| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2023/08573/И |
| Дугаар | 210/МА2025/02133 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02133
******* *******ны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/07073 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* *******ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгө, техникийн болон бусад холбогдох баримт бичиг, барилгын зургийн дагуу хийгдэх 26 ширхэг камерыг суурилуулж хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* байрлах, ******* ******* үйлчилгээтэй 144 айлын орон сууцыг иргэн *******ын захиалгаар ******* барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан. Тус байрны оршин суугчид 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бүх гишүүдийн хурлаа хийж ******* *******-г байгуулж, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
1.2. *******-ноос барилгын гүйцэтгэгч компани болох *******-аас гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, *******нд хүлээлгэж өгөх бичиг баримт, гэрээ хэлцэл, дутуу ажлыг хийж гүйцэтгэх зөрчлийг арилгуулахаар удаа дараа шаардсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй.
Мөн орон сууцны барилгын 15 дугаар давхрын техникийн 2 ширхэг өрөөг хүлээлгэж өгөөгүй, барилгын батлагдсан зурагт заасан 26 ширхэг камерыг суурилуулаагүй.
Иймд ******* орон сууцны байшингийн дундын өмчлөлийн орон сууцны 15 дугаар давхрын техникийн 2 ширхэг өрөө, лифний гэрчилгээ, барилгын галын аюулгүй байдлын зураг, гадна тохижилтын зураг, барилга баригдсан буюу нийтийн эзэмшлийн газрын гэрээ, гэрчилгээ, барилгын зургийн дагуу хийгдэх ёстой 26 ширхэг хяналтын камерыг суурилуулж хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* *******-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан, ******* орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгүүд буюу орон сууцны 1 ба 2 дугаар орцонд тус тус байрлах 15 дугаар давхарын техникийн 2 ширхэг өрөө, Барилгын зургийн дагуу хийгдэх ёстой 26 ширхэг хяналтын камерыг суурилуулж, уг орон сууцны байшинд холбогдох Лифтний гэрчилгээ, Барилгын галын аюулгүй байдлын зураг, Гадна тохижилтын зураг, Барилга баригдсан буюу нийтийн эзэмшлийн газрын гэрээ, гэрчилгээ зэрэг бичиг баримтыг тус тус ******* *******-д хүлээлгэн өгөхийг хариуцагч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,786 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 423,786 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.15-д гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршлаас бусад нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс нийтийн эзэмшлийн гудамж, талбай бүхий барилга байгууламжийн орчинд дүрс бичлэгийн техникийг байршуулах, ашиглалт, хамгаалалтад байнгын хяналт тавих гэж заасан. ******* нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч, хуулийн дагуу хяналтын камерыг орон сууцны өмчлөгч, эзэмшигч суурилуулах үүрэгтэй.
Шинжээч дүгнэлтдээ барилгын бараа материалын түүврийг хараад 37 ширхэг камер суурилуулах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн ******* нь Барилга хот байгуулалтын яамнаас олгосон 3119-838/22 тоот тусгай зөвшөөрөлтэй (ЗТ-10.2 барилга байгууламжийн ажлын төсөв) байна. Шинжээч барилга угсралтын төсөвтэй холбогдох асуудлаар мэргэшсэн байх тул зураг төсөл зохиох, барилгын зураг төсөлд дүгнэлт шинжилгээ гаргах тусгай мэдлэгийн шаардлагыг хангаагүйн улмаас барилгын зураг төслийн бараа материалын түүвэр буюу төсөв зохиоход шаардлагатай хэсэгт дүгнэлт хийж, барилгын ажлын зургийг бүхэлд нь шинжлээгүй, бүрэн бодитойгоор дүгнэлт гаргаагүй.
Нийтийн буюу дундын эзэмшлийн хэсэгт хэдэн ширхэг камер байгаа буюу байх ёстой болохыг барилгын зурагт үндэслэн гаргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан улсын комиссын хурлын тэмдэглэл болон үүрэг даалгаварт зураг төслийн зохиогч ******* хяналтын камерын системийг зургийн дагуу хийж гүйцэтгэх үүрэг өгсөн байх ба үүрэг даалгаврын биелэлтэд уг ажлыг бүрэн биелсэн гэж дүгнэсэн байна. Зураг төсөл зохиогч мэргэжлийн байгууллага нийтийн эзэмшил буюу дундын эзэмшил хэсэгт зурагт заагдсан бүх хяналтын камер суурилуулагдсан болохыг тодорхойлсон. Барилгын зурагт нийтийн эзэмшил буюу дундын эд хөрөнгөд суурилуулахаар тусгасан камерыг бүрэн суурилуулсан.
4.2. Лифтний гэрчилгээ болон барилгын галын аюулгүй байдлын зураг, гадна тохижилтын зургийг *******-д хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Барилгын тухай хуулийн 46 дуаар зүйлийн 46.3-т заасны дагуу төрийн архивт тус барилгатай холбоотой баримт бичгийг бүхэлд нь хүлээлгэн өгсөн. *******-д дээрх материал байхгүй. ******* ******* нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 180 дугаар тушаалаар батлагдсан Барилга, байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журмын 2.3.1-д заасны дагуу барилга байгууламжийг анх ашиглалтад хүлээн авахдаа түүний талаарх үндсэн мэдээлэл, зураг төсөлд заасан бусад өгөгдлүүдийг захиалагч байгууллагаар хувийн хэрэгт нь бичүүлж, түүний үнэн зөвийг нягталж шалгана гэсний дагуу үндсэн мэдээллийг бичүүлж авах эрх нь нээлттэй бөгөөд ******* буюу *******ны хувьд захиалагч этгээд нь ******* болно.
4.3. Барилга баригдсан буюу нийтийн эзэмшлийн газрын гэрээ, гэрчилээг *******-д хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд ******* ******* нь Нийслэлийн засаг даргын 2019 оны А/951 тоот захирамжаар олгосон эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 3,387 м.кв хэмжээтэй, ******* тоот нэгж талбарын дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв, цогцолборын зориулалттай ******* эзэмших эрх бүхий газар дээр баригдсан. Тус барилгын захиалагч, газрын эзэмшигч нь ******* юм. Иймээс тус газрын эзэмшигч, барилгын захиалагч *******оос газрын гэрчилгээ, гэрээг гаргуулан авах нь зүйтэй. *******-аас нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Газрын гэрчилгээ, кадастрын зураг болон холбогдох баримтууд e.gazar.gov.mn сайтад бүртгэгдэж, цахимжуулсан тул зөвхөн газрын эзэмшигч нэвтрэн орох, авах боломжтой. Энэхүү цахим шилжилт 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба барилгыг 2021 оны 09 сарын 11-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгч, холбогдох баримтыг төрийн архивт хүлээлгэн өгсөн болно. Холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын ажлын захиалагч этгээдийн хүлээх үүргийг гүйцэтгэгч байгууллагад хүлээлгэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцсон байна. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14/23 дугаартай итгэмжлэлээр ******* *******-ны гүйцэтгэх захирал *******гээс *******д ******* *******-ны нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. /хх-38 хуудас/
Улмаар ******* нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хэрэг танилцуулсан болон шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлүүд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэж гаргасан хүсэлтүүдээс харагдана.
Гэтэл 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 24/02 дугаартай шүүхэд гаргасан хүсэлтэд ******* нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ******* миний бие ******* *******-д эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон итгэмжлэлийг үндэслэн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа болно. Шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтэй байна өмгөөлөгч ******* гэсэн байна. /хх-54 хуудас/ 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тов мэдэгдсэн баримтад нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* гэж тусгасан байх ба 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад ******* нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралдаанд оролцсон байна. Харин 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны ирцэд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* оролцсон гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь өөр өөр статус бүхий хэргийн оролцогч бөгөөд хавтаст хэрэгт итгэмжлэлээс татгалзсан болон өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан эсхүл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа баримт байхгүй. Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа төлөөлүүлэгч эсхүл төлөөлөгчийн аль нэг нь л шүүх хуралдаанд оролцох боломжтой. Мөн хариуцагчид нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт байхгүй, танилцуулаагүй байна.
4.5. Шүүхэд ******* *******г төлөөлөн гүйцэтгэх захирал ******* нэхэмжлэл гаргасан. *******ны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1-12.4.10-д тусгайлан заасан. Энэхүү нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд хандах эрх ******* *******-ны гүйцэтгэх захиралд хуулиар шууд олгогдоогүй. Хавтаст хэрэгт ******* *******-ны дүрэм, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ авагдаагүй байх ба гэрээ болон дүрмээр гүйцэтгэх захирал шүүхэд хандах эрх олгогдсон эсэх, эсхүл хяналтын зөвлөл, удирдах зөвлөл, бүх гишүүдийн хурлаас эрх олгосон эсэх, эсхүл тус хуулийн 12.4.6-д заасан нөхцөл үүссэн эсэх баримт байхгүй байх тул гүйцэтгэх захирал шүүхэд хандах эрх байсан нь тогтоогдохгүй байх ба шүүхээс энэ асуудлаар дүгнээгүй байна.
4.6. 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32024/19350 дугаартай шүүгчийн захирамжаар Архивын ерөнхий газраас захирамжийн 2.1-2.7-д заасан баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 02/885 дугаартай албан бичгээр Үндэсний төв архиваас холбогдох материалуудыг хүргүүлсэн байна. Үндэсний төв архиваас 2.1 болон 2.5, 2.7-д заасан материалыг бүрэн ирүүлээгүй, зарим материалын урд талын нүүрийг ирүүлсэн байх ба байгаа эсэх талаар ирүүлсэн албан бичигт тайлбарлаагүй, дурдаагүй энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боловч захирамжийн биелэлтийг бүрэн хангуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
4.7. 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 191/Ш32025/24083 дугаартай шүүгчийн захирамжаар *******-ийг шинжээчээр томилон, дүгнэлт ирүүлэхийг даалгасан байх ба шинжээчид ******* орон сууцны байшингийн 15 дугаар давхарт байрлалтай 42,17 м.кв, талбай бүхий техникийн 2 ширхэг өрөө нь дундын эзэмшил буюу *******нд хамаарах эсэх, ******* орон сууцны байшинд хяналтын камер суурилсан эсэх, суурилуулсан хяналтын камерууд нь барилгын зургийн дагуу хийгдсэн эсэхийг тогтоолгох 2 асуулт тавигдсан байна.
2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ******* нь 25/0030 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Шинжээч шүүхэд ирүүлсэн дүгнэлтээ ******* орон сууцны байшингийн 15 дугаар давхарт байрлалтай 42,17 м.кв талбай бүхий техникийн 2 ширхэг өрөө нь дундын эзэмшил буюу *******нд хамаарах эсэх асуултад хариулахдаа ******* ******* байгуулсан байна, ******* нь одоогоор өөрийн байргүй орон сууцны 1 давхрын хяналтын камерын жижиг өрөөнд түр үйл ажиллагаа эрхэлж байна. Орон сууцны 15 давхарт техникийн өрөө байршилтай бөгөөд *******, 1-р орцны техникийн өрөөнд *******-ийн ээлжийн жолооч нар байрладаг гэж тус компанийн хуулийн зөвлөх тайлбарласан. *******ны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар техникийн өрөө нь дундын өмчийн хөрөнгө болно гэжээ.
******* орон сууцны байшинд хяналтын камер суурилсан эсэх, суурилуулсан хяналтын камерууд нь барилгын зургийн дагуу хийгдсэн эсэхийг тогтоох гэсэн асуултад хариулахдаа 26 ширхэг камерыг барилгын гүйцэтгэгч компани шаардлагагүй гэж үзэж суурилуулаагүй гэж тайлбарласан ба барилгын зураг дээр өөрчлөлт оруулсан, зохиогчийн албан ёсны гарын үсэг, тамгатай акт өөрчлөлт оруулсан зургаа үзүүлнэ гэж хуулийн зөвлөх ******* хэлсэн боловч авчирч үзүүлээгүй. Утсаар удаа дараа шаардсан боловч өөрчлөлт оруулсан барилгын зургийг авчраагүй гэжээ.
Энэхүү дүгнэлт нь тусгай мэдлэг шаардсан бус хууль хэрэглээ, хуулийн заалтыг тайлбарласан шинжтэй техникийн өрөө нь хуулийн дагуу дундын өмч мөн тул *******-д өгөх нь зүйтэй, үлдэгдэл 26 ширхэг камерыг зургийн дагуу угсарч тус *******-д хүлээлгэн өгөх нь зүйтэй хэмээн шүүхийн өмнөөс хэргийг дүгнэсэн, шүүхэд нөлөөлсөн шинжтэй байна.
*******-ийн шинжээчийн дүгнэлт хэргийн оролцогчийн мэдүүлгийг үндэслэсэн шинжтэй, шинжилгээ хийлгэхэд нэмэлт материал авах эсхүл оролцогчдоос асуулт асуух шаардлага үүссэн бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэж шаардах бус өөрөө санаачилгаар материал цуглуулахыг оролдож, оролцогчоос асууж, шаардаж, ******* байгуулагдсан байна, ийм тийм байршилтай байна гэх зэргээр хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан, тусгай мэдлэгийн хүрээнд бус, цаашлаад шинжлэх ухааны ямар тодорхой арга зүйд тулгуурласан, ямар тусгай мэдлэг, норм стандарт, үндэслэлээр дүгнэлт гаргасан ойлгомжгүй, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Мөн шинжээчээр томилсон буюу ******* нь Барилга хот байгуулалтын яамнаас олгосон 3Т19-838/22 тоот тусгай зөвшөөрөлтэй (ЗТ-10.2 барилга байгууламжийн ажлын төсөв) байна. Шинжээч барилга угсралтын төсөвтэй холбогдох асуудлаар мэргэшсэн байх тул зураг төсөл зохиох, барилгын зураг төсөлд дүгнэлт шинжилгээ гаргах тусгай мэдлэгийн шаардлагыг хангаагүйн улмаас барилгын зураг төслийн бараа материалын түүвэр буюу төсөв зохиоход шаардлагатай хэсэгт дүгнэлт хийж, барилгын ажлын зургийг бүхэлд нь шинжлээгүй, бүрэн бодитойгоор дүгнэлт гаргаагүй гэж үзэж болохоор байна.
2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 191/ТМ2025/10352 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад даргалагчаас: хэргийн оролцогчдын шинжээчээс асуусан асуултын хувьд шинжээч хууль зүйн дүгнэлт хийсэн байна, техникийн өрөө мөн эсэх талаар хуульд заасан зүйл бичсэн байна гэжээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт ...*******нд техникийн өрөө, зурагт тусгагдсан тоо хэмжээгээр камер суулгаагүй, холбогдох баримт бичгийг хариуцагчаас хүлээлгэж өгөөгүй болох нь шинжээч *******-ийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 болон 13 дахь хэсэгт ******* 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25/0030 дугаар дүгнэлтээр ******* нь 26 ширхэг камерыг шаардлагагүй хэмээн үзэж суурилуулаагүй болох нь тогтоогдсон байна, ...шаардлагагүй хэмээн суурилуулаагүй талаараа шинжээчид тайлбарласныг *******-ийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25/0030 дугаартай дүгнэлтэд дурдсан гэжээ.
Шүүхээс нэхэмжлэлд дурдсан баримт бичгийг хариуцагч нэхэмжлэгчид гаргаж өгсөн эсэх асуудлаар шинжээч томилоогүй, шинжээч энэ асуудлаар дүгнэлт гаргаагүй байхад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа шинжээчид хориглох зүйлийг зөрчиж дүгнэлт гаргасан байх бөгөөд шүүхээс шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* ******* нь *******-д холбогдуулан 2023 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргаснаар 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүссэн. Харин хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаагүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдолд дурдсан татгалзлын үндэслэлүүдээ анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт гаргаж байгаагүй, зураг төсөл байхгүй гэх мэт маргаж буй гол асуудлуудад тайлбар, нотолгоо ирүүлээгүй. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
5.2. Мөн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25/0030 дугаартай дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой аливаа маргаан, татгалзлын үндэслэлээ нотлох баримтын хамт гаргаагүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй этгээд гэх агуулгатай татгалзлын үндэслэлээ хариуцагч тал мөн адил гаргаагүй. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч *******-ны гэрчилгээгээ хавсаргасан бөгөөд гэрчилгээнд ******* *******-ны захирал нь ******* гэж тодорхой тэмдэглэгдсэн. ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон бөгөөд хэрэг эцэслэн шийдэгдэх буюу 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцох хүсэлт гаргасан тул өмнө олгосон итгэмжлэлээсээ татгалзсан.
Барилгын зурагт тусгагдсан хэмжээгээр тодорхой тооны камерыг суурилуулах ёстой байсныг шинжээч мэргэжлийн тусгай мэдлэгтээ үндэслэн тогтоосон бөгөөд тухайн камерууд суурилагдаагүй байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлттэй холбоотойгоор хариуцагч тал анхан шатны шүүх дээр ямар нэгэн мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй, мөн шинжээчийн дүгнэлтийг няцаасан баримт, үндэслэл огт гаргаагүй. Иймээс шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн үзэж байна. Давж заалдах гомдолд барилга баригдсан буюу нийтийн эзэмшлийн газрын гэрээ, гэрчилгээг эзэмших эрх шилжүүлэх асуудлыг анхан шатны шүүх дүгнэсэн гэж маргаж байна. Гэвч анхан шатны шүүх эзэмших эрх шилжүүлэх талаар дүгнэлт хийгээгүй, харин барилгын холбогдох зураг төсөл, бичиг баримтуудыг хүлээлгэж өгөх тухай асуудлыг шийдвэрлэсэн.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар зураг төсөл зохиогч, барилгын гүйцэтгэгч, захиалагч, ашиглагч нар нь хамтран барилгын баримт бичгийг 3 жилийн хугацаанд тохирч, хүлээлцэх үүрэгтэй. Хариуцагч тал эдгээр асуудлаар анхан шатанд маргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд газар эзэмших эрхийн талаар маргаж байна. Гэвч анхан шатны шүүх газар хэний өмчлөл, эзэмшлийнх болохыг тогтоох баримтгүй байхад дүгнэлт хийх боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь эзэмших эрхийг шилжүүлж өгөх тухай байгаагүй, харин барилгын бичиг баримтын бүрдлийн нэг болох газрын гэрээ, гэрчилгээг *******-д хүлээлгэж өгөх тухай байсан. Анхан шатны шүүх уг шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ******* нь *******-д холбогдуулан ******* байрлах *******ны 1, 2 дугаар орцны 15 давхарт байрлах 2 ширхэг техникийн өрөө, лифтний гэрчилгээ, барилгын аюулгүй байдлын зураг, гадна тохижилтын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээ, барилгын зургийн дагуу хийгдэх 26 ширхэг камерыг суурилуулж хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон зарим үйл баримтыг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэлт хийх замаар залруулж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.
3.1. ******* ******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 21/33 дугаартай гэрчилгээ авч, тус дүүргийн 3 дугаар хороо *******ны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах эрх бүхий этгээд мөн болохыг шүүх зөв тогтоосон.
3.2. Дээрх нийтийн зориулалттай орон сууцны байшинг /*******/ ******* нь иргэн *******ын захиалгаар барьж гүйцэтгэснийг Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн БА-036/2020 дугаартай дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулж, улмаар барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллагаар *******-ийг тогтоожээ. /1хх-ийн 115-118 дугаар тал/
Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь барилгын үйл ажиллагаанд барилгын ажлын гүйцэтгэгчээс гадна барилга байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг зохион байгуулах эрх, үүрэг бүхий этгээдээр оролцсон байна.
Энэ тохиолдолд хариуцагч байгууллага нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх, холбогдох баримт бичгийг хадгалах, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацаанд барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах, хяналт тавих зэргээр барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.
Харин нийтийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах ******* байгуулагдсанаар барилгын ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгүүд, эдгээр эд хөрөнгөд холбогдох техникийн болон барилга байгууламжийг ашиглалтад оруулсантай холбоотой баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх үүргийг мөн хүлээнэ.
4. Иймд дээрх үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас техникийн өрөө, лифтний гэрчилгээ, барилгын аюулгүй байдлын зураг, гадна тохижилтын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж, хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагыг дундын өмчлөлийн эд хөрөнгө болон холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэн өгөөгүй гэж шаардаж байгаа нөхцөлд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч байгууллага нь зохих бичиг баримтыг хүлээлгэн өгсөн гэх байдлаа баримтаар нотлох үүрэгтэй.
Харин анхан шатны шүүх холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэн өгөөгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
5. Түүнчлэн, хариуцагч байгууллага нь барилгын ажлын гүйцэтгэгчийн хувьд Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбогдох зөрчлийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасан хугацаанд арилгах үүргийг хүлээнэ. Энэ үүргийн хүрээнд хариуцагч байгууллага нь 26 ширхэг камерыг суурилуулаагүй болох нь дараах баримтуудаар тогтоогдсон. Үүнд:
5.1. 1хх-ийн 231, 233 дугаар талд авагдсан Үндэсний төв архиваас нотлох баримтаар гаргуулсан орон сууцны барилгын холбоо дохиоллын ажлын зургийн тайлбар хэсэгт хяналтын дурангийн системийг IP дурангаар төлөвлөв, материалын түүвэр ...хяналтын дуран IP камер HD FULL, 37 ш гэж тус тус тусгажээ.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэд хэдэн ажлын гүйцэтгэл дутуу байгааг тэмдэглэж, үүнд барилгын ажлын зургийг зохиогчийн зүгээс хяналтын камерын системийг зургийн дагуу хийж гүйцэтгэх даалгавар өгсөн боловч үүрэг даалгаврын биелэлтийг зохиогчоор баталгаажуулаагүй байна. /1хх-ийн 119-125, 129 дүгээр тал/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон байх ба шинжээч *******-ийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25/0030 дугаартай дүгнэлтэд нийт 11 камер суурилуулсан байсан, 26 ширхэг камерыг гүйцэтгэгч компани шаардлагагүй гэж үзэн суурилуулаагүй гэж тайлбарласан, барилгын зурагт өөрчлөлт оруулсан зургаа үзүүлнэ гэж хэлсэн боловч авчраагүй гэжээ. /2хх-ийн 11-13 дугаар тал/
Хариуцагч байгууллага нь дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн, ямар үндэслэлээр татгалзаж буй талаарх тайлбараа бичгээр гаргаагүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/24083 дугаартай шүүгчийн захирамжид /2хх-6-8/ дурдсан шинжээчээс тодруулах асуудал нь тусгай мэдлэг шаардагдахгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч шинжээчийн үзлэг хийж бэхжүүлсэн ажиллагаа хууль зөрчөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэнэ. Шинжээчийн үзлэг хийж бэхжүүлсэн баримтаар хариуцагч байгууллагын гүйцэтгээгүй үүргийн хэмжээ тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хариуцагч хуульд заасан журмаар тайлбар гаргаж, маргаагүй, тухайн ажиллагаа хууль зөрчөөгүй Иймд шинжээчийн үзлэгийн ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан ажиллагаанд хамаарах тул хууль зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
6. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн барилгын ажлын зургаар нийт 37 ширхэг хяналтын камер суурилуулахаар төлөвлөсөн, үүнээс шинжээчийг шинжилгээ хийх үед 11 ширхэг камер суурилуулж, барилгын ажлын зурагт батлагдсанаас 26 ширхэг камер дутуу суурилагдсан үйл баримтыг зөв тогтоож, 26 ширхэг камерыг суурилуулж, хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.
7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэгч төлөөлөгч ******* нь ******* *******-ноос 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, улмаар 2025 оны 8 дугаар сарын 20, 29-ний өдрүүдийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ******* оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасанд хамаарахгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
7.2. *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасан асуудлаар *******ны удирдах зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргах ба үүнээс бусад холбооны өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдох асуудлаарх нэхэмжлэлийг гүйцэтгэх захирал гаргах эрхтэй тул маргааны зүйлийн талаар нэхэмжлэл гаргах эрх шууд олгогдоогүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
7.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/19350 дугаартай захирамжаар *******-ийн барьж ашиглалтад оруулсан зураг төслийн шифр дугаар КХ-19-АЗ-18/04 зураг төсөл, холбоо дохиоллын зураг, барилгын хяналтын болон гүйцэтгэлийн төсөв, 15 дугаар давхрын техникийн өрөөний зохион байгуулалтын зураг, сувагчлалд хийгдсэн өөрчлөлтийг тусгасан зураг, акт, зоорийн болон дээврийн давхрын барилга архитектурын зураг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгавар, түүний биелэлтийг шалгасан баримт, комиссын актыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ. /1хх-ийн 61-64 дүгээр тал/
Дээрх захирамжийн дагуу Үндэсний төв архиваас холбогдох баримтуудыг ирүүлсэн байх ба нэхэмжлэгч талаас нотлох баримтуудыг бүрэн ирүүлээгүй гэж үзээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл үүргийн харилцаанд хамаарч байхад өмчийн эрх зүйн хүрээнд хамааруулж дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулна.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/07073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* байрны 1 ба 2 дугаар орцонд тус тус байрлах 15 дугаар давхрын техникийн 2 ширхэг өрөө, лифтний гэрчилгээ, барилгын галын аюулгүй байдлын зураг, гадна тохижилтын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээ зэрэг бичиг баримтын хуулбарыг, барилгын ажлын зургийн дагуу 26 ширхэг хяналтын камерыг суурилуулж хүлээлгэн өгөхийг хариуцагч *******-д тус тус даалгасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Т.ГАНДИЙМАА