| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2024/00216/И |
| Дугаар | 203/МА2025/00053 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 203/МА2025/00053
Б.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШШ2025/00352 дугаартай шийдвэртэй,
Б.*******гийн нэхэмжлэлтэй
О.*******д холбогдох
Гэм хорын хохиролд 200,523,486 төгрөг, олох байсан орлого 200,000,000 төгрөг, нийт 400,523,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэнбат, Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч О.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар /цахим/, М.Цэрэнбат /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын агуулга: ...Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* багийн ******* суурьшлын бүс Их ******* гудамж ******* тоотод байх манай Номин гэр ахуйн дэлгүүрт О.*******ын буруутай үйлдлийн улмаас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гал гарч их хэмжээний хохирол учирсан. Уг гал О.*******ын Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* багийн ******* суурьшлын бүс Их ******* гудамж 59 тоотоос эхэлж гарсан бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан.
Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад галын шалтгааныг тогтоож шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд О.*******ын хайхрамж болгоомжгүй, аюулгүй байдлыг хангаагүй тог цахилгаанаас болж гал гарсан болсон болох нь тогтоогдсон.
Хэрэг гэмт хэргийн шинжгүйн улмаас Ханбогд сумын Онцгой байдлын газарт үргэлжлүүлэн шалгагдсан. Уг гал түймрийн улмаас Номин гэр ахуйн дэлгүүр бүхэлдээ, дэлгүүрт зарагдаж байсан бараа ихэнх нь шатаж үлдсэн бараа нь дахин ашиглах боломжгүй болсон.
Манай дэлгүүр болон бараанд эрх бүхий байгууллагаас мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулж дэлгүүрийн барилгыг 67,193,120 төгрөгөөр, зарагдаж байсан барааг 82,880,146 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Надад нийт 150,073,266 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилнэ.
Би дэлгүүрээ ажиллуулж байхдаа сард ойролцоогоор 50,000,000 төгрөгийн орлого олдог байсан ба олох байсан орлого 50,000,000 төгрөг нэхэмжилнэ. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад миний зүгээс үнэлгээний төлбөрт 450,220 төгрөгийг үнэлгээний ******* компанид төлсөн бөгөөд энэ мөнгийг нэхэмжилнэ. Иймд О.*******аас шатсан дэлгүүр, барааны үнэ 150,073,266 төгрөг, шинжээчийн зардал 450,220 төгрөг, 2024 оны 9-12 сарын буюу 4 сарын орлого 200,000,000 төгрөг, нийт 400,523,486 төгрөгийг О.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Миний бие Өмнөговь аймаг, Ханбогд сум ******* багийн Цагаан хад суурьшлын бус, Их Цагаан хад гудамж 59 тоотод ажлын хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө манай дэлгүүрийн ар хэсгээс гал гарч улмаар манай дэлгүүр болон Б.*******гийн Номин гэр ахуйн барааны дэлгүүр галд өртөж, бид хэн хэн нь эд хөрөнгөөрөө хохирсон. Тухайн болсон асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд миний бие гал юунаас болж гарсан, хэн нэгний санаатай болон болгоомжгүй үйлдлээс болж гарсан эсэх зэргийг тогтоолгож галын улмаас учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаагаа холбогдох байгууллагуудад илэрхийлсэн.
Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагааны явцад гал хаанаас эхэлж гарсан, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 085/12 дугаартай дүгнэлтээр галын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэж үзсэн.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаартай прокурорын тогтоолоор хэн нэгэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Болсон асуудал нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл О.******* миний буруутай үйлдлээс болж гал гарсан гэж тогтоосон зүйл байхгүй. Иймд Б.******* нь гал гарсан асуудалд намайг буруутгаж, надаас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******аас 67,643,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 332,880,146 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, ******* дугаар зүйлийн ******* 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7'дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,318,517.43 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 496,166.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэнбат давж заалдах гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд тус хуулийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл шүүх нь нотолгооны ач холбогдол өндөртэй нотлох баримтуудыг огт үнэлээгүй бөгөөд тодруулах ёстой үйл баримтыг бүрэн тодруулалгүй хэргийн үйл баримтад өөрийн үзэмжээр хэт явцуу дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдаатай илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Иргэний хуулийн 497.1-т заасны дагуу гэм хор учруулсны улмаас үүссэн хохирлыг бусдаас гаргуулахын тулд шүүх (1) Хохиролд хэний, ямар үйлдэл нөлөөлсөн, үйлдэл нь хууль бус эсэх, (2) тухайн үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо бий эсэх буюу тухайн үйлдэл нь хохирол үүсэх гарцаагүй шалтгаан нөхцөл болсон эсэх, (3) хохирол учруулсан үйлдэлдээ хариуцагч нь гэм буруутай эсэх зэргийг нотлох баримтад үндэслэн эргэлзээгүй байдлаар тогтоож, бүрэн дүгнэлт хийсэн байх шаардлагатай.
Гэвч шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд цугларсан, Г.Бат- орших, Б.******* нарын өгсөн О.*******ын Шилмэл комисс дэлгүүрийн хашаанаас гал гарсан гэх нийтлэг агуулгатай гэрчийн мэдүүлгүүдийг дурдаад шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч О.*******ын /болгоомжгүй/ хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.*******гийн эд хөрөнгөд гэм хор учирсан бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэсэн нэг өгүүлбэрээр бүхэл бүтэн хэргийн үйл баримт, өөрийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тайлбарласан.
Ийнхүү шүүх О.******* ямар хууль бус үйлдэл гаргасан болох, түүнчлэн уг үйлдэлдээ яагаад гэм буруутай болох, эдгээр нь нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа зэрэгт дүгнэлт өгөлгүй О.*******ын хашаа, сууцнаас гал гарсан л бол О.******* гэм буруутай байх ёстой гэсэн агуулгатай хууль хэрэглээний алдаатай, мэргэжлийн бус хөнгөн хийсвэр дүгнэлт хийсэн.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.2-т Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна, Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг гэх зөвлөмжийн 2-т Гэрчийн мэдүүлгийг авах талаар хуульд заасан журмыг шүүх баримтлаагүй буюу зөрчсөн бол тухайн гэрчийн мэдүүлэг нотлох чадвараа алдах ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, 4.5-д Шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа асуулт, хариулт авах журмаар явуулна" зэргээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлгийг тодорхойлжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрч нь шүүхэд дуудагдаж, шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдоос асуусан асуултад хариулсны үндсэн дээр гэрчийн хэргийн нөхцөл байдлын талаарх мэдэж буй мэдээлэл хэрэгт бүрэн бэхэждэг байна.
Харин анхан шатны шүүх Г.Бат-орших, Б.******* нарын эрүүгийн журмаар цугларсан мэдүүлгүүдийг гэрчийн мэдүүлэг гэж үнэлээд өөрийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илтэд зөрчсөн болох нь харагдаж байна. Түүнчлэн хэрэгт хохирол үүсэх шалтгаан болсон галын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй талаарх Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 085/08 тоот дүгнэлт, Цагаан хад суурьшлын бүсэд ажлын хувцас комиссын бараа нэртэй дэлгүүр хэн нэгэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын 334 дугаартай тогтоолууд хэрэгт авагдсан байхад эдгээрийг огт үнэлээгүй.
Прокурорын тогтоол бол эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтууд (гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, илтгэх хуудас)-ыг хянаж үзээд бодит нөхцөл байдлыг тодорхойлсон нотолгооны өндөр ач холбогдолтой нотлох баримт юм. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж эрүүгийн хэргээс зөвхөн гэрчийн мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгосноор шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдолдоо: 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* 5-р багийн нутаг Цагаан хад суурьшлын бүс Их цагаан хад гудамжинд гал гарсны улмаас 59, ******* тоотод байх Номин гэр ахуйн дэлгүүр, Шилмэл комисс дэлгүүр тус тус шатаж Б.*******, О.******* нар хэн аль нь эд хөрөнгөөрөө хохирсон.
Тухайн гал түймэр гарсан асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад галын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор удаа дараа шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргасан боловч галын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хариуцагч О.*******ын буруутай үйл ажиллагааны улмаас гал түймэр гарч, нэхэмжлэгч Б.*******гийн эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7 /шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол/ гэх заалтыг үндэслэн мөрдөгчийн асуултад хариулах боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 334 дугаартай прокурорын тогтоолоор "... 2024 оны 07 дугаар сарын 30-ны 03 цаг 25 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сум ******* 5-р баг Цагаан хад суурьшлын бүсэд ажлын хувцас комиссын бараа нэртэй дэлгүүр хэн нэгэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар 2 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад, гал гарах шалтгаан нөхцөл нь юу байсан гэх асуултад ...Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7 /шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол/ гэх заалтыг үндэслэн хариулах боломжгүй байна гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх нэр бүхий хүмүүсийн гэрчийн мэдүүлэг гэх баримтад үндэслэж хариуцагч О.*******ын эзэмшлийн Шилмэл комисс ажлын хувцас гэх нэртэй дэлгүүрийн хашаанаас гал гарсан үйл баримт тогтоогдож байна, хариуцагч О.*******ын /болгоомжгүй/ хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.*******гийн эд хөрөнгөд гэм хор учирсан бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, ойлгомжгүй байх бөгөөд мэргэжлийн байгууллагын удаа дараа гаргасан дүгнэлтээр галын шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн, хэрэгт авагдсан баримтуудаар О.*******ын ямар болгоомжгүй үйлдлийн улмаас гал түймэр гарсан нь тогтоогдоогүй байхад хэт нэг талыг баримталж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.
Нэр бүхий хүмүүсээр гэрчээр өгсөн мэдүүлэг гэх баримаар О.*******ын хашаан дотроос гал гарсан гэх үйл баримт бүрэн бодитой тогтоогдоогүй бөгөөд хашаан дотроос гал гарсан нь О.*******ын хууль бус үйлдлээс болсон гэж шууд дүгнэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байна.
Хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт нэмэгдээгүй, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, анхан шатны шүүх 2025 оны 10 сарын 02-ны өдөр 144/ШШ2025/00352 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ өөрсдийн өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, илт хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид илт давуу байдал бий болгосон шийдвэр гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гал гарсан шалтгаан нөхцөл тогтоогдоогүй, хариуцагчийн ямар хууль бус үйлдлийн улмаас гал гарсан нь тогтоогдоогүй байхад илт үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг /Шүүгчид дараах зүйлийг хориглоно/ -ийн 50.1.1 /албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох/, 50.1.23 /хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах/-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 10 сарын 02-ны өдрийн 144/ШШ2025/00352 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн хариуцагч О.*******аас 67,643,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.******* нь О.*******ын буруутай үйлдлийн улмаас гал гарч гэр ахуйн барааны дэлгүүр нь шатаж их хэмжээний хохирол учирсан гэж галд шатсан гэх дэлгүүр, барааны үнэ, олох байсан орлого нийт 400,523,486 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.******* нь миний буруутай үйлдлээс болж гал гарсан гэж тогтоосон зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч О.*******аас 67,643,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 332,880,146 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэнбат, Д.Оюунбаатар нар эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* 5-р багийн нутаг Цагаан хад суурьшлын бүс Их цагаан хад гудамжинд гал гарсны улмаас 59, ******* тоотод байх Номин гэр ахуйн дэлгүүр, Шилмэл комисс дэлгүүр шатсан үйл баримт тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаарх үндэслэлээ холбогдох нотлох баримтуудаар хангалттай нотолж чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн тасгийн хилийн боомт хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Мөнхжавхлангийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ...Цагаан хад суурьшлын бүсийн төвд үйл ажиллагаа явуулдаг Шилмэл комисс, Ажлын хувцас гэх нэртэй дэлгүүрийн хашаанаас гал гарч утаа уугьсан байдалтай байсан. Дуудлага мэдээлэлд анх очиход тухайн Шилмэл комисс ажлын хувцас гэх нэртэй дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах сууцнаас гал гарч дүрэлзэж байсан..., Гал гарсан сууц байрлах хашаан дотор тухайн Шилмэл комисс ажлын хувцас гэх нэртэй дэлгүүрийн эзэн гэх О.******* гэх эмэгтэй өөр нэг эмэгтэйн хамт байсан..., Удалгүй шилмэл комисс, ажлын хувцас гэх нэртэй дэлгүүрийн хойд талд байрлах Номин гэр ахуй, нэртэй дэлгүүрийн баруун тал руу гал тархаж орсон... гэсэн илтгэх хуудас /1-р хавтаст хэргийн 134 дэх тал/,
Гэрч Г.*******ын өгсөн ...манай өөдөөс харсан шилмэл комиссын гэх дэлгүүрийн арын залгаа өөрсдөө амьдардаг байшингаас утаа гарч байсан. Тэгээд эзэн болох нэг эгч шилмэл комисс дэлгүүрийн зүүн талаас гарч ирээд гал гарчихлаа гээд орилсон.Тэгээд удалгүй гал маналзаад эхэлсэн..., Шилмэл комисс дэлгүүрийн ард байдаг өөрсдийн амьдардаг улаан төмрөн байшингаас гарч байсан..., гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,
Гэрч Б.*******ийн өгсөн ...Тэгээд дэлгүүрийн хойд талын О.*******ын гэр лүү нь очсон чинь гэрийн ардаас юм уу дээрээс тэр хавиас утаа саагьж байсан. Тэгээд би үүдэнд нь байсан 120 савтай усыг татаж гаргаж ирээд шанагаар цацсан чин нэмэргүй болохгүй гал ассан.... гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хариуцагч О.*******ын эзэмшлийн Шилмэл комисс ажлын хувцас гэх нэртэй дэлгүүрийн хашаанаас гал гарсан үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нь ******* үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Номин гэр ахуйн дэлгүүрийн сэндвичэн барилгад учирсан хохирлыг хэмжээг 67,193,120 төгрөгөөр тогтоосон /1-р хавтаст хэргийн 6-13 дахь тал/, дүгнэлтийг үгүйсгэж, дахин шинжээч томилох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул учирсан хохиролд 67,193,120 төгрөг, шинжээчийн зардал 450,220 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч О.*******ын /болгоомжгүй/ хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.*******гийн эд хөрөнгөд гэм хор учирсан бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нар нь эрүүгийн журмаар цугларсан мэдүүлгүүдийг гэрчийн мэдүүлэг гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэлэхдээ хэрэг хэрэг шийдвэрлэх ажиллагааны журмыг илтэд зөрчсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ., 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасны дагуу гэрчийн мэдүүлгүүд бүхийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалаас хуулбарлан ирүүлсэн нотлох баримтууд дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газар нь хуулбар үнэн дардас болон байгууллагын тэмдгийг дарж баталгаажуулсан байх тул гэрч Г.*******, Б.******* нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16. дахь хэсгийн 16.2.1-т Иргэн ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй, 16.2.3-т гал түймрээс урьдчилан сэргийлэх... үүрэгтэй гэж заасан байна.
Хариуцагч О.*******ын /болгоомжгүй/ хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.*******гийн эд хөрөнгөд гэм хор учирсан бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэсэн дүгнэлтийг хийснийг давж заалдах шатны шүүх хариуцагч О.*******ыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Б.*******гийн эд хөрөнгөд гэм хор учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь дэлгүүрийн барилгыг шинжээчийн дүгнэлтээр 67,193,120 төгрөг, зарагдаж байсан бараа 82,880,146 төгрөг, дэлгүүрээ ажиллуулж байхдаа сард ойролцоогоор 50,000,000 төгрөгийн орлого олдог байсан гэх боловч олох байсан орлогоо татвар төлсөн баримтаар нотлох боломжтой бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого болон галд шатсан гэх барааныхаа үнийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлээгүй тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496,167 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШШ2025/00352 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА