| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/22051/И |
| Дугаар | 210/МА2025/02112 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02112
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/13650 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйгээс маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ...******* спорт буудлагын сургалтын төвд гишүүнээр элсэх зорилгоор *******д 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн, ...спорт холбоонд оруулж өгнө гэсэн хэлцлээ биелүүлээгүй учир сумны зардал, бууны түрээс, сургагч багшийн зардлыг хасаж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчид гардуулж, эрх, үүрэг тайлбарласан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан эсэх талаар тайлбар гаргаагүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байна.
3.2. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагчийг сургалтын төвд гишүүнээр элсүүлэх үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар хэлцлийн дагуу шилжүүлсэн гэх 7,500,000 төгрөгөөс сумны зардал, бууны түрээс, сургагч багшийн зардалд тооцсон гэх 3,500,000 төгрөгийг хэрхэн, ямар нотолгооны хэрэгслийг үндэслэн гүйцэтгэсэн үүрэгт тооцсон нь тодорхойгүй нөхцөлд хариуцагчаас шаардаж буй 4,000,000 төгрөгт холбогдох шаардлага, түүний үндэслэлийг мөн тодорхой бус гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлээр шаардаж буй 4,000,000 төгрөг нь нэхэмжлэлийн үнэ бөгөөд уг үнийг хэрхэн, ямар үндэслэл, шалгуураар тогтоосон нь тодорхой байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нийцнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байснаар энэ хүрээнд талууд бүрэн мэтгэлцэж маргаантай эрх зүйн харилцаа тодорхой болох, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, улмаар уг харилцааны талууд зөв тогтоогдох, шүүхийн харъяалал мөн эсэх, маргаж буй үндэслэл бүрд тохирох эрх зүйн хэм хэмжээ, түүний үр дагавар буюу үүргийн хэмжээ тодорхойлогдох учиртай.
3.3. Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүйгээс маргааны үйл баримт тодорхой бус байхад хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцээгүй байна.
4. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, үйл баримтыг тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/13650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.ГАНДИЙМАА