| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0059/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг,
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эд холбогдох эрүүгийн...... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.У
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.У нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төгөлдөр төвийн “М” бааранд хохирогч З.Оын нүүрэн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 10- ны өдөр найзындаа ирээд 0,5 грамм архи уучихаад өөр найзындаа очиж дахин 0,5 граммын Ерөөл архи уусан. Дараа нь гараад 0.75 граммын архи авч уусан. Гараад дахин пабд сууя гээд орж суугаад хоорондоо маргасан. Чулуунзүрхтэй маргаж байтал О орж ирээд Чулуунзүрхийг өмөөрөөд маргасан. Би Оын нүүр лүү нь цохиод гарах гэтэл эргэж очоод шилтэй архиар цохьсон. Би өөрөө эрүүлжүүлэгдсэн. ...гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг У түлхсэн. Тэгээд би сандал дээрээс босоод зогссон чинь ширээний хажуугаар гараад явах шиг болж би араас нь дагаад явсан чинь эргэж хараад миний нүүр хэсэгт 1 удаа архины шилээр цохьсон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У гадагшаа гарах гээд ширээний хажуугаар хаалга руу 2-3 удаа алхаж эргэж хараад О гэх залууг архины шилээр зүүн нүдний хажуу талд нэг удаа маш хүчтэй цохьсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “...З.Оын биед зүүн нүдний гадна хэсгийн шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой юм. З.Оын биед учирсан гэмтлүүд нь 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. З.Оын биед учирсан зүүн нүдний гадна хэсгийн шарх, зүүн нүдний дотор салстын цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0109 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-38 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Шүүгдэгч Д.У нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төгөлдөр төвийн “М” бааранд хохирогч З.Оын нүүрэн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч З.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг У түлхсэн. Тэгээд би сандал дээрээс босоод зогссон чинь ширээний хажуугаар гараад явах шиг болж би араас нь дагаад явсан чинь эргэж хараад миний нүүр хэсэгт 1 удаа архины шилээр цохьсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У гадагшаа гарах гээд ширээний хажуугаар хаалга руу 2-3 удаа алхаж эргэж хараад О гэх залууг архины шилээр зүүн нүдний хажуу талд нэг удаа маш хүчтэй цохьсон...” гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын ... дугаартай дүгнэлт,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Д.Уд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, урьд өмнө ял шийтгүүлж байсан/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын нийтэд тустай ажил хийлгэх, өмгөөлөгчийн торгох ял оногдуулах санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Уд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хохирогч З.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын мөнгө нэхэмжлэнэ гэсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Унь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Д.Унь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба хэрэгт хавсаргагдан ирсэн камерийн бичлэг бүхий флаш дискийг хэрэгт хадгалсугай.
6.Хохирогч З.О нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН