Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 204

 

М.Шаравт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалтай, 201518000362 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шуудаг овогт Магсарын Шарав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Шаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Одончимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Анхан болон давж заалдах шатны шүүх М.Шаравт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ял оногдуулсныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх талаар:

М.Шарав нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчөө өөрөө сонгон авах эрхийнхээ дагуу намайг өмгөөлөгчөөр сонгон авч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан юм. Гэтэл өмгөөлөгчийг нь байхгүй хойгуур М.Шаравын мөрдөн байцаалтын ажиллагаанд төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх Д.Даваасүрэн гэдэг өмгөөлөгчийг оролцуулан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авсан байдаг. Энэ өдрийн мэдүүлэгт: “...Би эхнэрээ 2 удаа цохьсон юм шиг санагдаж байна...” гэсэн өгүүлбэр авагдсан байдаг. Энэ мэдүүлгээр чи анхнаасаа эхнэрээ алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг асуудлыг мөрдөн байцаагч, прокурор нар тавьж хэргийг шийдвэрлэсэн юм. Үнэндээ энэ хүн би ийм мэдүүлэг өгөөгүй, эхнэр минь бурхан болсон, өөрөө хоригдож байсан учир сэтгэл санаа тогтворгүй байсан, би ийм мэдүүлэг өгөх ямар ч сэтгэл зүйн бэлтгэл байгаагүй, юм ч яриагүй, намайг гарын үсэг зур гэсэн би зурсан, би тухайн үед өмгөөлөгч авсан гэж нэрийг нь хэлсэн боловч ойшоож үзээгүй гэнэт гарын үсэг зур гэхэд нь зурсан. Энэ чиний өмгөөлөгч гэж настай эмэгтэйг танилцуулсан гэдэг. Энэ нь анхнаасаа хэргийг үнэн шударгаар шалгахгүйгээр талийгаачийн нөхрийг эхнэрээ алсан гэж үзэж өнөөдрийн байдалд хүрсэн нь харамсалтай байна. Шүүгдэгчийн эдэлбэл зохих эрхийг хууль ёсны дагуу эдлүүлээгүй, нэг талыг барьсан мэдүүлэг авч байцаан шийтгэх ажиллагааг явуулсан. Энэ байдал шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг үндэслэлгүй гарахад нөлөөсөн гэж үзэж байгаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийж чадаагүйгээс хэргийн нэг талыг барьж шийдвэрлэсэн гэсэн дүгнэлтэд хүрч байна. Учир нь М.Шарав гэдэг хүнийг эхнэрээ хаана, хэзээ, юугаар цохиж үхэлд хүргэх гэмтэл учруулав, хэдэн цагийн үед гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй. Түүнийг эхнэрээ зодож байсныг хэн ч хараагүй, хэн ч гэрчилдэггүй. Гагцхүү үүрээр нэг эмэгтэй М.Шаравыг гэртээ унтаж байх үед гэнэт сэрээж эхнэрээ аваарай биднийг унтуулахгүй байна гэж хэлээд дагуулж гэрээс гарахад эхнэр нь үс гэзэг нь арзайчихсан, ямар ч дуу шүүгүй Амарбаярын машин дотор хойшоогоо хараад сууж байхад нь машинаас буулгахад хөл дээрээ тогтоож чадахгүй байдалтай байсан тул арай гэж гэртээ оруулж унтаж байсан орон дээрээ хэвтүүлэн, өөрөө хамт нэг орон дээрээ унтсан гэдэг. Тэгвэл хэзээ хэдийд нь эхнэрээ зодож гэмтэл учруулах болов, яагаад биднийг унтуулахгүй байна гэж нэг эмэгтэй буюу С.Энхцэцэг ирж М.Шаравыг дуудах болов гэдгийг бид анхаарах ёстой. Талийгаачийн биед учирсан гэмтэл гэрт үүсэх боломжгүй байдал харагддаг. Яагаад гэвэл гэрт эхнэрээ ийм болтол зодсон гэж үзэхэд хүн орилж чарлах, янз бүрийн эд зүйлийн дуу чимээ гарах гэх мэт асуудал байх боломжтой. Гэтэл тийм зүйл болоогүй бидэнд мэдэгдээгүй гэсэн гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Цагдаагийн газар тэнд байсан хүмүүсийг авчирч мэдүүлэг өгөх үед нэг эмэгтэй наад эмэгтэй чинь дэндүү агсам юм байна лээ, нөхрийг нь өрөвдөж байна гэсэн аястай үг хэлэхэд дуугай бай урт хэл хүзүү ороодог юм гэж хажууд /Хишигдулам болох нь тодорсон/ байсан эмэгтэй хориглоод юм яриулаагүй байдал үүссэнийг М.Шаравын ах, дүү нар ярьдаг ба энэ талаар шалгаж өгөхийг хүссэн боловч гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Эрүүгийн хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд талийгаач нь Амарбаярын машин дотор орж ирж архи нэхсэн, түүнийг хэл амаар доромжилсон асуудал гаргасан, тэр үед нь Амарбаяртай унтах гэж байсан Хишигдулам нь машинаас буугаад зөвхөн талийгаач Амарбаяр хоёр үлдсэн байдаг. Энэ хооронд тэр хоёрын хооронд юу болсон талаар хэрэгт ямар ч мэдүүлэг авагдаагүй. Ер нь болж өнгөрсөн байдал, талийгаачийн биед учирсан гэмтлийг Амарбаяртай холбон үзэх өндөр магадлалтай байгаа.

Хэргийн газрын үзлэг хийхэд талийгаачийн тухайн үед өмсөж байсан хувцас нь илүү гэр гэж нэрлэгдэх газраас олдсон бөгөөд талийгаачийн ах, дүү нар тэнд очсоны хувьд гайхаж талийгаач яагаад тэр илүү гэрт хувцсаа тайлав, өглөө босоход талийгаач дотор хувцасгүй дээлээ өмссөн байсныг охин Одончимэг нь эмнэлэг авч явах гэж хувцсыг нь өмсүүлэхдээ мэдсэн байдаг. Тэгвэл илүү гэр гэж нэрлэгдэх гэрт Ууганбаяр, Батзул нар хоносон гэж мэдүүлдэг. Ямар учир шалтгааны улмаас талийгаачийн хувцас тэндээс олдсоны шалтгааныг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй юм.

2. Талийгаачийн биед учирсан гэмтлийн талаар эргэлзээтэй асуудал гарч ирдэг.

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123 тоот дүгнэлтээр “Гавал тархины битүү гэмтэл, баруун талын хавирганы хугарал” гэж оношлосон байхад талийгаачийг үзэж харсан, эмчилсэн, анхны рентген зураг авсан гэх 5 эмчийн мэдүүлэгт “талийгаач мориноос унасан гэж хэлсэн, зүүн талын хавирга хугарсан байсан” гэх мэдүүлэг өгсөн нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэлтэй эрс зөрүүтэй байдаг. Хавтаст хэргийн 89 дүгээр талд Н.Өнөрбаяр “зүүн талын хавирга хугархай байсан тэр зургийг нь өөрт өгсөн” гэж мэдүүлдэг. Тэгвэл энэ зураг хаана байгааг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, хэрэв тогтоосон бол шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтой байсан. Өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Түүнчлэн талийгаачийн цусанд шинжилгээ хийхэд 06 промиль спирт илэрсэн гэж дурдсан нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Учир нь очсон дариуд нь шинжилгээ аваагүй, нас барсны дараа цуснаас шинжилгээ авахад ийм хэмжээний спирт илрэх боломжгүй, яагаад гэвэл 5 хоног байнгын дусал хийж, эмчилгээ хийж байсан тул спиртын агууламж илрэх үндэслэл байхгүй нь шинжлэх ухааны үүднээс тайлбарлагддаг. Тиймээс дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй гэдэг нь дээрх 2 байдлаар нотлогдоно. Түүнчлэн талийгаачийн амь нас аврагдах боломж байсан эсэх талаар мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй бөгөөд 5 хоног эмчилгээтэй байсан, эмчилгээ зөв хийгдсэн эсэх талаар шалгах ёстой. Энэ асуудал дээр нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үздэг.

3. Гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгөх ёстой. Гэтэл шүүх үүнийг хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй байгаа. Талийгаачийн бие эмнэлэгт муудаж очих тэр агшинд ямар үйл явдал, ямар яриа өрнөв гэдгийг хэргийг шийдвэрлэхдээ анхаарах ёстой байсан. Гэрч Ё.Одонгэрэл, А.Эрдэнэцэцэг, Г.Оюунзул нар “рентгений тасагт байхдаа эгч болиоч, болиоч Ууганаа гэж нэрийг нь хэлээд ёо ёо гээд байсан” гэж мэдүүлсэн. Яагаад талийгаач энэ хүний нэрийг нь хэлээд байв, тэр шөнө талийгаачийг Ууганаа буюу Ууганбаяр гэж нэрлэгдэх гаднаас 6 хүнтэй хамт ирсэн залуу тэгээд талийгаачийн илүү гэрт буюу хувцас нь олдсон газарт хоносон залуу юм. Түүнчлэн М.Шаравын “...эхнэрээ мориноос унасан гэж ах дүүдээ, эмч нарт хэлээрэй гэж Улаанаа буюу Амарбаяр дахин дахин гуйгаад байсан, байнга утсаар гарч холбогдож байсан” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг баталгаажуулах үүднээс М.Шаравын утсыг хураан авсан гэдэг боловч одоогоор утас нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Мөн утасны биллийг авч байгаа гэж мөрдөн байцаагч хэлсэн боловч хэргийн материалтай танилцах үед байгаагүй гэх мэт дахин шалгавал зохих олон асуудал байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаах санал тавьсан боловч аль ч шатны шүүх анхаарч үзсэнгүй. Энэ нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл гарч ирж байгаа болно. Тиймээс хэргийг хянаж дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсч байна. Хэрэв шүүх М.Шаравыг гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... М.Шаравын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлүүд нь баримтаар тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч М.Шарав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 7-наас 8-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, 3 дугаар баг, “Мангирт” гэх газар гэртээ өөрийн эхнэр Б.Буянтогтохын эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан бөгөөд Б.Буянтогтох нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад гавал тархины гэмтлийн улмаас нас барж, М.Шарав нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Одончимэг, Д.Борхүү, гэрч Ч.Амарбаяр, Б.Батзул, Э.Ариунзул, О.Хишигдулам, Г.Даваасүрэн, С.Энхцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

М.Шаравт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс М.Шаравыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 259 дүгээр талд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр шүүгдэгч М.Шарав нь өмгөөлөгч Р.Атарцэцэгтэй 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан баримт байгаа хэдий ч 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр дахин байцаагдахад “өмгөөлөгч сонгон аваагүй, өмгөөлөгч Д.Даваасүрэнг байлцуулан мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд шүүгдэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчйин өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                                       Б.БАТЦЭРЭН

 

 

                                 ШҮҮГЧ                                Ч.ХОСБАЯР