| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0057/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн ......дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Д
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Мийн ажиллуулдаг зочид буудлын цонхны шилийг хагалж мөн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү нь чулуу шидэж арын туузан шил цоожны бариулыг нь хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Г.Мид 454.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 28- ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Мийн ажиллуулдаг зочид буудлын цонхны шилийг хагалж, мөн машинаар хажуугаар дайрах гээд өнгөрөхөөр нь чулуу аваад шидсэн...гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 00 цагийн орчим санаж байна, намайг гэрт байж байтал манай том хүү Т гаднаас орж ирэхдээ согтуу хүн ээжийг сураад байна гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр зөрөөд шахуу гарсан. Би араас нь хүүгийнхээ хамт гарч хартал гадаа байхгүй байсан согтуу хүн байна гэсэн ямар хүн байгаа юм бол гэж санаа зовоод би хүүгийнхээ хамтаар гэрийнхээ орчимд хайгаад олдохгүй болохоор нь ... улсын дугаартай ...машинаа асааж хайсан. Тэгтэл манай эхнэр үл таних залуутай цагдаагийн байрны баруун урд талд явж байгаа харагдсан. Би машинтай очоод эхнэрийгээ машинд суулгатал манай эхнэр манай ангийн залуу машин нь эвдэрчихсэн гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залууг дуудаж ямар учиртай хүн болох талаар нь асуухад тухайн залуу ирээд чи надад азаргалдаг хэн бэ гэх мэтээр намайг хэл амаар доромжилоод байсан. Би энэ залуутай яриа тохирохгүй юм байна гэж бодоод машинаа хөдөлгөөд цагдаагийн гадаа очсон. Манай эхнэр цагдаа дуудна гээд гэрт нь орсон. Тэгтэл тухайн залуу миний машины араас чулуу шидэж арын багажны хэсэгт байх туузан шилийг хагалсан ...би танай буудлын цонхыг хагалсан гэж хэлж байсан ...буудлын өрөөний 1,50x1,70 хэмжээтэй давхар шилтэй вакум цонхыг хагалсан байсан...п гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6/,
Гэрч Р.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...манай нөхөр Дг дуудсан чинь хэл амаар доромжилоод байсан манай нөхөр цагдаад мэдэгдэнэ гээд машинтайгаа хөдлөөд цагдаагийн гадаа очоод би цагдаад орж хэлээд ирье гэж хэлээд цагдаагийн гэр лүү ороод эргээд гараад иртэл Д манай машины арын цонхыг чулуу шидээд хагалчихсан байсан ...манай нөхрийг хэл амаар доромжилоод байсан мөн манай буудлын цонхыг хагалчихсан гэж өөрөө хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...нэг согтуу хүн ирээд Мийг хэл амаар доромжилж дайрч давшлаад байсан. Мөн би танай буудлын цонхыг хагалчихлаа гэж хэлж байсан. Би тухайн хүний бичиг баримтыг шалган үзэхэд Айраг суманд оршин суух хаягтай Дэлгэрсайхан овогтой Д гэх хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...аав бид хоёр машинтай очоод ээжийг машинд суулгаад аав ээжээс юун залуу юм гэж асуугаад тухайн залууг дуудаж ямар учиртай хүн бэ гэж асуусан чинь тухайн согтуу залуу чи намайг азаргалдаг хэн бэ гэх мэтээр аав руу дайрч давшилаад байсан. Аав согтуу хүн байна цагдаа дээр очиж хэлье гээд цагдаагийн гадаа очиж зогссон ээж машинаас бууж цагдаа дуудахаар орсон тэгтэл тухайн согтуу залуу араас чулуу барьж ирээд машин руу шидэж машины арын туузан шил болон бариулыг хагалсан ...аав ...буудлын цонх хагалчихсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 /
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-54 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Мийн ажиллуулдаг зочид буудлын цонхны шилийг хагалж мөн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү нь чулуу шидэж арын туузан шил цоожны бариулыг нь хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Г.Мид 454.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 00 цагийн орчим санаж байна .... тухайн залуу миний машины араас чулуу шидэж арын багажны хэсэгт байх туузан шилийг хагалсан ...би танай буудлын цонхыг хагалсан гэж хэлж байсан ...буудлын өрөөний 1,50x1,70 хэмжээтэй давхар шилтэй вакум цонхыг хагалсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Р.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...манай нөхөр Дг дуудсан чинь хэл амаар доромжилоод байсан манай нөхөр цагдаад мэдэгдэнэ гээд машинтайгаа хөдлөөд цагдаагийн гадаа очоод би цагдаад орж хэлээд ирье гэж хэлээд цагдаагийн гэр лүү ороод эргээд гараад иртэл Д манай машины арын цонхыг чулуу шидээд хагалчихсан байсан ... мөн манай буудлын цонхыг хагалчихсан гэж өөрөө хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...нэг согтуу хүн ирээд Мийг хэл амаар доромжилж дайрч давшлаад байсан мөн би танай буудлын цонхыг хагалчихлаа гэж хэлж байсан би тухайн хүний бичиг баримтыг шалган үзэхэд Айраг суманд оршин суух хаягтай Д.Д гэх хүн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Аав согтуу хүн байна цагдаа дээр очиж хэлье гээд цагдаагийн гадаа очиж зогссон ээж машинаас бууж цагдаа дуудахаар орсон. Тэгтэл тухайн согтуу залуу араас чулуу барьж ирээд машин руу шидэж машины арын туузан шил болон бариулыг хагалсан ...аав ...буудлын цонх хагалчихсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.Дг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Д нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан төлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Днь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Днь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН