Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0022/З |
Дугаар | 221/МА2020/0282 |
Огноо | 2020-04-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2020/0282
Ж.М нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.М нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ж.М 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/917 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар шийдвэрээр:
“Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/917 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Н.З нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Ж.М нь “намайг албанаас халах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй буюу надад огт мэдэгдээгүй, тухайн тушаал гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг надад огт олгоогүй” гэж тайлбарлаж маргаж байх боловч энэхүү үндэслэл, тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг үгүйсгэх буюу цагдаагийн албан хаагчийн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зөвтгөх, улмаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, мөн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарахгүй тул сонсох ажиллагаа заавал явуулсан байх ёстой.
Хэрвээ Захиргааны байгууллага захиргааны актыг гаргахдаа хууль дээдлэх, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлахгүй бол тухайн захиргааны акт бүхэлдээ хүчингүй болох ёстой байтал анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан.
2. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...хариуцагч дээрх маргаан бүхий тушаал гарахаас өмнө сонсох ажиллагаа явуулсан бол нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан. Улмаар маргаан бүхий акт гарахааргүй, эсхүл өөр үр дагавартай байх байсан гэж тайлбарлаж маргаж байх боловч энэхүү үндэслэл, тайлбар нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй юм” гэж дүгнэжээ.
Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны үйл ажиллагааны зарчим”-ыг тусгаж өгсөн бөгөөд 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн үнэт зарчмыг хангаагүй.
Өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газраас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх ашиг, сонирхол нь зөрчигдөж буй нэхэмжлэгч Ж.М урьдчилан мэдэгдэлгүйгээр, оролцоог нь хангалгүйгээр ажлаас халсан нь хуулийг зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэж байна.
3. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолд “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.М холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Төрийн болон хувийн хэвшлийн /төрийн бус/ албан тушаалд сонгогдох, томилогдох, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахад харшлах шалгуур, шаардлагад хамаардаг учраас ялтай байдлыг гагцхүү Эрүүгийн хуулиар онцгойлон зохицуулдаг, ингэхдээ гэмт хэргийн ангиллаас хамааруулан ялгамжтай байдлаар тодорхой хугацаа тогтоож, тухайн тодорхой хугацаа өнгөрвөл ялтай байдал арилсанд /дууссан/ тооцдог, мөн тодорхой шаардлага хангагдсан бол хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно.
Нэхэмжлэгчийн тухайд шүүхээс тодорхой хугацаа тогтоож өгөөгүй учраас дээрх шийдвэр гарснаар ялтай байдал нь үгүйсгэгдэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасан байх боловч нэхэмжлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь шүүхээр тогтоогдсон боловч ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Энэ нь нэг талаар нэхэмжлэгч маань хэдийгээр цагдаагийн албан хаагч боловч нөгөө талаар төрийн жинхэнэ албан хаагч учраас ажил, албан тушаалаас халахдаа Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасныг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаад гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргаан хэргийн анхан шатны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” тохиолдолд цагдаагийн албанаас халахаар хуульчилсан, нэхэмжлэгч Ж.М тухайд 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус сумын Сум дундын цагдаагийн тасгийн байранд М.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, улмаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нэгэнт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон энэ тохиолдолд хариуцагчаас шүүхийн дээрх шийтгэх тогтоол, магадлалыг үндэслэн маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халж “цагдаагийн хошууч” цолыг хураасан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Ж.М эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч, шүүхийн шийтгэх тогтоолоор түүнийг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” нь ажлаас халах хуульд заасан үндэслэлд хамаарна.
“…Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/917 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүйгээс тухайн тушаал гарахад харгалзан үзэх ач холбогдох бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг огт олгоогүй, мөн тушаал гарахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй…” гэж нэхэмжлэгчээс маргах боловч шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдалд өөрөөр дүгнэлт хийх, шийтгэх тогтоолыг үгүйсгэх боломжгүй бөгөөд иймд магадгүй сонсгох ажиллагаа хийгээгүй байсан ч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.
Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон” гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа “ял шийтгүүлсэн” гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа ч, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж хуульчилсан байдаг.
Хуулийн энэхүү заалтыг заавал ял, шийтгэл оногдуулсан тогтоол байна гэж үзэж болохгүй, харин шүүхийн шийтгэх тогтоолоор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэнийг нь нотолсон байх, мөн тухайн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг шаардсан агуулгатай болно.
Иймд нэхэмжлэгчийн тухайд М.Б биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхийн магадлал гарч, түүнд хяналтын журмаар гомдол гаргаагүйгээс хуулийн хүчин төгөлдөр болсон нь түүнийг цагдаагийн албанаас халах хууль заасан нэг үндэслэлийг бүрдүүлсэн гэж үзнэ.
Харин Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 126 дугаар шийтгэх тогтоол, мөн тус аймгийн эрүү иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 45 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах зэргээр өөрт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэж ажиллах боломжтой болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Н.З нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН