| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/00400/И |
| Дугаар | 210/МА2025/02111 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02111
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/07214 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* улсын дугаартай, шакмэн /shacman/ маркийн тээврийн хэрэгслийг 1 сарын 14,000,000 төгрөгөөр 2 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцсон.
1.2. Гэрээний 2 сарын төлбөр 28,000,000 төгрөгөөс 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн байсан тул хасаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа 4,000,000 төгрөгөөр багасгаж, нийт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь ******* гэх газарт ашигт малтмалын ашиглалтын А зөвшөөрөлтэй, тус компани болон ******* нартай 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр хүний болон техникийн боломж нөөцөд тулгуурлан бүтээгдэхүүн хуваах зарчмаар ашиглалт олборлолтын ажил явуулахаар тохирч, ******* бүх техник тоног төхөөрөмжийг гаргах, ******* уул уурхайн ашиглалт хийх боловсон хүчнийг хариуцахаар амаар тохирсон.
Ингээд уурхайн ажил эхэлтэл ******* нь 1 жижиг экскаватор, 1 ковштой бусад техник байхгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас *******аар таньдаг хүнээс нь машин түрээслүүлээч гэж гуйлгасан. Үүний дагуу ******* дугаартай шакмэн маркийн машиныг ******* ажиллуулахаар ирсэн боловч экскаватор болон цахилгааны эх үүсвэрүүдийн эвдрэлээс шалтгаалан ихэнх хугацаанд ажилд гараагүй. Мөн *******г ажиллаж эхлээгүй байхад 2021 оны 7 дугаар сараас хойш ******* гэх газрыг улсын тусгай хамгаалалтад авсан гээд ямар ч ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй зогсоосон.
2.2. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээг уурхайн ажил дууссаны дараа нөхөж хийсэн ба энэ гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан, *******ыг шүүхэд өгнө гэхээр нь тухайн үеийн санхүүгийн тооцоог ******* хариуцаж байгаа, би нэг төгрөг ч аваагүй, адилхан хохирч байгаа гэж тодорхой анхааруулж хэлээд гарын үсэг зурсан. Миний хувьд ажил олгогч биш, *******тай ямар яриа хэлцэл хийснийг мэдэхгүй. Мөн *******г ажилд дуудахаас өмнө тухайн гэрээ хийгдээгүй, компанийн ажил бүрэн зогссон байсан. Иймд 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээг сүүлд нөхөж хийж хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 болон 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *******аас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ын Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас төлсөн 277,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хэрэгт тээврийн хэрэгслийг *******т шилжүүлж өгсөн нотлох баримт байхгүй бөгөөд шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар тээврийн хэрэгслийг ******* хэнд ч шилжүүлж өгөөгүй, өөрөө жолоодож байсан талаар тайлбарласан.
Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба шүүх нэхэмжлэгч өөрийн хөрөнгө болох тээврийн хэрэгслийг *******т шилжүүлж өгөөгүй байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
4.2. Мөн үндэслэх хэсгийн 8-д Тоног төхөөрөмж түрээслэх гэрээнд 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч түрээсийн зүйл болох тээврийн хэрэгслийг 2021 оны 7 дугаар сард уурхайн талбайд ашиглаж байсан байх тул талуудын хооронд 2021 оны 7 дугаар сард түрээсийн харилцаа үүссэн, үүнийг хожим буюу 2021 оны 8 дугаар сарын 13-нд талууд гарын үсэг зуран баталгаажуулсан нь хуульд нийцнэ гэжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж хуульчилсан.
Энэхүү хуульд зааснаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ нь байгуулагдсанаас хойш үйлчлэх байтал түүнээс өмнөх хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сард түрээсийн харилцаа үүссэн, хожим баталгаажуулсан гэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3. Хуульд түрээсийн гэрээг бичгээр байгуулахаар зохицуулсан байхад зохигчийн хүсэл зориг болон гэрээнд хариуцагч гарын үсгээ зурсан гэх дүгнэлтээр хууль зөрчиж өмнөх харилцаанд буюу гэрээ байгуулаагүй хугацааны түрээсийн төлбөр гаргуулах үндэслэлгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу түрээсийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй 2021 оны 7 дугаар сарын түрээсийн харилцаанд үйлчлэхгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ-г нөхөж байгуулсан үндэслэлээр хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Талууд 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* улсын дугаартай шакмэн /Shacman/ маркийн тээврийн хэрэгслийг *******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, ******* нь техник хэрэгслийг ашигласан хугацаагаар төлбөр төлөх үүргийг тус тус хүлээж, сарын түрээсийн төлбөрийг 30 хоногоор /20 цагаар/ тооцож 14,000,000 төгрөг гэж харилцан тохиролцжээ. /хх-3-6 дугаар тал/
3.2. Дээрх гэрээнд хариуцагч нь гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу төлбөр төлөх этгээд мөн эсэх асуудлаар маргасан.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас техникийг ашигласан хугацааг буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.
Дээрх гэрээгээр ******* нь ******* улсын дугаартай шакмэн маркийн тээврийн хэрэгслийг *******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, ******* нь ашигласан хугацааны төлбөр төлөх хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ба уг гэрээнд талууд гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээнд гарын үсэг зурснаар уг гэрээний нэг тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүсэх тул түрээсийн гэрээний төлбөр төлөх үүрэг бүхий этгээд биш гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх ба хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй, энэ зөрчил нь хэлцлийн эрх үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.
Талууд түрээсийн гэрээний гол нөхцөлийн талаарх тохиролцоог амаар хийж, уг тохиролцоог хожим бичгийн хэлбэрт шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх зөв дүгнэжээ.
Иймд түрээсийн гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбар, татгалзал, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
5. Гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
5.1. Талууд түрээсийн төлбөрийн хэмжээнд маргасан тул нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд түрээсийн зүйл хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан хугацааг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн зүйлийг 2 сарын хугацаанд ашигласан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна.
5.2. Харин хэргийн 93 дугаар талд авагдсан ******* дахь *******гийн эзэмшлийн дансны хуулгаас үзэхэд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр hovo turees гэсэн утгаар 4,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн үйл баримт тогтоогдсон, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэгт тооцсон.
Мөн Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021.08.10-ны өдрийн улсын байцаагчийн албан мэдэгдлээр *******-ийн техник хэрэгслийг лацдаж, ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг зогсоожээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болжээ.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн түрээсийн төлбөр төлөх хугацааг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 15 хоногоор тодорхойлж, хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 3,000,000 төгрөг /30 хоног 14,000,000 : 2 = 7,000,000 4,000,000/ гаргуулах нь талуудын зарчмыг зөрчихгүй гэж үзэв.
6. Иймд анхан шатны шүүх гэрээнд заасан түрээсийн төлбөр, тооцоо хийх журмыг үндэслэн нэг сар буюу 30 хоногоор түрээсийн төлбөрийг тооцох тул хариуцагч түрээсийн үлдэгдэл төлбөрт 10,000,000 төгрөг /14,000,000 4,000,000/ төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэнгүй.
7. 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзал бөгөөд бие даасан шаардлага гэж тодорхойлохгүй тул шийдвэрийн тогтоох хэсгээс хассан өөрчлөлтийг оруулна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/07214 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос 277,950 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Т.ГАНДИЙМАА