| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0060/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ггийн Оад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ггийн О
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.О нь 2018 оны 10-р сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Их суварганы зүүн урд зам дээр ..... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 7 дугаар бүлгийн 7.12, 1.5 дахь заалтуудыг зөрчин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ Б.Лгийн жолоодон явсан ..... ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас ..... ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10-р сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн …… сумын …. хилийн боомтоос Улаанбаатар хот орох гээд өөрийн эзэмшлийн ..... ... улсын дугаартай автомашинтай ажилтан Мын хамт явж байсан. ...Их суварганы зүүн урд талд өдөр 16 цагийн үед явж байхад өөдөөс цагаан өнгийн пикаб маркийн машин ирж байсан ба тухайн машин болон манай машин нэг зам дээр өөд өөдөөсөө ирж байсан юм. ...би өөрөө баруун гар тал руугаа дараад замаа чөлөөлөх гэхээр замын баруун гар талд овон товон ихтэй бартаатай байсан юм. Би бодохдоо энэ өөдөөс ирж байгаа машин чигээрээ явах юм байна харин би өөрөө машинаа зүүн гар тал руу нь дараад нөгөө машины буруу талаар нь зөрөөд гарчихъя гэж бодоод машинаа зүүн гар тал руу нь дартал нөгөө машин мөн миний дарсан тал руу /өөрийнхөө баруун гар тал руугаа/ машинаа дараад бид 2 мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/
Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сайншанд сумаас нутгийн танил дүү Б.Лгийн хамт машинд нь суугаад Хөвсгөл сум руу гарсан. ...Тэгээд бид нар нилээн яваад Хөвсгөл сумын ард байдаг Их суварганы зүүн урд зам дээр машинтай мөргөлдсөн. Би тэр үед Б.Лгийн ..... ... улсын дугаартай цагаан өнгийн пикаб жийп машины арын суудал дээр нь ганцаараа хэвтээд унтаж явсан юм ...надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие эрүүл, хүзүү зүгээр учир гомдол алга. …би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр машин яг өөдөөс гараад ирсэн. Би замынхаа баруун гар талыг барьж явсан юм. Тэр үед замын эвдрэл таарсан тэр эвдрэл нь борооны усанд идэгдэж хонхойгоод гүнзгий болсон байсан би түүнийг зүүн тийшээ дараад гартал тэр Harrier машин өөдөөс дагаад дарсан, тэгээд л хоёр машин мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
Гэрч У.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л өөдөөс ирж байгаа машиныг хараад баруун гар тал руугаа шахсан, гэтэл тэр машин өөдөөс нь дагаж дараад өөдөөс явсан тэгэхээр нь Л зүүн гар тал руугаа шахсан юм. Гэтэл тэр машин ахиад өөдөөс дагаад дарсан. Тэгэхээр нь Л ахиад баруун гар тал руу шахтал тэр машин ахиж дагаж орж ирээд замын хойд ирмэг дээр мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч С.Батцэнгэлийн 2018 оны 11-р сарын 06-ны өдрийн 47 дугаартай: “...Toyota Harrier маркийн ..... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Мөн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн энэ дүрмийн 7.12-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгзэний албаны ... дугаартай: “...Ц.Бын биед хүзүүний 6 дугаар нугаламын их биеийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Бын биед учирсан хүзүүний 6 дугаар нугаламын их биеийн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Онь 2018 оны 10-р сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Их суварганы зүүн урд зам дээр ..... ... улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1, 9.2, 7-р бүлгийн 7.12, 1.5 дахь заалтуудыг зөрчин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ Б.Лодонгийн жолоодон явсан ..... ... улсын дугаартай Nissan Datsun маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас ..... ... улсын дугаартай Nissan Datsun маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ггийн Оыг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 68-р хуудаст хохирогч Ц.Б хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “......надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие эрүүл, хүзүү зүгээр учир гомдол алга...”, хавтаст хэргийн 123-р хуудаст иргэний нэхэмжлэгч Б.Л “...Nissan Datsun маркийн автомашины эвдрэл гэмтлийг Мандал даатгалаар шийдүүлэхээр болсон. ...Иймд Г.Отай төлбөр тооцооны асуудалгүй, гомдол саналгүйгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн байх тул шүүгдэгч Г.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ггийн Оыг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА