Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01346

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00772 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1356 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.Н-т холбогдох,

Гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, 769.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарзадын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь хариуцагч Т.Н-тэй 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал хотхон Кинг Тауэр апартмент 118 дугаар байр 111 тоот 4 өрөө орон сууцыг 558.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Т.Н- нь дээрх гэрээний 3.1-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20.000.000 төгрөгийг төлөх, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 334.800.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 203.200.000 төгрөгийг тус тус төлж орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулахаар талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Урьдчилгаа 20.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь орон сууцыг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч тал нь нийт 75.000 000 төгрөгийг төлсөн байдаг. Т.Н- нь “Э” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ ... урьдчилгаанд өгсөн 75.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг суусан хугацааны алдангид өгөхөөр тохирлоо. Хэрэв 12 дугаар сарын 23-ны дотор 45.000.000 төгрөгийн үндсэн үнийн төлбөр болох 513.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд уг компанид шууд буцаалтгүйгээр үлдээх болно..." гэсэн. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/20151114 тоот төлбөр барагдуулах гэрээ байгуулж үлдэгдэл төлбөр болох 513.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Т.Н- нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нэг өдрийн алданги 2.565.000 төгрөг нийт 380 өдрийн алданги 974.700.000 төгрөг болж байгаа бөгөөд үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 256.500.000 төгрөгийг төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй.

Иймд хариуцагчаас орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 513.000.000 төгрөг, алданги 256.500.000 төгрөг нийт 769.500.000 төгрөгийг гаргуулж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК-ийн бүтээн байгуулалт болох Маршал таун хотхоны Кинг тауэр 118 дугаар байрны 111 тоот орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Ингээд бид хоорондоо тохиролцож үнийн дүнгээс тооцож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өгөх болсон боловч "Э ХХК нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр үнэлэх зэрэг шалтгааны улмаас Т.Н- миний гэрээний үүргээ биелүүлэхэд саад учруулж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ороход нийт төлсөн төлбөрөөс 30.000.000 төгрөгийг алдангид тооцон авах тухай надад шахалт үзүүлсээр байгаад тэрхүү бичгийг надаар бичүүлсэн болно. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. 42 дугаар зүйл хэлцлийн хэлбэр, 42.4-т заасныг тус тус зөрчсөн нь Т.Н- миний бие 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нотолж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00772 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Н-ээс 769.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.075.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4.075.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1356 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/00772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.075.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарзад хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 09-ны өдрийн 1356 дугаартай магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Т.Н-тэй 2014 оны 07-р сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Т.Н- нь орон сууцыг нэхэмжлэгч талаас хүлээн авч гэр бүлийн хамт 2014 оноос хойш амьдарч байгаа боловч гэрээнд заасан төлбөрөө төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна. Анхан шатны шүүх хариуцагч талын өмгөөлөгчтэй оролцох, хэргийн материалтай танилцах хугацаа олгож 2017 оны 04-р сарын 05-ны өдрийн лхагва гарагийн 15 цагт шүүх хурлыг зарласан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч талын өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах, шүүх хуралд биечлэн оролцох боломжит хугацаа олгосон гэж үзэхээргүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч тал нь өмгөөлөгчтэй хамт шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байх тул 2017 оны 03-р сарын 29-ны өдрийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хариуцагч талыг өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломж олгох үүднээс шүүх хурлыг 2017 оны 04-р сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулж шүүх хурлыг товыг хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77-р зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсаар болон утсаар мэдэгдсэн /хх58, 59/. Хариуцагч тал ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус шүүх хурлыг хойшлуулах болсон үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 09-ны өдрийн 1356 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

“Э” ХХК нь хариуцагч Т.Н-т холбогдуулан “...гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүрэгт 769.500.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг  шүүх хангаж, 2017 оны 03 дүгээр сарын 29-ны өдөр 3664 дүгээр захирамж гаргасан ба өмгөөлөгч Ж.Батзоригт нь шүүх хуралдаан давхцсан гэсэн шалтгаанаар 2017 оны 4 дүгээр сарын 5-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ /хэргийн 62-63 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг урьд нь гаргах бололцоотой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбарыг нотолсон баримтуудыг няцаах, холбогдох баримт цуглуулах, улмаар шүүхэд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1356 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсадын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 4.075.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ