| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 102/2016/03183/и |
| Дугаар | 183/ШШ2016/00413 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2016/00413
| 2016 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2016/00413 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 29-74 тоотод байрлах “Грийн бокс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1, 720-35 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамжны 8а байрны 37 тоот хаягт бүртгэлтэй, 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, Очир овогт Банзрагчийн Батцэцэг /РД: ШЖ60022803/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 70 дугаар байрны 40 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, Таргууд овогт Янживын Мягмарсүрэн /РД:ЦЗ74020518/ нарт холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 7.234.642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Б.Батцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, хариуцагч Я.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, гэрч Ш.Шатарбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь барьцаат зээлийн үйлчилгээний нэгэн салбараа 21 дүгээр хороололд нээхээр шийдэж, интернэт зарын дагуу иргэн Б.Батцэцэгт хандаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ 8а байрны 37 тоотод 8м2 талбайг түрээслэхээр түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хийсэн. Гэрээ 3 жилээр болон бусад тодорхой заалтуудын (тухайн байрыг гуравдагч этгээдэд зарах бол бидэнд эхний ээлжинд санал болгох, хэрэв гэрээг зөрчиж түрээслэхгүй болсон тохиолдолд гэрээний хугацаанд олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх гэх мэт) хамт харилцан тохиролцож хийгдсэн юм. Түүнчлэн тухайн байр нь засвар хийгдээгүй байсан байдалтай байсан ба бид чадлынхаа хэрээр засвар хийснээр бусад түрээслэгч нараас хийгдэж байгаагүйгээр тохижуулсан. Үүнд 1. Бүх түрээслэгч нарыг нэгтгэсэн нэгдсэн нэг лед гэрэл бүхий том гадна хаяг, 2. Гадна орох хаалга, коридор, дотор түрээсийн өрөөний хаалга, өрөөний дотор гэх мэт 7 ширхэг онлайн камер суурилуулсан , 3. Дохиол хамгаалалт, 4. Интернэт, 5. Засал чимэглэл, 6. Шилэн болон модон тавилга гэх мэт багтсан. Бид гэрээ хийгдсэн өдөр барьцаа хөрөнгө болох 150.000 төгрөг өгч, гэрээний хугацаанд гэрээний аль ч заалтыг ямар ч тохиолдолд зөрчөөгүй бөгөөд түрээсийн төлбөрийг цаг тухай бүрд нь тэр ч байтугай урьдчилан төлдөг байсан. Түрээсийн төлбөрийг анх 400.000 төгрөгөөр гэрээ хийсэн бөгөөд түрээслүүлэгч нэг сарын дараа 450.000 төгрөг болгосон, найман сарын дараа түрээсийн төлбөрөө дахин нэмж 500.000 төгрөг болгосон ч бид түрээслүүлэгчийн хүслийн дагуу тухайн төлбөрийн хэмжээг огт эсэргүүцэлгүй хэлснээр нь төлдөг байсан. Түрээслүүлэгч түрээсийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 05-нд зөрчсөн. Түрээслүүлэгч Б.Батцэцэг, түүний хүүхэд Батбаяр нар нь “манайх байраа зарчихлаа, одоо танайх ажлын байраа 5 хоногийн дотор суллаж өг” хэмээн гэнэт тулган шаардсан нь гэрээний нөхцөл болох “хэрэв гэрээг цуцлах бол дор хаяж 6 сарын дотор урьдчилан мэдэгдэх ёстой” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл юм. Ингээд арга буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тухайн байрыг мэдэгдлийн дагуу суллаж өгсөн. Дээрх түрээсийн байр нь өргөтгөл хийгдсэн хуучны 3 өрөө байр бөгөөд нийт 9-н өөр, өөр төрлийн түрээслэгч нартай. Эдгээр түрээслэгч нарын эрх ашиг нь бидний адил мөн л зөрчигдсөн юм. Ер нь аливаа бизнесийн үйл ажиллагаа, ажил үйлчилгээ эрхлэн явуулахад байршил маш чухал байдгийг бизнес эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд төдийгүй жирийн иргэд ч мэднэ. Бид тухайн түрээсийн байранд ороход ломбардны үйл ажиллагаа урьд өмнө нь огт явуулж байгаагүй газар байсан. Энэ нь манай компани тухайн төрлийн үйл ажиллагааг түмэнд таниулах, бизнесийн цар хүрээ, орлого, ашгаа нэмэгдүүлэх, зар сурталчилгаа явуулах гэх мэт маш их ажлыг хийх ёстой болсныг мэдрүүлсэн. Тиймээс бид ажлаа маш сайн хийсний үр дүнд 1 жилийн хугацаанд нийт 600 гаруй харилцагч, зээлдэгчидтой болж чадсан. Гэтэл одоо байгаа нөхцөл байдал бидэнд маш хүндээр тусч бүх зээлийн багцаа хумиж дуусган, харилцагч, зээлдэгч нараа бүрэн алдаж, тухайн салбар маань дампуурсан. Хамгийн гол нь бидэнд итгэж үйлчлүүлж байсан харилцагч, зээлдэгч нарынхаа итгэлийг алдлаа. Өмчлөгч гэрээнд заасан хугацаанд худалдах болсон талаараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэж бидэнд маш их гэнэтийн зардал гарч хохироод байна. Тухайлбал бид тухайн түрээсийн байрыг гэрээнд заасны дагуу эхний ээлжинд 3-н жил улмаар цаашид гэрээгээ сунгаад явна гэж тооцож дээр дурьдсан бүх тохижилт засвар үйлчилгээг хийсний зардал нь 3.886.300 төгрөг болсон. Гэтэл гэрээг цуцалсанаас болж энэ бүх тохижилтын зардлаараа хохироод байна. Мөн шинэ байранд орж үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан дахин тохижилт хийж төлөвлөгдөөгүй 3.348.342 төгрөгний зардал гарлаа. Хэрээ гэрээг цуцлаагүй байсан бол манай байгууллага шинэ байр түрээслэн дахин зардал гарган тохижуулахгүй байх байсан. Хуучин байрны тохижилт, тавилгууд нь шинээр түрээсэлсэн байранд таарахгүй учраас дахин шинээр зардал гарган хийхэд хүргэсэн. Дээр дурьдсан зардлуудаас гадна манай байгууллагын тухайн салбарын байршил өөрчлөгдсөний улмаас тогтмол орлого болох нэг сарын дунджаар 4.500.000 төгрөгийг орлогоо алдаж, уг олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх эрхтэй боловч зөвхөн нүүлгэлт, шилжүүлэлт, тохижилттой холбоотой гарсан дээрх зардлыг нэхэмжилж байгаа болно. Түрээслүүлэгч болох Б.Батцэцэг болон Я.Мягмарсүрэн нар нь түрээсийн гэрээг цуцалсанаас үүдэж манай байгууллагад гарсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байх тул тухайн байранд тохижилт засвар үйлчилгээ хийсний зардалд 3.886.300 төгрөг, шинэ байранд орж үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарсан зардалд 3.348.342 төгрөг нийт 7.234.642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь Сонигинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а-37 тоот өөрийн эзэмшилийн 6-н өрөө байрандаа 2014 оны 8 дугаар сард засвар хийж дуусгаад, 9 дүгээр сард 6-7 нэр төрлийн үйлчилгээний төрлөөр түрээслүүлсэн. 11 дүгээр сард “Грийн бокс трейд” ХХК нь ломбардын үйл ажиллагаа явуулна гээд 500.000 төгрөгийн нэг өрөөг өөрсдөө үйлчилгээндээ тохируулж засвар хийнэ, одоо байгаа хаягийг өөрчилнө гээд орсон. Түрээсийн төлбөрийг эхний 2 сар /11,12/-д 400.000 төгрөг, 3 дахь сараас эхлэн 450.000 төгрөг байхаар тохирсон. 2015 оны 9 сард 500.000 төгрөг болгосон. “Грийн бокс трейд” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарыг дуустал хамтарч ажиллахад манай хоёр талаас аливаа асуудал маргаан гараагүйн дээр, бусад түрээслэгчдийн адил түрээсийн төлбөр дээр харилцан ойлголцож, тохиролцож ажиллаж байсан. Түрээслэгчид төлбөрөө төлөхөд хүндхэн байна гэхэд түрээслүүлэгч манай тал байр дулаан, цахилгааны нийт төлбөрийн 50%-ыг төлж, жижиг урсгал засвар, эвдрэл гэмтлийг хийдэг байсан. Түрээсийн хугацаанд зарах зар өгсөн тухайгаа нээлттэй хэлдэг байсан бөгөөд ломбардаас 2-3 удаа тусгайлан “танайх худалдаж авахгүй юмуу” гэж асууж байсан. 2015 оны 10 дугаар сараас өнөөдрийн эзэн болох Золжаргал нь олон удаа ирж уулзаж, үзэж сонирхож байгаад 11 дүгээр сард одоо ажиллаж байгаа үйл ажиллагаатай нь хамт авна гээд ах Я.Мягмарсүрэнгээ дагуулж ирсэн. Я.Мягмарсүрэнг Б.Батцэцэг миний бие бүх түрээслэгч нартай нэг бүрчлэн уулзуулж, түрээсээ сарын хэдэнд төлдөг, сарын түрээс хэд болохыг, ийм эзэнтэй болж байгаа шүү гэж танилцуулах үед ломбард ч бас уулзсан. Түрээслэгч нар “цаашид бид үйл ажиллагаагаа хэвийн явуулах уу” гэж асуухад Я.Мягмарсүрэн нь “хэвийн явуулна” гэж хариулсан. Түрээслэгчтэй нь хамт авч байгааг би ч түрээслэгч нарт тодорхой хэлж байсан. Я.Мягмарсүрэн, Золжаргал нарт түрээслэгчдийнхээ түрээсийн гэрээг өгөхдөө ломбард 3-н жилээр, бусад түрээслэгч тус бүр 1 жилээр түрээсийн гэрээ хийснийг тодорхой хэлж өгсөн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 21-нд худалдан авах, өгөх гэрээ хийгдсэн. Иргэн Б.Батцэцэг нь Монгол Улсын хууль тогтоомжид заагдсаны дагуу худалдах үйлдлийг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул “Грийн бокс трейд” ХХК-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн хувьд хамааралгүй гэж үзэж байна. Мөн “Грийн бокс трейд” ХХК-ийн болон түрээслэгч нарын түрээсийн гэрээг цуцлах ямар ч шаардлага байхгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 05-нд түрээсийн гэрээ зөрчсөн гэх асуудал нь хугацааны хувьд манайд хамааралгүй болно гэв.
Хариуцагч Я.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Я.Мя нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Батцэцэгээс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 8а байрны 37 тоот орон сууцыг худалдан авч, худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд “шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгчийн эд хөрөнгө болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй бөгөөд гэрээ байгуулагдах үед бусдад худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, барьцаалагдаагүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй” болохыг дурдсан байдаг. Иймд Я.Мягмарсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Г” ХХК-ийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй, түрээсийн гэрээний нэг тал болж эрх эдэлж, үүрэг хүлээсэн этгээд биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч биш юм. Я.М нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Г ” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэхүү мэдэгдэлд заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус байрыг чөлөөлөх тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгч “Г ” ХХК нь энэхүү мэдэгдлийг хүлээн авч, мэдэгдэлд заасан хугацаанд буюу мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр уг талбайг суллаж нүүсэн юм. Өөрөөр хэлбэл Я.Мягмарсүрэн миний өгсөн мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд талуудын хооронд маргаан гараагүй. Иймд нэхэмжлэгч “Г” ХХК-иас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул Я.Мягмарсүрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г ” ХХК нь хариуцагч Б.Б , Я.М н нарт холбогдуулан түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохирол 7.234.642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,
хариуцагч Б.Батцэцэг нь “...2015 оны 12 дугаар сарын 21-нд худалдан авах, өгөх гэрээ хийгдсэн. Иргэн Б.Б нь Монгол Улсын хууль тогтоомжид заагдсаны дагуу худалдах үйлдлийг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул “Грийн бокс трейд” ХХК-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн хувьд хамааралгүй гэж үзэж байна. Мөн “Грийн бокс трейд” ХХК-ийн болон түрээслэгч нарын түрээсийн гэрээг цуцлах ямар ч шаардлага байхгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 05-нд түрээсийн гэрээ зөрчсөн гэх асуудал нь хугацааны хувьд манайд хамааралгүй” гэж,
хариуцагч Я.М нь “...2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд “шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгчийн эд хөрөнгө болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй бөгөөд гэрээ байгуулагдах үед бусдад худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, барьцаалагдаагүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй” болохыг дурдсан байдаг. Иймд Я.М нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Г ” ХХК-ийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй, түрээсийн гэрээний нэг тал болж эрх эдэлж, үүрэг хүлээсэн этгээд биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч биш” гэж тус тус маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК болон хариуцагч Б.Батцэцэг нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8а байрны 37 тоот орон сууцны гал тогооны өрөө болох 8 м2 талбайг ломбардны зориулалтаар түрээслэх зорилгоор гэрээ байгуулагдсанаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ. /хх157-159/
Зохигчид түрээсийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаатай, эхний 2 сарын түрээсийн төлбөр 400.000 төгрөг, 3 дахь сараас 450.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сараас 500.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, ломбардны зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцсон, барьцаа 150.000 төгрөг нэхэмжлэгч төлсөн талаар талууд маргахгүй байна.
Ийнхүү талууд энэхүү гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, тодруулбал гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч гэрээний гол нөхцлийн талаар зохигчид харилцан тохиролцсон, гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
Хариуцагч Б.Батцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Я.Мягмарсүрэнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түрээсийн гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8а байрны 37 тоот хаягт байрлах, 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч талд 30.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.
Дээрх гэрээний 3.1-д “Шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагчийн өмч болох нь нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулагдах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй” гэж заасан хэдий ч Иргэнй хуулийн 297 дугаар зүйлийн 291.1 дэх хэсэгт “...Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК-ийн өмнө хүлээсэн хариуцагч Б.Батцэцэгийн үүрэг хариуцагч Я.Мягмарсүрэнд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх өөр этгээдэд шилжих явдал хөлслөх гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй. Харин эд хөрөнгийн шинэ өмчлөгч хөлслөх гэрээний хөлслүүлэгч болсноор талуудын байгуулсан гэрээний бүх нөхцөл түүнд хамааралтай болно.
Түүнчлэн хариуцагч Я.Мягмарсүрэн “Грийн бокс трейд” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлдээ “...Иргэн Я.Мягмарсүрэн би Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8а байр 37 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Батцэцэгээс худалдаж авсан. Уг байранд бид засвар хийж өөрсдийн үйл ажиллагаа явуулах болсон тул гал тогооны өрөө болох 8 м2 талбайд барьцаат зээлийн үйлчилгээ явуулж байгаа танай компани манай байрыг 2016 оны 02 дугаар сарын 07-нд суллаж өгнө үү” гэснээс үзэхэд өмчлөх эрх шилжүүлж авч буй этгээд буюу хариуцагч Я.Мягмарсүрэн нь тухайн эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад байгааг мэдсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Батцэцэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д “...Түрээслэгч гэрээнд заасан нөхцөл болон бусад хуулийн заалтыг зөрчөөгүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээг цуцлах бол түрээслэгчээс гарсан зардлууд болон түрээсийн гэрээний хугацаанд олох ёстой байсан орлогын дүнг түрээслэгчид нөхөн олгоно” гэжээ.
Хариуцагч Я.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Багахүү “...Я.Мягмарсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Грийн бокс трейд” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэхүү мэдэгдэлд заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус байрыг чөлөөлөх тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК нь энэхүү мэдэгдлийг хүлээн авч, мэдэгдэлд заасан хугацаанд буюу мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр уг талбайг суллаж нүүсэн юм. Өөрөөр хэлбэл Я.Мягмарсүрэн миний өгсөн мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд талуудын хооронд маргаан гараагүй...” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...бид аргагүй байдалд орж байрыг чөлөөлсөн” гэж маргасан.
Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-д “Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална” гэж заасан боловч хариуцагч Я.Мягмарсүрэнгийн нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд “...Жич: Танай компанийн үйл ажиллагааны онцлогийг ойлгон 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрөөс 100 хувь хөнгөлж, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд үйлчилгээ явуулахыг зөвшөөрч байна” гэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрч, түрээсийн хөнгөлөлт эдлэн, мэдэгдэлд заасан хугацаанд түрээсийн байрыг чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгч тал хүлээн авч тухайн хэлцлийг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй, энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлд нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохиролыг шаардах эрхгүй байх тул хариуцагч Я.Мягмарсүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батцэцэг, Я.Мягмарсүрэн нараас 7.234.642 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Грийн бокс трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ