| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2025/00499/И |
| Дугаар | 210/МА2025/02064 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02064
|
|
|
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХХК-д 2009 оноос эхлэн хүний нөөцийн менежерээр тасралтгүй 15 жил ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 24-ний өдрийн тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдан ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлийг дурдсан атлаа хууль зүйн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй, илтэд хууль бус тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн ажил албан тушаалын орон тоо хасах болсон шалтгаан, нөхцөл, үндэслэл тодорхой байхыг хууль шаарддаг. Гэтэл хүний нөөцийн менежерийн ажил тухайн байгууллагад шаардлагагүй болсон гэх шийдвэр нь байнгын ажлын байран дахь ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн. ******* зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдлоо гаргаснаар 2024 оны 12 сарын 12-ны өдөр хурал хуралдаж, талууд эвлэрэн хэлэлцэх боломжгүй тухай шийдвэрийг гаргасан. Тэмдэглэлийг мөн өдөр гардаж аваад хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 126,984,160 төгрөг, хоол унааны мөнгө 2,000,000 төгрөг, хуримтлалын сан 12,698,416 төгрөг, жилийн урамшуулал 15,238,099 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал 70,000,000 төгрөг, ээлжийн амралтын олговор 11,207,781 төгрөг, хууль зүйн үйлчилгээний төлбөр 20,000,000 төгрөг, нийт 258,128,456 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу компанид хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Компанийн хувьцаа эзэмшигч болох *******Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан *******иа *******-ээс цорын ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэр 2024 оны 09 сарын 15-ны өдөр гарч, компанийн бүтцэд өөрчлөлт оруулсан. Компанийн бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, үйл ажиллагааны орлого буурсантай холбоотойгоор компанийн бүтцийг баталж Хүний нөөцийн хэлтэс болон Төр, орон нутгийн харилцааны хэлтсүүдийг тус тус татан буулгаж, энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор зарим ажлын байрыг хасах, орон тоо цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэн компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 24-ний өдрийн ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, бүтцийн өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тушаалаар *******ийн ажиллаж байсан Хүний нөөцийн менежер гэх ажлын байр, өөр бусад ажлын байрны хамт хасагдсан. Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу *******т хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө хүргүүлж, гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 24-ний өдрийн ******* тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй. Компанид ажил үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан ажилтнуудад хоол унааны мөнгө олгодог ба нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул түүний ажилгүй байсан хугацааны хоол унааны мөнгийг компаниас төлөх үндэслэлгүй.
Ажилтнуудаа компанид тогтвор, суурьшилтай ажиллуулах үүднээс компани ажилтны авсан цалин хөлсний 10 хувьтай тэнцэх мөнгөн дүнг сар бүр Худалдаа хөгжлийн банкинд ажилтны нэр дээрх хуримтлалын санд төлж байсан. Нэхэмжлэгчийг ажлаас гарах үед түүний нэр дээрх хуримтлалыг хааж, 2020-2024 онд хамаарах хуримтлагдсан дүнг дараах байдлаар 2024 оны 09 сард 15,876,600.91 төгрөг, 2024 оны 10 сард 1,113,896.15 төгрөгийг нэмж олгосон. Нэхэмжлэгч нь хуримтлалын сангаас өөрийн хүсэлтээр 2015 онд 19,774,150 төгрөгийг тус тус гаргуулж авч байсан. Нэхэмжлэгчийн нэр дээр хуримтлалын сангийн үлдэгдэл байхгүй бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны олговрыг төлөх үндэслэлгүй. Компани нь нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлж байсан тул ажлаас гарсан бол хамааралгүй юм. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болоход ээлжийн амралтын тооцоог нь бүрэн хийж 18,995,502.73 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж хууль зүйн туслалцаа авсан хөлсийг компани төлөх үүрэггүй юм. Учир нь хэргийн оролцогч өмгөөлөгч авах нь түүний эрх бөгөөд өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлсний төлөө төлсөн хөлс нь компанийн заавал хариуцаж төлөх зардал биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан 10 хоногийн дотор гомдол гаргах хугацаагаа алдсан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан 2024 оны 10 сарын 24-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин хөлс, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговор, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс нийт 258,128,456 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг Хувьцаа эзэмшигч хэрэгжүүлэхээр мөн компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт оруулах эрх нь хувьцаа эзэмшигчийн эрхэд хамаарахаар зохицуулсан. Цор ганц гэх хувьцаа эзэмшигч нь ******* улсад бүртгэлтэй "*******иа ******* гэх атлаа тухайн компанид холбогдох баримт, материалууд хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн компани эрх зүйн бүрэн чадамжтай эсэх, хувьцаа эзэмшигч нар нь хэн болох, хэдэн гишүүнтэй, тэдгээр нь Монгол улс дахь "*******" ХХК-ийн тухайд ямар хамааралтай, ямар эрх хэмжээ эдлэх эрхтэй болохыг шүүх тодорхойлохгүйгээр, ХЭХ-ын шийдвэр нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэхдээ хэн нь тодорхойгүй гадаадын 2 иргэний гарын үсгийг үнэлсэн, тэдгээр гарын үсгүүд нь хэнийх болох нь тодорхойгүй, мөн хавтаст хэрэгт орчуулгын гэх хуулбар дардас бүхий баримтууд авагдсан бөгөөд ХЭХ-ын шийдвэр гэх баримтад дээрх 2 гадаад иргэдийн гарын үсгүүд нь нэг дор биш, тус тусдаа өөр өөр хуудсуудад зурагдсан байдалтай, мөн 3 дах этгээд хэн болох нь тодорхойгүй, гадаадын иргэний нэр ХЭХ-ын шийдвэр гэх хуудсанд бичигдсэн хэдий ч гарын үсэггүй, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд хэлсэн тайлбараар нөгөө 2 этгээддээ эрхээ шилжүүлсэн гэх тайлбартай хэдий ч түүнд хамааралтай нотлох баримтууд хавтас хэрэгт байхгүй. Дээрх тодорхойгүй олон асуудалд нотлогдвол зохих олон зүйлсийг шүүх нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.
4.2. Ажлаас халсан тушаалд хүний нөөцийн менежерийн албан тушаалын орон тоо хасагдсан гэсэн атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр өгсөн тайлбар болон ХЭХ-ын гэх шийдвэр нь Хүний нөөц хариуцсан чиг, үүрэг бүхий хэлтэс татан буугдсан, орон тоог хасах, цөөрүүлэх гэх ойлголтуудыг хамтад нь шийдвэрлэсэн агуулга харагддаг нь хууль зөрчиж шийдвэр гаргасан буюу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.1.1-д ... аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн ... гэх ойлголтууд нь давхардуулан хэрэглэх боломжгүй, тус тусдаа зохицуулалт бүхий эрх зүйн ойлголтууд бөгөөд хэрвээ аль нэг нэгж татан буугдсан бол тухайн байгууллагад уг чиг үүргийн ажил, албан тушаал байх боломжгүй. Гэтэл тухайн байгууллагад Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг, ажил хэвээр хадгалагдаж, *******ийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргүүд хэвээр байгаа нь баримтуудаар болон хариуцагч талын тайлбаруудаар нотлогддог. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Татан буулгасан байна, түүнээс үүдэлтэй орон тоо хассан, цөөрүүлсэн нь хуульд нийцжээ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн болно.
4.3. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрт компанийн бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, үйл ажиллагааны орлого буурсантай холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэж тодорхойлдог боловч үнтэй холбоотой нотлох баримт байхгүй буюу нотлогдоогүй. Харин 2024, 2025 онуудад тус компанийн үйл ажиллагаа илүү өргөжсөн тул үйл ажиллагааны орлого буурсан гэх шалтгаан нь үндэслэлгүй.
4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдөөгүй болохыг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д дурдсан. Нэхэмжлэгч өөрийн Зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор хуульд заасны дагуу дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд шат дараатайгаар хандсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. ******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүний ажиллаж байсан ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр цуцалсан талаар тушаалд дурдсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр бүтцийн өөрчлөлтийг батлаад тухайн бүтцийн өөрчлөлтөөр 2 хэлтсийг татан буулгасан учраас зарим ажилтны орон тоог хасаад, зарим ажилтны орон тоог цөөрүүлсэн өөрчлөлт орсон нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан гэдэг нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн байгууллагаа өөр газар байрлаж ажилладаг салбар нэгжийн тухай ойлгоно. Түүнээс компанийн дотоод бүтэц, нэгжийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан салбар нэгж татан буугдсан гэх агуулга яригдахгүй.
******* ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь ******* улсын *******иа ******* болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. ТУЗ-ийн тогтоолд гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь ******* улсын нягтлан бодох бүртгэл болон компанийн зохицуулалтын газрын лавлагаагаар 3 захирал бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 2 захиралд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргах эрхийг олгосон учраас ТУЗ-ийн тогтоолд гарын үсэг зураад нэг этгээдийг томилоод тухайн томилсон этгээд нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт гарын үсэг зурсан. Компанийн дүрмийн 9.1, 9.1.6-д заасны дагуу ээлжит бус хурлыг бичгээр тогтоол үйлдэж шийдвэр гаргасан асуудал байдаг. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр хүний нөөцийн хэлтэс болон төр, орон нутгийн харилцааны хэлтсүүдийг тус тус татан буулгасан. Зарим ажилтнуудыг орон тоог цөөрүүлж бүтцийн өөрчлөлт хийсэн.
Хэрэв өөрөө бүрдүүлж өгөх боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлэх боломжтой байсан ч энэ талаар хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй. Компанийн үйл ажиллагаа яагаад хөндөгдсөн бэ гэвэл ******* ХХК нь 2016-2019 онд нийт 200 гаруй ажилтантай байсан. 2022 оноос ажилтны тоо тасралтгүй буураад 2022 онд 46, 2023 онд 44, 2024 онд бүтцийн өөрчлөлтөөр 40 ажилтантай болсон. Өөрөөр хэлбэл, ажилтны тоо буурч байгаа учраас дагаад орлого буурсан. Энэ үндэслэлээр компанийн хувьцаа эзэмшигч нар бүтэц өөрчлөх шийдвэр гаргасан.
Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны шийдвэрийг гардаж аваад ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Гэтэл гомдол гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй, тухайн 10 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэгч давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлс, урамшуулал болон өмгөөллийн хөлс зэрэгт нийт 258,128,456 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компанийн шинэчлэгдсэн бүтцийг баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хүний нөөцийн хэлтсийг татан буулгаснаар ажлын байр нь хасагдсан, нэхэмжлэгч гомдол гаргах хугацаагаа алдсан гэж тайлбарлан маргажээ.
3.Талуудын хооронд 2009 онд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч ******* нь 2018 оноос эхлэн ******* ХХК-ийн Хүний нөөцийн менежерийн ажлын байранд ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 24-ний өдрийн******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан буюу ...Хүний нөөцийн менежер *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны ажлын байр хасагдсан... гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Ажил олгогч энэхүү шийдвэрээ ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2024 оны 09 сарын 15-ны өдрийн шийдвэр, гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 24-ний өдрийн тушаалыг тус тус үндэслэл болгожээ.
Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдлийг хуульд заасан хугацааг баримтлан ажилтанд 2024.09.24-ний өдөр гардуулсан тухай зохигч маргаагүй байна.
4.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан, хариуцагч энэ үндэслэлээр маргасан байхад шүүх нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь хэргийн байдалд нийцээгүйг давж заалдах шүүхээс өөрчлөн дүгнэж, энэ агуулгаар шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
5.Хариуцагч ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь ******* улсын T******* /*******иа *******/ болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр, тус толгой компанийн ТУЗ-ийн 2024.09.12-ны өдрийн шийдвэрээр ТУЗ-ийн гишүүн ******* /*******/-ыг томилж охин компани болох ******* ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, ажлын байрны орон тоог хасахтай холбоотой шийдвэр гаргах эрхийг олгожээ. Толгой компанийн ТУЗ-ийн гишүүн ******* нь 2024 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан шийдвэрээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн хариуцагч ******* ХХК-ийн Хүний нөөцийг хэлтсийг татан буулгах, Хүний нөөцийн менежерийн ажлын байрыг хасах шийдвэрийг гаргасан байна.
Хувьцаа эзэмшигчийн эдгээр шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй тухай нэхэмжлэгч гомдолдоо дурдаж, хувьцаа эзэмшигчийн шийдвэр хуульд нийцээгүй тул ******* ХХК-ийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой гүйцэтгэх удирдлагын шийдвэр мөн хууль бус гэж маргажээ.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасны дагуу нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхээ дангаар хэрэгжүүлэх тул хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь охин компанийн дотоод зохион байгуулалтад зохих өөрчлөлт оруулахаар мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.8-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэн болох, хувьцаа эзэмшигчийг төлөөлөн ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн шийдвэр гаргасан тухай баримтууд хавтаст хэргийн 16-19, 31-42 талд авагдсан, уг баримт бичгүүдийг албан ёсны орчуулагч орчуулсан, мөн тухайн баримтуудын хуулбарын үнэн зөвийг нотариатч гэрчилсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
6.Хувьцаа эзэмшигчийн дээрх шийдвэрийг үндэслэн хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 24-ний өдрийн тушаалаар компанийн зарим ажлын байрыг цөөрүүлэн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоохдоо Хүний нөөцийн болон Төр орон нутгийн харилцааны хэлтсүүдийг татан буулгаж, хүний нөөцийн менежерийн орон тоог хасаж, 5 орон тоо байсныг 3 болгон цөөрүүлжээ. Үүнд нэхэмжлэгчийн ажлын байр болох Хүний нөөцийн менежерийн орон тоо багтжээ. Хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар мэдэгдэж, дээрх ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрт үндэслэгдсэн байна.
Компани өөрийн бүтцийг ямар хэлбэр, зохион байгуулалттай байлгах нь тухайн хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамаарах тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийн хүрээнд хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хэрэгжүүлэн дээрх шийдвэрийг гаргасан нь хуульд нийцжээ.
Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасантай нийцсэн гэж дүгнэж, ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулахтай холбоотой гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан бөгөөд Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо тухайн маргааныг урьдчилан шийдвэрлэж чадаагүй тухай 2024 оны 12 сарын 12-ны өдөр 127 дугаартай тэмдэглэл үйлдэн уг арга хэмжээг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч тэмдэглэлийг мөн өдөр хүлээн авсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэгч нь уг тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор буюу 2024.12.26-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх учиртай, энэ хугацааг өнгөрүүлсэн бол эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй болохыг хуульчилсан.
Нэхэмжлэгчийн хувьд 2025 оны 01 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2025.01.02-ны захирамж нэхэмжлэгчид байгаа, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаанд нөлөөлөхгүй, хугацаа хэвээр үргэлжилнэ гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Гэвч нэхэмжлэгч дээрх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тухай баримт буюу шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, энэ байдлаа нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тухай зохигч маргаж, мэтгэлцсэн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь хэргийн баримт, хуульд үндэслэгдээгүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэж, энэ нь түүний нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгох буюу хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэл гаргахаар шаардах эрхээ алдсан гэж дүгнэх үндэслэл болж байна.
8.Түүнчлэн нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон хоол, унааны мөнгө, хуримтлал, жилийн урамшуулал, сургалтын төлбөр, ээлжийн амралтын мөнгө, өмгөөллийн хөлс зэрэгт 258,128,456 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.
Шүүхээс нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учир шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн хугацаанд хамаарах хоол, унааны мөнгө, хуримтлал, жилийн урамшуулал, сургалтын төлбөрт 226,920,675 төгрөг шаардсан нь олгогдохгүй болно. Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын олговрыг шаардсан боловч хэргийн 142 дахь талд авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үедээ ээлжийн амралтын олговрыг нь тооцон олгосон байх тул энэхүү шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч хууль бусаар ажлаас халагдсан үндэслэлээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхийн тулд хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид хөлс төлснийг хариуцагчийн үйл ажиллагаатай шалтгаант холбоотой гэж үзнэ. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр түүний хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагыг үндэслэлгүй буюу эрх нь зөрчигдсөн гэж дүгнэхгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г өмгөөлөгч гэж үзэх, нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9.Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал болон өмгөөллийн хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын шаардах эрхийг тодорхойлсон хуулийг оновчгүй хэрэглэсэн болон баримтлаагүйг залруулна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэгжүүлсний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг шийдвэрт баримтална. Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад зардал, урамшуулал болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой шаардлагад холбогдох хуулийг шийдвэрт баримтлаагүй тул мөн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг нэмж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.
10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/07296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...158 дугаар зүйлийн 158.2.2... гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ