Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/02066

 

 

 

 

 

 

 

 

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/04470 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******анд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үлдэгдэл төлбөр 845,322,979 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 149,997,500 төгрөг, нийт 995,320,479 төгрөг гаргуулах тухай үндсэн, илүү авсан санхүүжилт 237,554,457 төгрөг, алданги 299,994,821 төгрөг, нийт 537,549,278 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ХХК нь 2018 онд *******наас зарласан Шинэ суурьшлын бүс-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250кВА АТП /******* сум/ төсөл, арга хэмжээний ажлын сонгон шалгаруулалтад шалгарч, *******тай 2018 оны 10 сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээт ажлыг 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 сарын 17-ны өдрийн хугацаанд гүйцэтгэх, гэрээний үнэ 2,999,984,214 төгрөг байх ба эхний төлбөр 2,300,000,000 төгрөгийг 2018 оны улсын төсвөөс, үлдэгдэл 699,984,214 төгрөгийг 2019 оны улсын төсвөөс олгохоор тус тус тохиролцсон. Тендерийн шалгаруулалт оройтож хийгдсэн, гэрээ байгуулах хугацаа алдсан, ажлын зураг алдаатай зэрэг нь хүйтний улиралд гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэсэн тул гэрээний хугацааг сунгасан.

Манай компани хүйтний улирал эхэлж ажил бүрэн зогсохоос өмнө ажлын зургийн алдаагүй, хийх боломжтой ажлыг аль болох хурдан гүйцэтгэх, харин алдаатай ажлын зураг, орхигдуулсан хэсгийг засварлуулахаар захиалагч, ашиглагч, зургийн зохиогч нарт хандсаар ирсэн. Гэвч ажлын зургийг засварлуулах, дахин магадлалаар оруулж, ажлын үр дүнг доголдолгүй байх нөхцөлийн талаар эдгээр байгууллагууд шуурхай арга хэмжээ аваагүй. Бид ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх ноцтой алдаа бүхий ажлын зурагт засвар, өөрчлөлт оруулахаас бусад ажлуудыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн. Ажлын зургийн алдаануудыг засварлаж, зохих өөрчлөлтүүдийг оруулах хүртэлх хугацаагаар хийж гүйцэтгээгүй ажлыг хойшлуулах хүсэлтийг 2019.07.01-ний өдөр хүргүүлсэн. Гэвч яамнаас ажлын зургийг шаардлагад нийцсэн эсэхийг шалгах хүчин чармайлтыг гаргалгүй Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан захиалагчийн үүргээ биелүүлээгүй. Ажлын зургийн алдаа нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж, төсвийн хөрөнгийн үр ашгийг бууруулахаас гадна хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байсан тул үлдсэн ажлыг гүйцэтгэх боломжгүй болж зогссон. Талууд гэрээний гүйцэтгэлийг 2020 оны 01 сарын 28-ны өдөр баталгаажуулж, мөн 2020 оны 02 сарын 03-ны өдөр ажлын тоо хэмжээ, бараа материалын тооцоог гаргасан ба саналын зөрүү гаргаагүй. Харин гэрээний үнийн дүнгийн тохиролцоонд хүрээгүй ба Эрчим хүчний хөгжлийн газраас ажлын төсөвт өртгийн дүнг 2,057,065,207 төгрөг гэж, зөрүү 237,554,457 төгрөг хэмээн тооцсон бол манай компанийн тооцоогоор үнийн дүн 2,672,803,158 төгрөг болсон. Иймд бид гүйцэтгэсэн ажлын хөлс 2,672,803,158 төгрөгөөс урьдчилгаанд авсан 2,045,480,179 төгрөгийг хасч 627,322,979 төгрөгийг гэрээний бодит гүйцэтгэлээр нэхэмжилж байна. Мөн гэрээт ажил зогсонги байдалд орсноос төлөвлөөгүй нэмэлт зардлууд гарсан нь ажилд шаардлагатай техник, хэрэглийг хадгалахаар *******" ХХК-тай байгуулсан хадгалалтын гэрээний төлбөр 218,400,000 төгрөгийн өр үүссэн нь хариуцагч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой. Мөн гэрээний дагуу манай компани хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон 149,997,500 төгрөгийг 2018 оны 10 сарын 11-ний өдөр ******* ХХК-д байршуулсныг яам шилжүүлэн авсан. Иймд 995,320,479 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн талуудын хооронд 2018 оны 10 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний тусгай зөвшөөрлийн 46.0-д заасан алдангийн зохицуулалт нь Иргэний хуулийг зөрчиж байна. Учир нь гэрээгээр гэрээний нийт дүнгээс алданги тооцож, гэрээний дүнгийн 10 хувиас хэтрүүлэхгүй гэж заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус тул энэхүү хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******, *******ХХК-ийн хооронд 2018 оны 10 сарын 16-ны өдөр ******* дугаартай шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугамж, 250 квт АТП-ын барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан ба гэрээний хугацааг сунгасан. Гэрээний санхүүжилтээр 2018 оны 11 сарын 28-ны өдөр гүйцэтгэлээр 609,028,464 төгрөг, 2018 оны 12 сарын 12-ны өдөр гүйцэтгэлээр 1,690,971,536 төгрөг нийт 2,294,619,609 төгрөгийг олгосныг талууд баталгаажуулсан. Түүнчлэн 2020 оны 01 сарын 28-ны өдөр *******ХХК-ийн инженер ******* нарыг байлцуулан талбайн үзлэг тооллогыг газар дээр нь хийж талбайд хийгдсэн ажил, материалын тоо хэмжээг гаргаж баталгаажуулахад 2,057,062,207 төгрөгийн барилга угсралтын ажил хийсэн байна. *******ХХК-д олгогдсон санхүүжилтээс 237,554,457 төгрөгийн ажил дутуу хийгдсэн нь энэхүү тооллогоор нотлогдсон. Нэхэмжлэлд дурдсан 2,672,803,158 төгрөгийн ажил нь үндэслэлгүй. Гэрээний ерөнхий нөхцөлийн 51 дүгээр зүйлд ажил эхэлсэн өдрөөс чанарын баталгаат хугацаа дуусах хүртэл хугацаанд гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас, эсхүл дутуу орхисноос үүдэн гарсан гэрээний ажилтай холбоотой материал болон ажилд үүссэн алдагдал, эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч өөрийн зардлаас засварлана гэж заасан тул хохирол 218,400,000 төгрөгийн зардлыг *******ХХК өөрөө хариуцахаар гэрээгээр тохиролцсон. Гэрээний ерөнхий нөхцөлийн 12 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн хүлээх эрсдэл мөн үүнд орж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т "Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна" /2019 оны хуулиар/ гэж заасан.

*******ны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн ******* тоот гүйцэтгэлийн баталгаанд банк нь гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс 149,997,500 төгрөгийг *******ны өмнө хариуцаж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан шаардлагыг хүлээн авсан даруй үл маргах журмаар уг төлбөрийг хийх үүрэг хүлээсэн. *******ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул гүйцэтгэлийн баталгаа 149,997,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа санхүүжилтийн тооцоо, төсвийг баталсан нь гэрээний салшгүй хэсэг юм. *******ХХК-ийн төслийн талбайд хийсэн ажлыг талууд баталгаажуулсан тооллогын дүнг үндэслэн тус компанид олгогдсон 2,294,619,678 төгрөгийн ажлаас 2,057,065,207 төгрөгийн ажил гүйцэтгэснийг хасахад 237,554,457 төгрөгийн ажлыг хийлгүй гэрээний үүргээ зөрчиж, ажлыг зогсоосон нь баримтаар нотлогдож байна. Захиалагчаас төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай арга хэмжээ, шийдвэрийг тухай бүр гаргаж гүйцэтгэгч *******ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангаж ажилласан. Гүйцэтгэгч нь 2019 оны 06 сарын 13-ны өдрийн ******* тоот албан бичгээр 22 заалт бүхий хүндрэлтэй асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг ******* ТӨҮГ /хуучин нэрээр/-т ирүүлсний дагуу тус газар болон зургийн автор, гүйцэтгэгч компанийн төлөөллийг байлцуулан газар дээр нь ажиллаж холбогдох асуудлуудыг шийдвэрлэсэн. *******, "******* ТӨҮГ" нь гүйцэтгэгчээс тавьсан асуудлуудыг тухай бүр шийдвэрлэж, гэрээний хугацааг сунгаж, ажлаа гүйцэтгэхэд нь бүх талаар дэмжиж ажилласан ч гэрээний сунгасан хугацаанд ажлыг дуусгаагүй, улмаар нэг талын санаачилгаар ажлыг 2019 оны 07 сард зогсоосон ба цаашид ажиллаагүй. Энэ нь гэрээг зөрчсөнөөс гадна ******* сумын шинэ суурьшлын бүсийн ******* айл өрхийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх ажлыг царцааж, цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийг хохироож байгаа нь улсын чанартай томоохон ажлыг шууд гацаасан ноцтой зөрчил гаргаж байна. Захиалагчийн зүгээс барилга угсралтын ажлын талаарх мэдээ тайлан ирүүлэх, төслийн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн яаралтай дуусгах, зураг төслийн дагуу барилга угсралтыг гүйцэтгэх тухай албан бичгүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй нь гүйцэтгэгч Гэрээний ерөнхий нөхцөл /ГЕН/-ийн 17.1, 23.1, 39.1, 56.2.(а)-д тус тус заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, ГЕН-ийн 56.2а-д зааснаар гүйцэтгэгч гэрээг ноцтой зөрчин гэрээг цуцалсан тул илүү авсан санхүүжилт 237,554,457 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна.

Түүнчлэн гэрээний хугацааг хэтрүүлсэн тал нь Иргэний хууль, гэрээнд зааснаар алданги төлөх ёстой. Барилга угсралтын гэрээний сүүлийн сунгалтаар хугацааг 2019 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан хугацаанд бүх ажлыг дуусгах байсан өнөөг хүртэл ажил дуусаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, ГТН-ийн 46.0-д зааснаар алданги тооцсон. Гэрээний хугацаа 2018.10.22-2018.12.17, сунгалт 2019.06.01, гэрээний үнийн дүн 2,999,948,214 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 2019.06.01-ээс 2023.03.28-ны өдөр хүртэл нийт 1397 хоног болсон ба нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 537,549,278 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг агуулга: Бид ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх ноцтой алдаа бүхий ажлын зурагт завсар, өөрчлөлт оруулахаас бусад ажлуудыг зураг төсөл, стандартын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын зургийн алдаануудыг засварлаж, зохих өөрчлөлтүүдийг оруулах хүртэлх хугацаагаар хийж гүйцэтгээгүй ажлыг хойшлуулах талаарх хүсэлтийг *******анд хүргүүлсэн боловч үр дүн гаргаагүй. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний үлдсэн ажлыг гүйцэтгэх боломжгүй болж ажил бүрэн зогссон. Энэ нь гэрээний үүргийн зөрчил биш юм. ******* нь ажлын зургийн алдаа дутагдлыг засварлуулах хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлээгүйгээс шалтгаалан барилга угсралтын ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон тул үүрэг гүйцэтгүүлэгч ******* нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдахаар зохицуулснаас үзвэл ******* нь "*******" ХХК- аас алданги шаардах эрхгүй. Иймд илүү авсан санхүүжилт 237,554,457 төгрөг, алданги 299,994,821 төгрөгийг шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч *******наас 368,397,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэгч *******ХХК-аас 192,963,102 төгрөг гаргуулж, *******анд олгож, үндсэн нэхэмжлэлээс 626,922,979 төгрөг гаргуулах, гэрээний тусгай нөхцөлийн 46.0 заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 344,586,176 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ХХК-ийн төлсөн 5,362,738 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******наас 1,999,937 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэгч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,122,766 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гэрээний үүргээ зөрчин нэг талын санаачилгаар ажлаа зогсоож, шүүхэд нэхэмжлэл гаргасан хэрнээ удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааныг 2 жил 5 сар хойшлуулсан үйлдэл нь ******* сумын шинэ суурьшлын бүсийн ******* айл өрхийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх ажлыг царцааж, цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийг хохироож байна.

Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэрийн 6.2-т *******наас тогтоосон хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэхэд үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүйн улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэх боломжгүй мөн гүйцэтгэгч *******ХХК-ийн гэрээ цуцлах санал болон гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн албан бичиг мөн шүүхийн шийдвэрийн 9-д 2020 оны 03 дугаар сард гэрээ дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. *******наас БУА-ын дуусгах талаар бүхий л арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

1.*******наас гүйцэтгэгчийн гаргасан хүсэлт, шаардлагыг шийдвэрлэсэн байдлын талаар энэ гомдлын 3, 4 хуудас болон сөрөг нэхэмжлэлдээ дурдсан баримтууд нотлох баримтаар хэрэгт авагдсан. 2018 оны 10 сарын 16-ны өдрийн ******* дугаар гэрээний тэмдэглэлийн "Хэлэлцээд шийдвэрлэсэн нь" хэсгийн 3-т "Гүйцэтгэгч "*******" ХХК нь барилга угсралтын ажлыг гэрээлэгч талуудын баталсан графикт хугацаанд дуусгах", мөн 4-т "Гүйцэтгэгч "*******" ХХК нь тендерийн баримт бичиг баримтын дагуу техникийн нөхцөл, зураг төсөл, ажлын талбайн судалгааг бүрэн хийж зөвшөөрсөн" болохыг тэмдэглээд захиалагч, гүйцэтгэгч нар тохиролцсоныг баталгаажуулж гүйцэтгэгч талаас "*******" ХХК-ийн захирал *******, инженер ******* нар хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан. Энэ хэлцлийн тэмдэглэл гэрээний салшгүй хэсэг ба гүйцэтгэгч техникийн нөхцөл болон зураг төслийг хүлээн зөвшөөрсөн нь нотлогдсон ба тус тэмдэглэл хэрэгт авагдсан.

2.Ажлын зургийн алдаанаас гарах эрсдэлийг барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ГЕН-ийн 11.1(б)-д заасны дагуу захиалагч тал хариуцдаг тул гүйцэтгэгч талд ямар нэг эрсдэл, хүндрэлтэй нөхцөл үүсээгүй байхад "*******" ХХК нь 2019 оны 07 сарын 09-ний өдрөөс барилга угсралтын ажлыг ГЕН-ийн 27.1 дэх хэсэгт заасан төслийн менежерийн шийдвэргүйгээр ажлын зураг алдаатай гэсэн шалтгаанаар өөрийн санаачилгаар зогсоосон нь ГЕН-ийн 56.2(а) дахь хэсэгт заасны дагуу гэрээг ноцтой зөрчсөн.

3."*******" ХХК-ийн БУА-ын зураг төсөл алдаатай гэх хүсэлтийг хүлээн авч мэргэжлийн байгууллага болох "ЦДҮС ТӨХК, "ДҮТ" ХХК-иудаас тодруулга авч зургийн дагуу угсрахад реле хамгаалалтын хувьд асуудалгүй ажиллах боломжтой гэсэн дүгнэлт өгсөн тул *******ын 2019 оны 07 сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгээр зургийн дагуу ячейк тоноглолыг шинэчлэх мэдэгдэл хүргүүлсэн /ЦДҮС ТӨХК, ДҮТ ТӨХК, ЭХЯ-аас БУА-ын зураг төсөл алдаагүй гэх талаарх албан бичгийг хэргийн материалд нотлох баримтаар авагдснаас дээрх компаниудыг мэргэжлийн байгууллага болохыг нотлох компанийн дүрмийг мөн нотлох баримтаар гарган өгсөн./

4.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч "*******" ХХК-ийн хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шинжээч томилж, шинжээчийн зардлыг урьдчилж төлөхийг даалгасан. Гэвч нэхэмжлэгч "*******" ХХК нь шинжээчийн зардлыг төлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан тул хэргийг 2025 оны 01 сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар сэргээсэн. "*******" ХХК өөрөө хүсэлт гаргасан хэрнээ хүсэлтийг нь шүүхээс ханган шийдвэрлэсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, 9 сарын хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан. Нэхэмжлэгчийн өөрсдийн буруутай үйлдлийн улмаас шинжээч томилогдон ажиллаж дүгнэлт гараагүй хэрэгт нотлох баримтаар авагдсан эрчим хүчний салбарын мэргэжлийн байгууллагын албан бичгээр ирүүлсэн дүгнэлт нь хууль тогтоомж зөрчөөгүй тул тус нотлох баримтын хүрээнд зураг төсөл алдаатай эсэхийг шийдвэрлэх боломжтой.

5.*******ХХК-ийн гэрээ цуцлах санал болон гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн албан бичиг мөн шүүхийн шийдвэрийн 9-д 2020 оны 03 сард гэрээ дуусгавар болсон гэж үзсэн байх ба *******ХХК-аас 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 303/2021 тоот албан бичгээр гэрээт ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай албан бичгийг *******, ******* ТӨҮГ, ДСЦТС ТӨХК-д хүргүүлсэн байхад 2020 оны 03 дугаар сард гэрээ дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Харин захилагчийн зүгээс гэрээг цуцлах болсныг 2023 оны 04 сарын 21-ний өдрийн *******тоот албан бичгээр "*******" ХХК-д мэдэгдсэн. Иймд захиалагчийн зүгээс гүйцэтгэгчийн гаргасан хүсэлт, шаардлагыг биелүүлэх талаар бүхий л арга хэмжээ авч ажилласан, мэргэжлийн байгууллагуудаас зураг төсөл алдаагүй гэх талаар дүгнэлт гарсан байхад нэг талын санаачилгаар ажил зогсоож гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, техникийн нөхцөл, зураг төсөл, ажлын талбайн судалгааг бүрэн хийж зөвшөөрсөн нотлох баримтууд хэргийн материалд авагдсан байхад *******наас тогтоосон хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэхэд үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүйн улмаас талуудын хооронд байгулагдсан гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэх боломжгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт: Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВт АТП /******* сум/-ны барилга угсралтын ажил ******* дугаар гэрээний төлбөрийн хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилт болох 237,554,457 төгрөг болон алданги 299,994,821 төгрөг, нийт 537,549,278 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

2018 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан санхүүжилтийн гүйцэтгэлээр 609,028,464 төгрөг, 2018 оны 12 сарын 12-ны өдөр гаргасан санхүүжилтийн гүйцэтгэлээр 1,690,971,536 төгрөг нийт 2,294,619,609 төгрөгийн санхүүжилт олгогдсон бөгөөд дээрх санхүүжилтийн гүйцэтгэлийг захиалагч болон гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан. "*******" ХХК-д олгогдсон санхүүжилтээс 237,554,457 төгрөгийн ажил дутуу хийгдсэн нь талбайн тооллогоор нотлогдсон ба *******ХХК-ийн инженер ******* гарын үсэг зурж баталгаажуулсан.

Иймд захиалагчийн зүгээс гэрээний төлбөрийн хэтэрсэн дүн буюу гүйцэтгэлээр илүү авсан санхүүжилт 237,554,457 төгрөгийг нэхэмжилснийг "*******" ХХК-аас гаргуулах нь үндэслэлтэй байна.

Гуравдугаарт: Захиалагчийн зүгээс Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, гэрээний ерөнхий нөхцөлийн 16.1 дэх хэсгийг мөрдөж ажиллахгүй өнөөг хүрсэн нь гэрээний ерөнхий нөхцөлийн 6.2.а-д заасны дагуу гэрээний ноцтой зөрчил болох ба гэрээний ерөнхий нөхцөлийн 17.1-д заасны дагуу ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр ажил дуусаагүй нь тус гэрээний 56.1-д заасныг үндэслэн гэрээг цуцлах болсныг 2023 оны 04 сарын 21-ний өдрийн*******тоот албан бичгээр "*******" ХХК-д мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т "Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна" /2019 оны хуулиар/, "2018 оны 10 сарын 11-ний өдрийн *******ны ******* дугаар гүйцэтгэлийн баталгаанд банк нь гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс 149,997,500 төгрөгөөс хэтрэхгүй мөнгөн дүнтэй төлбөрийг *******ны өмнө хариуцаж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар энэхүү төлбөрийг хийх үүрэг хүлээж байна" гэж тус тус заасан.

"*******" ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.5-д Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаардана", *******ны ******* дугаар гүйцэтгэлийн баталгаанд анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар энэхүү төлбөрийг хийх үүрэг хүлээж байна" гэж тус тус заасны дагуу гүйцэтгэлийн баталгаа болох 149,997,500 төгрөгийг *******ны Төрийн сангийн ******* тоот дансанд шилжүүлэх тухай шаардлагыг *******анд хүргүүлсэн болно.

Иймд "*******" ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн тул хуульд заасны дагуу даруй үл маргалдах журмаар энэхүү төлбөр буюу *******ны Төрийн сангийн ******* тоот дансанд *******наас шилжүүлсэн ба тус төлбөрийн захиалагч ашиглаагүй улсын төсөвт хуулийн дагуу буцаан төвлөрүүлсэн тул *******наас тус төлбөрийг гаргуулж, "*******" ХХК-д олгуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дөрөвдүгээрт: 1. Үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбарт Барилга угсралтын ажил гүйцэтгэх ******* тоот гэрээний ерөнхий нөхцөлийн 51 дүгээр зүйлд "Ажил эхэлсэн өдрөөс чанарын баталгаат хугацаа дуусах хүртэл хугацаанд гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас, эсхүл дутуу орхисноос үүдэн гарсан гэрээний ажилтай холбоотой материал болон ажилд үүссэн алдагдал, эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч өөрийн зардлаас засварлана" гэж заасан байх тул нэхэмжлэлд дурдсан хохирол гэх 218,400,000 төгрөгийн зардлыг "*******" ХХК хариуцахаар гэрээгээр тохиролцсон байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 12 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн хүлээх эрсдэлд мөн орж байгаа тухай дурдсан.

2.Нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэлд дурдсан хохирол гэх 218,400,000 төгрөгийн зардлыг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2022 оны 09 сарын 26-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба 2022 оны 09 сарын 16-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд 2019 оны 01 сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацааны буюу 3 жил 6 сарын төлбөрт 218,400,000 төгрөгийг гаргуулах гэжээ. Энэ нь гэрээ цуцлагдахаас өмнөх асуудал байх тул дээр дурдсанчлан гэрээнд заасны дагуу хадгалалт, хамгаалалтыг гүйцэтгэгч хариуцах тул дээрх төлбөрийг *******наас гаргуулах нь үндэслэлгүй байна.

Дахин дурдахад гэрээ цуцлах мэдэгдлийг *******наас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *******тоот албан бичгээр "*******" ХХК-д мэдэгдсэн.

Тавдугаарт: 2018 оны 10 сарын 16-ны өдрийн ******* дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 46.1-т "Гүйцэтгэгч нь ажил дуусахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд алданги төлөхөөр заасан ба харин алданги төлөх хэмжээг гэрээний тусгай нөхцөлд тусгахаар заасан. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу сөрөг нэхэмжлэлд нийт ажилд ногдуулах алдангийн хэмжээг гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 299,994,821 төгрөгийн алдангийг нэхэмжлэсэн.

2018 оны 10 сарын 16-ны өдрийн ******* дугаар гэрээний 46.1-т алданги шаардахаар заасан тул захиалагч алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй." гэж заасны дагуу алдангийг тооцон шаардвал 471,441,484 төгрөг болно. Учир нь:

 

Олгогдсон санхүүжилтээс дутуу хийгдсэн ажлын дүн /төгрөг/

Гүйцэтгээгүй ажлын дүн /төгрөг/

 

Нийт

/төгрөг/

 

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь

/төгрөг/

1.

237,554,457

 

705,328,552

 

942,883,009

 

471,441,504

 

 

Мөн өмнө нь тус иргэний хэргийн маргаантай ижил кэйстэй маргаанд алдангийн талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн ******* дугаар магадлалд ...алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зйлйин 232.6 дахь хэсэгт заасантай нийцэх ба анхан шатны шүүх захиалагч гэрээнээс татгалзсанаар алданги буюу гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь гэрээ хэрэгжиж байх хугацаанд ажлын үр дүнгээ хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн бол хэтэрсэн хугацааны алдангийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр тооцон гаргуулахаар шаардах эрхтэй" гэж дүгнэсэн.

Түүнчлэн захиалагчийн зүгээс гүйцэтгэгчийн бүхий л хүсэлт, шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн гэтэл *******" ХХК нь техникийн нөхцөл, зураг төсөл, ажлын талбайн судалгааг бүрэн хийж зөвшөөрсөн гэж гарын үсэг зурж БУА гүйцэтгэх гэрээ байгуулсан хэрнээ нэг талын санаачилгаар гэрээний үүргээ зөрчиж, 2018 оноос хойш 2023 онд гэрээ цуцлагдах хүртэл 4 жил 5 сарын хугацаанд БУА зогссон тул ажлын төсөв улсын төсөвт буцаан татагдсан, *******" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхитэй оролцохгүй, ажиллагааг удаашруулсны улмаас шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн, мөн "*******" ХХК нь холбогдох хуулийн байгууллага болон дээд шатны байгууллагад гомдол гаргаж хугацаа авдаг энэ нөхцөл байдлын улмаас 2018 оноос хойш *******сумын шинэ суурьшлын бүсийн ******* айл өрхийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх ажлыг царцааж, цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийг хохироож байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул үндсэн нэхэмжлэлийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Зураг төсөл алдаатай гэдгийг мэргэжлийн инженерүүд тогтоосон учраас зураг төслийн асуудлаар зургийг гаргасан *******ийн Цахилгаан Түгээх Станц ХК болон *******, Эрчим хүчний сүлжээ ТӨХК-д тус тус хандсан. Ажлын зураг зурсан *******гийн Цахилгаан Түгээх Станц ХК нь *******ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авах ёстой байсан. Гэтэл зураг төслөө зуруулахдаа ямар нэгэн тендергүйгээр зуруулсан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Энэ талаар *******ын албан бичигт дурдсан байдаг. Ямар ч тендергүйгээр буюу тухайн ажлыг хүлээж авах компаниар зуруулсан зураг нь алдаатайг илрүүлсний үндсэн дээр энэ хэрэг маргаан өнөөдрийн түвшинд хүрсэн. *******ХХК-аас намагтай газар ямар ч бэхжүүлэлт хийх боломжгүй, намагтай газар шон унавал тухайн газарт байгаа мал, амьтан үрэгдэх зэрэг асуудал гарахыг зураг гаргасан талаар тайлбарласан ба зургийн ажлаа засварлах талаар хүсэлт гаргасан. *******гийн Цахилгаан Түгээх Станц ХК-аас норм, дүрэм, стандартын дагуу зураг төсөлд өөрчлөлт оруулахад татгалзахгүй гэж албан бичиг өгсөн ч *******, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иудаас бид хариуцлагаа хүлээнэ, та нар ажлаа хий гэсэн хариу өгсөн. Захиалагч хариуцлага хүлээнэ гэдэг ч гүйцэтгэлээс болж ойр орчны мал, хүнд хохирол учирвал захиалагч энэ үгээ хэлэхгүй нь ойлгомжтой учраас манай компани ажлаа зогсоох нь зүйтэй гэж үзсэн. Ажлыг зогсоосны дараа 2020 оны 01 сарын 28-ны өдөр талууд байгаа материал, хийсэн ажлын гүйцэтгэлд тооллого хийж *******ХХК үлдэгдэл төлбөрөө гаргуулах нь зүйтэй гэж үзээд 627,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх энэ шаардлагыг хангаагүй ч бид гомдол гаргаагүй. Харин гүйцэтгэлийн баталгааны 149,997,500 төгрөг болон 218,400,000 төгрөгийн хохирол гаргуулсан хэсгийг *******ХХК болно гэж үзсэн учраас гомдол гаргаагүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр алдангийг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрүүлээгүй гэсэн нь Иргэний хуульд нийцэхгүй байдлаар нэхэмжилсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 46-д заасныг үндэслэн алданги шаардах эрхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Талууд өгсөн авснаа тооцоход 44,000,000 төгрөгийн зөрүү гарсан. *******наас 2,294,619,609 төгрөгийг *******ХХК-д өгсөн, үүнээс захиалгын хяналтын зардлаа авсан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх 2,250,028,309 төгрөг буюу нийт 44,000,000 төгрөгийн зөрүүтэй төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн, өгсөн мөнгө нь бодитой, 2020 оны 01 сарын 28-ны өдөр талуудын ажил хүлээлцсэн актад заасан үнийн дүнгээс 122,663,102 төгрөгийг илүү өгсөн гэж үзсэн учраас *******ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэсэн. Хэдийгээр *******ХХК ажлаа дутуу гүйцэтгэсэн нь *******наас хамаарах шалтгаантай байсан. Зураг төслөө тендергүй зуруулж, зураг гаргасан компани нь зургийг засварлахыг зөвшөөрсөн, засварлах боломжтой байхад засварлаагүй. *******ХХК-ийн өмнө нь гүйцэтгэж байсан тендерийн ажлуудад зураг төслийн алдаатай ажлууд гардаг ч тухайн алдааг ******* болон холбогдох төрийн байгууллагад хэлж, шаардлагатай зургийн өөрчлөлтөө хийж, тендерийн ажлыг амжилттай дуусгачад анхаардаг байсан. Гэтэл ******* энэ ажилд өмнөх жишгээс өөрөөр хандсан. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдсэн учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 845,322,979 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 149,997,500 төгрөг, нийт 995,320,479 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү авсан санхүүжилт 237,554,457 төгрөг, алданги 299,994,821 төгрөг, нийт 537,549,278 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.*******, *******ХХК-ийн хооронд 2018 оны 10 сарын 16-ны өдөр байгуулсан ******* дугаартай Шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ээр гүйцэтгэгч *******ХХК нь шинэ суурьшлын бүс /*******сум/-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 квт АТП-ны барилга угсралтын ажлыг 2018.10.22-ны өдрөөс 2018..12.17-ны өдрийн хугацаанд гүйцэтгэн ашиглалтад оруулах, захиалагч *******наас гэрээний нийт үнэ 2,999,948,214 төгрөгөөс 2018 онд 2,300,000,000 төгрөг, 2019 онд 699,948,214 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээний хавсралтаар гэрээний ерөнхий (ГЕН) болон тусгай нөхцөл (ГТН)-ийг баталсан байна. Ажил гүйцэтгэх үе нь өвлийн улиралтай давхацсан үндэслэлээр талууд ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2019.06.01-ний өдөр болгон сунгажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. Талуудын хооронд ажлыг зургийн дагуу гүйцэтгэх эсэхтэй холбоотой маргаан үүссэний улмаас гэрээ цуцлагдаж зохигч мөн хуулийн 355 дугаар зүйлд заасны дагуу гэрээ цуцалсны үр дагаврыг харилцан шаардсан байхад шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг харилцан буцаах, улмаар учирсан хохирлыг шаардахтай холбоотой мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсныг залруулна.

 

4.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч *******ХХК-аас шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугам, АТП-ны барилга угсралтын ажлын гүйцэтгэл, зарцуулсан материалын тоо хэмжээг тооцож 2,057,065,207 төгрөг болсныг талуудын 2020.01.28-ны өдөр үйлдсэн баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын үр дүн 2,672,803,158 төгрөг болсон тухай баримтыг шүүхэд гаргасан бол хариуцагч талаас ажлын гүйцэтгэлд нийт 2,294,619,609 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгчид олгосон тухай тайлбарлаж маргасан байна. Захиалагч 2,250,028,309 төгрөгийн санхүүжилтийг 2018.12.13, 27-ны өдрүүдэд гүйцэтгэгчид олгосон нь *******ХХК-ийн дансны хуулгаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт, шийдлийн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хариуцагч давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч талаас дээрх 2,294,619,609 төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилт олгогдсон гэх боловч нэхэмжлэгч 2,250,028,309 төгрөгийн санхүүжилтийг бодитой хүлээн авсан, зөрүү 44,591,300 төгрөгийг өөр этгээдэд шилжүүлсэн нь зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаанд хамааралтайг хариуцагч нотлоогүй байна. Шүүх энэ үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн зөрүүг 192,963,102 төгрөг гэж тооцсон нь хэргийн байдалд нийцсэн, уг төлбөрийг нэхэмжлэгч *******ХХК-аас гаргуулан хариуцагч *******анд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүх 192,963,102 төгрөг бус 237,554,457 төгрөг гаргуулах байсан гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд гэрээний талууд үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй. Талууд ажил гүйцэтгэх гэрээний дуусах хугацааг 2019.06.01-ний өдөр гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч энэ хугацаанд гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн байх учиртай. Гэвч нэхэмжлэгч ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй ба 2020.07.22-ны өдөр, харин хариуцагчаас 2023.04.21-ний өдөр тус тус гэрээ цуцлах мэдэгдлийг нөгөө талдаа хүргүүлснээр гэрээ цуцлагджээ. Зохигч хэн аль нь гэрээний хэрэгжилт, цуцлагдсаны шалтгаанд харилцан биесээ буруутгасан тайлбарыг шүүхэд гаргаж, мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгчээс 2018.10.24-ний өдөр 327, 328, 329 тоот, мөн 11.06-ны өдөр 364, 365, 366 тоот, 2019.03.15-ны өдөр 66, мөн 06.11-ний өдөр 177 тоот албан бичгүүдээр ажлыг гүйцэтгэх явцад ажлын зураг нь техникийн нөхцөлийн дагуу хийгдээгүй, техникийн нөхцөлийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, зурагт тусгавал зохих олон асуудлыг орхигдуулсныг тодорхой болгох, өөрчлөлт оруулах болон гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд үүсэж буй асуудлуудыг шийдвэрлүүлэхээр захиалагч болон холбогдох байгууллагад хандаж байжээ.

Захиалагч *******ны 2019.05.24-ний өдрийн 1/659 тоот, мөн 06.17-ны өдөр 1/773 тоот, 07.09-ний өдрийн 02/753 тоот албан бичгүүдээр зохих арга хэмжээ авч засварлах, ажлыг зургийн дагуу гүйцэтгэх шаардлагыг гүйцтэгэгчид хүргүүлж байсан. Мөн зургийн зохиогч ДСЦТС ХК, гүйцэтгэгч *******ХХК нар ажлыг зургийн дагуу гүйцэтгэх боломжтой эсэх, зохих өөрчлөлт оруулж, шинэчлэх асуудлаар газар дээр нь ажиллаж тодорхой асуудлыг шийдвэрлэсэн болон ДСЦТС ХК-ийн 2019.06.13, 19-ний өдөр 02/753, 02/852, 02/780 тоот мэдэгдэл, дүгнэлтийг гаргаж, гүйцэтгэгчид хүргүүлж байжээ.

Зохигчийн байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 15-д гүйцэтгэгч ажлыг техникийн тодорхойлолт, зургийн дагуу хийж гүйцэтгэнэ гэсэн боловч барилга угсралтын зарим ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэх боломжгүй байсан нь гүйцэтгэгч, захиалагч, зураг төслийн зохиогч нарын хооронд дээрх байдлаар харилцсан албан бичиг, тодорхойлолт, дүгнэлт зэргээс илэрхийлэгджээ.

Иймд хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу алдаатай зураг төслийг засварлах, талаар зохих арга хэмжээг бүрэн аваагүй, холбогдох судалгаа шинжилгээг хийгээгүй байгаа учраас нэхэмжлэгч тухайн зургийн дагуу ажлыг гүйцэтгэснээр ажлын чанарт нөлөөлөх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******ХХК нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үүргийн хүрээнд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дуусгах байсан гэж буруутгахгүй, захиалагч буюу хариуцагчаас шалтгаалан гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ. Талууд гэрээний тусгай нөхцөлийн 46.0-д алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцэх боловч хариуцагч дээрх үндэслэлээр алданги шаардах эрхгүй байна. Иймд алданги 299,994,821 төгрөг гаргуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй.

Анхан шатны шүүхээс талууд гэрээг цуцалсан нь алданги шаардах эрхийг үгүйсгэнэ гэж дүгнэсэн нь буруу. Гэрээ хэрэгжиж байх хугацаанд ажлын үр дүнг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн бол хэтэрсэн хугацааны алдангийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр тооцон гаргуулахаар гэрээний нөгөө тал нь шаардах эрхтэй учир хариуцагчийг алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулсан нь шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.

Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 49-д заасны дагуу нэхэмжлэгчийн 2018.10.11-ний өдрийн баталгааг үндэслэн ******* ХК нь тус компанийн нэрийн өмнөөс захиалагч *******анд 149,997,500 төгрөгийн баталгаа гаргажээ. Гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр захиалагч *******наас Хасбанк ХК-д 2023.04.20-ны өдрийн В/1293 тоот шаардлага хүргүүлэн дээрх мөнгийг шилжүүлэн авчээ.

Ажил гүйцэтгэх гэрээг захиалагчаас шалтгаалан цуцлагдсан тухай өмнө дүгнэсэн учир хариуцагч гүйцэтгэлийн баталгааг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.5-д заасан шаардах эрх үүсээгүй байхад гүйцэтгэлийн баталгааг шилжүүлэн авсан гэж дүгнэнэ. Гэрээний ерөнхий нөхцөлийн 49-д гүйцэтгэлийн баталгаа хүчинтэй байх өдөр нь ажил дууссан мэдэгдэл гарсан өдрөөс хойш 28 дахь өдөр байна гэж заажээ. Талууд 2020, 2023 онд харилцан гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээ цаашид үргэлжлээгүй нь тодорхой болсон байх тул ГЕН-д заасан хугацаа өнгөрсөн, мөн хариуцагч гүйцэтгэлийн баталгааг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх 149,997,500 төгрөгийг хариуцагч *******наас гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул уг баталгааг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

6.Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник, хэрэгслийг ажил явагдаж буй ******* суманд татан төвлөрүүлсэн ч хариуцагчаас шалтгаалан ажил зогссон. Иймээс нэхэмжлэгч нь ******* ХХК-тай гэрээ байгуулан техник хэрэгслээ хадгалуулж хадгалалтын хөлс төлж хохирсон гэсэн үндэслэлээр 218,400,000 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч энэ дүнг эс зөвшөөрч, гэрээний ерөнхий нөхцөлийн 12, 51-т зааснаар энэ төрлийн зардлыг гүйцэтгэгч өөрөө хариуцах болон гэрээний эрсдэлд хамаарна гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ. Гэрээний ерөнхий нөхцөлийн 12-т зааснаар ажил гүйцэтгэх хугацаанд хүн нас барах, хөрөнгө алдагдах, эвдэрсэн уг эрсдэлийг, мөн 51-т ажлын явцад материалын алдагдал, эвдрэл гарсныг тус тус гүйцэтгэгч өөрөө хариуцахаар заасан нь гэрээ цуцалсантай холбоотой үүсэх хохиролд хамаарахгүй юм.

Харин захиалагчаас шалтгаалан ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэх эсэхэд тодорхойгүй байдал үүссэний улмаас нэхэмжлэгч техник хэрэгслээ буцаан татахгүйгээр хадгалж, бусдад 218,400,000 төгрөгийн хадгалалтын хөлс төлсөн тухай нэхэмжлэгчийн шаардлага хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хангасан нь хэргийн байдалд нийцээгүй байна.

Гэрээний нэг талд учирсан хохирол нь бодитой тогтоогдсон байх учиртай бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болон түүний хэмжээг тогтоосон үйл баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаагүй байна. Хэргийн 1-р хавтасны 122-126 дахь талд авагдсан Эвлэрлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.26-ны өдрийн ******* дугаартай захирамжаар *******ХХК нь хадгалалтын хөлсөнд 218,400,000 төгрөгийг ******* ХХК-д төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тухайн хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн харилцаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Харин хэргийн оролцогч бус *******анд хамааралгүй буюу энэхүү хэргийн хувьд аливаа эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй болно.

Иймээс нэхэмжлэгчид 218,400,000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзнэ. Энэ үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас 218,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******наас 149,997,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэгч *******ХХК-аас 192,963,102 төгрөг гаргуулан хариуцагч *******анд олгож, үндсэн нэхэмжлэлээс 845,322,979 төгрөг гаргуулах, гэрээний тусгай нөхцөлийн 46.0 заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн сөрөг нэхэмжлэлээс 344,586,176 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/04470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******наас 149,997,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д, нэхэмжлэгч *******ХХК-аас 192,963,102 төгрөг гаргуулан хариуцагч *******анд тус тус олгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээс 845,322,979 төгрөгийн болон гэрээний тусгай нөхцөлийн 46.0 заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 344,586,176 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад ...1,999,937 төгрөг... гэснийг 907,938 төгрөг гэж өөрчилж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Э.ЭНЭБИШ