| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 182/2024/06428/И |
| Дугаар | 210/МА2025/02114 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02114
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03886 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 30,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани юань солиулж төгрөг болгохоор 2023 оны 04 сарын 13-ны өдөр ХААН банк дахь юанийн ******* тоот данснаасаа 975,000 юанийг валют арилжааны ******* ХХК-ийн мөн банкин дахь юанийн ******* тоот данс руу шилжүүлсэн. ******* ХХК нь 2023 оны 04 сарын 13-ны өдрийн ханш болох 1 юанийг 507,90 төгрөгөөр тооцон 495,202,500 төгрөгийг манай компанид өгөх байсан ч 2023 оны 04 сарын 14-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд 10 удаагийн шилжүүлгээр нийт 464,802,500 төгрөгийг шилжүүлсэн ба одоо үлдэгдэл нь 30,400,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд 30,400,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан 975,000 юанийг өөрийн дансаар хүлээн авсан нь үнэн боловч нэхэмжлэгчтэй харилцаж, валют арилжаа хийхээр тохиролцоогүй, тус компаниас бидэнтэй харилцаж байгаагүй, ******* ХХК-д компанийн валютын болон төгрөгийн дансыг аливаа байдлаар илгээж байгаагүй. Харин манай байнгын үйлчлүүлэгч, ижил төрлийн бизнес эрхлэгч ******* ББСБ ХХК-ийн захирал *******ийн юань зарах хүсэлтээр түүнд юанийн дансыг вичатаар өгч, ******* 2023 оны 04 сарын 13-ны өдөр 975,000 юань зарахаар манай компанид мэдэгдсэний дагуу дансанд шилжин орсон 975,000 юанийг тухайн өдрийн ханшаар /1 юань 508.5 төгрөг/ тооцож 495,787,500 төгрөгийг *******ийн өөрийнх нь өгсөн ******* дугаартай Хаан банкны дансанд нь шилжүүлсэн. ******* ХХК нь ******* ХХК-тай шууд харилцаж байгаагүй атлаа манай компанийг 1 юанийг 507.9 төгрөгөөр тооцож 495,202,500 төгрөгийг өөрт нь шилжүүлэх үүрэг хүлээсэн гэсэн нь илтэд үндэслэлгүй, манай компани тус компанид төлбөр шилжүүлэх үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 30,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 50 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 309,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн татгалзал нь хавтаст хэрэгт авагдсан
1."*******" ХХК-ийн төгрөгийн дансны хуулгад 2023.04.13-ны өдөр 1 юанийг 508.5 төгрөгөөр тооцож 495,787,500 төгрөгийг бүрэн төлсөн гүйлгээний баримт.
2."*******" ХХК нь "*******" ХХК-д валют худалдсан гэх боловч хариуцагчийн төлбөр төлсөн үнийн дүнгээс зөрүүтэй буюу хэлцлийн үнэ тохирохгүй байгааг,
3."*******" ХХК нь "*******" ХХК-аас 975,000 юанийн төлбөрт нэг ч төгрөг бодитой хүлээн аваагүй, харин *******өөс 1 юанийг 507.9 төгрөгөөр худалдахаар тохирч *******ийн дансаар төлбөрөө авсан дансны хуулга,
4."*******" ХХК-ийн захирал *******ын эзэмшлийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн гар утасны вичат аппликэйшнд *******гэх ID-тай, ************** гэх бүртгэлтэй, *******ын эзэмшлийн вичат хаягаас *******ийн ******* дугаараар баталгаажуулж, ******* гэх ID хаягтай, ******* гэх нэрээр бүртгэгдсэн вичаттай харилцсан чатанд: - *******оос 2023.04.06-ны өдөр ******* рүү "*******" ХХК-ийн ******* дугаартай юанийн дансны дугаарыг илгээсэн баримт,
5."*******" ХХК-ийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн "гар утасны вичат аппликэйшнд *******гэх ID-тай, ******* гэх бүртгэлтэй, "*******" ХХК-ийн эзэмшлийн вичат хаяг руу *******ийн ******* дугаараар баталгаажуулж, ******* гэх ID хаягтай, ******* гэх нэрээр бүртгэгдсэн вичаттай харилцсан чатанд: - *******өөс 2023.04.06-ны өдөр, 2023.04.13-ны өдөр тус тус "******* ХХК-ийн данс руу юанийг шилжүүлсэн талаарх шилжүүлгийн гүйлгээг, өөрийн /*******ийн/ төгрөгийн дансны хамт илгээж байсан талаарх баримт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдсон байхад дээрх баримтуудыг хэрхэн няцааж, үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгалгүйгээр, ийм баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн татгалзал нь баримтаар нотлогдоогүй мэтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрт хариуцагч талаас гаргасан "******* нь ижил төрлийн бизнес эрхлэгч, ББСБ-ын тусгай зөвшөөрөлтэй "******* ББСБ" ХХК-ийн захирал, их хэмжээний юань худалдах, худалдан авах харилцаанд орж байсан, байнгын харилцагч" гэх тайлбарыг илтэд гуйвуулан "******* нь харилцагчийг өөрөө олоод юанийг нь манайхаар дамжуулж солиулдаг" гэж хэлсэн мэтээр шийдвэрт тусган, "*******" ХХК-ийг ББСБ-ын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журмын 2.3.12-т заасан "Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд ...харилцагчаас захиалга авах зорилго бүхий зөвшөөрөлгүй этгээдтэй шууд болон шууд бусаар хамтран ажиллахгүй байх" шаардлагыг зөрчсөн гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанд талуудын хэлсэн тайлбар нь анхан шатны шүүхийн 2025.05.06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан бөгөөд шүүхийн тэмдэглэлийн аль ч хэсэгт "*******" ХХК нь *******тэй хамтран ажилладаг гэх үг үсэг байхгүй. Харин "******* нь ижил төрлийн бизнес эрхэлдэг ББСБ-ын тусгай зөвшөөрөлтэй "******* ББСБ" ХХК-ийн захирал бөгөөд манай байгууллагад валют худалдаж байсан буюу манай байгууллагын байнгын харилцагчийн нэг" гэх талаар яригдсан нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт ч тодорхой дурдагдсан. ******* нь "*******" ХХК-ийн хувьд харилцагч бөгөөд 2023.04.13-ны өдөр манай компанид валют худалдах санал гаргасны дагуу валют худалдсан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч "*******" ХХК нь 975,000 юанийг 1 бүрийг нь 507.9 төгрөгөөр тооцож худалдсан, нийт 495,202,500 төгрөгийг авах ёстой байсан гэж тайлбарласан. Хариуцагч "*******" ХХК нь "975,000 юанийг 1 бүрийг нь 508.5 төгрөгөөр худалдан авсан, төлбөрт нийт 495,787,500 төгрөгийг шилжүүлсэн" гэж тайлбарлан, шилжүүлгийн баримтыг хэрэгт гарган өгсөн нь "*******" ХХК-аас "*******" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүйг нотолно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэж, хэргийн бодит байдалтай нийцсэн. ******* ижил төрлийн бизнес эрхэлдэг талаар мөн ямар компани байдгийг хариуцагч мэдэж байна. Анхан шатны шүүхэд тайлбарлахдаа манайхаас валют аваад цааш сольж борлуулаад дундаас нь ашиг олдог буюу манайхтай байнгын хамтарч ажилладаг гэх байдлаар тайлбарласан. ******* ХХК нь эрх бүхий байгууллагаар юань солиулах зорилготой байсан. Энэ зорилгын дагуу ******* дуудаад ******* ХХК-ийн оффис руу хамт орсон. ******* цаашаа захирлын өрөөнд нь орохдоо нэхэмжлэгчийг үлдээгээд орсон. ******* ХХК-ийн дансыг авч өгөөд тусгай зөвшөөрөлтэй компани гэж хэлээд дансыг нь аваад хариуцагч тусгай зөвшөөрөлтэй байсан учраас нэхэмжлэгч юанийг шилжүүлсэн байдаг. *******ийн данснаас 30,400,000 төгрөг дутуу орсон ба тэрээр өөрийгөө ******* ХХК-ийн захирал гэж танилцуулсан. Хариуцагч талын анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараар ******* ******* ХХК-тай хамаарал бүхий этгээд гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, юань арилжаалах талаар нэхэмжлэгчтэй хэлцэл хийгээгүй гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна. Зохигчийн хооронд валют худалдах-худалдан авахтай холбоотой Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.******* ХХК нь Хаан банкин дахь юанийн ******* тоот харилцах данснаасаа 975,000 юанийг 2023 оны 04 сарын 13-ны өдөр ******* ХХК-ийн мөн банкин дахь юанийн ******* тоот дансанд шилжүүлсэн, ******* ХХК-аас тус юанийг төгрөгт шилжүүлэн иргэн *******ийн Хаан банкны ******* тоот дансанд 495,787,500 төгрөгийг мөн өдөр шилжүүлсэн болон ******* ХХК нь 2023 оны 04 сарын 14-өөс 24-ний өдрийн хугацаанд *******өөс 464,802,500 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан үйл баримтад зохигч маргаагүй байна.
Энэ үйл баримттай холбоотой шүүхээс 2025.05.05-ны өдөр хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын эзэмшлийн ******* дугаартай Ай-Фоне 15 маркийн гар утас, тус компанийн эзэмшлийн ******* дугаартай Ай-Фоне 8 маркийн гар утсан дахь Wechat-д үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан баримтаар ...2023.04.06-ны өдөр хариуцагчаас *******өд ******* ******* гэсэн зурвас, мөн нэхэмжлэгчээс 2023.04.13-ны өдөр 975,000 юанийг хариуцагчид шилжүүлсэн, мөн *******өөс хариуцагчид хандан За энэ данс руу төгрөг авна шүү... гэх дуут зурвасыг илгээж Хаан банкны ******* дансны дугаарыг илгээсэн... нөхцөл байдлыг тогтоожээ.
Дээрх үйл баримтын хүрээнд дүгнэвэл, хариуцагч ******* ХХК нь иргэн *******ийн 2023.04.13-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн түүний шилжүүлсэн 975,000 ванийг төгрөгт шилжүүлэн 495,787,500 төгрөгийг *******ийн Хаан банкны ******* тоот дансанд арилжаа гэсэн утгаар гүйлгээ хийснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Хариуцагч компанийн дансанд *******ийн нэрлэсэн 975,000 юанийн гүйлгээ хийгдсэн нь мөн хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцэх буюу Валютын зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд валютын арилжаа хийгч зөвхөн өөрийн данснаас эсхүл гадаад валютыг төгрөгт хөрвүүлэн шилжүүлэх бол тухайн гүйлгээ хийгдсэн дансанд шилжүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчээс 975,000 юанийг хариуцагчийн дансанд шилжүүлснийг ******* ХХК бус ******* шилжүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч юань солиулахаар хариуцагчид бус *******өд хандсаны дагуу тэрээр тухайн валютын арилжааг өөрийн нэрээр хариуцагчтай хийж, төгрөг хүлээн авах дансаар өөрийн дансыг нэрлэсний дагуу хариуцагч 495,787,500 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлснээр мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан үүргээ биелүүлжээ.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* өөрийгөө ******* ХХК-ийн захирал гэсэн ойлголтыг төрүүлж, тус компанийн оффис руу хамт орж дансны дугаараа солилцон юанийг шилжүүлсэн, *******ийн данснаас мөнгө орж ирсэнд маргахгүй, хариуцагчийн данс байсан тул хариуцагчтай эрх зүйн харилцаанд орсон гэж ойлгосон... гэж тодорхойлсон бөгөөд энэ магадлалын 4-т заасан үйл баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид хандан валют арилжих хүсэл зоригоо илэрхийлсэн байдал тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгчийн хувьд дээрх агуулгаар ойлгож *******тэй харилцаж, түүний нэрлэсэн буюу хариуцагчийн дансанд солиулах юанийг шилжүүлснийг хариуцагчид хандсан нэхэмжлэгчийн хүсэл зориг гэж үзэхгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн дансанд юань шилжсэнээр нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хариуцагч шууд хүлээн авсан, хэлцэл хийгдсэн гэж дүгнэхгүй. Зохигчийн хооронд ямар нэгэн байдлаар валют арилжих талаар хүсэл зориг илэрхийлэгдээгүй, мөн нэхэмжлэгчээс хариуцагчтай шууд харилцаагүй тухайгаа шүүхэд тайлбарласан байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага, түүний үндэслэлийг шүүхэд баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
Мөн ******* ХХК, иргэн ******* нарын хооронд хийгдсэн хэлцэлд хариуцагч ******* ХХК оролцоогүй буюу түүний хүсэл зоригоос гадуур болсон байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмнө *******ийн хүлээсэн үүргийг түүний өмнөөс хариуцагч ******* ХХК хариуцан арилгах үүрэггүй байна.
6.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03886 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-аас 30,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Э.ЭНЭБИШ