Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 42

 

 

 


                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Нид холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1973 оны 10-р сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .........  ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн...  сумын ...-р баг 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Дын Н, /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 12-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын хашаанд хохирогч Н.Агийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
     Шүүгдэгч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А нь та надад хотын хүн өгдөггүй гээд нэг тиймэрхүү утгатай юм хэлээд байсан. Тэгээд миний уур хүрч би чамд хүн өгөх албатай юм уу гэж хэлсэн, тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би эргээд хартал 2-3 удаа цохисон санагдаж байна. Миний бүүр уур хүрч автомашины урд талын хаалгаар сууж хойд хаалгыг нээж ороод Агийн өөдөөс нүүр хэсэг рүү нь гараараа мангасдаж цохисон. Тэр үед гартаа түлхүүр барьснаа мартсан байсан. Түлхүүртэй гараараа цохисон байсан. Тэгээд А бид хоёрыг салгаад А машинаас бууж ирэхэд хамрын дээр нь хөмсөгний голд урагдаж цус гарсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/
       Хохирогч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өглөө 09 цагийн үед ...Нямаа ах надтай өөрөө тоглоод байдаг болохоор нь би санаандгүй тоглоод “Нямаа ах надад ямар хүн байна гэж хэлэх биш” гэсэн чинь над руу уурлаад би чамд хүн өгөх ёстой биш, гөлөг минь гээд хойшоо хараад миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би “та чинь яагаад байгаа юм бэ” гэсэн чинь машины урд хаалганаас бууж машины хойд хаалгыг онгойлгож ирээд хойд хаалгаар орж ирээд машины түлхүүртэй гараараа чих рүү нэг, нүүр рүү 1-2 удаа цохисон, миний чамархай хэсэг рүү 1 удаа цохисон... Машинаас бууж ирээд гараараа нүүрээ арчсан чинь миний нүүр хэсгээс цус гараад байхаар нь би гайхаад толинд харсан чинь миний хамар урагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/
       Гэрч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А, Н нар хоорондоо юм яриад байсан хэрэлдээд ч байгаа юм уу, хэлэлцээд ч байгаа юм уу, сайн ойлгоогүй. Би тэр үед гар утсаараа хүнтэй ярьж байсан. Тэр 2 хоорондоо юм ярьж байгаад машины хойд урд суудлаас гэнэт зодолдоод гарсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж Нийг машины урд талаас хөөж буулгасан. Тэгсэн дахиад хоорондоо зодолдох гэж арын хаалга дээр ирээд хаалга онгойлгоод хоорондоо барилцаад авсан. Тэгээд би бууж салгасан. Тэгээд Аптаншагайг хартал нүүрэн хэсэг хоёр хөмсөгний голд урагдсан байсан /цус гарсан байсан/ өөр гэмтэл шарх харагдаагүй. Н зүгээр байсан, янз бүрийн газраас нь цус гарсан харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
       Шинжээчийн 2018 оны 12-р сарын 19-ний өдрийн 14 дугаартай: “...Н.Агийн биед баруун, зүүн хөмсөгний гол хэсгийн шарх, зүүн чамархай, зүүн чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Н.Агийн биед учирсан баруун, зүүн хөмсөгний гол хэсгийн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн чамархай, зүүн чихний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Н.Агийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/
           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 12-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын хашаанд хохирогч Н.Агийн эрх чөлөөнд халдаж, түлхүүр барьсан гараараа нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
           Шүүгдэгч Д.Н нь гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
           Хавтаст хэргийн 70 дугаар хуудаст хохирогч Н.А нь “...Нтой сайн дураараа эвлэрсэн болно. Хохирлын мөнгө болох 24200 төгрөгийг авч хохирлоо барагдууллаа...” гэсэн байх тул шүүгдэгч Д.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Дын Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 
                                         ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА