Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02011

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/06869 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Гэрээний үүрэгт 123,433,327 төгрөг гаргуулах үндсэн,

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгож, уг шийдвэрийг үндэслэн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 174,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******той *******-ийг 2015 онд үүсгэн байгуулж, гадаад худалдаа бараа импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.

2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийж цаашид тусдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж, ******* нь гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөх, эзэмшиж байсан 20%-ийн хувьцаагаа *******ид шилжүүлэхээр тохиролцож, сүүлийн 2 жилийн компанийн үйл ажиллагааны орлогын 20%-тай тэнцэх 256,288,085 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Үүний дагуу гэрээ байгуулж, тодорхой хугацаанд графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохиролцож, 2021 оны 9 дүгээр сар хүртэл төлж байгаад 10 дугаар сараас огт төлөхөө больсон. Иймд гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 82,288,885 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангид 41,144,442 төгрөг, нийт 123,433,327 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь санхүүгийн программд ******* төв ХХК-аас авбал зохих 489,033,722.14 төгрөгийн авлагатай мэтээр зохиомол авлага үүсгэж, уг дүнгээс ******* төв ХХК нь 122,162,389.73 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл ******* нь ******* төв ХХК-аас 122,162,389.73 төгрөгийн авлагатай гэдгээ баримтаар нотлоогүй, баримт гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Мөн анх гаргасан нэхэмжлэлдээ ашгийн 20% ногдол ашиг гэж шаардаж байсан. Сүүлд гаргасан нэхэмжлэл нь дан ганц ногдол ашиг биш, энэ бол хувьцаа худалдах хувьцааны үнэ байсан гэх агуулгаар тайлбарладаг.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь компанийн 2019, 2020 онуудад олсон нийт ашгийн 20%-тай тэнцэх ногдол ашгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч компанид ерөнхий нягтлан бодогч, гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа өөрт ногдох ногдол ашгийг өндөр гаргах зорилгоор ******* төв ХХК-тай 122,162,389.73 төгрөгийн зохиомол авлага үүсгэж, энэ хэмжээгээр өөртөө ногдол ашгийг тооцсон болох нь ******* төв ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлэх үед мэдэгдсэн.

Мөн ******* төв ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч *******, *******-ийн ерөнхий нягтлан бодогч ******* нарын гэрчийн мэдүүлгээр ******* төв ХХК-д 122,162,389.73 төгрөгийн өр төлбөрийн асуудал байхгүй болох нь нотлогдоно.

Иймд ******* нь өөртөө ногдох ашгийг өндрөөр хуваарилах зорилгоор манай компанийг хууран мэхэлсэн байх тул 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоог барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний дагуу шилжүүлсэн 174,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Ногдол ашигтай холбоотой тооцооллыг зохиосон зүйл байхгүй, тооцооллыг компанийн ерөнхий нягтлан бодогч ******* гаргаж, танилцулсан. ******* төв ХХК-тай холбоотой авлага, өглөгийн асуудал нь ногдол ашгийн тооцоололтой хамааралгүй, орж ирээгүй орлогоос шалтгаалж хиймэл ногдол ашиг нэмэгдсэн гэж байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т зааснаар *******-аас 82,288,885.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,134,442.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн хариуцагч *******-аас нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 20-03 тоот 2019, 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай ээлжит бус хурлын шийдвэр, Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцох, уг гэрээгээр шилжүүлсэн төлбөр 174,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч *******ас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,091,050.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,509,595.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 569,394.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүхээс ...алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч ******* нь 2021 оны 04 сарын 01-ний өдрийн Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ-гээр 2021 оны 08 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 174,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, улмаар ногдол ашгийн тооцооллын зөрүү, санхүүгийн маргааныг тодруулахаар хариуцагч 2021 оны 08 сарын 10-ны өдрөөс хойших мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ үүргийг хугацаа хожимдуулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох алданги 41,134,442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж дүгнэсэн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...уг санхүүгийн тооцооллын зөрүү хэрхэн үүссэн эсэх... тогтоогдоогүй, ...мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн талуудын маргаан хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн татгалзлыг няцааж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг баримтлан хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх агуулгаар тайлбарласан нь ойлгомжгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй юм. Хариуцагчийн зүгээс гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн буюу төлөхгүй байгаа нь хуулийн дээрх заалтын хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэх нөхцөлд хамаарахгүй тул алданги 41,134,442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх контрактын гэрээ, ногдол ашиг хуваарилах гэрээ эсхүл төлбөр барагдуулах гэрээний аль нь болохыг дүгнээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхой болгоогүй, шүүх тухайн харилцааг тогтоогоогүй. Уг гэрээ нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байсан талаар хариуцагчийн зүгээс маргадаггүй. 2021 оны 9 дүгээр сараас эхлэн төлбөрийн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Ногдол ашиг хуваарилах гэрээний үнийн дүнг нэхэмжлэгч өөрөө тооцсон. Мөн сүүлийн жилүүдэд тухайн компанийн ерөнхий нягтлан бодогч болон гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хариуцагч компанийн нягтлан бодогч ******* нь ашиг, авлагын дүнг гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан ашигтай ажилласан гэж гаргасан тайлантай холбоотой асуудал. Шүүхийн хувьд ******* төв ХХК-иас 400,000,000 төгрөгийн авлагатай болохыг нотлоод өгчих, нотлоогүй учраас алдангийг төлөх үүрэггүй гэх агуулгаар дүгнэсэн. Энэ нь зөв. 2021 оноос эхлэн ашигтай ажилласан талаарх баримтыг шаардсан. Шаардлагатай баримтыг гаргаж өгөөгүй тул мөнгийг нь өгөхөө больсон. ******* төв ХХК-аас 120,000,000 төгрөгийн авлагатай болохыг нотолбол маргаангүй байсан. Талууд маргасан цагаас хойш энэ талаар тайлбарладаг. 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан уу эсхүл авлагагүй байхад авлагатай гэх бичилтийг хийж өндөр үнийн дүнгээр ногдол ашиг хуваарилсан уу энэ нь тодорхойгүй. Үүний ялгааг гаргаж өг гэх байдлаар маргасан. Хариуцагчийн зүгээс төлбөрийг өгөхгүй гээгүй. Үнэн зөв, шударгаар асуудлыг шийдвэрлүүлье гэсэн.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт №1 тоот Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл юм. Учир нь ******* нь *******-д 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ерөнхий нягтлан бодогч, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус тус гүйцэтгэж байсан. Санхүүгийн авлага, өглөгийн тайланд ******* төв ХХК-аас 489,033,722.14 төгрөгийн авлагатай гэж санхүүгийн программд бичилт хийсэн байсан. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа №1-д ******* төв ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өгч, авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр баримт нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* төв ХХК нь 371,257,032.09 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталсан.

Үүнээс 117,776,690.05 төгрөгийг ******* төв ХХК нь хүлээн зөвшөөрдөггүй буюу ******* нь өөртөө ногдол ашиг их хуваарилахын тулд 117,776,690.05 төгрөгийн зохиомол авлага үүсгэсэн. Уг дүн нь ногдол ашгийн тооцоо гаргахад нөлөөтэй талаар гэрч ******* мэдүүлсэн.

Хууран мэхлэх гэдэг нь хэлцэл хийж буй этгээд бодит бус худал зүйлийг бодитой үнэн мэтээр итгүүлэх идэвхитэй үйлдлийг хэлэх бөгөөд ******* нь албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт ногдол ашгийг өндөр хуваарилах зорилгоор ******* төв ХХК-аас өр төлбөр шилжүүлсэн ямар нэгэн тооцоо нийлсэн акт, санхүүгийн баримт бичиг, нотолгоогүйгээр төлбөрийн зохиомол авлага санхүүгийн программд үүсгэж, авбал зохих авлага гэж бусад хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлж уг дүнгээс өөрт ногдох ногдол ашиг-ийг хүртсэн байдаг. ******* нь компанийн бусад хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлж 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт №1 тоот Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээ-г байгуулсан гэж үзэж байна. Иймд ******* нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах эрхтэй. Анхан шатны шүүхээс энэ талаар нотлоогүй гэсэн ч 1хх-ийн 92 дахь талд тооцооны үлдэгдлийн баталгаа, хх-ийн 138-142 дахь талд гэрч *******гийн мэдүүлэг зэрэг нь нотолно.

8.2. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-т Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж хуульчилжээ. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн -ийн 03/175 тоот Хараат бус аудитын тайлан, 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн -ийн 104 тоот хараат бус аудитын тайлангаар ******* нь алдагдалтай ажилласан нь тогтоогдсон. Эдгээр дүгнэлтүүдээр 2019, 2020 онуудад компани алдагдалтай ажилласан байхад 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн 21-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт №1 тоот Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээ-ээр ногдол ашгийг хуваарилсан нь эрх зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигч нь давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байхаар хуульчилжээ. 2019 оны санхүүгийн жил 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр, 2020 оны санхүүгийн жил 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусч байхад 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2019, 2020 оны ногдол ашгийг хамтад нь олгох шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна.

2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт №1 тоот Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээ нь сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан хууран мэхэлж хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл тул үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй.

8.3. Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, судалж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Хариуцагч тал нэхэмжлэгчийг өөртөө өндөр дүнтэй ногдол ашиг авах зорилгоор тооцооллыг хийсэн гэх агуулгаар тайлбарладаг. 2019-2020 оны ашгийн тооцооллыг нэхэмжлэгч хийгээгүй. Нэхэмжлэгч нь өөртөө өглөг хуваарилсан зүйл байхгүй. Тооцооны болон цалингийн 4-5 нягтлан бодогч нар ажилладаг. Тухайн тооцооллыг 2024 оны 2 дугаар сард и-мэйлд хийсэн үзлэгээр ерөнхий нягтлан бодогч ******* хийсэн болохоо илэрхийлэн анхан шатны шүүх хуралдааны явцад гэрчээр оролцож тайлбар гаргасан. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө ******* төв ХХК-тай холбоотой өглөг, авлагын асуудалд тухайн тооцоололд тусгагдаагүй болохыг илэрхийлсэн. Гэрч нь эхний асуултад шударгаар хариулсан. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдааны үеэр орсон байх ёстой гэж загнасаар байгаад хэрхэн хариулсан нь тодорхойгүй болсон. Үзлэг хийсэн тооцооллыг харахад ******* төв ХХК-тай холбоотой өглөг, авлагын асуудал нь 3 хувьцаа эзэмшигчдийн хооронд тохиролцсон буюу нэхэмжлэгчийн үйл ажиллагааг үнэлсэн үйл ажиллагаанд хамааралгүй. Мөн анхан шатны шүүх ******* төв ХХК-ийн авлагыг ногдол ашгийн тооцоололтой хамааралгүй байна гэх агуулгаар дүгнэсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9.2. Хариуцагч тал компани ашиггүй ажиллаж байсан болохыг тогтоосон гэж тайлбарладаг. 2 аудитын компанийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Шүүх шинжээч томилсон, хариуцагчийн зүгээс холбогдох нотлох баримтыг анхан шатны санхүүгийн баримтууд устсан гэж тайлбарлаж, гаргаж өгөөгүй. Энэ талаар шүүх шинжилгээний газар бүрэн дүгнэлт хийж чадаагүй. Дахин шинжээч томилох боломжгүй, холбогдох баримтууд нь устсан. ******* төв ХХК-тай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэгч нь гэрч болон гуравдагч этгээдээр оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 82,288,885 төгрөг, алданги 41,134,442 төгрөг нийт 123,433,327 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоог барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл шилжүүлсэн 174,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. *******, ******* нар нь *******-ийг үүсгэн байгуулж, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, ******* 80%, ******* 20%-ийн хувьцааг тус тус эзэмшсэн, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-гээр ******* нь 60%-ийн хувьцааг д бэлэглэсэн, ******* нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, ******* нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус гүйцэтгэх захирлаар ажиллажээ. /3хх-ийн 240, 4хх-ийн 59, 69 дүгээр тал/

3.2. *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 дугаартай шийдвэрээр 2019, 2020 онд олсон нийт ашгийн 20% буюу 1 ширхэг хувьцаанд 12,814,444.25 төгрөг нийт 256,288,885 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигч *******д олгох, уг шийдвэрийн дагуу гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. /1хх-ийн 6 дугаар тал/

3.3. Дээрх шийдвэрийг үндэслэн талууд Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 256,288,885 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээжээ. /1хх-ийн 7-8 дугаар тал/

3.4. Улмаар, *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20-04 дугаар шийдвэрээр хувьцаа эзэмшигч ын эзэмшлийн 60 хувийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэтэй 60 ширхэг хувьцааг 60,000 төгрөгөөр, ******* эзэмшлийн 20 хувийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг хувьцааг 20,000 төгрөгөөр хувьцаа эзэмшигч *******ид худалдахыг зөвшөөрч, ******* гүйцэтгэх захирлаас чөлөөлж, *******ийг гүйцэтгэх захирлаар томилсон. /4хх-ийн 32-33/

3.5. Талууд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу хувьцааг шилжүүлэн бүртгүүлсэн, мөн тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулсан, гэрээний дагуу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 174,000,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй, тэдний маргааны зүйл нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр үндэслэл бүхий эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал болжээ.

4. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тогтоосон, алдангийн талаар алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хууль хэрэглээний болон үндсэн нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.

4.1. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд тус компанийн 3 хувьцаа эзэмшигч бүгд оролцож, 2019 болон 2020 оны ашгийг үндэслэн нэхэмжлэгчид ногдол ашиг олгох агуулга бүхий шийдвэрийг гаргажээ. Үүнийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нь зохиомол авлага үүсгэж хууран мэхлэх замаар ногдол ашиг хуваарилуулсан гэх агуулгаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хүчингүй, уг шийдвэрийг үндэслэн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдгийг хэлцэл хийх үндэслэл болсон нөхцөл байдлын талаар санаатайгаар худал мэдээлэл өгөх буюу бодит байдлыг мэдэгдээгүй байхыг ойлгоно.

******* нь 2019 оны тайлант хугацаанд 366,328,500 төгрөгийн алдагдалтай, хуримтлагдсан алдагдлын үлдэгдэл 541,622,000 төгрөг нийт 907,950,500 төгрөгийн алдагдалтай, 2020 оны тайлант хугацаанд 22,950,000 төгрөгийн цэвэр ашигтай, өмнөх жилийн хуримтлагдсан алдагдал 907,950,500 төгрөг, нийт 855,000,500 төгрөгийн алдагдалтай ажилласан гэж санхүүгийн тайлангаа гаргаж, уг тайлан харилцагч санхүүгийн байгууллагаар баталгаажсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт тус тус нийцжээ. /2хх-ийн 188-216 дугаар тал/

Улмаар, 2019 оны санхүүгийн тайланг , 2020 оны санхүүгийн тайланг -аар тус тус шалгуулж, баталгаажуулсан байх ба эдгээр тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн, зохих аргачлал, журмын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн, зөрчилгүй гэж аудит дүгнэжээ. /2хх-ийн 91-96 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр аудитын дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоохоор шүүх шинжээч томилсон байх ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтээр хариуцагч байгууллагаас нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг устгалд оруулсан үндэслэлээр гаргаж өгөөгүйн улмаас , -ийн гаргасан аудитын дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй, харин шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд аудитын дүгнэлтэд тусгагдсан 2019 онд 907,950,500 төгрөг, 2020 онд 885,000,500 төгрөгийн алдагдалтай ажилласан нь E-balans программаас татан авсан хариуцагч байгууллагын санхүүгийн тайлантай тохирсон гэж дүгнэсэн байна. /3хх-ийн 183-188/

Энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлт нь аудитын дүгнэлтийг үгүйсгэхгүй тул хариуцагч байгууллагын 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг 2019, 2020 онуудад алдагдалтай ажилласан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчиж, үйл баримтыг буруу тогтоосон алдаатай дүгнэлт болсон.

4.2. ******* нь ******* төв ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, ******* төв ХХК нь 371,257,032 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажуулжээ. /1хх-ийн 92 дугаар тал/

Улмаар, тооцоог нийлсэн хоёр байгууллагын нягтлан бодогч нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба *******-ийн ерөнхий нягтлан бодогч ******* ...тухайн үед ******* төвөөс 492 сая төгрөгийн авлага авна гэсэн тайлангаар гарсан хуримтлагдсан ашиг байсан, дараа нь тооцоо нийлэхэд ******* төв 492 сая биш, 371 саяыг зөвшөөрнө гэсэн, 100 хэдэн сая төгрөгийн зөрүү гарсан, ...компанийн хувьд алдагдал болоод явна, ...найдваргүй авлага болчхоод байгаа юм /1хх-138-142/ гэж, ******* төв ХХК-ийн нягтлан бодогч ...тооцоо нийлж, нийлсэн дүнгээр гарын үсэг зурсан, ...зөрүү гарсан /1хх-136-137/ гэж тус тус мэдүүлсэн.

Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа нь нягтлан бодох бүртгэл хөтлөх ажил үүргийн хүрээнд үйлдсэн санхүүгийн анхан шатны баримт бөгөөд ийнхүү тооцоо нийлэхэд хариуцагч байгууллагын бусдаас авах авлагын дүнд зөрүү үүссэн талаар гэрч нар мэдүүлсэн байна.

5. Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч байгууллага нь 2019, 2020 онуудын санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргасан байх тул хожим харилцагч байгууллагатай тооцоо нийлж, авлагын асуудлаар маргаантай болсон нь нэхэмжлэгчийг санхүүгийн тайланд санаатайгаар авлагыг буруу илэрхийлсэн буюу зохиомол авлага үүсгэж, хууран мэхэлсэн гэж буруутгах үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч нь хэлцэл хийх зорилгоор хууран мэхэлсэн, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр хүчинтэй.

Энэ үндэслэлээр талуудын байгуулсан Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцохгүй тул сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй боловч энэ эрх хэрэгжихэд тодорхой журам, нөхцөл бүрдсэн байх талаар хуульд дараах байдлаар зохицуулсан.

6.1. Компанийн тухай хуулийн 47.1.1, 47.1.2, 47.1.3 дахь хэсэгт компани нь ногдол ашиг төлсний төлбөрийн чадвартай байх, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх, эгүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан тохиолдолд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдсэн гэж үзэх талаар заажээ. Өөрөөр хэлбэл, компани ашигтай ажилласан нөхцөлд ногдол ашиг хуваарилна гэж ойлгоно.

Хариуцагч байгууллагын хувьд 2019, 2020 онуудын санхүүгийн тайлангаар алдагдалтай ажиллаж, бодит байдалд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдээгүй байсан нь тогтоогдсон.

6.2. Мөн Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.4, 46.5 дахь хэсэгт компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг гаргаж, уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ногдол ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдрийг заах, нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэх ба энэ журмыг хэрэгжүүлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

7. Иймд дээрх хуульд заасан ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдээгүй тохиолдолд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар нэхэмжлэгчид ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн гэж дүгнэхгүй.

Харин нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж буй 20 хувийн хувьцаагаа нөгөө хувьцаа эзэмшигч болох *******ид шилжүүлж, компаниас гарсан, мөн компанийг үүсгэн байгуулж, энэ хугацаанд ногдол ашиг авч байгаагүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас шийдвэрлэсэн 256,288,885 төгрөг нь зөвхөн ногдол ашигтай холбоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь 2019, 2020 онуудад алдагдалтай ажилласан гэж санхүүгийн тайлангаа гаргасан байхад уг тайланг үндэслэж ногдол ашиг тооцоолсныг бодитой гэж хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрч, ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт нийцэхгүй.

8. Иймд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 20-03 дугаартай шийдвэрийг үндэслэн, хариуцагч байгууллага нь 256,288,885 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн хэлцэл байгуулагдсан байх тул дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх дээрх хэлцлийн дагуу хариуцагчаас үлдэгдэл төлбөр 82,288,885 /256,288,885 174,000,000/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв болжээ.

9. Талуудын байгуулсан гэрээний 3.1-д Төлбөр төлөгч нь хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн хоног тутмын 0.5%-ийн алдангийг төлнө гэсэн тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргахад гэм буруугүй гэдгээ нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар зохицуулсан.

Хариуцагч байгууллага нь ******* төв ХХК-тай тооцоо нийлж, авлагын асуудлаар маргаантай болсон нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгэхэд саад болох нөхцөл байдал биш байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд алданги төлөх үүрэгтэй боловч хариуцагч байгууллагын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгаж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцож, алдангид 8,228,888 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасанд нийцнэ.

10. Нэхэмжлэлээс хангасан дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/06869 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 90,717,773 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32,715,554 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******д холбогдох 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 20-03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 174,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...569,394.00 гэснийг 611,539 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 , 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас урьдчилан төлсөн 1,597,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 363,622 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Т.ГАНДИЙМАА