Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 70

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогч А.Б,
Шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шын Нд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, Шын Н

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Н нь 2019 оны 02-р сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэнхан” ресторанд хохирогч А.Бгийн толгойн тус газарт пивоны шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

           Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Утай хамт ажилладаг байсан. Найзууд гэж боддог байсан учраас дуудахаар нь очсон. Хоол идэж пиво уучихаад Э гараад Т, У бид гурав сууж байтал шүүгдэгч ирээд шууд миний толгойг пивоны шилээр цохиж хагалсан. Янхан, банзал гэх мэт үгээр зөндөө доромжилсон. Маш их гомдолтой байна. Надаас уучлалт гуйгаагүй. Баримтаар гаргаж өгсөн хохирол бага байгаа болохоос биш сэтгэл санааны хохирол болон нэр хүндэд маань халдсан. Лхагва гарагт ажил дээр очоод нөхөргүй хүүхэн гэж дарамталсан. Ямар нэгэн хүндрэлтэй байдал үүссэнийг над руу чихээд байгаа. Шүүх хуралдаанд хэлэхэд цаашид надад ямар нэгэн байдлаар халдахгүй байхыг хүсч байна...” гэв.

     Шүүгдэгч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр... Эын эхнэр Н над руу залгаад манай нөхөр  сая ирлээ энэ хэд бөөндөө “Цэцэнхан” ресторанд байж байгаад ирлээ гэж байна. Одоо Уыг тэнд байна гэж хэлсэн. Тэгээд би “Цэцэнхан” ресторанд очсон. ...Б руу шил аваад шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/

          Хохирогч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гаднаас орж ирээд үгийн зөрүү ч байхгүй шууд л ширээн дээр пивоны шил байсныг аваад шууд миний толгойн ар дагзан хэсэгт хэд хэдэн удаа цохитол У эхнэрээ хажуунаас нь цааш нь дартал миний үснээс зулгаагаад хөлөөрөө над руу жийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/

          Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...гэнэт шил тас гээд дуугарах шиг болсон. Тэгээд би эргээд хартал гаднаас орж ирсэн эгч нөгөө сууж байсан эгчийг үсдчихсэн байсан. ...намайг ширээн дээр очиход 2 ширхэг пивоны том аяга хагарчихсан байсан. Гаднаас орж ирсэн эгч дотор сууж байсан эгчийн толгойг нь доош дарчихсан байсан ...ширээн дээр байсан пивоны шилийг аваад нөгөө эгч рүү дахиад шидэж байгаа харагдсан. ...дотор сууж байсан эгчийн толгойноос цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

          Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б над руу залгаад би ажилдаа явж чадахгүй чамайг явснаас хойш Уын эхнэр орж ирээд миний толгой руу пивоны шилээр цохиод хагалчихсан гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ....дугаартай: “...А.Бгийн биед толгойн шарх, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. А.Бгийн биед учирсан толгойн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Н нь 2019 оны 02-р сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэнхан” ресторанд хохирогч А.Бгийн эрх чөлөөнд халдаж, түүний толгойн тус газарт пивоны шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

           Иймд шүүгдэгч Шын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирогч А.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол 44890 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ш.Н 2019 оны 03-р сарын 29-ний өдөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ш.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
                       
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА