Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 44

 

 

 


                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч Ё.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтүвшин,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бын Дд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, зээ хүүхдийн хамт Дорноговь аймгийн ...... сумын ..... дугаар баг, ...0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Бын Д,

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Ё.Гоос 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд нийт 23000000 төгрөг зээлж авахдаа барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-0713004814 дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сумын .. дүгээр баг, 0 тоот мкв хувийн орон сууцны гэрчилгээг үрэгдүүлсэн хэмээн дахин гэрчилгээ авч иргэн С.Сгийн өмчлөлд шилжүүлэн баримт, бичиг ашиглан, хуурч хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “…Нтэй сайн найз байсан. Тухайн үед би сар болгон Хаан банканд 15570000 төгрөгийн зээл төлдөг байсан. Н над дээр ирээд би эх нялхасын барааны дэлгүүр нээх гэж байгаа, та надад туслаад бараанд яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад мөнгө хэрэгтэй байна олж өгч чадах уу гэхэд дүүдээ хэлээд өгье гэж хэлсэн. 15000000 төгрөг өгөхөөр нь би мөнгийг нь аваад шууд төлөлт хийсэн. Н надад би танд итгэж байгаа дүү нь туслъя гэж хэлсэн. Би хүнээс мөнгө авсан болохоор санаа зовоод 2 хоногийн дараа гэрчилгээ гарахаар нь аваачиж өгсөн. Сарын дараа 5000000 төгрөг хэрэгтэй болохоор нь Н руу ярьж авсан. 2016 оны 01 дүгээр сард Н яриад хамт Бээжин яваад өгөөч гэхээр нь эгч нь зээлээ төлж чадахгүй байгаа болохоор явж чадахгүй гэхэд би таньд 3000000 төгрөг зээлүүлье, мөн таны замын зардлыг даая гэж хэлсэн. Тэгэхээр нь уг мөнгийг зээлээд хамт Бээжин явсан. Дараа нь ипотекийн зээл авах гээд гэрчилгээ хэрэгтэй болохоор нь Н дээр очоод гэрчилгээгээ өгчих эгчийнх нь зээл бүтсэн гэхэд өгөхгүй, тэр гэрчилгээг би дүү рүү явуулчихсан гэж хэлэхээр нь гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн гэж хүсэлт бичиж дахин гэрчилгээ авсан. Яг энэ гэрчилгээг барьцаанд тавьлаа, энэ хоёр хүн надаас гэрчилгээ авч мөнгө өглөө гэсэн бичиг баримт огт үйлдээгүй…” гэв.

     Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 05-р сарын сүүлээр ... Ганцоож гэдэг залуу над руу залгаж миний дугаарыг аваад “Эгч надад хэлсэн, та найдвартай биз дээ, хугацаандаа эргэж төлөөрэй” гэж хэлэхээр нь би “эгч нь сар бүр хүүг нь төлөөд үндсэн мөнгөө 1 жилийн дараа өгнө, угаасаа мөнгө зээлэх гэж бүрдүүлсэн барьцааны орон сууцны гэрчилгээ энэ тэр байгаа би сүүлд эгчид чинь аваачаад өгье” гэхэд тэгээрэй гэж хэлээд миний ....07 дугаарын данс руу 15 сая төгрөг шилжүүлсэн. ...2 дахь удаагаа 2015 оны 06-р сарын 15-ны өдөр ...Г руу утсаар ярьж “Бараанд явах гэсэн юм эгч нь мөнгөгүй болчихлоо чи эгчдээ үндсэн мөнгөн дээрээ нэмж бодоод 4 хувийн хүүтэй 5 сая төгрөг зээлүүлээч” гэж хэлтэл Г надад за за одоо шилжүүлчихье, харин та хугацаандаа яс төлөөрэй мөн мөнгөнийхөө хүүг төлөөрэй гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй миний ....07 дугаарын данс руу 4660000 төгрөг шилжүүлсэн байсан. Учир нь урьд зээлсэн 15 сая төгрөгийн 4 хувийн хүүг хасаж суутгаад шилжүүлсэн байсан. ...2016 оны 01-р сарын сүүлээр ...Г руу яриад Н хэлсэн үү? гэж асуухад тийм ээ тийм хэлсэн гэж хэлээд надад 3000000 төгрөг өгсөн. ...Би Нгээр дамжуулж Гоос нийтдээ 23000000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаанд хүүг нь төлж 1 жил дуусмагц үндсэн мөнгийг нь өгөхөөр амаараа тохиролцож мөнгийг нь зээлсэн юм. ...Төрийн банкнаас 0.5 хувийн хүүтэй зээл хөөцөлдөөд барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй болохоор нь Нд барьцаалуулж байсан Г.Бгийн нэр дээр байдаг Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг Дампилын 16-24-1 тоот орон сууцны гэрчилгээг хаясан үрэгдүүлсэн болгож баримт бичгийг би бүрдүүлээд улсын бүртгэлд аваачиж өгөөд хэд хоногийн дараа билээ дээ охиныхоо нэр дээр дахин гэрчилгээ гаргуулж аваад тэр гэрчилгээгээ өөрийн нөхөр болох Ч.Г рүү шилжүүлсэн. ...Тэгээд л нөхрийнхөө нэр дээрээс найз Сгийн нэр рүү шилжүүлж Сгаар Төрийн банкнаас  38000000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй ипотекийн зээл авч Хаан банкны зээл рүүгээ бүгдийг нь хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас/

   Хохирогч Ё.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 05-р сарын 29-ний өдөр үеэл эгч утасдаад эгчийнх нь хуурай эгч Д гэдэг хүн байдаг. Энд баар болон барааны лангуу ажиллуулдаг. Эгчийнх нь хуурай эгч, мундаг хүн байдаг юм, 15000000 төгрөг 1 жилийн хугацаатайгаар зээлүүлчих гэж ярьсан. Эгч нь найзын хувьд батлан даалт өгнө, байрны гэрчилгээ өгнө, 4 хувийн хүүтэйгээр өгчих гэхээр нь 15000000 төгрөгийг өгсөн. Дараа нь Д эгч “эгч нь байрны гэрчилгээгээ үлдээчихлээ нэмээд 5000000 төгрөг өгчих” гэхээр нь 2015 оны 06-р сарын 15-ны өдөр өгсөн. Түүнээс хойш сар болгоны 15-ны өдөр хүү өгч жилийн дараа тооцоо дуусгая гэж тохирсон. Н эгч байрны гэрчилгээ аваад үлдсэн, найдвартай хүн байгаа юм, байрыг барьцаанд байгаа бүртгүүлэх шаардлага байхгүй гэж хэлсэн. 2016 оны 01 сар хүртэл хүү төлж байгаад 2000000 төгрөг нэмээд өгчих гэж гуйхаар нь өгөөгүй. Гэтэл 2016 оны 01 сард нь Н эгч утасдаад Д эгчдээ 3000000 төгрөг өгчих, эгч рүүгээ шилжүүлчих, би өгчихье гэж хэлсэн. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоогоо дуусгана гэж хэлсэн... анх байрны гэрчилгээгээ авчираад өгчихлөө гэхээр нь би 15 000 000 төгрөг шилжүүлсэн, түүнээс биш байрны гэрчилгээгээ өгөөгүй бол би мөнгө шилжүүлэхгүй байсан...Д нь надад хүү гэж нийт 15 000 000 төгрөг өгсөн, мөнгө зээлдүүлэхдээ ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй...” гэсэн мэдүүлэг
     
   Хохирогч Ё.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д гэдэг хүн над руу утсаар яриад охиныхоо нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байрыг барьцаалаад 4 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч, би Сайншандад баар, бэлэн хувцасны дэлгүүрт лангуу ажиллуулдаг. Нэг жилийн хугацаатай өөрийн эрхэлдэг бизнестээ хөрөнгө оруулалт хийчихээд өгье гэхээр нь би тэр хүнд хэдэн төгрөг хэрэгтэй байгааг нь асуухад 15000000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дгийн Хаан банкны ....07 дугаартай дансанд 15000000 төгрөг шилжүүлж өгсөн. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын дундуур мөн Д над руу дахин утсаар залгаад чи нэгэнт байр барьцаалж мөнгө зээлүүлж байгаа юм чинь эгчдээ 5000000 төгрөг нэмээд зээлүүлчих, эгч нь танай эгч Нд охиныхоо байрны ордерийг авчраад өгчихсөн юм чинь миний дүү санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд утсаар гуйгаад байхаар нь эгч рүүгээ яриад байрны ордерийг нь асуухад Ү-07130048 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай эгчид охин нь өгсөн гэж хэлсэн ...тэгээд сүүлдээ утсаа авахгүй болж, анх өөрийн болзол тавьсан хүүний мөнгөө ч өгөхөө больсон. Хааяа утсаа аваад баар орлого муутай байна, дэлгүүрийн бараа зарагдахгүй байна гэж тайлбар хэлдэг болсон. Би тэгэхээр нь барьцаалсан гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь охиных нь нэр дээр байгаа эсэхийг үзээдэх гээд Н эгчид хэлсэн. Эгч маань иргэний бүртгэлээс асуухад нөгөө барьцаанд тавьсан гэх байраа өөр хүний нэр дээр шилжүүлчихсэн байсан ... хамгийн анх 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэн Дд 15000000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр зээлж өөрийнх нь ....07 дугаартай данс руу шилжүүлсэн. Дараа нь 2 дахь удаагаа буюу 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д надаас 5000000 төгрөг зээлэхийг хүссэн. Тэгэхээр нь би урьдчилж зээлсэн 15.000.000 төгрөгийнхөө 17 өдрийн хүү болох 340000 төгрөгийг хасаж бодоод 4660000 төгрөгийг Дгийн ....07 дугаартай дансанд шилжүүлж сар болгон 15-нд эргэн төлөлтөө хийхээр амаараа тохиролцсон юм. Тэгээд дахин 3 дахь удаагаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай эгч Нгээр дамжуулан 3000000 төгрөгийг зээлж авсан. Энийг болохоор Д руу шилжүүлээгүй эгч Н рүү 8000000 төгрөгийг шилжүүлж эгч маань тэр мөнгөнөөс 3 саяыг Д руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ надаас 23.000.000 төгрөгийг зээлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-10-р хуудас/
 
          Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д надад юу л байна барьцаа хөрөнгө байна гэж хэлээд өөрийнхөө охин Г.Бгийн нэр дээр бүртгэлтэй 000378873 дугаартай нэг хүний өмчлөлтэй Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16-24-1 тоотод хаягтай хувийн орон сууцны зориулалттай 40 мкв талбайтай улсын бүртгэлд Ү-0713004814 дугаараар бүртгэгдсэн байрны гэрчилгээг эх хувиар нь мөн Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЛВГ-5281 дугаартай уг байрыг барьцаанд байхгүй гэсэн лавлагааны хамт Б.Дгийн охин Г.Б нь манай ажилд авчирж өгсөн юм ...түүнээс хойш 1 жил болоод 2016 оны 8 дугаар сард дүү маань Улаанбаатар хотоос ирээд энэ хүн чинь 1 жил боллоо, надад авсан мөнгөө буцааж өгөхгүй байна” гэж хэлсэн бөгөөд барьцаанд тавьсан гэх байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлье гэсэн. Тэгэхээр нь би Дтай уулзахад нөгөө барьцаанд тавьсан гэрчилгээтэй байр нь өөр хүний нэр дээр шилжсэн байсныг мэдсэн. Дгийн анх барьцаанд тавьсан гэх гэрчилгээ нь эх хувиараа надад байгаа гэж бодож байсан бөгөөд манай дүү болон намайг гэрчилгээний эх хувь гэх баримт бичиг, улсын бүртгэлийн лавлагаа гэх баримт бичгүүдээр залилан мэхэлж дүүд маань 23 сая төгрөгийн хохирол учруулаад байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/

    Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нэр дээр уг гэрчилгээ тэр өдрөө л гарсан /2015.05.29/. Тэгээд гэрчилгээ гарсны дараа /хэд хоногийн дараа гэдгийг нь санахгүй байна/ ээж намайг Н эгчид аваачаад өгчих гэхээр нь би аваачиж өгсөн санагдаж байна. Дараа нь /хэзээ билээ сайн санахгүй байна/ манайд мөнгөний хэрэг гараад Төрийн банкнаас зээл авах гэтэл барьцаа хөрөнгө шаардаад байсан. Тэгээд ганц боломжтой байгаа гэрчилгээ нь Н эгчид барьцаалсан гэрчилгээ байсан. Тэгээд уг гэрчилгээг Н эгчээс би бол асуугаагүй, ээж маань л асуусан байж магадгүй. Тэгээд гэрчилгээгээ хаясан болгоод дахиж авах талаар ээж маань лавлахаас асуусан чинь болно гэж хэлж байсан. Тэгээд холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлээд хүсэлтээ гаргаад Улсын бүртгэлийн Ж эгчид аваачиж өгсөн. Өгөхдөө би аваачиж өгсөн. Харин холбогдох баримт бичгүүдийг нь ээж маань бүрдүүлсэн ба би гарын үсэг л зурсан. Тэгээд гэрчилгээгээ дахин гаргуулж аваад миний нэр дээрээс бэлэглэлийн гэрээгээр аав Г рүү шилжүүлсэн. Учир нь би зээлтэй байсан учир банканд миний нэр дээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авч болохгүй байсан. Тэгээд л шууд аав руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

     Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 3 жил орчмын өмнө байх яг сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Манай найз Б.Д надад Төрийн банкнаас зээл авах гэсэн чинь болохгүй байна. Чи зээлгүй юм чинь надад тус болооч гэж гуйсан. Тэгэхээр нь миний бие зөвшөөрсөн бөгөөд офицерт буюу одоогоор Сайншанд сумын 6 дугаар багт байршилтай Дгийн охины нэр дээр бүртгэлтэй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд би Төрийн банкнаас 38000000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 0.5 хувийн хүүтэй зээл авч Б.Дд өгсөн. Тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Д тэр зээлийг одоо болтол сар бүр төлж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/

     Гэрч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр талаар бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нарт мөнгөний хэрэг гарсан учир манай эхнэр Д “шилжүүлэх шаардлагатай байна” гэхээр нь шилжүүлсэн байх. Нарийн ширийн учрыг нь ах нь сайн мэдэхгүй байна. Манай эхнэр шилжүүллээ гэдэг юм, тэгээд би очиж гарын үсэг зурдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

    Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д эгч надад “Эгчид нь хэдэн төгрөгийн хэрэг гараад байна, чи байраа манай охины нэр дээр шилжүүлэх боломж байна уу? би барьцаанд тавьж зээл авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд мөн өдрөө буюу 2015 оны 05 дугаар сарын 29-нд нотариат орж Бтай бэлэглэлийн гэрээ байгуулсан. Тэгээд би гэрээ хийснээсээ хойш тэр асуудалд дахиж оролцоогүй, цааш юу болсон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34- 35 дугаар хуудас/
    Улсын бүртгэлийн Ү-0713004814 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 68-106-р хуудас/
           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн ...-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Б.Д нь өөрийн хамаарал бүхий этгээд болох хадам дүү А.Бийн эцэг, эхээс үлдсэн орон сууцны гэрчилгээг түүний нэр дээр бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулж авсан болох нь Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...энэ байр нь угаасаа гэрчилгээгүй байсан. Энэ байранд амьдарч байсан эцэг, эх нь нас барснаар байр А.Бт шилжсэн. А.Б нь байрныхаа гэрчилгээг гаргуулж авах гэсэн юм, та хөөцөлдөөд өгөөч гэхээр нь би бичиг баримтыг бүрдүүлж гэрчилгээг нь гаргуулж өгсөн юм. Тэгээд мөнгөний хэрэг болоод байна, байраа манай охины нэр дээр түр шилжүүлж өгөөч, барьцаанд тавиад багкны зээл гаргуулах гэсэн юм гэж гуйгаад Бээс зөвшөөрөл авч охин Бгийн нэр дээр шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015-05-29-ны өдөр Б эгч өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ гаргуулж авсан. Тэгээд ээж маань Г гэдэг хүнээс зээл авах гэж байсан болохоор барьцаалбар болгох үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байсан. Тиймдээ ч Б эгчээс миний нэр дээр байраа шилжүүлчих гэж гуйсан байх. Тэгээд Б эгч зөвшөөрөөд тэр өдрөө буюу 2015-05-29-ны өдөр би Б эгчтэй бэлэглэлийн гэрээ байгуулж, бичиг баримтыг манай ээж бүрдүүлснийг би үл хөдлөхийн Ж эгчид аваачиж өгсөн...миний нэр дээр уг гэрчилгээ тэр өдөртөө л гарсан...гэсэн мэдүүлэг, гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д эгч надад “Эгчид нь хэдэн төгрөгийн хэрэг гараад байна, чи байраа манай охины нэр дээр шилжүүлэх боломж байна уу? би барьцаанд тавьж зээл авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд мөн өдрөө буюу 2015 оны 05 дугаар сарын 29-нд нотариат орж Бтай бэлэглэлийн гэрээ байгуулсан. Тэгээд би гэрээ хийснээсээ хойш тэр асуудалд дахиж оролцоогүй, цааш юу болсон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэгээр тогтоогдож байна. Үүнээс дүгнэхэд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Дампилын 16-24-1 тоот 40 мкв хувийн орон сууц нь Б.Дгийн охины өмч биш бөгөөд А.Бийн өмчлөлийн орон сууц байна. Шүүгдэгч Д нь Ё.Гоос зээл авахад барьцаалбар шаардсан учраас өмчлөгчийн зөвшөөрлөөр охиныхоо нэр дээр шилжүүлж өөрийн өмчийг барьцаалж байгаа гэсэн итгэл үнэмшил төрүүлж, бодит байдлыг нууж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг буюу баримт бичгийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв. Энэхүү гэрчилгээг үрэгдүүлсэн гэж худал мэдүүлэг гарган дахин авч, өөрийн охиноос бэлэглэлийн гэрээгээр нөхөр Ч.Гийн өмчлөлд шилжүүлж, дараа нь Гөөс худалдах, худалдан авах гэрээгээр С.Сгийн нэр дээр шилжүүлж Төрийн банкнаас 38 000 000 төгрөгийн зээл авсан болох нь гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэрчилгээгээ хаясан болгоод дахиж авах талаар ээж маань лавлахаас асуусан чинь болно гэж хэлж байсан. Тэгээд холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлээд хүсэлтээ гаргаад Улсын бүртгэлийн Ж эгчид аваачиж өгсөн. Өгөхдөө би аваачиж өгсөн. Харин холбогдох баримт бичгүүдийг нь ээж маань бүрдүүлсэн ба би гарын үсэг л зурсан. Тэгээд гэрчилгээгээ дахин гаргуулж аваад миний нэр дээрээс бэлэглэлийн гэрээгээр аав Г рүү шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг, гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 3 жил орчмын өмнө байх яг сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Манай найз Б.Д надад Төрийн банкнаас зээл авах гэсэн чинь болохгүй байна. Чи зээлгүй юм чинь надад тус болооч гэж гуйсан. Тэгэхээр нь миний бие зөвшөөрсөн бөгөөд офицерт буюу одоогоор Сайншанд сумын 6 дугаар багт байршилтай Дгийн охины нэр дээр бүртгэлтэй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд би Төрийн банкнаас 38000000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 0.5 хувийн хүүтэй зээл авч Б.Дд өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр талаар бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нарт мөнгөний хэрэг гарсан учир манай эхнэр Д “шилжүүлэх шаардлагатай байна” гэхээр нь шилжүүлсэн байх. Нарийн ширийн учрыг нь ах нь сайн мэдэхгүй байна. Манай эхнэр шилжүүллээ гэдэг юм, тэгээд би очиж гарын үсэг зурдаг юм...” гэсэн мэдүүлэг,хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бичмэл нотлох баримт зэргээр давхар нотлогдсон болно.

Шүүгдэгч Б.Д нь Ё.Гоос нийт 23000000 төгрөг зээлж авахдаа ямар нэгэн бичгийн гэрээ хэлцэл хийгээгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн эрх зүйд хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй ба Б.Дгаас өгсөн 15 100 000 төгрөгөнд хохирогч Ё.Г маргаагүй, хүлээн авснаа зөвшөөрсөн тул үлдэх 7 900 000 төгрөгийг шүүгдэгч Б.Дгаас гаргуулж хохирогч Ё.Гид олгох нь зүйтэй. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар /шүүгдэгч нь хохирлыг маргааш өгч барагдуулах боломжтой гэсэн тул/ 3 хоногийн хугацаанд гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

           Иймд шүүгдэгч С овогт Бын Дг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, нас, орлого олох боломж зэргийг харгалзан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Бын Дг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгуулийн ялыг 1 сарын хугацаанд улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгаас 7 900 000 төгрөгийг 3 хоногийн хугацаанд гаргуулж хохирогч Ё.Гид олгосугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА