Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2016/00396

 

         2016 оны 07 сарын 25 өдөр

   Дугаар 183/ШШ2016/00396

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 1 дүгээр гудамжны 38б тоотод оршин суух, 1954 онд төрсөн, 62 настай, эмэгтэй, Боржигон овогт Натарын Цэцэг /РД:ВЮ54032561/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 107 дугаар байрны 172 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Хөхөлдэй овогт Норжмаагийн Энхтуяа /РД: ОА82122701/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 823.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цасчихэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Цэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 16-нд иргэн Н.Энхтуяатай харилцан тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сарын 7 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөг зээлдүүлсэн. Н.Энхтуяа нь эхний 2 сарын хүүг цаг хугацаанд нь төлөөд зээл эргэн төлөх хугацаа буюу 2015 оны 05 дугаар сарын 16-нд хүү болон үндсэн мөнгийг төлөлгүй ямар нэг шалтгаан хэлж намайг хохироож байгаад 2015 оны 07 дугаар сарын 18-нд сүүлийн сарын хүү болох 280.000 төгрөг, үндсэн зээлээс 1.195.000 төгрөг нийт 1.475.000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 2.805.000 төгрөг болсон. Үүнээс хойш зээлээ огт төлөлгүй удааж 2016 оны 04 дүгээр сарын 14-нд 3.384.000 төгрөгийг төлсөн. Н.Энхтуяагаас 2015 оны 07 дугаар сарын 18-наас 2016 оны 04 дүгээр сарын 14 хүртэлх үлдэгдэл 2.805.000 төгрөгний 260 хоногийн алданги 3.646.500 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу үлдэгдэл 2.805.000 төгрөгний 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон үзэхэд 1.402.500 төгрөг болно. 2016 оны 04 дүгээр сарын 14 төлсөн 3.384.000 төгрөгөөс үндсэн төлбөр 2.805.000 төгрөг, үлдэх 579.000 төгрөгийг алданги 1.402.500 төгрөгнөөс хасч тооцоход 823.500 төгрөгний алданги үлдсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн алдангийн үлдэгдэл 823.500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

  Хариуцагч  Н.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цасчихэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар иргэн Н.Цэцэгээс сарын 7%-ийн хүүтэйгээр зээлж, сар бүр хүүг хугацаандаа өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү болон үндсэн зээлэндээ 2.000.000 төгрөгийг өгсөн. Тухайн үед Н.Энхтуяа би жирэмсний амралтаа авч зээлийн хүүг төлөх чадваргүй байсан учраас Н.Цэцэгийн охин Батцэцэгтэй ярилцаж, гэрээний хугацаа дууссан тул 3.384.000 төгрөгийг өгч, зээлээ хаахаар тохиролцсон. Тэгээд уг мөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-нд төлж зээлийн үлдэгдэл болон хүүний тооцоо дуусгавар болсон. Би зээл болон зээлийн хүүд нийт 6.224.000 төгрөгийг төлсөн байна. Тухайн үед мөнгөө авахдаа тооцоо дууссан гэж байсан. Энэ гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сарын дараа буюу 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Н.Цэцэг биднийг 10 дугаар сард  зээлээ авахаараа энэ мөнгийг төлчихөөрэй гэсэн, банк зээл гаргаж өгөхгүй байна гэдгийг учирлаж хэлж байсан. Гэтэл мөнгөө авангуутаа шүүхэд хандаж хүү, алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Н.Цэцэг нь хариуцагч Н.Энхтуяад холбогдуулан алданги 823.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...2016 оны 04 дүгээр сарын 14-нд зээлийн үлдэгдэл болон хүүний тооцоо дуусгавар болсон. Би зээл болон зээлийн хүүд нийт 6.224.000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрөхгүй” гэж маргажээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, талууд 4.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй,  зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Н.Цэцэг нь мөн өдрөө 4.000.000 төгрөгийг хариуцагч Н.Энхтуяагийн Хас банк дахь 5001196490 тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

 

Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Н.Энхтуяа нь үндсэн зээл 4.000.000 төгрөг, үндсэн хүү 840.000 төгрөг нийт 4.840.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлөх, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээж, 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1.475.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 3.384.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна.

 

Хариуцагч нь “...2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү болон үндсэн зээлэндээ 2.000.000 төгрөгийг өгсөн” гэж тайлбарласан боловч үүнийгээ нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргасан “...Н.Энхтуяа нь 2015 оны 07 дугаар сарын 18-нд сүүлийн сарын хүү болох 280.000 төгрөг, үндсэн зээлээс 1.195.000 төгрөг нийт 1.475.000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 2.805.000 төгрөг болсон” гэх тайлбарыг няцаагаагүй, 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ хүү, алданги тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх алданги 1.402.500 төгрөгийг шаардах эрхтэйгээс хариуцагч Н.Энхтуяагийн илүү төлсөн 579.000 төгрөгийг хасч, 823.500 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.   

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24.314 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э  823.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-т олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24.314 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ