч А.*******ийн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а)...эсхүл согтууруулах ундаа,...хэрэглэсэн, 10.9. уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас гарсан болох нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн магадалгаагаар тогтоогдсон.
Хариуцагч А.*******ид бидний эрүүл мэндэд учирсан хохирлын мөнгө, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн болон засварын мөнгийг төлөхийг удаа дараа хэлсэн боловч удахгүй төлнө гэж хэлээд төлөхгүй өнөөдрийг хүрсэн, сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд А.*******оос эмчилгээний төлбөр 930,918 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн болон засварын үнэ 13,250,400 төгрөг, нийт 14,181,318 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын үндэслэл: А.******* миний бие Б.*******ы шүүхэд ирүүлсэн зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд 3 учруулсан хохиролд 14,181,318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Учир нь: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зам тээврийн осол болсон нь үнэн. Уг ослын улмаас миний бие ч эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон.
Тухайн зам тээврийн осол буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг хэт нэг талыг барьж цуглуулсан А.******* миний эрхийг ноцтой зөрчсөн болохыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнийн захирамжаар тогтоон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр эрх бүхий албан тушаалтанд буцаасан. Одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Хэнийг ч гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож үл болно. Намайг зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж эцэслэн тогтоогоогүй байхад намайг ямар баримтад тулгуурлан буруутгаж байгааг ойлгохгүй байна. Уг зам тээврийн осол ганц миний буруугаас болоогүй нэхэмжлэгч Б.*******ы дүү тухайн үед машин жолоодож явсан Б.******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлт болон эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар тогтоосон. Ийм байхад ******* ганц надаас хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хэрэв төлөх ёстой бол бид хоёр хувааж төлөх ёстой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Б.*******ы машинд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа Үнэлгээ хийхэд би хамт байгаагүй. Би энгийн нүдээр харахад ч тийм их эвдрэл гэмтэл байгаагүй. Миний зүгээс дахин үнэлгээ хийлгэх хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүлээн авч дахин үнэлгээ гаргуулахаар зөрчил шалган шийдвэрлэх шүүх хуралдааныг завсарлуулсан. Одоогоор энэ ажиллагаа хийгдээгүй байгаа.
Иймээс би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.*******оос нийт 14,181,318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******оос улсын тэмдэгтийн хураамж 228 857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал:
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр өөрөө 13,250,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан. Мөн өмгөөлөгчөөсөө татгалзсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь өөрийнхөө эрхийг зөрчиж байна. Энэ нь бусдын эрхийг зөрчсөн гэж үзнэ гэж тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж эд хөрөнгөнд учруулсан хохирол 13,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд миний гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр 13,250,000 төгрөгөөсөө татгалзсан. Нэхэмжлэгчийн хувьд энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлмээргүй байна гэдгээ хэлсэн. Шүүхээс нэхэмжлэлээ татан авах талаар ярьсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Бүхэлд хангасан гол үндэслэл нь нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь өөрийнхөө эрхийг зөрчиж байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэдэг агуулгаар тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр өөрийн өмгөөлөгч Н.Нармандахаас татгалздаг. Н.Нармандах өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаан дээр өөрс нь татгалзсаар байхад тайлбартаа Б.******* нь нэхэмжлэлээ татгалзъя гэж хэлээд байгаа нь хэргээ дараа нь шийдвэрлүүлье гэж хэлж, ийм агуулгаар тайлбарлаж байгаа гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгч Н.Нармандахын тайлбарыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн 13,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж тайлбарладаг. Үүнээс хоёр сая гаруй төгрөг нь үнэлгээнд ороогүй буюу нэхэмжлэгчийн дүү н.******* гэдэг хүнээс гарсан гэх зардлын баримт байсан. Энэ нь хаан банкны теллерийн гарын үсэгтэй ч гэдэг юм уу? нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслээд нотлох баримтын үнэн зөв, бодиттой эсэх, нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх дээр ямар ч дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр энэ хангаад байгаа зардлаас эрүүл мэндэд учирсан хохирлын зардалд нэхэмжлээд байгаа 9,030,918 төгрөгөөс 8,034,438 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтэй байсан. Учир нь энэ баримтын хувьд хугацаа нь ослоос хойно гарсан баримтууд байсан. Тэгэхээр 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан А225, А153, А85 дугаар тушаалын 3.1.1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдгийг тайлбарлахдаа 28 хоногийн дотор эдгэж болох гэмтлийг тайлбарласан. Гэтэл бүрдүүлсэн баримт нь бүх гэмтэл учраад эдгэчихсэн байх хугацаа буюу 28 хоногоос хойш гарсан зардлуудыг А.*******оос гаргуулан шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 8,034,438 төгрөгийн баримт нь хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй байна. Мөн хөнгөн гэмтэл учирсан гэдэг дээр нэхэмжлэгчийн зүгээс маргаж мэтгэлцээгүй. Тийм учраас энэ баримтуудыг гаргаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж маргадаг. Мөн 13,250,000 төгрөгийн хохирлыг гаргаад түүнээс 10,090,000 төгрөг нь шинжээчийн дүгнэлтээр үнэлгээний газраас тогтоосон баримт байдаг. Тэгэхээр энэ үнэлгээний дүгнэлтийг А.******* нь хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлдэг. Шүүх хуралдааныг завсарлуулж байгаад дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг буцаадаг. Гэтэл энэ ажил огт хийгдээгүй. Шүүгчийн захирамж биелэгдээгүй. Шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад үнэлгээн дээр маргасан боловч дахин үнэлгээг гаргуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд явсан. Тийм учраас нэхэмжлэлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 13,250,000 төгрөгийг А.*******оос гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь А.*******ид холбогдуулан эмчилгээний төлбөр 930,918 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн болон засварын үнэ 13,250,400 төгрөг нийт 14,181,318 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Намайг зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж эцэслэн тогтоогоогүй. Уг зам тээврийн осол ганц миний буруугаас болоогүй. Нэхэмжлэгч Б.*******ы дүү тухайн үед машин жолоодож явсан Б.******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлт болон эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар тогтоосон. Иймд ганц надаас хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэсэн тайлбар гаргасан.
2.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав эс зөвшөөрч Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр өөрөө 13,250,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан. Мөн өмгөөлөгчөөсөө татгалзсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь өөрийнхөө эрхийг зөрчиж байна. Энэ нь бусдын эрхийг зөрчсөн гэж үзнэ гэж тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж эд хөрөнгөнд учруулсан хохирол 13,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг гаргажээ.
3. Bongo frontier маркийн ******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гаргажээ.
3.1 Хариуцагч А.******* нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Цагдаагийн постын хойд зам дээр Bongo frontier маркийн ******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Б.*******ын жолоодож явсан Toyota prius Alpha маркийн ******* УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн зүйлийн 51 дэх хэсэгт заасан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил үйлдсэн болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/234 дугаар шийтгэврээр нотлогдож байна. /хх-84-89/
3.2 Хариуцагч А.*******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас А.Мөнхзулын биед хөнгөн хохирол, нэхэмжлэгч Б.*******ы эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул А.*******оос эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал 930,918 төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 13,250,400 төгрөг, нийт 14,181,318 төгрөгийг гаргуулан Б.*******д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч буй хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь анхан шатны шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №48485/ДД№30688300 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Үйлсийн говь ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн оношилгооны албан бичиг зэргээр Б.*******ы эзэмшлийн Toyota prius Alpha маркийн ******* УБУ маркийн тээврийн хэрэгслийн засварлах, солих шаардлагатай эд ангид 12,062,400 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт, Мед траума эмнэлэгт хүзүү нурууны МР1 дүрс оношилгоо хийлгэсэн 320,000 төгрөг, А.Мөнхзул /12 настай/ Асралт мед эмнэлэгт толгойн соронзон резонанст томографийн шинжилгээний зардалд 450,000 төгрөг, Ундар эс эмийн сангаас эритромицин, жаст тийрс, гатсун форте зэрэг эм авсан 42,500 төгрөг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн 54,300 төгрөг, Монос эмийн сангаас шээсний шинжилгээний сав, Mylacto kids, мастик ЛС, назатив, амоксиклав зэрэг эм авсан 64,118.85 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба эм, эмчилгээний зардалд нийт 930,918.85 төгрөг /хх 7-16 хуудас/, түүнчлэн ослын улмаас машин татлагын мөнгө 50,000 төгрөг /хх-н 29-р хуудас/, машин ачлагын төлбөр 70,000 төгрөг /хх-н 30-р хуудас/, оношилгоонд орох машин ачилтын төлбөр 140,000 төгрөг /хх-н 42-р хуудас/, эд ангийн оношилгооны төлбөр 20,000 төгрөг /хх-н 33-р хуудас/, ******* УБУ авто үнэлгээний төлбөр 908,000 төгрөг /хх-н 34-р хуудас/, нийт 1,188,000 төгрөгийн зарлагын баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг тус тус үндэслэжээ.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.
4. Нэгэнт зам тээврийн осол болон түүнтэй шалтгаант холбоотойгоор автомашинд учирсан эвдрэл гэмтэл, А.Мөнхзул эрүүл мэндэд хохирол учруулсан талаарх А.*******ийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул уг үйлдлийн улмаас үүссэн хохирлыг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 14,181,318 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ
4.1. Хэрэгт авагдсан баримтаар хохирлын хэмжээ тогтоогдсон учир хариуцагчийн өмгөөлөгчийн ...үнэлгээний дүгнэлтийг А.******* хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг буцаасан. Шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн тайлбар үндэслэлгүй. Учир нь гэм буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг бүрэн төлөх, ослоос өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай гомдол нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх ба энэ талаар анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт ...хуулийн 106.3...-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...нэхэмжлэгчийн татгалзлыг ...батална. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан-тай адил утгаар, 106.3 дахь хэсгийн дагуу гарах шүүхийн шийдвэрийн үр дагавар нь мөн хуулийн 106.5 дахь хэсэгт заасантай ижил буюу шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагчийн зөвшөөрөлгүй нэхэмжлэлээ татан авах эрхтэй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах үндсэн эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь татгалзлын үндэслэлээ эд хөрөнгийн хохирлоо дараа нь шийдүүлнэ гэж тайлбарлаж байх тул түүний эрх, ашиг сонирхлыг хөндөж байхаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд харшилж буй татгалзлыг батлах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 313/ШШ2025/00454 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР