| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/07000/И |
| Дугаар | 210/МА2025/02071 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02071
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07881 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,150,458 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсны үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7110581917 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 2.85 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 1,192,878.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,487,443.69 төгрөг, нийт 2,680,322.10 төгрөг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.
Иймд үндсэн зээлийн төлбөрт 18,807,121.59 төгрөг, хүү 3,295,621.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,715.64 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг нийт 22,150,458.30 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-аас Simple аппликейшн ашиглан 20,000,000 төгрөгийн зээл авах, цахим зээлийн гэрээ байгуулах ямар ч хүсэлт гаргаагүй. Уг зээл нь миний зөвшөөрөл, оролцоогүйгээр авч, ашиглагдсан. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг зээлийн мөнгө миний нэр дээрх ******* ******* тоот дансанд орж ирсэн боловч тэр даруйд *******ийн нэр дээрх тоот данс руу шилжүүлэгдсэн нь банкны гүйлгээний түүхээр нотлогдоно. Зээлийн талаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олж мэдсэн. Улмаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч иргэн хоорондын маргаан гэсэн үндэслэлээр шалгаагүй.
2.2. 2021 оноос хамтран амьдарч байсан ******* нь миний итгэлийг ашиглан, урьдчилан төлөвлөж, зохион байгуулалттайгаар миний иргэний үнэмлэхийн мэдээлэл, гарын үсэг, утасны дугаарыг ашиглан дээрх үйлдлийг хийсэн. Би *******ээс зээлийн мөнгийг биелүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээгээгүй. Мөн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******-ийн ажилтантай уулзах үеэр уг байгууллагын ажилтан өөрийн утсаар *******тэй холбогдон ярилцаж, тэрээр зээлийг өөрөө авснаа ил шууд хүлээн зөвшөөрсөн.
2.3. Энэхүү зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, мөн зээлийн мөнгийг авч ашиглаагүй учир хуулийн дагуу энэ зээлийг эргэн төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй юм. Харин зээлийг өөрийн санаачилгаар авсан, мөнгө авсан, уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн этгээд болох ******* нь уг зээлийн жинхэнэ хариуцагч болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******эс 22,150,458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 268,702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагчийн гарын үсгийн үнэн зөвийг тодруулах зорилгоор гаргасан гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх, шаардлагатай шинжилгээ хийх зарчмыг зөрчсөн бөгөөд хэргийг бүрэн, шударгаар шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн.
4.2. 2024 оны 10 дугаар сарын 25-нд Simple аппликейшнээр хийгдсэн 20,000,000 төгрөгийн цахим зээлийг хариуцагч гардан аваагүй, зөвшөөрөөгүй. Зээлийн мөнгө хариуцагчийн нэр дээрх ******* ******* тоот дансанд орсон боловч, тэр даруйд *******ийн ******* тоот данс руу шилжсэн нь банкны гүйлгээний хуулгаар нотлогдож байна. Иймээс хариуцагч энэхүү зээлийн мөнгийг ашиглаагүй, үр шим хүртээгүй тул зээлийн үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй.
4.3. Нэхэмжлэгчийн мэдүүлэгт ******* өөрийн биеэр ирж гэрээ байгуулсан, өмнө нь 12 удаа зээл авч төлж байсан гэж дурдсан боловч энэ мэдүүлгийг нотлох бичгийн болон дүрсний баримт хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн ажилтныг байлцуулан *******тэй холбогдож авсан тайлбаруудыг анхан шатны шүүх хангалттай үнэлээгүй. Зээлийн мөнгө гуравдагч этгээдийн данс руу шилжсэн тул хариуцагч үүрэг хүлээх боломжгүй.
4.4. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлахдаа мөнгө ямар данснаас шилжүүлэгдсэн нь харагдах боломжгүй гэж мэдүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс зээлийн эх үүсвэр, шилжүүлгийн зам тодорхой бус, мөн зээлийн бодит олголт хийгдсэн эсэхийг нотолж чадаагүйг харуулж байна. Ийм нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримтаар баталгаажсан байх шаардлага хангагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.
4.5. Хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар, нэхэмжлэгчийн дурдсан өмнө нь 12 удаа зээл авч, төлж байсан гэх үйлдлүүдийн аль ч төлөлт хариуцагчийн өөрийн нэр дээрх данснаас хийгдээгүй болох нь банкны гүйлгээний баримтаар нотлогдож байна.
Энэ нь өмнөх зээл, төлөлтүүдийг гуравдагч этгээд (*******) хариуцагчийн нэрийг ашиглан хийсэн болохыг харуулж байгаа бөгөөд хариуцагч цахим зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, бодит зээлдэгч биш болохыг харуулж байна. Ийм нөхцөлд шүүх нэхэмжлэгчийн өмнөх зээлийн түүх-ийг хариуцагчийн үүрэг хүлээх үндэслэл болгон үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* нь *******-тай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан цахим зээлийн гэрээтэй маргаж байна. Цахим зээлийн гэрээ байгуулахын тулд хэрэглээний зээлийн эрх нээх гэрээг байгуулдаг. Тус гэрээг 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч өөрийн биеэр ирж байгуулсан. Энэ нь тухайн гэрээнд зурагдсан гарын үсгээр нотлогдоно. Мөн зээлийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн бөгөөд зээлийг олгосны дараах зээлийн захиран зарцуулалтыг хянах үүрэггүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл 18,807,121.59 төгрөг, хүү 3,295,621.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,715.64 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 22,150,458.3 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хариуцагчтай байгуулсан гэх Цахим зээлийн гэрээ-нд үндэслэсэн ба уг гэрээг байгуулсан эсэх асуудлаар хариуцагч маргажээ.
3. Талуудын маргааны үндэслэл болж буй Цахим зээлийн гэрээ нь нэхэмжлэгч байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хэлбэрээр хэрэгт авагдсан нь цаасан суурьгүй цахим нотлох баримтын шаардлага хангаагүй байх ба уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмаар үзлэгийн ажиллагаа явуулж, бэхжүүлсний үндсэн дээр шүүх нотлох баримтын хууль зүйн үндэслэлийн талаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэх учиртай.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
4. 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх тул уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
5. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07881 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,709 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.ГАНДИЙМАА