| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/05312/И |
| Дугаар | 210/МА2025/02070 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02070
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/08000 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ******* Хуулийн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хуулийн хэлтсийн захиргаа, үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа хүүхэд асрах чөлөө авсан, уг чөлөөний хугацааг гүйцэтгэх захирлын 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан.
1.2. Гэтэл ******* захирлын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дугаар хүүхэд асрах чөлөө олгох тушаалаар Хуулийн хэлтсийн захиргаа, үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульчийн хөдөлмөрийн гэрээг цуцлан, надаас зөвшөөрөл авалгүйгээр Эрсдэлтэй активын удирдлагын газрын Тусгай активын хэлтсийн мэргэжилтэн албан тушаалд шууд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.
Иймд Хуулийн хэлтсийн захиргаа, үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч албан тушаалын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаа хүсэлт гаргаж хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дахин хүсэлт гаргаж, түүний хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дугаар тушаалаар 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон.
2.2. ******* Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан зохион байгуулалтын бүтэц, гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-39 дугаартай тушаалаар баталсан орон тооны дагуу Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтэс нь хэлтсийн захирал 1, ахлах хуульч 1, хуульч 5 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцийг, гүйцэтгэх захирлын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай тушаалаар чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталсан ба Хуулийн хэлтэс нь Комплайнс, хяналт, хууль эрх зүйн газарт харьяалагдаж хэлтсийн захирал 1, хуульч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллах болсон.
Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасны дагуу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байсан *******гийн орон тоо цөөрсөн. Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны орон тоо цөөрсөн тохиолдолд хэрхэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, 139 дүгээр зүйлийн 139.2-т заасан.
Дээрх зохицуулалтын дагуу ажил олгогч нь *******г ажилдаа эргэн орох үед түүнтэй харилцан тохиролцох тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******г *******-ийн Комплайнс, хяналт хууль эрх зүйн газрын Хуулийн хэлтсийн Хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 70,200 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс чөлөө авах үед Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан зохион байгуулалтын бүтэц, Гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-39 дугаартай тушаалаар баталсан орон тооны дагуу Хуулийн хэлтэс нь Захиргаа удирдлагын газрын харьяа нэгж байсан бөгөөд Хуулийн хэлтэс нь хэлтсийн захирал 1, ахлах хуульч 1, хуульч 5 гэсэн орон тоотой ажиллаж байсан.
Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтцийг, Гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай тушаалаар чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталсан ба Хуулийн хэлтэс нь Комплаенс, хяналт, хууль эрх зүйн газарт харьяалагдаж хэлтсийн захирал 1, хуульч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллах болсон. Энэхүү өөрчлөлтийг тодруулбал, Хуулийн хэлтсийн харьяалагдах газар нь өөрчлөгдөж, хуульчийн орон тоо 5 байснаас 3 болж цөөрсөн, Хуулийн хэлтсийн чиг үүрэг өөрчлөгдсөн буюу хуулийн хэлтсийн зарим чиг үүргийг Эрсдэлтэй активын удирдлагын газрын Тусгай активын удирдлагын хэлтэст шилжүүлсэн.
Тусгай активын удирдлагын хэлтсийн чиг үүрэг нь *******гийн өмнө хийж байсан ажилтай адил чанарын өөр ажлын байр бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдоно. ******* өмнө нь дан ганц захиргаа, үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульчийн ажлыг хариуцаж байгаагүй, мөн бусад чиглэлийн хуулийн ажлыг хариуцаж байсан.
Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдааны явцад хариуцагч талаас өгсөн тайлбарыг буруу дүгнэсэн.
4.2. Мөн Хөдөлмөрийн хуулийн 80.1.1 дэх заалтыг шүүх буруу тайлбарласан, талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдаагүй байхад мэдэгдэл өгөх тухай хуулийн заалтыг мөн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй бөгөөд үндэслэлтэй няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
4.3. *******гийн хувьд түүний ажлын байр цөөрсөн нь холбогдох шийдвэр болон нотлох баримтаар тогтоогдсон. Мөн түүнийг ажилдаа эргэн орох үед нь түүнтэй тохиролцон хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах боломжтой байгааг шүүх харгалзан үзээгүй. *******гийн чөлөөний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусах бөгөөд *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгаа тул түүнийг ажилдаа эргэн орох үед түүнтэй харилцан тохиролцох нөхцөл бүрдэх учир ажилтантай тохиролцох ажил олгогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх үед түүнд мэдэгдэлгүй харьяалах хэлтэс, албан тушаалыг өөрчилсөн. Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлсон. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй гэж тайлбарладаг. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний дагуу үүсдэг. Гэтэл Хөдөлмөрийн тухайн хуулийн 49 дүгээр зүйлд заасан 4 гол нөхцөлийн нэг болох ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүргийн нэр өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн эрх зүйн зөвшилцөх, харилцан тохиролцох суурь зарчмыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн ажлын байрны орон тоог хасахыг хориглосон буюу ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй.
Нэхэмжлэгчтэй тухайн асуудалд харилцан тохиролцож, хүүхэд асрах чөлөөнөөс буцаж ажилдаа орох хүртэл хуульчийн албан тушаалыг хэвээр хадгалагдах, орон тоог цөөлсөн тохиолдолд тухайн үед шийдвэрлэх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдэлгүй ажлын байрыг өөрчилсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг зөрчсөн гэж шүүхээс зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрх зүйн суурь зарчим, үндэслэлд нийцүүлсэн шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу Хуулийн хэлтсийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн хуульч *******гийн хүүхэд асрах чөлөөг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаагаар сунгажээ. /хх-ийн 70 дугаар тал/
3.2. *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, Захиргаа удирдлагын газарт харьяалагдаж байсан Хуулийн хэлтсийг Комплайнс, хяналт хууль эрх зүйн газарт харьяалуулж, үүнтэй холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/4 дугаартай тушаал гарч, Хуулийн хэлтэс 5 хуульчийн орон тоотой байсныг 3 болгон баталсан. /хх-ийн 41-42, 44-46, 51, 67 дугаар тал/
4. Улмаар, нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлж, үүнтэй холбогдуулан түүний хүсэлтийг үндэслэн *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дугаар тушаалаар *******д 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгож, түүний ажлын байрыг Эрсдэлтэй активын удирдлагын газрын Тусгай активын хэлтсийн мэргэжилтэн гэж тодорхойлжээ. /хх-ийн 71 дүгээр тал/
4.1. Дээрх тушаалаар нэхэмжлэгчийн ажлын байр өөрчлөгдсөн нь байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдон хуулийн хэлтсийг өөр хэлтэст харьяалуулж, хуульчийн орон тоо цөөрсөн, үүнд нэхэмжлэгчийн ажлын байр хамаарсан тул түүний ажлын байрыг өөрчилсөн гэж хариуцагч тайлбарлаж, ийнхүү өөрчилсөн асуудал нь талуудын маргааны зүйл болсныг шүүх мөн зөв тогтоосон.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг ажил олгогч хэвээр хадгална, 60.4 дэх хэсэгт ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж тус тус заасан.
5.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байрны орон тоо цөөрсөн тохиолдолд энэ талаар ажил олгогчоос мэдэгдэж, адил чанарын өөр ажлын байр санал болгох ба уг саналыг ажилтан хүлээн авч, талуудын хүсэл зориг нэгдсэнээр тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтныг ажилд томилох үндэслэл болно.
Гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо цөөрсөн талаар мэдэгдээгүй, өөр ажил, албан тушаал санал болгоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогджээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажлын байр өөрчлөгдсөн гэж дүгнэхгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилсөн ажил олгогчийн үйлдлийг хуульд нийцээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар цуцалсан гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд буюу хуулийн хэлтсийн хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдэл зөв болсон байх тул нэхэмжлэгчийг ажилдаа эргэн орох үед ажлын байрыг тохиролцох боломжтой байсан гэх гомдол үндэслэлгүй байна.
6. Түүнчлэн, хариуцагч байгууллагаас 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/41 дугаар тушаалд дурдсан Эрсдэлтэй активын удирдлагын газрын Тусгай активын хэлтсийн мэргэжилтэн гэх ажлын байрыг нэхэмжлэгчид санал болгоогүй нөхцөлд уг ажлын байр өмнөх ажлын байртай адил чанарын байсан эсэх нь талуудын маргаанд хамааралгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол хангагдахгүй.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар талуудын тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан зохицуулалт хамааралгүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байсан боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авахгүй.
8. Нэхэмжлэгч нь дээрх хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, ажил олгогчтой тохиролцож чадаагүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан зохицуулалт оновчтой бус болсныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
9. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул шийдлийг хэвээр үлдээнэ.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/08000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...158.2.2 гэснийг 158.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.ГАНДИЙМАА