| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 182/2024/04599/И |
| Дугаар | 210/МА2025/02012 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02012
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07050 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-д 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн ба 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
1.2. Дээрх хөдөлмөрийн гэрээг *******-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/667 тоот тушаалаар 2024 оны 5 дугаар сарын 09-ний орой хотхоноос гарах зөвшөөрлийг Хотхоны журмын 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 5 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө хотхоноос гарах, орох хөдөлгөөнийг хориглосон үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ажлын байранд нэвтрэхийг завдсан, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилд ирэх цагаа бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг зөвшөөрөхгүй.
Тухайн үед Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа Өмнөговь аймагт ус ашиглагч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр компанийг төлөөлж Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга *******ы хамт Цогтцэций суманд уулзалт хийх үүрэг даалгавар авсан. 18 цагийн үед Цогтцэций сум руу явсан бөгөөд сав газрын дарга ******* болон мэргэжилтнүүд бусад уурхайнуудын төлөөлөлтэй ажил хэргийн шугамаар уулзаж ярилцсан. Үүнээс хойш орой 23- 00 цагийн хооронд ажлын байр руу буцсан. ******* даргын сууж явсан албаны автомашиныг шалгаагүй, харин миний сууж явсан автомашиныг зогсоож, оруулах боломжгүй гэсэн учраас Цогтцэций суманд очиж хоносон.
Маргааш өглөө нь захиргаанаас *******, ******* нар Цогтцэций суманд ирж, тэдэнтэй ажил руу явсан. Ингээд оффис дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад согтууруулах ундааны хэмжээ 0 гарсан. Тухайн үед тэмдэглэл үйлдсэн бөгөөд би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй талаар тайлбар бичиж, гарын үсэг зурсан.
******* нь уурхайн үйл ажиллагаа явуулдаг учраас хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан 24 цагаар ажилладаг, шаардлагатай тохиолдолд хэдийд ч хамаагүй ажилтныг шалгах зорилгоор үлээлгэдэг. Тухайн өдөр намайг үлээлгэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар тогтоогоогүй атлаа сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь эрхэлсэн ажил хариуцсан нэгжийн даргын хувьд компанийн 2022, 2023 оны ус ашиглуулах дүгнэлт болон ус ашиглах зөвшөөрөл гаргуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас компани 5,2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/538 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2.2. Дээрх сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/667 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
******* нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний орой 20:09 цагт хотхоноос гарч явахдаа “Хотхоны журам”-ын 3.2.1-д зааснаар зөвшөөрөл аваагүй. Улмаар шөнийн 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шалган нэвтрүүлэх цэгт автомашинтай ирснийг Дотоодын цэргийн 810 дугаар ангийн ээлжийн дэслэгч саатуулж, “Хотхоны журам”-ын 9.1-д зааснаар нэвтрүүлээгүй. Энэ талаар диспетчерт мэдээлэл ирүүлсэн байсан. Мөн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өглөө шуурхай хуралдаанд суугаагүй, цаг бүртгэлийн төхөөрөмжид ирэх цаг уншуулаагүй ажил тасалсан. Үдийн цайны дараа ажилдаа ирээгүй тул удирдлагаас үүрэг чиглэл өгч, Захиргааны хэлтсийн дарга *******, ахлах ******* нар Цогтцэций суманд очиж уулзан 15 цагийн үед оффис дээр дагуулж ирсэн. Цагийн бүртгэлийн баримтад ажиллавал зохих цаг 176, ажилласан цаг 176 гэж харагдаж байгаа ч, энэ нь түүний ажил тасалсныг шууд үгүйсгэх болон бүтэн ажилласан гэж үзэж, цалинг бүтнээр олгосон гэсэн үг биш бөгөөд ажил тасалсан 6 цагийг хасаж тооцсон.
2.3. Эдгээр зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам болон гэрээ, Хотхоны журам, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны А/389 дугаар тушаалаар ажилтнуудад үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн болох нь камерын бичлэг, цаг бүртгэл, ажилтнуудаас авсан тайлбар мэдүүлгүүдээр тогтоогдсон тул гүйцэтгэх захирал хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/667 тоот тушаалыг хүчингүй болгож, *******г *******-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 446 хоногийн хугацаагаар тооцон өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нэг сард 6,500,000 төгрөгөөр тооцож, 96,633,333 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалыг суутган, холбогдох бичилт хийхийг хариуцагч *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гаргуулж байгаа 96,633,333 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 641,117 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний орой ажлын бус, хотхоны орох, гарах хөдөлгөөнийг хориглоогүй үе буюу 19-22 цагийн хооронд зөвшөөрлийг бичгээр авалгүй хотхоноос гарч, 13 км зайд байрлах Цогтцэций сум руу явсан. Ингэхдээ “Хотхоны журам”-ын 3.2.1-д заасныг зөрчсөн.
Нэхэмжлэгч нь дээрх зөрчлөө “ ... Галба-Өөш долоодын говийн сав газраас батлагдсан ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийх удирдамжит ажлын хүрээнд Цогтцэций суманд болсон арга хэмжээнд Салбарын захиралд мэдэгдэж, нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр хамт оролцсон хүндэтгэн үзэх шалтгаантай тул хотхоноос гарах зөвшөөрөл аваагүй...” гэж тайлбарладаг.
Гэтэл анхан шатны шүүх “...сав газрын захиргаанаас зохион байгуулсан ажлын хүрээнд дарга *******тай хамт явсан болох нь удирдамж, гэрч *******ы мэдүүлгээр тогтоогдсон, ...харуул хамгаалалтын бүсээс гарч явахад ийнхүү журмын дагуу зөвшөөрөл авах, аваагүй талаар шаардаагүй ... салбарын захирал *******д мэдэгдэж гарсан” гэж хэт нэг талыг баримталж, үнэн зөв эргэлзээгүй байх шаардлага хангаагүй, өөр хоорондоо нэгдмэл ашиг сонирхолтой гэрч *******ы мэдүүлгийг үндэслэн чөлөө, зөвшөөрөл олгогдсон албан ёсны арга хэмжээнд явсан нөхцөл байдал тогтоогдсон мэтээр дүгнэлт хийсэн нь өрөөсгөл бөгөөд бодит үйл явдал, тэдгээртэй холбоотой тайлбар, баримтууд, холбогдох журмын зохицуулалтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй.
Салбарын захирлын зөвшөөрлөөр албан ёсны арга хэмжээнд компанийг төлөөлөн оролцсон гэж үзэх тохиолдолд ажлын бус цагаар ажиллуулсан, илүү цаг тооцуулах гэх мэт асуудал тавигдах байсан бөгөөд албан бус, хүлээн авалтын арга хэмжээнд өөрсдийн санаачилгаар оролцсон учраас энэ талаар дурдаж, маргаагүй, нэхэмжлэгч нь журмын дагуу гарах зөвшөөрлийг бичгээр авах үүргээ мэдэж байсан, чөлөө зөвшөөрлийг зохих журмын дагуу бичгээр аваагүйгээс үүсэх үр дагавар нь ажилтны амь нас эрсдэх, гэмт хэрэг зөрчилд холбогдох, үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоох зэрэг уул уурхайн салбар /уртын ээлж/-т хөдөлмөрийн аюулгүй байдал нэгдүгээрт тавигддаг онцлогийг анхаараагүй. Мөн Дотоодын цэргийн 810 дугаар анги /харуулчин/-н орж гарах чиг үүргийг ажил олгогчид хамаатуулан буруутгасан нь үндэслэлгүй.
4.2. Улмаар шөнө 01:10 цагийн үед шалган нэвтрүүлэх цэг /18-р/ дээр ирсэн бөгөөд харуулчны “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн нэвтрүүлэхгүй байх” хууль ёсны шаардлагыг биелүүлж, машиндаа суун явсан байдаг.
Салбарт уртын ээлжээр ажиллаж буй хотхонд байрлагч ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын үүднээс амарсан байх цаг хугацаатай холбоотойгоор “Хотхоны журам”-ын 9.1-д “Хотхоноос гарах, орох хөдөлгөөнийг 22:00 цагаас 05:00 цаг хүртэл хориглоно”, 9.16-д “хотхонд байрлагч нь энэ журмын 3.2-т заасан эрх бүхий ажилтнуудаас зөвшөөрөл авалгүй хотхоноос гарч, гадуур хоноглохыг хориглоно” гэж, Дотоодын цэргийн 810 дугаар ангитай хамтран баталсан “*******-ийн “шалган нэвтрүүлэх журам”-ын 7.1-д “...нэвтрэх зөвшөөрлийн бичиггүй хүн болон ... нэвтрүүлэхийг хориглоно”, 7.3-д “обьектод архи согтууруулах ундаа ...хэрэглэсэн хүн нэвтрүүлэхийг хориглоно” гэж, мөн 7.11-д “шалган нэвтрүүлэгч-харуулчин тодорхой шалтгаангүйгээр *******-н ажилтан ...саатуулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн шалган нэвтрүүлэгч-харуулчин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдийг нэвтрүүлэхгүй байх үүргийн дагуу хууль ёсны шаардлага тавьсныг ******* хүлээн авч, хууль бус шаардлага тавьлаа гэж эсэргүүцээгүй гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон гэж маргаангүй дүгнэх боломжгүй гэх дүгнэлтийг хийсэн.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоох талаар дотоод дүрэм, журамд заагаагүй. Гагцхүү согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай болох нь харуулын энгэрийн камерын бичлэгт буусан бөгөөд автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр тогтоогдож, шүүхээс хийсэн үзлэгээр бэхжүүлэгдсэн бөгөөд нэхэмжлэгч үгүйсгээгүй.
4.3. Салбарт өглөө бүр 08:00 цагт шуурхай хурал хийгддэг бөгөөд газар, хэлтсийн удирдах ажилтан оролцож, мэдээ, мэдээлэл өгдөг. 2024 оны 5 дугаар сарын 10-ны өглөөний шуурхай хуралд ******* оролцоогүй, урьд шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шалган нэвтрүүлэх цэг дээр ирсэн асуудал танилцуулагдсаны дагуу Салбарын захирал ******* нөхцөл байдлыг тодруулах үүргийг Захиргааны хэлтсийн дарга *******д өгсөн.
Анхан шатны шүүх “...*******гийн хувьд тухайн өдрийн үдээс хойш ажлын байранд ирсэн тул Хөдөлмөрийн дотоод журмын 6.24-д заасан ажил тасалсанд тооцох үндэслэл болохгүй” гэх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байхад шүүх үдээс хойш ирсэн нь ажил тасалсанд тооцохгүй гэж журмыг илт буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй. Мөн шүүх ******* ажилтнаа хотхонд нэвтрүүлээгүй буцаасны улмаас хотхонд хонож чадаагүйн улмаас өглөө ажлаас хоцорсон гэж ажил олгогчийг шууд буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
4.4. Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан бөгөөд шүүгч шийдвэрээ танилцуулахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 14 сар 15 хоногийн 121,004,610 гэж танилцуулсан боловч шүүхийн шийдвэр бичгээр ёсчлогдон гарахдаа танилцуулснаар өөрөөр буюу 96,633,333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд цалин хөлсийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Нөгөөтэйгүүр хариуцагч сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан үндэслэлээр маргасан боловч энэ талаар тодорхой эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хотхоны журмын 3.2.3-т хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд 3.2.1-д заасан бичгээр зөвшөөрөл авах заалт хамаарахгүй гэж заасан. Тухайн үед усны газраас буюу төрийн хяналт шалгалтын байгууллагаас хяналт, шалгалт хийгдсэн. Уг үйл баримтын хүрээнд газрын дарга ******* нь *******г хэлтсийн даргын хувьд хамт авч явсан. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нийт 30 гаруй аж ахуй нэгж байгууллагын албан ёсны үйл ажиллагаатай холбогдуулан салбарын захиралд мэдэгдэж явсан. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч нь өөрөө мэдэгдээгүй, удирдлага ******* нь мэдэгдсэн учраас үүнийг мэдэгдсэн гэж үзэхгүй байдлаар анхан шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцэж тайлбарласан. Хөдөлмөрийн дотоод журам, цаг ашиглалтын журам, хотхоны журамд зааснаар нэхэмжлэгч нь нэгжийн удирдлагадаа мэдэгдсэн. Тухайн нэгжийн удирдлага нь салбарын захиралдаа мэдэгдсэн. Мэдэгдсэн үйл баримттай холбогдуулан маргадаггүй. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэх агуулгаар тайлбарладаг, энэ агуулгын хүрээнд нотлох үүрэг нь хариуцагчид байгаа, нотлоогүй.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасны дагуу ******* нь гэрчээр оролцож болохгүй этгээд биш. Гэрч нь хуульд заасны дагуу үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэх байдлаар гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байх нь нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцэхгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2008 оны зөвлөмжид тайлбарласан байдаг.
5.3. Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн үндэслэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулаагүй. Сахилгын зөрчил гэдэг бол сахилгын хэм хэмжээг ойлгож байгаа. Тухайн хэм хэмжээний хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг хариуцагч байгууллагын салбарын захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар батлагдсан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис шалгах журамд заасны дагуу согтуурлын зэргийг тогтоох ёстой. Захиргааны хэлтсийн мэргэжилтэн нь 2 гэрчийн хамт видео бичлэг хийж согтуурлын зэргийг тогтоох зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад кемп бол ажлын байр, кемпийн гадна болж байгаа зүйл нь ажлын байр биш гэх агуулгаар тайлбарласан. Шүүгч эрх зүйн үр дагавар үүсгэнэ гэдэг үүднээс 3 удаа асуусан. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр кемпийг цаасан дээр зуруулж авсан. Пост болон нэхэмжлэгчийн байсан байршлыг тодруулсан. Согтуурлын зэргийг тогтоох журам хэрхэн үйлчлэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч уг тайлбараа нотлоогүй. Харин нэхэмжлэгч тал ******* болон ******* нарыг гэрчээр дуудсан. Салбарын захиргааны хэлтсийн дарга ******* нь согтуурлын зэргийг үлээлгэн тодорхойлох чиг үүрэгтэй. Нэхэмжлэгчийг маргааш өдөр нь үлээлгэхэд 0 дүнтэй гарсан. Хотхоноос гараад үлээлгэж болдог гэдгийг тодруулж асуусан. 2023 онд хариуцагч компаниас халагдсан *******, *******, ******* гэх 3 ажилтнуудын маргаанд хотхоноос гадуур буюу Дотоодын цэргийн 810 дугаар цэргийн анги үлээлгэсэн байсан учраас асууж тодруулан хотхоноос гадна ч үйлчилдэг болохыг гэрч мэдүүлсэн. Хэмжил зүйн тухай хуульд хэмжил гэдгийг тоон утгаар тодорхойлох үйл ажиллагааг ойлгох болохыг зохицуулсан тул согтуурлын зэргийг энэ агуулгаар тодорхойлно, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэдэг арга нөхцөл байхгүй. Камерын бичлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бичигдсэн гэдэг боловч харааны түвшинд согтуурлын зэрэг, хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Нэвтрэхийг завдсан гэж байгаа үйлдэл нь сахилгын зөрчлийн хэм хэмжээ биш учраас энэ агуулгаар шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
5.4. Хавтаст хэрэгт цаг бүртгэлийн баримт авагдсан. Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т уян хатан цагийг баримтална, хүний нөөцийн мэргэжилтэн цаг бүртгэлийн тайланг сар бүр гаргана гэж заасан. 5 дугаар сарын баримтад нэхэмжлэгч *******гийн нэрийн ар талд тасалсан гээд 0 гэж бичсэн. Шүүх уг тайланг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлнэ. Мөн нэхэмжлэгчийн цалингийн хүснэгт хэрэгт авагдсан. 5 дугаар сарын цалингийн хүснэгтээс харахад үндсэн цалин бүтнээрээ олгогдсон. Ажил тасалсан цалин хөлснөөс хийсэн суутгал байхгүй. Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид ажил тасалсан, хоцорсон бүртгэлийг албан ёсны цаг бүртгэлийн тайлан, цалингийн хүснэгтийг үндэслэж шийдвэрлэхээр зохицуулсан. Ажил тасалсан гэх тайлбартай холбогдуулан цаг бүртгэлийн тайлан болон цалин олгосон баримтад дурдсанаар цалинг бүтнээр нь олгосон. Анхан шатны шүүх уг бүртгэлийн тайланг үнэлсэн нь хуульд нийцнэ. Ажилтны ирээгүй 6 цагийг ажил олгогч юу гэж үзсэн ч байж болно, уян хатан систем буюу хөдөлмөрийн дотоод журмын 6.9-т зааснаар чөлөөтэй гэж үзсэн байж болно. Иймд 6 цагийг ажил тасалсан гэх үндэслэлд хамааруулах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Талууд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр М/2022/0893 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******-ийн салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан. /1хх-ийн 23, 24-26 дугаар тал/
3.2. *******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/538 дугаар тушаалаар Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд зайлшгүй хийгдэх компанийн 2022, 2023 оны ус ашиглуулах дүгнэлт болон ус ашиглах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар гаргуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас компанид 5.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх эрсдлийг бий болгосон үндэслэлээр *******д үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-ийн 22 дугаар тал/
3.3. Улмаар, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/667 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай А389 дугаар тушаалын 5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 6.10, 6.24.1, 8.1.5, Хотхоны журмын 3.2.1, 8.4.5, 9.1 дэх заалт, *******тай байгуулсан М/2022/0893 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.5, 4.4 дүгээр заалт, Салбарын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03/149 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Захирлын зөвлөлийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн дарга *******г 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/538 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг Хотхоны журам 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 5 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хотхоноос гарах, орох хөдөлгөөнийг хориглосон үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ажлын байранд нэвтрэхийг завдсан, мөн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ажилд ирэх цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ажил тасалсан үндэслэлээр 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /1хх-ийн 57 дугаар тал/
4. ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон дээрх тушаалыг эс зөвшөөрч, *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хандсан, улмаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргаж, тус хорооны шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.6, 154.8 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт мөн зөв болсон. /1хх-ийн 5-9 дүгээр тал/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, …” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Энэ тохиолдолд зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.
5.2. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг хэд хэдэн сахилгын зөрчил гаргасан гэж буруутгасан бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дараах байдлаар дүгнэв. Үүнд:
5.2.1. 1хх-ийн 160 дугаар талд авагдсан Галба-Өөш Долоодын Говийн сав газрын Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид хамрах хүрээ, хугацааг “сав газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, уул уурхайн компани гэж тодорхойлж, 2024.05.09-11” гэжээ.
Дээрх удирдамжийн хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд хариуцагч байгууллагад хяналт, шалгалт хийгдсэн, уг ажиллагаанд салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн дарга ******* оролцож байсан үйл баримтад талууд маргаагүй бөгөөд тус үйл ажиллагааны хүрээнд Цогтцэций сумын төвд 2024 оны 5 дугаар сарын 09-ний орой болсон уулзалтад оролцсон гэх *******-ийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга *******аас авсан гэрчийн мэдүүлэгт “...тухайн өдөр 8 цаг хүртэл *******-д хяналт шалгалт хийгдсэн. ...*******тай хамт сумын төв рүү хүлээн авалтад очиж *******-ийн устай холбоотой асуудлыг хэлэлцсэн, ...би *******г авч явна гэдгийг салбарын даргад хэлээд явсан. ...20 цаг өнгөрөөгөөд хотхоноос гараад, 21 цагийн үед уулзалт болсон, 23 цагт уулзалт тараад, ...шөнийн 01 цагийн үед хотхондоо ирсэн” гэжээ. /1хх-ийн 138-139 дүгээр тал/
Хариуцагч байгууллагын зүгээс гэрч *******ы мэдүүлгийг үгүйсгэж, няцаасан баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний орой ажлын шаардлагаар, салбарын даргад мэдэгдэж хотхоноос гарсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн тохиолдолд Хотхоны журмын 3.2.3-т “Холбогдох хууль, дүрэм, горимд заасан бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар хотхоноос гарах тохиолдолд энэ журмын 3.2.1-д заасан заалт хамаарахгүй” гэж заасан зохицуулалт /1хх-40/ хамаарч байх тул түүнийг хотхоноос гарах журмыг зөрчсөн буюу бичгээр зөвшөөрөл аваагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
5.2.2. Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.12-т “Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, ...хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, ...” зэрэг зөрчлийг ноцтой зөрчилд хамаарна, мөн 1.5-д “Төв оффис, уурхайн бүс, хотхон, амрах байр, салбар төлөөлөгчийн газрын байр, агуулах, ...компанид хамаарал бүхий бусад газрыг ажлын байранд тооцно” гэж тус тус заажээ. /1хх-ийн 30-38 дугаар тал/
*******-ийн ******* нүүрсний уурхайн бүс нь улсын онц чухал объектод хамаарч байх ба тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан Дотоодын цэргийн 810 дугаар анги нь *******-ийн “*******н нүүрсний уурхайн шалган нэвтрүүлэх журам”-ын дагуу шалган нэвтрүүлэх цэгээр хүн, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, бараа материалыг шалган нэвтрүүлэх, бүртгэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг байна. Энэ хүрээнд дээрх журмын 7.3-д зааснаар уурхайн объектод архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн нэвтрүүлэхгүй байх үүргийг хүлээжээ. /1хх-ийн 161-164 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө буюу 01 цаг 10 минутын орчимд шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэхээр ирсэн, түүнд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэхгүй гэх шаардлагыг тавьж, объектод нэвтрүүлээгүй болох нь Дотоодын цэргийн 810 дугаар ангийн эргүүлийн офицерийн тэмдэглэл, харуулчны хяналтын бүртгэл, тус ангийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 7/86 дугаартай албан бичиг, харуулын ажилтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /1хх-ийн 84-87, 155-158 дугаар тал/
Нэхэмжлэгч талын хүсэлтээр *******-ийн Цогтцэций сум дахь салбарын Захиргааны хэлтсийн дарга ажилтай *******гээс гэрчийн мэдүүлэг авсан байх ба тэрээр “...******* нь шөнө ажилчдын байранд ирж хоноогүй, ...цайны цагаар Цогтцэций сумаас авч ирж, ...журмын дагуу ХАБ-ын мэргэжилтнийг дуудаж драйгер үлээлгэхэд 0 үр дүн гарсан” гэж /1хх-216-218/ тухайн үеийн сорилын үр дүнгийн талаар мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, талуудын маргаж буй үйл баримтад цаг хугацааны хувьд хамааралгүй байх тул гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй.
Мөн *******-ийн мэргэжилтэн гэх гэрч ******* нь талуудын маргааны үйл баримтад хамааралтай мэдүүлэг өгөөгүй байх тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэнэ. /1хх-ийн 140-142 дугаар тал/
Түүнчлэн, *******-ийн “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам”-ын 3.2, 4.1-4.3-т ажил олгогч нь тусгай зориулалтын багаж ашиглан ажилтныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж болох талаар зохицуулсан байна. /1хх-ийн 81-83 дугаар тал/
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ тухайн үед журмын дагуу шалгуулж, ажлын байранд /хотхон/ нэвтрэх боломжтой байхад Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагчийн “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэхгүй” гэх шаардлагыг хүлээн авсан нь уг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд ажил олгогчийг журмын дагуу нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоогоогүй гэж буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчжээ.
Иймд ажил олгогчийн зүгээс ажилтны дээрх үйлдлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтрэхийг завдсан гэж үзэж, сахилгын зөрчилд хамааруулсныг буруутгах үндэслэлгүй байна.
5.2.3. Хөдөлмөрийн дотоод журмын 6.24.1-д “Ажилтан цаг бүртгэлийн төхөөрөмжид ажилд ирэх, ажлаас явах цагаа шалтгаангүйгээр бүртгүүлээгүй” бол ажил тасалсанд тооцож, ...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэнэ гэжээ. /1хх-ийн 30-38 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 6 цаг ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээгүй үйл баримтад талууд маргаагүй бөгөөд тухайн хугацаанд Цогтцэций суманд ажлаа гүйцэтгэж байсан, шууд удирдлагадаа мэдэгдсэн гэх боловч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна.
1хх-ийн 183 дугаар талд авагдсан 2024 оны 5 дугаар сарын ажлын цагийн бүртгэлийн баримтад ******* нь 5 дугаар сарын 1-9, 29-31-ний өдрүүдэд нэг өдөрт 12 цаг, 5 дугаар сарын 10-ны өдөр 6 цаг, 5 дугаар сарын 15, 28-ны өдрүүдэд тус бүр 10 цаг нийт 19 өдөр 218 цаг ажилласан, үүнээс 18 цагийг говийн нэмэгдэл тооцох хоног, 176 цагийг үндсэн ажлын цаг, 42 цагийг илүү цагт тооцохоор бүртгэж, нэхэмжлэгчийн цалинг тооцож /1хх-200-204/ олгожээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд ногдох цалин хөлсийг олгосон байх тул үндсэн ажлын цагийг ажиллавал зохих 176 цагаар тооцсон нь 10-ны өдрийн 6 цагийг ажил олгогчоос ажил тасалсанд тооцоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ.
Иймд нэхэмжлэгчийн 6 цаг ажлын байрандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байдлыг Хөдөлмөрийн дотоод журмын 6.24.1-д заасан ажил тасалсан сахилгын зөрчилд тооцох үндэслэлтэй. Уг зөрчлийг ажил тасалсанд тооцохгүй талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй байна.
6. Дээрхийг нэгтгэвэл, нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/538 дугаар тушаалаар сахилгын шийтгэлтэй байсан, сахилгын шийтгэлгүйд тооцох Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан нэг жилийн хугацаа дуусаагүй байхад дээрх сахилгын зөрчлүүдийг гаргасан байх тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хариуцагч байгууллагын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641,117 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Т.ГАНДИЙМАА