Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/00515

 

 

 

 

 

 

 

 

 

      2016 оны 08 сарын 08 өдөр

     Дугаар 184/ШШ2016/00515

                        Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэн булаг 4-р хороолол, 10-р байрны 36 тоотод оршин суух, Найман овогт Хурметын Сауле /РД:ФМ80022826/

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргин 19 дүгээр хороо, 21-р хороолол, 90А байрны 132 тоот хаят оршин суух, Найман овогт Хурметын Ержан /РД:ФМ81091419/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Номтын Ам” ХХК/Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, “Интер” ХХК-ийн байр, 2 давхар, 203 тоот хаягт байрлах/-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгон, илүү төлсөн 797,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Х.Саулегийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Ержан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн  өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.                                                                                                           

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ержан, Х.Сауле нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Х.Ержан, Х.Сауле бид төрсөн эгч дүүс бөгөөд “Номтын ам” ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 16 давхар 240 айлын орон сууцны барилгаас орон сууц худалдан авахаар ярилцаж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 90А байрны 8 давхарын 132 тоот, 33,75 м.кв талбайтай 2 өрөө сууцыг худалдан авахаар захиалж, “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Орон сууцны 1 м.кв талбайн 1,100,000 төгрөг, гэрээний нийт үнэ 37,125,000 төгрөг байхаар гэрээний 1.2 дахь хэсэгт тохирсон. Уг төлбөрийн 80% буюу 29,700,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Номтын ам” ХХК-ийн Голомт банкин дахь 1105089884 тоот данс руу төлсөн. Үлдэгдэд 20% буюу 7,425,000 төгрөгийг 2 хувааж буюу 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3,781,800 төгрөгийг бэлнээр, 2016 оны 1-р сарын 15-ны өдөр 3,720,500 төгрөгийг бэлнээр төлснөөр төлбөр тооцоо бүрэн дууссан.

“Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.5, 3.1 дэх хэсэгт тус тус орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж,захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг “Номтын ам” ХХК хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйхугацаа хожимдуулсан. Байр захиалсан хүмүүс маш ихээр хохирч байсан ч хүлээцтэй хандсан бөгөөд барилгыг улсын комисс хүлээн авсны дараа 2016 оны 4-р сарын 18-ны өдөр захиалагч миний эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгч, улмаар миний бие тус орон сууцанд амьдран сууж байгаа боловч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ЭХЭБГ-т хандаж авахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхгүй, чирэгдүүлж байх тул үнийг нь төлж худалдан авсан орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Мөн “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.2-т орон сууцны талбайн хэмжээг 33,75 м.кв байхаар тохиролцсон ч тагтны талбай нэмэгдсэн гээд тагтны үнэ 940,000 төгрөгийг нэмж төл гэсний дагуу “Номтын ам” ХХК-ийн Улаанбаатар хотын банкны 2601026551 тоот данс руу 940,500 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Харин дара нь Номтын ам ХХК-ийн удирдлагатай уулзаж ярилцахад миний захиалсан орон сууц 33,95 м.кв талбайтай болсон байна гээд талбайн хэмжээг баталгаажуулан 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 183 тоот албан бичиг хийж өгсөн ба таны илүү төлсөн мөнгөнд тагтны вакуум хаалт хийж өгье гэж байсан. Харин бид илүү төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна.

Иймд миний захиалсан байрны үнэ /33,95 м.кв x1,100,000 төгрөг=37,345,000/ 37,345,000төгрөгний үнэтэй болсон ба бид 38,142,500 төгрөгийг төлсөн тул илүү төлсөн 797,500 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд  Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 16 давхар 240 айлын орон сууцны 90А байрны 8 давхарын 132 тоот орон сууцны өмчлөгчөөр Х.Сауле, Х.Ержан нарын тогтоож, дээрх орон сууцны үнэд илүү төлсөн 797,500 төгрөгийг  “Номтын ам” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Бид орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүйгээс 2014 оны 10 сараас хойш түрээсийн байранд амьдарч 10 гаруй сая төгрөгөөр байр түрээсэлсэн. Байраа хугацаандаа ашиглалтандаа оруулж өгөөч гэж удаа шаардаж байсан. Байранд оруулахдаа тагт метр квадратад ороогүй гэж хэлсэн. Байранд орсны дараа илүү төлбөрөө өгье гэсэн. Намайг шахалтанд оруулсаар байгаад мөнгөө авсан. Хэмжилт хийлгэж байгаа, тагтны мөнгөө өгөөд байрандаа ор гэсэн дүгнэлт гаргахдаа та илүү төлсөн байна удахгүй буцааж өгнө гэж байсан. Би та нараас мөнгөө авахаа болье, тагтанд вакум цонх хийгээд өгнө гэхээр мөнгөө нэхээгүй  байсан боловч цонх хийж өгөөгүй. Бид гэрээний дагуу иргэний журмаар нэхэмжлэлээ гаргаж байгаа учир эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудал хамааралгүй, Номтын ам ХХК-д холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэгт манай нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй, бид хохирогчоор тогтоогдсон зүйл байхгүй  гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгч Х.Сауле нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 16 давхар 240 айлын орон сууцны 90А байрны 8 давхарын 132 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Компанийн захирал Б.Тамиртай ярилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг байран дээр захиалагч нар давхацал байхгүй, Х.Сауле ганцаараа байгаа учир өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй. Харин м.кв-ын зөрүү төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Учир нь цагдаагийн байгууллагаас уг орон сууцны м.кв-ын үнийг мэргэжлийн шинжээчдээр тогтоолгох тогтоол гаргсан байгаагаас м.кв бодит үнэ өсөх магадлалтай байгаа. угац

Номтын ам ХХК нь 1,100,000 төгрөгөөр гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж үзээд шинжээч томилуулсан. Нэхэмжлэгч 1 м.кв-ынүнийг 1,100,000 төгрөгөө төлөөд байрандаа орсон байна. Илүү төлсөн мөнгөө нэхэмжилж байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулах нөхцөл байдал үүсч байгаа. Өмчлөгчөөр тогтоолгох асуудлыг зөвшөөрч байгаа. Байрны үнийг 1,200,000 төгрөг болгоод эвлэрэх санал байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ержан, Х.Сауле нар нь хариуцагч “Номтын Ам” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үнэд илүү төлсөн 797,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Х.Ержан, Х.Сауле нар “Номтын ам” ХХК-тай, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 132 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан байна.

Дээрх гэрээ нь хэдийгээр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй боловч гэрээний агуулга болон гол нөхцлийн хувьд худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжүүдийг агуулжээ.

Хариуцагч Номтын ам ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороололд баригдаж буй Ирээдүй Залуус хороололын 16 давхар 240 айлын орон сууцны барилгаас 90А байрны 8 давхарын 132 тоот, 33,75 м.кв талбайтай 2 өрөө сууцыг барьж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5, 3.1-д орон сууцыг 2014 оны 4-р улиралд багтаан батлагдсан зураг төсөв, барилгын норм дүрмийн дагуу ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, 1.2, 4.2-т орон сууцны нэгж талбайн үнэ 1,100,000 төгрөг, нийт үнэ 37,125,000 төгрөг байх, төлбөрийг гэрээнд гарын үсэг зурагдахад захиалсан орон сууцны нийт үнийн дүнгийн 80 хувь буюу 29,700,000 төгрөгийг, 2 дахь төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор 20 хувийг, 3 дахь төлбөрийг барилгын ажил дуусаж, түлхүүр гардуулахад 10 хувийг худалдагчид  шилжүүлэхээр, 3.1-д төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, 3.5-д захиалагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиалагчид энэ тухай 1 удаа албан бичгээр захиалагчид сануулсны дараа гэрээг цуцлах эрхтэй байхаар, 3.7-д Монгол Улсын хэмжээнд эрчим хүч, шатахуун, барилгын материалын үнэ 10-аас дээш хувиар өөрчлөлт орохоос өөр тохиолдолд орон сууцны үнэнд өөрлөлт оруулахгүй байх, хэрэв өөрчлөлт хийх шаардлагатай бол захиалагчтай зөвшилцөн бичгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үнийг өөрчилнө гэж тус тус зааж гэрээний гол нөхцлийг тохирсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худаалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн  авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд худалдан авагч буюу Х.Сауле, Х.Ержан нар нь орон сууцны үнэд 1 м.кв-ийг 1,100,000 төгрөгөөр тооцон нийт 37,125,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан гэрээгээг хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна. Түүнээс хойш Х.Сауле, Х.Ержан нар нь орон сууцанд орохдоо тагтны талбайн үнэ гэж 940,500 төгрөг төлж нийт 38,065,500 төгрөгийн “Номтын ам” ХХК-д төлсөн талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч буюу худалдагч “Номтын ам” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Х.Сауле, Х.Ержан нар 2014 оны орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.  

Нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн шаардлагын тухайд хариуцагч тал маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин орон сууцны үнэнд илүү төлсөн 797,500 төгрөгийг хариуцагч тал төлөхөөс татгалзаж байгаа боловч энэ татгалзалаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна “...орон сууцны 1 м.кв тутамд 100,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нэмж төлөх ёстой ...” гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний 3.7-д заасны дагуу орон сууцны үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон талаар болон энэ талаар захиалагчтай зөвшилцөн гэрээнд нэмэлт оруулах тухай санал хүргүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байх тул энэ тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “...анх гэрээ байгуулахад орон сууцны талбайн хэмжээг 33,75 м.кв байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба орон сууцыг хүлээн авахад тагтны үнэд 940,500 төгрөгийг нэмж авсан, түүнээс хойш ашиглалтад орж улсын комисс хүлээн авахад м.кв-ыг 33,95 болохыг тогтоосон тул зөрүү илүү төлсөн 797,500 төгрөгийг гаргуулна...” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй ба нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 16 давхар 240 айлын орон сууцны А блокын 8-р давхарын хэмжилтийн байгуулалтын бүдүүвч зургаар С сууц буюу нэхэмжлэгчийн 90А байрны 8 давхарын 132 тоот орон сууц нь 33,95 м.кв талбайтай болохыг нотолсон баримтаар хүлээн авсан орон сууцны хэмжээ зөрүүтэй болохыг нотолж байна. Энэ талаар талууд орон сууцыг хүлээн авахад уг зөрүүтэй байдлыг мэдэж байсан ба зөрүү үнэд тагтыг вакум цонхоор битүүлж өгөхөөр тохирч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйгээгүй байна. Дээрх зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах- худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг ба мөн хуулийн  254 дүгээр зүйлийн 254.3, 254.4-т зааснаар хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагч нь уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй ба түүний хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгчийн илүү төлсөн 797,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А блок, 90А байрны 8 давхарын 132 тоот орон сууцны өмчлөгчөөр Х.Сауле, Х.Ержан нарыг тогтоож, хариуцагч “Номтын ам” ХХК-иас нэхэмжлэгчийн илүү төлсөн 797,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Хэрэгт авагдсан баримтаар “Номтын ам” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Г.Баяржаргал гэгч нь бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 240 айлын орон сууцны барилга угсралтын ажилыг 2013 оны 5 дугаар сараас эхлэн явуулах хугацаандаа захиалагч нартай давхардуулан гэрээ хийж өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн эрүүгийн 201626011273 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоолоор тогтоогдож байна. Зохигчид шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Х.Сауле, Х.Ержан нар нь уг хэрэгт хохирогчоор өргөдөл гаргаж мөрдөн байцаагчийн тогтоолоор хохирогчоор тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны тухайд давхацал байхгүй тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй байгаа тул эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзэн шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ зохигч татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                      

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-д заасныг баримтлан Сонгиохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,  240 айлын орон сууцны А блок, 90А байрны 8 давхарын 132 тоот орон сууцны өмчлөгчөөр Х.Сауле, Х.Ержан нарыг тогтоож, хариуцагч “Номтын ам” ХХК-иас 797,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ержан, Х.Сауле нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН