| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0061/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн ....тоотод иргэн Ч.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр найз Ттэй хамт О найзындаа очсон. 1 шил архи хуваагаад ууж байтал О орж ирээд архи ууж байснаа авгайгаа хэл амаар доромжлоод муудалцсан. Тэгээд би дагуулж гараад коридорт гаргаад ташиж унагаагаад хөл рүү нь 2 удаа өшиглөж, 1 удаа нүүр лүү нь мөргөсөн. ...гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг О гэрийн коридор луу авч гараад 2 хөл рүү нэг нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид 2 гайгүй болоод буцаад том өрөөнд орсон. Ороод сууж байгаад би эхнэр Отай муудалцсан бас хараал хэлсэн. Тэгсэн О нь чи яасан эмэгтэй хүн хараадаг юм гээд коридор луу авч гараад л шууд миний нүүр хэсэг, хамар болон уруулын хэсэг рүү хүчтэй мөргөсөн... Тэгээд би нүүрээ дараад доошоо хэвтэхэд нүүр болон нуруун дээр дэвссэн. Тэгээд манай хүү болох Д нь болиулж Ог хөөж гаргаж миний нүүр гарыг нь угааж хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр, О хоёр том өрөөнөөс гарсан. Араас нь Т гэх хүн нь гарсан, чанга юм дуугараад би юу болов гээд гараад хартал угаах гэж байсан хувцасан дээр Б унасан байсан. Бгийн уруулнаас нь цус гарсан байсан. Тэгээд би хүүхдүүд айгаад байна боль гээд загнасан чинь хоорондоо зодолдохоо болиод манай нөхөр Б нүүрээ угаачихаад буцаад том өрөөнд орж ирж суугаад архи ууж эхэлсэн. Тэгээд сууж байгаад намайг хэл амаар доромжлоод О дахиж авч гарах гэтэл манай том хүүхэд Д гэрт орж ирээд бүгдийг нь явцгаа манайх архины оромж юм уу гээд хөөсөн. Тэгээд О нь дахиад хэд хэд цохьсон гэж манай хүү хэлсэн... манай том хүү Бг нүүрийг нь угаагаад хэвтүүлсэн, тэгэхэд уруул нь хавдсан байсан... Тухайн өдөр ирэхдээ нүүр ам нь зүв зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О Бг үүд рүү гарахаар нь би араас нь гарсан чинь О Б 2 заамдалцаад байж байгаад О Бг нэг мөргөхөөр нь би дундуур нь ороод тэгээд жоохон ноцолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ахтай хамт байсан махлагдуу ах хойд аав Бгийн хөл рүү 2-3 удаа өшиглөсөн хойд аав Б газарт унахад Т ах босгож ирсэн. Тэгтэл тухайн ах дахиад хөл рүү нь өшиглөөд байсан... Б ах манай ээж Оыг ална аа пизда минь гэж хэлтэл Т ахтай хамт явсан ах эмэгтэй хүнийг ална гэдэг ямар овоо пизда вэ гэж хэлээд дахиад коридор луу аваад гарсан. Араас нь мөн Т ах гарсан. Тэгээд коридорт Т ахтай хамт явсан ах хойд аав Бгийн нүүр лүү нь гараараа цохиж мөн толгойгоороо нүүр лүү нь мөргөж унагаагаад газарт унасан байхад нь өшиглөж цохьсон. Тэгэхээр нь би тухайн хүмүүсийг салгаад манайх архи уудаг газар биш, би энэ хүнийг зодуулмааргүй байна гэж хэлээд гэрээс хөөж гаргаад хойд аав Бгийн нүүр гарыг нь угааж өгөөд том өрөөнд оруулж унтуулсан... Зодуулсаны дараа уруулнаас нь цус гарч хавдсан нүд нь хөхөрсөн байсан санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шинжээчийн .... дугаартай: “...Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, хүзүүний зүүн хэсэг, дээд уруулын зүүн хэсэг хамарсан цус хуралт, баруун 1 дүгээр шүдний мултрал, зүүн 1 дүгээр шүдний ганхаа, дээд баруун 2 дугаар шүдний эмтрэл, доод уруулын дотор салстын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, хүзүүний зүүн хэсэг, дээд уруулын зүүн хэсэг хамарсан цус хуралт, баруун 1 дүгээр шүдний мултрал гэмтэл нь Гзмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн 1 дүгээр шүдний ганхаа, дээд баруун 2 дугаар шүдний эмтрэл, доод уруулын дотор салстын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Бгийн биед учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-25 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Амбулторын байрны 1 тоотод иргэн Ч.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг О гэрийн коридор луу авч гараад 2 хөл рүү нэг нэг удаа өшиглөсөн. ... коридор луу авч гараад л шууд миний нүүр хэсэг хамар болон уруулын хэсэг рүү хүчтэй мөргөсөн... Тэгээд би нүүрээ дараад доошоо хэвтэхэд нүүр болон нуруун дээр дэвссэн. Тэгээд манай хүү болох Д нь болиулж Ог хөөж гаргаж миний нүүр гарыг нь угааж хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бгийн уруулнаас нь цус гарсан байсан. Тэгээд би хүүхдүүд айгаад байна боль гээд загнасан тэгээд хоорондоо зодолдохоо болиод манай нөхөр Б нүүрээ угаачихаад буцаад том өрөөнд орж ирж суугаад архи ууж эхэлсэн. .... О нь дахиад хэд хэд цохьсон гэж манай хүү хэлсэн... Тэгээд манай том хүү Бг нүүрийг нь угаагаад хэвтүүлсэн, тэгэхэд уруул нь хавдсан байсан... Тухайн өдөр ирэхдээ нүүр ам нь зүв зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О Бг үүд рүү гарахаар нь би араас нь гарсан чинь О Б 2 заамдалцаад байж байгаад О Бг нэг мөргөхөөр нь би дундуур нь ороод тэгээд жоохон ноцолдсон...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч О.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ахтай хамт байсан махлагдуу ах хойд аав Бгийн хөл рүү 2-3 удаа өшиглөсөн хойд аав Б газарт унахад Т ах босгож ирсэн. Тэгтэл тухайн ах дахиад хөл рүү нь өшиглөөд байсан... хойд аав Бгийн нүүр лүү нь гараараа цохиж мөн толгойгоороо нүүр лүү нь мөргөж унагаад газарт унасан байхад нь өшиглөж цохьсон. ... Зодуулсаны дараа уруулнаас нь цус гарч хавдсан нүд нь хөхөрсөн байсан санаж байна...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн .... дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 25/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН