Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/02063

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/03998 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 93,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагчид ******* ******* загварын ачаа өөрөө буулгах зориулалт бүхий 2017 онд үйлдвэрлэгдэж, 2022 онд импорлогдсон ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 82,000,000 төгрөгөөр худалдаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээний үнээс 20,000,000 төгрөг төлж үлдэх 62,000,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд зааснаар төлөгдөөгүй төлбөрийн 0.5 хувиар алданги тооцоход 31,000,000 төгрөг болсон тул нийт 93,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч *******гээс 93,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 844,000 төгрөгийн 622,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******гээс 622,950 төгрөг, улсын орлогоос 211,050 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, 9 дүгээр зүйлийн 18, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг зөрчиж зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх болон мэтгэлзэх зарчмыг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна

Хариуцагч ******* миний ******* утас руу 2025.05.08-ны өдөр шүүгчийн туслах ******* гэсэн утаснаас 2025.05.02-ний өдөр 12 цагт шүүх хуралтай гэсэн мессэж ирсэн. Удалгүй заа больсон шүү, уучлаарай" гэсэн мессэж ирсэн тэгээд залгахаар утсаа аваагүй. Миний бие 2025.05.07-ны өдөр 16:04 цагт Сайн байна уу, шүүх хурал гээд мессэж бичсэн юу болов оо?" гэж мессэж бичсэн боловч надад хариу ирээгүй. Утсаа аваагүй юм чинь ямар ч байсан хурал товлоогүй юм байна гэж ойлгосон. Гэтэл хариуцагч ******* надад хурлын товыг мэдэгдээгүй байж намайг эзгүйд шүүх хурал хийсэнд гомдолтой байна.

Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2025.05.02-ны өдөр *******рүү онгоцоор нисэж эмнэлэгт үзүүлээд буцахдаа 2025.05.12-нд *******д онгоцоор буугаад 2025.05.13-нд *******ийн шаллганаар орж ирсэн юм. /баримт хавсаргав/ Тус шүүх нь шүүх ажиллагаанд биеэр оролцон, хууль зүйн туслалцаа авах өмгөөлүүлэх гэх мэт баталгаатай эдлэх эрхийг минь хязгаарлаж мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгаа.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг талуудын хэн алинд нь зохих ёсоор мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал болон хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ мессеж явуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч өөрөө хариуцлагагүй байсан. Нэхэмжлэлийг хүлээж авсан атлаа хариу тайлбар өгөөгүй, шүүхээс дуудаад ирдэггүй. Шүүхээс нэхэмжлэл гардуулахдаа эрх, үүрэгтэй нь танилцуулсан. Хариуцагч эрх, үүргээ өөрөө биелүүлээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт дурдсан үндэслэлд нэхэмжлэгч мөн адил хамаарна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хариуцагч өөрөө биелүүлээгүй, анхан шатны шүүх хангалттай боломж олгосон. Шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  2.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 93,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2024 оны 12 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагаа явуулсны эцэст 2025 оны 03 сарын 31-ний өдөр түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар сарын 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан үүргээ хариуцагч ******* биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

 

3.Талуудын хооронд 2023 оны 07 сарын 24-ний өдөр байгуулсан 0379 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ээр худалдагч ******* ХХК нь ******* ******* загварын ачаа өөрөө буулгах зориулалттай ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 82,000,000 төгрөгөөр худалдан авагч *******д худалдаж, гэрээний үлдэгдэл төлбөр 62,000,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлж, дүгнэжээ.

Энэхүү гэрээний 3.5-д Гэрээнд заасан хугацаанд хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн ба нэхэмжлэгч гэрээний гүйцэтгээгүй үүргээс тооцон алданги шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас 31,000,000 төгрөгийн алданги шаардсан нь анз шаардах дээд хязгаараас хэтрээгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан аль нь болохоо шүүхэд илэрхийлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзэх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан баримтыг үндэслэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хариуцагчийн эрхийг зөрчсөн тухай гомдлыг гаргасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй.

Шүүх хариуцагч *******д түүний ******* дугаарт шүүх хуралдааныг 2025.05.08-ны өдрийн 12:00 цагт товлогдсон тухай мэдэгдсэн ч уг товыг залруулан 2025.05.05-ны өдөр дахин товыг зөвтгөн шүүх хурал 2025.05.12-ны өдрийн 12:00 болохыг мэдэгджээ. Мөн хариуцагч 2025.05.08-ны өдрийн 16:04 цагт шүүх хуралдааны товын талаар тодруулж асуусанд шүүхээс мөн өдрийн 17:33 цагт 2025.05.12 12:00 өдөр хурал товлогдсон гэж хариулсан байна. Иймд шүүхээс товыг хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн гэж үзнэ.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхээс хариуцагчийн ******* дугаарт холбогдоход надад тов мэдэгдээгүй, одоо ******* аймагт байна гэсэн хариу өгсөн тухай 2025.05.12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Иймээс анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас ******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдаагүй гэсэн гомдлыг хангахгүй, шүүх хариуцагчийн эрхийг хязгаарлаагүй байна. Харин хариуцагч тал хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

5.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/03998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ