Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2026/0095

 

М.Е-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Засаг даргын Тамгын газрын даргад тус тус

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Г.Банзрагч

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Д.Батбаатар

                                         М.Батсуурь

Илтгэгч шүүгч:          П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2026/0029 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2026/0345 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч М.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б (цахимаар) нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2026/0296 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/696 дугаар захирамжийн Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/43 дугаар тушаалын Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал: 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын 1.2 дахь заалтын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар аймгийн төсвийн тодотгол хийж төрийн байгууллагуудын төсвийн цалингийн санг бууруулж баталсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, арга хэмжээ авч ажиллахыг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан, Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц орон тоог 47-оор баталж, “Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв”-ийн эрхлэгчийн орон тоог хасч, чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагад шилжүүлж, М.Е-ийг ажлаас нь чөлөөлсөн.

3.Нэхэмжлэгчээс “... Ажлын хэсэг байгуулж, чиг үүргийн шинжилгээ хийсэн боловч нэг цэгийн үйлчилгээний төвөөс уг ажлын хэсэгт төлөөлөл оролцуулаагүй, ажлын хэсгийн дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцуулаагүй, чиг үүргийг шилжүүлэх санал гарсан атлаа орон тоог шууд хассан, Нэг цэгийн үйлчилгээний төвийн чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад хүний нөөцийн орон тоог хассан, нэгэнт үйл ажиллагаа үргэлжилж байгаа нэхэмжлэгчийн орон тоог сэргээх боломжтой, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагаас тухайн чиг үүрэг өөрийн чиг үүрэгт хамаарахыг хүлээн зөвшөөрсөн боловч бодит байдалд тус байгууллагаас 3 орон тоо батлагдан ажиллаж байхад намайг цомхотголд оруулсан нь үндэслэлгүй ...” гэж,

4.Хариуцагчаас “...Нэг цэгийн үйлчилгээний төвийн чиг үүрэг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын чиг үүрэгтэй давхардсан, ажлын хэсгийн дүгнэлтээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагын чиг үүрэгт хамаарна гэж гарсан тул чиг үүргийг өөр байгууллагад шилжүүлэх шаардлага үүссэн, гэхдээ тухайн чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагад шилжүүлэх талаар хүсэлт явуулахад уг байгууллагаас цалингийн боломжгүй учраас орон тоог шилжүүлэн авах боломжгүй гэсэн хариу өгсөн, Нэг цэгийн үйлчилгээний төвийг заавал 6 орон тоотой ажиллуулах хууль зүйн шаардлага байхгүй тул бүтэц, орон тоог тухайн үеийн чиг үүргийн зохион байгуулалт, төсөв, хүний нөөцийн боломжид нийцүүлэн өөрчилсөн, Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа бүхэлдээ татан буугдаагүй, чиг үүргийг өөр байгууллагын тогтолцоонд хэрэгжүүлэх, нийгмийн ажилтан ажиллуулах, шаардлагатай үйлчилгээг холбон зуучлах, тухайн чиг үүргийг хуульд заасан байгууллагаар хэрэгжүүлэх боломжтой тул нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын орон тоог заавал хэвээр хадгалах шаардлагагүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Нэхэмжлэгчийн маргаж буй дээрх шийдвэрүүд нь тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэр байгаа боловч өмнөх бүтцэд өөрчлөлт оруулж, зарим бүтэц, орон тоо хасагдсанаар тухайн этгээдүүдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, гадагш чиглэсэн, холбогдох этгээдээс уг шийдвэрийг үндэслэн дараагийн шийдвэрүүдийг гаргасан байх тул заавал дагах захирамжилсан шинжтэй байгаа буюу захиргааны актын шинжийг хангаж байна.

5.2.Хууль, журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд хохирогчид хууль, журамд заасан үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг төрийн болон төрийн бус байгууллагын харьяанд ажиллуулахаар, уг төвд нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулахаар, бусад ажилтнуудыг холбогдох байгууллагуудын удирдлагууд нь чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах боломжоор хангахаар, хамгаалах байрны ажилтны цалин хөлс нь үйлчилгээ үзүүлэх зардалд хамаарахгүй байхаар тус тус зохицуулжээ.

5.3.Тус төв нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх ба тухайн үед орон тооны ажилтан, албан хаагчгүйгээр буюу хохирогчид үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн хууль, журамд заасан холбогдох байгууллагын ажилтнууд уг үйлчилгээг үзүүлж байсан, 2022 оноос эхлэн дээр дурдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны А/01 дүгээр тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоонд багтаж “Гэрч, хохирогчийг хамгаалах байр” нэрээр, 3 орон тоотойгоор, дараа нь "Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв” нэрээр, 6 орон тоотойгоор тус тус ажиллаж байсан, төвийн албан хаагчдын цалин хөлс нь Тамгын газрын цалингийн зардалд хамаарч олгогдож байсан.

5.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь дээрх хууль болон “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам”-ын 3.1-т заасан холбогдох үйлчилгээг үзүүлдэг, журамд заасан нийгмийн ажилтан, эрх зүйч, сэтгэл зүйч гэсэн албан тушаалууд тус газрын бүтэц, орон тоонд байгаа, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар байгуулсан Тамгын газрын бүтэц, орон тоонд чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хэсгийн тайлан дүгнэлтээр Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд хамаарч байсан Хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг  цэгийн төвийн үзүүлэх үйлчилгээ буюу ажилтнуудын чиг үүрэг нь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэгтэй давхцалтай болох нь тогтоогдож байна.

5.5.Нэг цэгийн үйлчилгээний төвийг төрийн болон төрийн бус байгууллагын харьяанд ажиллуулахаар, уг төвд нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулахаар заасан, харин эрхлэгчийг ажиллуулахаар зохицуулаагүй бөгөөд аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын даргын “аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог баталсан шийдвэрийг хууль бус” гэж үзэх үндэслэлгүй тул уг маргаан бүхий захиргааны актуудын улмаас Нэг цэгийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч М.Е-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалууд нь гагцхүү Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан дотогш чиглэсэн шинжтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байна.

6.2.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Давж заалдах шатны шүүх миний давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ “... маргаж буй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалууд нь гагцхүү Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан дотогш чиглэсэн шинжтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байна...” гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

7.2.Учир нь маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч миний ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, үүний улмаас нэхэмжлэгч би ажлаас чөлөөлөгдсөн эрх зүйн үр дагавар үүссэн байх бөгөөд тухайн орон тооны бүтцийг багасгаж баталсан хариуцагч нарын шийдвэрүүд хуульд нийцсэн эсэхийг хянаж, дүгнэлт өгөх шаардлагатай байсан.

7.3.Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, дүгнэлт хийхгүйгээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь миний эрх ашгийг зөрчиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

9.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж хуульчилжээ.

10.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамжаар “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо”-г шинэчлэн баталсан, Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалаар “Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоо”-г шинэчлэн баталж, “Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв”-ийн эрхлэгчийн орон тоог хассан байна.

11.Эдгээр захирамж, тушаал нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан буюу гадагш чиглэсэн байх шаардлагыг хангаж байна. Учир нь эрх бүхий албан тушаалтнаас байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг “өөр албан тушаалын чиг үүрэгтэй давхардсан” гэж үзэж, орон тоог хассан байгаа нь тухайн байгууллагад ажиллаж байгаа иргэдийн төрийн албанд ажиллах эрх, цалин хөлс авах эрхийг хөндсөн, захирамжилсан эрх зүйн үр дагавар шууд үүсгэж байна.

12.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... маргаж буй захирамж, тушаалууд нь гагцхүү Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан дотогш чиглэсэн шинжтэй, нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд энэхүү байгууллагын бүтэц өөрчилсөн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул эрх зүйн үр дагаваргүй гэж үзэх боломжгүй.

13.Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 дүгээр тушаалаар “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.Е-ийг ажлаас чөлөөлсөн, энэхүү тушаал нь маргаан бүхий Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалыг дагаж гарсан, шууд холбоотой байх бөгөөд ажлаас чөлөөлсөн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахын тулд бүтэц өөрчилсөн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг эхэлж хянах тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

14.Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2026/0345 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Д.МӨНХТУЯА

     ШҮҮГЧИД                                                          Д.БАТБААТАР

                                                   М.БАТСУУРЬ

                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ