| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/01703/И |
| Дугаар | 210/МА2025/02065 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02065
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04265 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******э нь *******т 2024.10.01-ний өдөр *******, *******хороо ******* тоот ******* м.кв *******зориулалттай, *******ыг худалдах, арилжих, зээлийн, Банк, ББСБ-ын зээлээр худалдах, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах зэрэг үйлдэл хийх эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон. Улмаар 2024.10.16-ны өдөр нотариатч *******д хүсэлт гаргаж *******т олгосон итгэмжлэлээ цуцалсан. Гэвч ******* уг итгэмжлэлийг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсан. Тус гэрээг үнэн зөв болохыг нотариатч******* гэрчилсэн. Нотариатч******* Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан гэрээ, хэлцэл гэрчлэх үйлдэл хийхдээ уг хуулийн 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлаагүй. Иймд нотариатч*******гийн үйлдэл хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******э нь *******т 2024.10.01-ний өдөр итгэмжлэл өгсний дагуу 2024.11.18-ны өдөр ******* болон ******* ******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах *******тоот гэрээ байгуулагдсаныг гэрчилсэн. ******* 2024.11.11-ний өдөр цуцлагдсан итгэмжлэлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдгийг мэдсэн ч 2024.12.09-ний өдөр итгэмжлэлийн үйлдлийг зөвшөөрч, худалдан авагч *******д нотариат дээр ирж тус үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний талаар хууль шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй гэсэн баталгаа гаргаж өгч үйлдлийг баталж, 2024.12.09-ний өдөр гэрээний төлбөрийн үнэд тооцуулан 70,000,000 төгрөгт *******гаас автомашин худалдах, худалдан авах гэрээний үйлдэл хийсэн болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга: ******* нь ******* *******хороо, *******, *******тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2024.11.18-ны өдөр ******* дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу *******гийн хамт иргэн *******ийн иргэн *******т өгсөн итгэмжлэлийн дагуу худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан.
Гэтэл 2024 оны 12 дугаар сарын эхээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г баталсан нотариатаас ярьж *******э гэдэг хүн итгэмжлэлээ хүчингүй болгуулсан тул энэ гэрээ хүчингүй гэж нотариат дээр ирлээ. Та ирж уулзана уу" гэж хэлсэн. ******* *******тэй уулзсан бөгөөд итгэмжлэлээ хүчингүй болгосон гэсэн ийм зүйл болсон юм бол энэ гэрээг буцаагаад өгсөн авснаа өгч авъя, та нар өөрсдөө учраа ол гэж хэлэхэд *******э нь үл хөдлөх хөрөнгөө 741,000,000 төгрөгөөр үнэлээд 215,000,000 төгрөгийг өгчихвөл надад гэрээг хүчингүй гэж үзэх үндэслэл байхгүй, энэ мөнгийг авчихвал гэрээг хүлээн зөвшөөрнө, мөнгөө авчихвал үл хөдлөх хөрөнгө худалдсан энэ гэрээ надад хамаагүй гэж хэлсэн. Тиймээс 2024.11.18-ны өдрийн ******* дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэж тооцож, гэрээг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 741,000,000 гэж тохиролцон өмнө төлсөн төлбөрийг суутган тооцож үлдэгдэл төлбөр 215,000,000 төгрөгийг авч 2024.12.09-ний өдөр Баталгаа-г ******* нь гаргаж өгсөн. Мөн 2024.11.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г баталсан нотариатын бүртгэлийн хуудасны тамга" гэсэн хэсэгт ******* итгэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэж өөрийн гараар бичиж итгэмжлэл болон 2024.11.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй юм гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгч *******ээс хариуцагч*******д холбогдуулан гаргасан нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
1.*******э нь 2024 оны 10 сарын 01-ний өдөр *******т үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, арилжих, зээлийн, банк, БСББ-ын зээлээр худалдах, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах зэрэг бүрэн эрхийг олгосон итгэмжлэл олгосон ч 2024 оны 10 сарын 16-ны өдөр нотариатч *******д хүсэлт гаргаж *******т олгосон итгэмжлэлээ цуцалсан байдаг. Төлөөлүүлэгч итгэмжлэлийг цуцлах хүсэлт гарган цуцлуулсан байхад ******* итгэмжлэлийг үндэслэн түүний өмчлөлийн хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлснийг 2024 оны 11 сарын 18-ны өдөр мэдсэн бөгөөд хуулийн шаардлага хангахгүй итгэмжлэлийг үндэслэн гуравдагч этгээдэд хөрөнгийг худалдсан гэрээг гэрчилсэн үйлдлийг нотариатч******* хийсэн байдаг.
2.Нотариатч*******гийн дээрх үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан гэрээ, хэлцэл гэрчлэх үйлдэл хийхдээ уг хуулийн 21.2.5. нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлаагүйн улмаас Нотариатын тухай хуулийг зөрчсөн байхад шүүхээс хожим нэхэмжлэгч нотариатын гэрчилсэн гэрээг хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан нь нотариатын үйлдлийг зөвтгөж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгчийн баталгаанд дурьдагдсан үйл баримтын үнэн зөв эсэхийг нягтлан шалгалгүйгээр уг баталгааг нь гэрчилсэн нь өмнө хийгдсэн нотариатын хууль бус үйлдлээ дахин гэрчилсэн гэж үзэхээр байна.
3.Хариуцагчийн төлөөлөгч нотариатч гэрээ хэлцэл гэрчлэхдээ нотариатын үйлдэлд холбогдох баримт бичиг буюу итгэмжлэл хүчингүй болсон эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй боловч тухайн үед нягтлан шалгаагаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нотариатч "баталгаа" гэх баримтад бичигдсэн үйл баримтыг ямар нэгэн нотлох баримтаар давхар нотолж, холбогдох баримтыг гэрчилсэн гэх гэрээнд хавсаргаагүй нь түүний үйлдлийн улмаас эрх зүйн сөрөг үр дагавар үүсэх болсон нь төлбөр тооцоо дууссан талаар баталгаанд бичигдсэн боловч гуравдагч этгээд энэ талаар хэрэгт ямар ч баримт гаргаж өгөөгүй, өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан гэж нотариатч гэрчилсэн боловч худалдсан үнэ гэх төлбөр бүрэн төлөгдөөгүй байгаа нөхцөл байдлыг дурьдаж болох юм.
4.Шүүхээс Нотариатын тухай хуульд итгэмжлэл хүчинтэй эсэхийг шалгах талаар нарийн зохицуулалт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Нотариатын тухай 46 дугаар зүйлийн 46.4-т "гэрээ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална" гэж заасан байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д "нотариатч гэрээ хэлцэл гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна" гэж заасан байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оор дамжуулан 23 дугаартай худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлснийг ******* худалдан авалтын баталгаа болгон нотариатын бүртгэлийн хуудас бичиж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах үйлдлийг баталсан нотариатын үйлдэл хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл нотариатын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэх үндэслэлээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нотариатын бүртгэлийн хуудсанд ******* итгэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа талаар гараар бичиж, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрсөн. Төлбөр төлөгдөөгүй гэж гомдолд дурдсан ч анхан шатны шүүхэд энэ талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Нотариатын тухай хуулийн 36 дугаар зүйлд итгэмжлэлээ хууль ёсны эсэхийг шалгана гэсэн агуулгыг дурдсан. Тухайн итгэмжлэлийг эрх зүйн чадамжтай этгээд бие биедээ олгосон уу, итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах эрх олгосон эсэхийг шалгасан. Мөн итгэмжлэл хуульд заасан хугацаанд байгаа эсэхийг шалгаж, хуульд заасан шалгалтыг хийж гэрээг гэрчилсэн. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээтэй маргадаггүй, зөвхөн нотариатын үйлдэлтэй маргадаг. Төлбөрийн тухайд анхны гэрээ байгуулах үед тухайн төлбөрийг шилжүүлсэн. Нотариатын 2 дахь үйлдэлтэй холбогдуулж маргаж байгаа учраас *******ийн дансанд мөнгө шилжүүлсэн талаар дансны хуулгыг хэрэгт хавсаргасан. Иймд төлбөр аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Баталгааг нотариатаар батлуулсан буюу өөрийн хүсэл зоригоо илэрхийлж батлуулсан. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлөөлөгч ******* бусдад худалдах үедээ төлөөлөх эрх нь дуусгавар болсон байхад нотариатч төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгалгүй худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг гэрчлэх үед худалдах, худалдан авах гэрээний талууд байлцсан ба тухайн үед систем гацсан байсан тул итгэмжлэлийг нүдээр харж гэрчилсэн, нэхэмжлэгч хожим гэрээг зөвшөөрсөн гэж тайлбарлан маргажээ.
3.******* нь өөрийн өмчлөлийн *******ийн ******* хороо ******* тоот ******* талбайтай, ******* зориулалт бүхий *******ыг бусдад худалдах, арилжих болон банк, ББСБ-ын зээлээр худалдах, гэрээ байгуулах, гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах зэрэг үйлдэл хийх эрхийг *******т 2024 оны 10 сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай олгож, уул итгэмжлэлээ 2024 оны 10 сарын 16-ны өдөр цуцалсан байна.
Нэхэмжлэгч ийнхүү төлөөлөгчид олгосон итгэмжлэлээ цуцалсныг нотариатч буюу хариуцагч******* бүрэн шалгалгүйгээр дээрх итгэмжлэлийг үндэслэн худалдагч *******ийг ******* төлөөлөн худалдан авагч *******, ******* нартай 2024 оны 11 сарын 18-ны өдөр өмнө дурдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* тоот *******ыг худалдах-худалдан авах гэрээг гэрчилж, нотариатын бүртгэлийн ******* дугаарт бүртгэжээ. Нотариатын үйлдэл хийх зааврын 5.1-д зааснаар нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийг баримтлан ажиллах бөгөөд мөн журмын 7.5-7.7-д заасны дагуу нотариатын цахим систем дэх мэдээллээс итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгаж байх үүрэгтэй байна.
Төлөөлөгч ******* нь хэлцэл хийх үедээ *******ийг төлөөлөх эрхгүй байсныг хариуцагч бүрэн шалгаагүй буюу Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална гэснийг хариуцагч зөрчсөн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчээс 2024.10.16-ны өдөр итгэмжлэлийг анх гэрчилсэн нотариатч *******д хандан итгэмжлэлээ цуцлах хүсэлт гаргаснаар уг итгэмжлэл хүчингүй болж нотариатын цахим системийн бүртгэлд орсонд талууд маргаагүй байна. Хариуцагч тал гэрээг гэрчлэх үедээ систем алдаатай байсан учраас итгэмжлэлийг дутуу шалгасан тухай анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Анхан шатны шүүх хариуцагчийг итгэмжлэлийг шалгах үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь хэргийн байдалд нийцэхгүй бөгөөд энэ агуулгаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөн залруулна.
4.******* нь хүчингүй болгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн амины орон сууцыг 2024.11.18-ны өдөр *******, ******* нарт худалдсан тухай хожим мэдсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д Төлөөлүүлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай төлөөлөгч буюу гуравдагч этгээдэд шууд, эсхүл тэдэнд хүргэх боломжтой албан ёсны мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай төлөөлөгч *******т мэдэгдэж, түүнд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ буцаан шаардсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч итгэмжлэлээ хүчингүй болгосонтой холбоотойгоор өөрөөс шалтгаалах боломжит үүргээ хэрэгжүүлээгүй нь нь 2024.11.16-ны өдрийн хэлцэл хийгдэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
Мөн тэрээр 2024.11.18-ны өдөр *******, *******, ******* нарын хооронд хийсэн ******* бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ-г хожим буюу 2024 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн зөвшөөрч Баталгаа гаргах нь гэсэн баримт үйлджээ. Уг баталгаанд ... гэрээг хэвээр үлдээх шийдвэр гаргасан бөгөөд хөрөнгийн үнийн 541,000,000 төгрөгийн талаар*******, ******* нартай төлбөр барагдуулах гэрээ хийж баталгаажуулсан ... 2024.11.18-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний талаар хууль, шүүх цагдаагийн байгууллагаар ямар нэгэн гомдол санал гаргахгүй баталгаа гаргаж байна ... гэжээ.
Нэхэмжлэгч *******ийн энэхүү хүсэл зориг болон итгэмжлэлээ хүчингүй болгосонтой холбоотой төлөөлөгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй зэргийг үндэслэн төлөөлөгч *******ын 2024.11.18-ны өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.6-д Итгэмжлэл дуусгавар болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байхдаа төлөөлөгчөөс бусад этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзнэ.
Энэ үндэслэлээр хариуцагч*******гийн 2024 оны 11 сарын 18-ны өдөр ******* бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр гэж дүгнэх тул нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Э.ЭНЭБИШ