| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2025/00137/И |
| Дугаар | 210/МА2025/02205 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02205
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/05819 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Бид 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01662 дугаар магадлалаар ******* тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг гуравдагч этгээд *******т даалгаж, *******гаас 62,250,000 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн.
1.2. ******* өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс орон сууцыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах, өмчлөх эрх зөрчигдөж байх тул орон сууцнаас *******г албадан гаргаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2 хүүхдийн хамт орох орон байр байхгүй, энэ байрыг зараад мөнгийг нь 2 хувааж авмаар байна, байрыг чөлөөлснөөр Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн эрх зөрчигдөнө. Мөн нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 62,250,000 төгрөгөө өгөөгүй байгаа тул орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Тус шийдвэрийн 3 дахь тал, 8 дугаарт: ...******* нь хариуцагч *******д шүүхийн шийдвэрийн дагуу 62,250,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй нь хариуцагчид орон сууц эзэмших, чөлөөлж өгөхөөс татгалзах эрх үүсгэхгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.
Гэтэл нэхэмжлэгчийн төлөх 62,250,000 төгрөг нь ганц *******д олгох мөнгөн дүн биш бөгөөд мөн насанд хүрээгүй бага насны 2 хүүхдэд олгох мөнгө гэдэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01662 дугаар шийдвэрээр тогтоогдож байгаа болно.
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3-р зүйл: 1-д заасан Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 2 дугаар зүйл, 2.2-т Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж хуульчилсан байхад насанд хүрээгүй бага насны 2 хүүхдэд ногдох мөнгийг өгөхгүй байгаа *******гийн үйлдлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг хэрэглэж, Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын олон улсын гэрээг хэрэглэлгүйгээр насанд хүрээгүй бага насны 2 хүүхдийн дээд ашиг сонирхолд хор хохирол учруулсан гэж гомдож байна.
Анхан шатны шүүх энэхүү буруу шийдвэрээ нотлохын тулд нэхэмжлэгч ******* 2 хүүхдэд холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч ******* би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01662 дугаар шийдвэрээр насанд хүрээгүй бага насны 2 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоогдсон тул анхан шатны шүүх 2 хүүхдийн асран хамгаалагч *******г орон сууц чөлөөлөх шийдвэр гаргаснаар мөн түүний асрамжид байх 2 хүүхдийг орон сууцнаас хөөж тэдний дээд ашиг сонирхолд хохирол учруулсан шийдвэр гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Шүүх гэрлэлтийг цуцлахдаа дундын эд хөрөнгийн талаар хариуцагчид ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Орон сууцыг дангаар өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн өмчлөлд сэргээн шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, нэхэмжлэгч орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Хууль ёсны өмчлөгч өөрийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх хуульд тусгагдсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхээс хэрэг авагдсан баримтын үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий болсон.
5.2. Хариуцагчийн зүгээс хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна гэх агуулгаар тайлбарладаг. Хүүхдүүд эхийн асрамжид байгаа учир хүүхдүүдийг орон байраар хангах үүрэг хариуцлагын хувьд эцэг, эхийн үүрэг. Хариуцагчийн хууль ёсны эзэмших эрх дуусгавар болсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.
3.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01662 дугаар магадлалаар Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг гуравдагч этгээд *******т даалгаж, *******гаас 62,250,000 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 12-15 дугаар тал/
Дээрх магадлалд *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/01428 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж, магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 11 дүгээр тал/
3.2. Улмаар, улсын бүртгэлийн байгууллагаас ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******гийн нэр дээр бүртгэж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ олгож, *******гийн өмчлөх эрх дуусгавар болсон байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийг гэж шүүх зөв дүгнэсэн.
5. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.
5.1. Хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө үүсэх замаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч болж, хуулийн дагуу эзэмшил үүссэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон ба энэхүү эзэмшлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болсон гэж дүгнэхгүй. Учир нь
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий орон сууцнаас ногдох хэсэгт *******д 62,250,000 төгрөгийг өгөх үүрэг *******д үүссэн байх ба уг үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд *******гийн хувьд орон сууцыг чөлөөлөхөөс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт зохицуулсан. Иймд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй нь орон сууцыг хариуцагч чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ.
Харин талууд давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх мөнгөн төлбөрийн үүрэг биелэгдсэн талаар тайлбарлаж байх тул орон сууцыг эзэмших хариуцагчийн эрх дуусгавар болсон гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид өгөх үүрэг үүссэн тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан гаргуулах гэж тодорхойлсон нь эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардсан агуулгатай байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөөгүй алдааг залруулж, шийдвэрийн тогтоох хэсгээс албадан гэснийг хасаж, найруулгын өөрчлөлт оруулна.
7. Хүүхдийн эрхийн тухай конвенци, Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын олон улсын гэрээг хэрэглэхгүйгээр бага насны 2 хүүхдийн дээд ашиг сонирхолд хор хохирол учруулсан гэх хариуцагчийн гомдол хангагдахгүй. Учир нь талуудын маргаан нь эцэг, эх, хүүхдийн хооронд үүссэн үүргийн хүрээнд хамаарахгүй тул энэ талаарх шаардлагыг жич шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэхэд энэ магадлал саад болохгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/05819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж өөрчлөн найруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА