Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ХШТ/12 /2 дахь хэсэг/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Г.Анхбаяр, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Б, С.Б, Р.Д, Р.Э, Д.А, Б.Э, Ж.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч С.Б, С.Б, тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дараах тайлбарыг өгч байна.

2.1.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Надад “үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг асуудал байхгүй бөгөөд бусдаас авсан мөнгөө бүгдийг нь хүлээн зөвшөөрч хахууль авсан аж ахуйн нэгжүүдийн нэр, үйлдлийг мэдүүлсэн. Уг аж ахуйн нэгжүүд хэргээ хүлээгээгүйгээс надад “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалт нэмэгдүүлсэн нь миний эрх зүйн байдлыг эрс доройтуулж, оногдуулах ялыг өндөр болгож байна”,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат гомдолдоо “... Нэгжлэгээр хураагдсан мөнгө нь хахууль авах гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө болохыг тодорхой мэдүүлсээр байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. С.Б үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт хилсээр ял шийтгэгдэж, түүнд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдүүд ял завшаад үлдэж байна”,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Г.Анхбаяр гомдолдоо “... Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгчээс 15 аж ахуйн нэгжээс хахуулиар авсан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хэлдэг. Гэтэл 15 аж ахуйн нэгжийг нарийвчлан шалгалгүйгээр эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж буруутгаж, бусад этгээдэд ял завших нөхцөл бий болгож байна” гэжээ.

Авлигын гэмт хэрэг тэр дундаа хахууль өгөх, авах нь нийтийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа хэлбэр бөгөөд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, хахууль өгөгчид ашигтайгаар шийдвэр гаргаж, олон нийтийн сэтгэл зүйд төрд үл итгэх нөхцөлийг бий болгодог үр дагавартай байдаг.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 15, 16 дугаар зүйлд төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан хаагчдад албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийлгэх, эс хийлгэхийн тулд өөрт нь, эсвэл өөр этгээд буюу байгууллагад шууд болон шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох, эсвэл олгохыг хахууль гэж тодорхойлсон байна.

С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Ю” ХХК, “Т” ХХК, “Ш” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “Т” ХХК, “Р” ХХК, “А” ХХК, “С” ХХК, “Б” ХХК, “Ф” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “Б” ХХК, “Ю” ХХК гэсэн 15 аж ахуйн нэгжээс хахууль авсан талаараа мэдүүлсэн байдаг.

Эдгээр 15 аж ахуйн нэгжид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад:

-“Т” ХХК-ийн захирал Р.Д нь “Н” ХХК, “Б” ХХК, “М” ХХК-ийн нүүрсийг экспортод гаргах зорилгоор С.Б-д 5 удаагийн үйлдлээр хахууль өгсөн,

-“Р” ХХК-ийн захирал Б.Э нь Р.Д-ээр дамжуулан “А” ХХК-ийн нүүрсийг экспортод гаргах зорилгоор 1 удаагийн үйлдлээр С.Б-д хахууль өгсөн,

-Д.А нь Б.Э-гээр дамжуулан “Ю” ХХК-ийн нүүрсийг экспортод гаргах зорилгоор С.Б-д 3 удаагийн үйлдлээр хахууль өгсөн,

-Ж.Б нь “С” ХХК-ийн нүүрсийг экспортод гаргах зорилгоор С.Б-ар дамжуулан 2 удаагийн үйлдлээр С.Б-д тус тус хахууль өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Харин С.Б-ийн мэдүүлэгт дурдагдсан үлдсэн 8 аж ахуйн нэгжийн хувьд,  тодруулбал, “Т” ХХК-ийн захирал Ч.М-ын мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал/, “Ш” ХХК-ийн захирал О.Б-ийн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 172 дахь тал/, “А” ХХК-ийн захирал Ж.А-ийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал/, “Б” ХХК-ийн захирал Б.Н-ын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал/, “Ф” ХХК-ийн захирал Б.И-ын мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/, “Т” ХХК-ийн захирал Ж.М-ийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 191, 16 дугаар хавтаст хэргийн 74, 20 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал/, “Т” ХХК-ийн захирал Х.Т-ын мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/, менежер О.Х-ын мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/, “Ю” ХХК-ийн захирал Б.Ү-ын мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 79, 84 дэх тал, 20 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал, 23 дугаар хавтаст хэргийн 85 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан эдгээр аж ахуйн нэгжтэй холбоотой бусад нотлох баримтуудаар С.Б-д хахууль өгсөн гэх үйлдэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Б өөрт нь хахууль өгсөн гэх аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн талаар мэдүүлэхдээ нотлох баримтын эх сурвалжаа тодорхой заадаггүй, ерөнхий, тоймлосон байдалтайгаар мэдүүлэг өгсөн байдаг. Тухайлбал, С.Б яллагдагчаар “... Удирдлага эсвэл тухайн компаниудын төлөөлөл ирж байсан. Тэрнээс захирал, удирдлагууд гэдгийг нь мэдэхгүй. ... Ачаагаа ачуулсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг эсхүл тухайн компаниас ямар нэгэн хүмүүсийг танихгүй, тухайн үедээ уулзаж мөнгийг аваад салсан хүмүүс. Ер нь хүмүүс утсаар холбогдож уулзана, ажлын өрөөнд ирж уулзана, харих үед гэрийн гадаа тосож уулздаг” /2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/, “... Эдгээр аж ахуйн нэгжүүдээс гэрийн гадаа, ажлын байранд хүмүүс ирдэг байсан. Нэг удаа уулзаад мөнгөө авсны дараа дахин харилцаа тогтоодоггүй. Компанийн төлөөлөл гэх хүмүүс ирээд надтай уулздаг байсан” /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/, “... Би эдгээр хүмүүсээс “Н”, “Т” ХХК-ийн захирал Р.Д, “С” ХХК-ийн захирал Ж.Б нарыг таньж байна. Бусад нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн захирлуудын зургийг хараад таньж мэдэхгүй, уулзаж байгаагүй хүмүүс байна. Тэгэхдээ эдгээр компанийн төлөөлөл гэх хүмүүс надад хахууль хэлбэрээр мөнгө өгч байсан” /24 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/ гэж тус тус мэдүүлсэн байх боловч хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас дүгнэхэд С.Б нь хахууль авахдаа өөрийн сайн таньдаг хүнээр дамжуулан авдаг буюу танихгүй хүнээс өөрөө шууд уулзаж мөнгө авдаггүй байжээ. Энэ нь шүүгдэгч С.Б-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Өмнө нь харж байгаагүй хүнтэй би тийм юм ярьдаггүй ...” /25 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал/ гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог.

Тодруулбал, С.Б нь өөрийн найз Р.Д-ээс 5 удаагийн үйлдлээр, мөн Р.Д-ээр дамжуулан Б.Э-ын өгсөн хахуулийн мөнгийг, түүнчлэн өмнө нь хамт ажиллаж байсан танил болох Б.Э-гээр дамжуулан Д.А-гээс өгсөн мөнгийг, Ж.Б-ын өгсөн хахуулийн мөнгийг өөрийн төрсөн ах С.Б-ар дамжуулан тус тус авсан нь тогтоогдсон байна.

Харин “Э” ХХК-ийн захирал Э.О гэрчээр “...  С.Б санал хүлээн авахгүй шууд 3/2 гэсэн харьцаагаар явна гэж хэлсэн.   ... Би төмөр замаас тавьсан 3/2 саналыг хүлээн авахаар болсон. ... Ингээд 2022.11.07-ны өдрөөс 2022.12.22-ны өдөр хүртэл нийт 6 хувийн компани болох “С”, “Х”, “Э”, “Б”, “И”, “С” ХХК-иудыг ачааг ачсан байгаа” /4 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал/ гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд болон С.Б-ийн мэдүүлэгт дурдагдсан 15 аж ахуйн нэгжээс хахууль өгсөн нь нотлогдоогүй 8 аж ахуйн нэгжийн талаар урьд мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргаж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгуулах боломжтойг дурдах нь зүйтэй.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 20 дугаар зүйлд “... хууль бусаар баяжих санаатай үйлдлийг, өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг өөрийнхөө хууль ёсны орлоготой холбогдуулан үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байгаа бол ийнхүү хөрөнгө нь нэмэгдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг Үндсэн хууль болон эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзнэ” гэж заасны дагуу Монгол Улс нь Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид 2005 онд нэгдэж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” тохиолдлыг гэмт хэрэгт тооцож 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлд анх хуульчилсан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд тус гэмт хэргийн шинж зарчмын хувьд өөрчлөгдөөгүй болно.

Тус гэмт хэргийг тусгай субъектэд хамааралтай, албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд үйлдэгдсэн, хууль ёсны орлогын эх үүсвэрээс хэт давсан хөрөнгө, орлого бий болсон, санаатай үйлдэгдсэн, эд хөрөнгөө тайлбарлаж эс чадах гэсэн шинжүүдийг хангаж байхаар тодорхойлогджээ.

Ийнхүү *** тоотод байх орон сууц, *** тоотод байх орон сууц,  *** тоотод байх амины орон сууцанд хийгдсэн нэгжлэгийн явцад илэрч, бэлнээр хураагдсан нийт 7.328.960.683 төгрөгийн үнийн дүнгээс бусдаас 11 удаагийн үйлдлээр хахуульд авсан 2.354.735.160 төгрөгийг хасаж, үлдэх 4.974.225.523 төгрөгийн эх үүсвэрийг шүүгдэгч С.Б нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд түүний хууль ёсны хөрөнгө болох нь тогтоогдоогүй байх ба энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Анхан шатны шүүх болон прокуророос шүүгдэгч С.Б-ийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр 1.855.237.160 төгрөгийн хахууль авсан гэж буруу тооцсон байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж 2.354.735.160 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд С.Б нь нэгжлэгийн явцад илэрсэн мөнгөний эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Г.Анхбаяр нарын гаргасан “... Нэгжлэгээр хураагдсан мөнгө нь хахууль авах гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө болохыг тодорхой мэдүүлсээр байхад ... 15 аж ахуйн нэгжийг нарийвчлан шалгалгүйгээр эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж  чадаагүй гэж буруутгаж, бусад этгээдэд ял завших нөхцөл бий болгож байна” гэх агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй байна.

2.2.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Хадгаламжид үүсгэсэн байсан 500 гаруй сая төгрөгөөр авсан *** 4 дүгээр давхрын үл хөдлөхийг улсын орлого болгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна”,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат гомдолдоо “... С.Б тухайн хөрөнгөнүүдийг худалдан авах замаар мөнгө угаасан гэж буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Худалдан авсан цэвэр эх үүсвэртэй хөрөнгийг гэмт хэргийн замаар бий болсон мөнгийг угаасан гэж “таамаглал”-аар дүгнэн, уг хөрөнгийг худалдан борлуулсан мөнгийг улсын орлогод авахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй”,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нар хамтран гаргасан гомдолдоо “... Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан авахад гарсан зарим төлбөр нь хууль бус байх боловч бусад төлбөр нь хадгаламж зээлийн хоршоо болон ББСБ-аас авсан зээлээс бүрдсэн хууль ёсны мөнгөнүүд болох нь хангалттай тогтоогдсоор байхад шүүх дүгнэлт хийгээгүй С.Б-ийн нэр дээрх болон түүний эхнэрийн нэр дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг бүгдийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна”,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Г.Анхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... С.Б нь 2021 оны жилийн эцсийн байдлаар “А” ХЗХ-д 500 сая төгрөгийн хадгаламж үүсгэсэн байсан. Үүнийг хууль бус эх үүсвэртэй гэж үзэн улсын орлого болгосныг үндэслэлгүй гэж үзэж байгаа” гэжээ.

Мөнгө угаах гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах шинж нь суурь гэмт хэргийн үндсэн дээр үйлдэгдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхгүйгээр мөнгө угаана гэж байдаггүй ба суурь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл байна.

С.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ ашиглаж бусдаас удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авч, овор хэмжээг нь багасгах зорилгоор зарим хэсгийг нь юань, доллар, евро болгож, төрсөн ах С.Б-ын амьдардаг орон сууцны тагт болон хамт ажилладаг байсан Л.Г-ийн орон сууцны тагтан дээр сейф байршуулж хадгалсан, гэмт хэргийн улмаас олсон хууль бус мөнгөний эх үүсвэрээ нуун далдалж хууль ёсны болгож харагдуулах зорилгоор бодит байдалд зээл авах ямар ч шаардлагагүй, их хэмжээний бэлэн мөнгө хадгалсан атлаа зээл авч, уг зээлээрээ худалдан авах үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг, хууль бус авлигын мөнгөнөөсөө зарим хэсгийг нь бэлнээр өгч худалдан авсан, энэ мэтээр үл хөдлөх хөрөнгөө дараагийн үл хөдлөх объект худалдан авахдаа үнийн зарим хэсэгт барьцаалах зэргээр хууль ёсны хэсэг орлоготой хольж, эх үүсвэрийг халхавчлах, эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгон гүйлгээнд оруулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “А” хадгаламж зээлийн хоршоонд 263.000.000 төгрөгийн хадгаламж нээсэн, тухайн албан тушаалд томилогдох үед уг хадгаламж 371.000.000 төгрөг болсон, харин хадгаламж барьцаалсан зээл авах үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 615.255.044 төгрөгийн хадгаламжтай болсон байсан гэх боловч уг хадгаламжийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдохгүй байх бөгөөд 615.255.044 төгрөгийн хадгаламжтай, мөн бусдаас хахуульд авсан их хэмжээний бэлэн мөнгөтэй хэрнээ хадгаламжаа барьцаалан 492.000.000 төгрөгийн зээл авч, түүн дээрээ хууль бусаар олсон 8.000.000 төгрөгийг нэмж 500.000.000 төгрөг болгоод нийт 1.000.000.000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг 500.000.000 төгрөгөөр авсан мэтээр гэрээ байгуулсан зэрэг үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг анхны буюу гэмт хэргийн эх үүсвэрээс салгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээнд хүргэхгүйгээр дансаар шилжүүлж, бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлогоор худалдан авалт хийж буй мэтээр гэрээнд бага үнийн дүнгээр бичүүлж эх үүсвэрийг халхавчилсан бөгөөд шинээр эх сурвалжтай болж байгаа мэтээр уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн “мөнгө угаах” гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын (Венийн) Конвенц,  Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын (Палермогийн) Конвенц, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц, Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын Конвенц болон Олон Улсын санхүүгийн арга хэмжээ авах бүлэг /Financial Action Task Force буюу ФАТФ/-ийн зөвлөмжид заасан мөнгө угаах гэмт хэргийн талаарх тодорхойлолт, шаардлагад бүрэн нийцжээ.

2.3.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие нь хураалгасан мөнгөнд байгаа 100.000.000 төгрөгийг улсын орлого болгуулж өөрөөсөө дахин 100.000.000 төгрөг төлөх давхар ялд шийтгүүлж байгаа”,

С.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат гомдолдоо “... Улсын орлого болгохоор шийдвэрлэсэн мөнгөнөөс 100.000.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Ц.Д-т шууд олгогдох ёстой байхад С.Б-өөс дахин гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч, “С” ХХК-ийн захирал Ц.Д нь бизнес эрхэлж олсон 426.000.000 төгрөгийг эргэлдүүлэх зорилгоор “Р” ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 50 ширхэг вагон түрээслэх гэрээ байгуулж, нийт 426.000.000 төгрөгийг “Р” ХХК-ийн дансанд шилжүүлжээ. Гэтэл Б.Э тус компанийн шилжүүлсэн мөнгөнөөс 156.000.000 төгрөгийг өөртөө авч, 270.000.000 төгрөгийг нь “А” ХХК-ийн нүүрсийг төмөр замаар тээвэрлүүлэхээр Р.Д рүү шилжүүлснээс, Р.Д 65.000.000 төгрөгийг нь өөртөө авч, 105.000.000 төгрөгийг нь С.Б, М.С нарын караокены түрээсийн төлбөрт, 100.000.000 төгрөгийг ам.доллар болгож “А” ХХК-ийн нүүрсийг тээвэрлүүлэхээр С.Б-д авлига болгон өгсөн үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх Ц.Д-ын иргэний нэхэмжлэлийн үндэслэл нотлогдсон байдлыг харгалзан 205.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Б-өөс гаргуулахаар шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүх хурлаас өмнө 105.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлж барагдуулсан байна.

Харин үлдсэн 100.000.000 төгрөгийн талаар шүүгдэгч С.Б “... 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д-ээс бэлнээр авсан 100.000.000 төгрөгийг өөрт байсан бусад мөнгөтэй нийлүүлж сейфэнд хадгалсан ба мөрдөн байцаалтын явцад бүх мөнгө болох нийт 7.3 тэрбум орчим төгрөгийг хураан авч битүүмжилсэн. Энэ бэлнээр авсан 100.000.000 төгрөг цагдаад хураалгасан бэлэн мөнгөнд байгаа гэдгийг мөрдөн байцаалтын явцад миний бие мэдүүлж байсан  ...  анхан болон давж заалдах шатны шүүхээс уг 100.000.000 төгрөгийг миний биеэр нэхэмжлэгчид төлүүлэх давхардуулсан шийдвэр гаргасан” гэжээ.

Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа буюу нэгжлэг хийх явцад эд мөрийн баримтаар нийт 7.328.960.683 төгрөг хураагдсан, тухайн үнийн дүнд С.Б Р.Д-ээс авсан 100.000.000 төгрөг орж тооцогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул С.Б-өөс дахин гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгчид олгох 100.000.000 төгрөгийг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, улсын орлого болгосон 7.328.960.683 төгрөгөөс гаргуулах нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2.4.Шүүгдэгч С.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... байр худалдан авах үеэр гадаад дахь эгчийн мөнгө бүтээгүй тул өмнө мөнгө зээлдэг байсан ах Н.Б-ээс яаралтай 100.000.000 төгрөг бэлнээр зээлж байр авсан. Энэ талаар гэрчийн мэдүүлэг, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг нь хавтаст хэрэгт байдаг боловч шүүх, прокуророос тухайн гэрээг үгүйсгээгүй боловч нотариатаар батлуулаагүй байна гэх тайлбар, дүгнэлт хэлсэн ... “... нэгжлэгийн үеэр унтлагын өрөөний хувцасны шүүгээнд байсан миний хүрэмний халааснаас 11.800 ам доллар хураасан байдаг. Миний бие тухайн үед байр худалдан авах зорилгоор мөнгө цуглуулж байхдаа иргэн Ц.Ө-оос  41.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. Тэр үед 2022 оны 10 сараас долларын ханш огцом өсөж, төгрөг суларч байсан тул уг мөнгийг доллар болгож, байр авахад дутвал хэрэглэнэ гэж хадгалж байсан, мөн гэрээний дагуу Ц.Ө-д сар бүр зээлийн хүү болох 820.000 төгрөгийг түүний Хаан банкны ... дансанд төлж байсан”,

шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун гомдолдоо “... Шүүгдэгч С.Б-ыг мөнгө угаасан гэх Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байна ... С.Б-ын гэрийн хувцасны шүүгээнд байсан хувцасны халааснаас гарсан мөнгө болох 11.800 доллар нь өөрийнх нь хууль ёсны мөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Үүнийг улсын орлого болгож байгаа нь үндэслэлгүй байна”,

шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн гомдолдоо “... С.Б-д мөнгө угаасан гэх нотлох баримт огт байхгүй байхад мөнгө угаасан гэж гэм буруутай тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна” гэжээ.

Шүүгдэгч С.Б- нь Т.Э-ын орон сууцыг 2022 оны 12 дугаар 31-ний өдөр эхлээд хүүхдүүдтэйгээ, орой нь эхнэртэйгээ орж ирсэн, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ирж уулзаад “200.000.000 төгрөг өгье, бэлэн 100.000.000, үлдсэн 100.000.000 дансаар шилжүүлье” гэж тохироод 2023 оны 01 дүгээр сарын 02-нд худалдах худалдан авах гэрээ байгуулж, тус орон сууцыг 100.000.000 төгрөгийг дансаар, 100.000.000 төгрөгийг бэлнээр өгч, нийт 200.000.000 төгрөгөөр худалдан авсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Б орон сууц худалдан авсан мөнгө, түүний эх сурвалжийн талаар зөрүүтэй мэдүүлдэг, энэ нь гэрч  Т.Энхжаргалын ”... Б нь хэлэхдээ хуулийн байгууллагаас ямар нэгэн байдлаар байрыг хэдэн төгрөгөөр зарсан талаар асуувал 100.000.000 төгрөгөөр гэрээ байгуулж зарсан гэж хэлээрэй гэсэн. Бэлэн мөнгийг тайлбарлаж хэлэхдээ манай эгч Америк улсад амьдардаг учир над руу мөнгө явуулсан гэж тайлбарлаж байсан” /17-р хавтаст хэргийн 176-177 дахь тал/, С.Б-ын “... тохиролцож байгаад гэрээгээ бага дүнгээр хийе, яагаад гэхээр худалдагч тал татварыг бага төлнө гэсэн шалтгаантай ярьж тохирсон. 100.000.000 төгрөгийг бэлнээр, 100.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ...” /2-р хавтаст хэргийн 84-87 дахь тал/ гэх мэдүүлгээс харагддаг.

Мөн шүүгдэгч С.Б “... байр худалдан авах үеэр гадаад дахь эгчийн мөнгө бүтээгүй тул өмнө мөнгө зээлдэг байсан ах Н.Б-ээс яаралтай 100.000.000 төгрөг бэлнээр зээлж байр авсан” гэж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй буюу бодит эх сурвалжгүй байна. 

Түүнчлэн С.Б-ын гэрт нэгжлэг хийх үеэр хураагдсан 11.800 ам.доллар буюу 41.000.000 төгрөгийг С.Б нь Ц.Ө-оос зээлсэн тул буцаан олгох талаар гомдол гаргаж байгаа хэдий ч энэ нь хангалттай баримтаар нотлогдоогүй, шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт нэг бүр болон тэдний бүхэлдээ юуг илэрхийлж байгааг тодорхой үнэлж дүгнэсэн бөгөөд энэ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй болно.

Хэдийгээр хуульд зээлийн гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигдаагүй боловч С.Б нь 2018-2022 онд бусадтай байгуулсан бүх зээлийн гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн /14 дүгээр хавтаст хэргийн 198, 199, 201, 204, 208, 214, 218, 221, 223, 227, 243 дахь тал, 15 дугаар хавтаст хэргийн 1, 3, 5, 8 дахь тал/ байх ба харин өөрөө бусдаас мөнгө зээлсэн гэрээнүүд нь нотариатаар гэрчлүүлээгүй болох нь илэрчээ. 

Ийнхүү мөнгө зээлж гэрээ байгуулсан гэх байдал нь бусдаас мөнгө зээлж хууль ёсны орлоготой мэт харагдах, төөрөгдүүлэх санаа зорилготойгоор хууль бус мөнгөний эх сурвалжийг далдалсан буюу мөнгө угаах гэмт хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв. 

Өөрөөр хэлбэл, С.Б-ын бэлнээр өгсөн гэх 100.000.000 төгрөг нь С.Б-ийн хахууль авах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн нэр дээр байр худалдан авсан энэхүү үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасанд тооцогдоно. 

Иймд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын “улсын орлого болгон хураалгасан 11.800 долларыг С.Б-д буцаан олгуулахаар тогтоол, магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.5.Шүүгдэгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон мөртлөө ... 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь 2-8 жилийн хорих ялтай, зорчих эрхийг хязгаарлах /бугуйн цаг/, торгуулийн санкцтай байхад 8 жилийн хорих ялаар ...”,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нар хамтран гаргасан гомдолдоо “... Шүүх шүүгдэгчийн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн атлаа ямар үндэслэлээр улсын яллагчийн зүгээс гаргасан саналаас хэтрүүлж ял оногдуулсан талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна” гэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Энэ зарчим нь Эрүүгийн хууль шударга хэрэгжих, шүүгдэгчид оногдуулж буй ял түүний үйлдэлд нь тохирсон, оновчтой байхын бодит илэрхийлэл юм.

Шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, алагчлан үзэлгүйгээр, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тохирсон ял оногдуулна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” гэж тус тус хуульчлан тогтоосон ба эдгээрт заасан нөхцөл байдлууд нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлын эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод нөлөөлдөг хүчин зүйл юм.

Шүүгдэгчид оногдуулах ялын талаар улсын яллагч санал гаргах эрхтэй боловч шүүх улсын яллагчийн гаргасан саналаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах үүрэг хүлээдэггүй.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.

Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тухайн зүйл заалтад заасан хамгийн дээд хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 7 жилийн хорих ял болгон өөрчилж хөнгөрүүлсэн тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.6.Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуульд заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй байна”,

С.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болох байсан боловч хэрэглээгүй явдалд гомдолтой байна” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болохыг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.

Иймд шүүгдэгч, тэд нарын өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.7.Шүүгдэгч С.Б, С.Б нар өөрсдийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж гэм бурууд эргэлзээ үүсэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хяналтын шатанд гаргасан гомдолдоо дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...  шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэм хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.

Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. 

Харин тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй бол эргэлзээ үүссэн гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгч С.Б, С.Б нарын гэм бурууд эргэлзээ үүсээгүй тул тэдний гомдлыг хангах үндэслэлгүй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан, бэхжүүлснийг хоёр шатны шүүх хянан хэлэлцээд С.Б, С.Б, Р.Д, Р.Э, Д.А, Б.Э, Ж.Б нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй,  хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар:

-Шүүгдэгч С.Б нь нийтийн албан тушаалтан буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс томилогдон 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдийн нүүрсийг төмөр замын тээвэр ашиглаж, БНХАУ-руу экспортод гаргахад нь 11 удаагийн үйлдлээр нийт 2.354.735.160 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж *** 4 давхарт байрлах 292.53 м.кв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** 5 давхарт байрлах 292.53 м.кв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1.000.000.000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр *** тоотод байрлах 116 м.кв талбайтай, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 750.000.000 төгрөгөөр, тус тус худалдан авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэрэг,

мөн *** тоотод байх орон сууц, *** тоотод байх орон сууц, *** тоотод байх амины орон сууцанд хийгдсэн нэгжлэгийн явцад илэрсэн 4.973.955.523 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 

-Шүүгдэгч Р.Д нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *** орлогч даргаар ажилладаг С.Б-д албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 5 удаагийн үйлдлээр нийт 1.329.737.160 төгрөгийн, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бүлэглэн 1 удаагийн үйлдлээр 100.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Б.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-д албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “А” ХХК-ийн нүүрсийг төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу экспортод гаргах зорилгоор Р.Д-ээр дамжуулан 28.950 ам.доллар буюу 100.000.000 төгрөгийн хахууль  өгсөн гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Д.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор *** орлогч дарга С.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Б.Э-ээр дамжуулж нийт 3 цуваа 150 вагон нүүрс тээвэрлэх хахуулийн мөнгө болох 690.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Б.Э нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *** албаны орлогч дарга С.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нүүрс тээвэрлэх хахуулийн мөнгө болох 690.000.000 төгрөгийг Д.А-гээс авч дамжуулан өгсөн гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Ж.Б нь өөрийн “С” ХХК-аар төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу 1 цуваа буюу 50 вагон нүүрс тээвэрлэн гаргахад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-тэй хахууль өгөх, авах талаар харилцан тохиролцож нийт 68.050 ам.доллар буюу нийт 235.000.000 төгрөгийг бэлнээр С.Б-ар дамжуулсан гэмт хэрэгт,

-Шүүгдэгч С.Б- нь “С” ХХК-ийн захирал Ж.Б-ын төмөр замын тээвэр ашиглаж БНХАУ-руу 1 цуваа буюу 50 вагон нүүрс тээвэрлэн гаргаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С.Б-д  хахууль өгөх, авах талаар харилцан тохиролцсон хахуулийн мөнгийг өөрийн төрсөн дүү С.Б-ийн хэлсний дагуу өөрийгөө “Т ХХК-ийн захирал Б” гэх нэрээр хэлж Ж.Б-оос нийт 68.050 ам.доллар буюу нийт 235.000.000 төгрөгийг бэлнээр авч С.Б-д дамжуулан өгч гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

мөн С.Б гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тухайн мөнгөөр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *** тоот 2 өрөө, 76.88 м.кв орон сууцыг 200.000.000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авч мөнгө угаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

5.Давж заалдах шатны шүүх С.Б-д холбогдох хэргээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Toyota Land Cruiser 200” маркийн **-* УНТ дугаартай автомашиныг 179.900.000 төгрөгөөр худалдан авч, хууль бус мөнгөний эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7.Харин давж заалдах шатны шүүхээс С.Б нь хахууль авах гэмт хэргийн эх үүсвэрээр орж ирсэн гэдгийг мэдсээр байж тус орлогоос *** 4, 5 давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, *** тоотод байрлах 116 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус худалдан авч хууль бус эх үүсвэрийг нуун далдалж “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага оногдуулсан байхад дахин үндэслэлгүй нэмэгдсэн хөрөнгө, орлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт буруутгаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй гэсэн зөв дүгнэлт хийсэн атлаа энэ талаар магадлалынхаа тогтоох хэсэгт тусгаагүй, 2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн **-** дугаартай автомашиныг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргээс хасалгүй орхигдуулсан,

мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7.328.960.683 төгрөгөөс 1.855.237.160 төгрөгийг С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр хахуульд авсан гэж зөрүүтэй тооцсоныг давж заалдах шатны шүүхээс 2.354.735.160 төгрөг болгон оновчтой зөвтгөн дүгнэсэн хэрнээ нэгжлэгийн явцад илэрсэн буюу үндэслэлгүй хөрөнгөжих замаар олж авсан 5.473.723.523 төгрөгийг 4.974.225.523 төгрөг болгон залруулалгүй орхигдуулсан тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулахаар тогтов.

8.Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 дахь заалтад “... 7 /долоо/ ...” гэхийг “... 7 /найм/ ...” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул үүнийг засаж зөвтгөхөөр шийдвэрлэлээ.

9.Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Б-ийн “... ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч Б.Мөнхбатын “... тогтоол, ... магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга нарын “... магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх, өмгөөлөгч Г.Анхбаярын “... гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх, шүүгдэгч С.Б-ын “... хорихоос өөр төрлийн ялаар солих эсхүл хорих ялыг багасгах зэргээр хууль журмын дагуу өмнө гарсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч С.Болорчулууны “... хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг ...” гэх, өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-д заасан гэмт хэргийг С.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалын тогтоох хэсэгт

“С.Б-ийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаагийн үйлдлээр 1.855.237.160 /нэг тэрбум найман зуун тавин таван сая хоёр зуун гучин долоон мянга нэг зуун жар/ төгрөгийн хахууль авсан гэж тооцсоныг 2.354.735.160 /хоёр тэрбум гурван зуун тавин дөрвөн сая долоон зуун гучин таван мянга нэг зуун жар/ төгрөг болгон, мөн нэгжлэгийн явцад илэрсэн буюу үндэслэлгүй хөрөнгөжих замаар олж авсан 5.473.723.523 /таван тэрбум дөрвөн зуун далан гурван сая долоон зуун хорин гурван мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг 4.974.225.523 /дөрвөн тэрбум есөн зуун далан дөрвөн сая хоёр зуун хорин таван мянга таван зуун хорин гурав/ төгрөг болгон тус тус залруулсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгч Ц.Д-т олгох 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, улсын орлого болгосон 7.328.960.683 /долоон тэрбум гурван зуун хорин найман сая есөн зуун жаран мянга зургаан зуун наян гурав/ төгрөгөөс гаргуулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... шүүгдэгч С.Б-ийн хувьд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байх хугацаанд түүний хөрөнгө нь *** 4 давхарт байрлах 292.53 мкв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, *** 5 давхар 292.53 мкв талбайтай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өмчилсөн, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр, *** тоотод байрлах 116 мкв талбайтай, *** гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2018 оны хар өнгөтэй “Toyota Land Cruiser 200” маркийн **- дугаартай автомашин зэргээр үндэслэлгүйгээр их хэмжээний хөрөнгөөр нэмэгдсэн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 7 /найм/ ...” гэснийг “... 7 /долоо/ ...” гэсэн өөрчлөлт оруулж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                 Б.ЦОГТ