Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 75

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.А даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бид холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 04-р сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, М.Б,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 02-р сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

          Шүүгдэгч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 02 сарын 23-ны өдөр 2-р сургуулийн зааланд бөхийн барилдаанд оролцоод дуусгаад... юм яриад сууцгааж байгаад Атай бөхийн тэмцээнээс болоод жаахан маргалдаад А миний шилэн хүзүү рүү зүүн гараараа 1 удаа алгадсан. Тэгээд би чи яагаад байгаа юм бэ гээд Аг түлхсэн. А намайг чамайг ингэхээр яадаг юм гээд миний шилэн хүзүү рүү зүүн гараараа дахиад 1 удаа алгадсан юм. Гэнэт миний уур хүрээд машинаас буугаад урд талаар нь тойрч очоод Агийн сууж байсан талын хаалгыг онгойлгоод Агийн нүүр рүү нэг удаа алгадсан чинь А миний өөдөөс машинаас бууж ирээд намайг заамдсан. Тэгээд намайг заамдангуут нь би Агийн нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

          Хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14-15 цагийн орчимд Бтой хамт Приус-40 маркийн машинтай нь гараад... машин дотор 0.75 граммын савалгаатай EDEN архи авч уусан. Тэгээд жаахан ууж байгаад бид 2 хоорондоо маргалдаад байж байтал Б бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгож намайг 2 удаа цохисон. Тэгээд би заамдаж аваад цааш нь түлхэж унагаасан. Тэгээд Б босож ирээд намайг цохиж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/

          Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, А 2 барилдаанаас болоод маргалдаад байх шиг байсан... Тэгтэл гэнэт л нэг нэгнийгээ цохиод байх шиг байсан. Б машинаасаа буугаад тойрч очоод Аг түлхэж байгаа харагдсан. Б Аг машинаас татаад буулгасан. Б Агийн нүүр рүү цохих шиг л харагдсан. Тэгээд л би машинаас бууж очоод Бийг салгасан... Агийн хамарнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/  

          Гэрч О.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, А нар хоорондоо маргалдаад эхэлсэн... А ах Бтой муудалцаад машинаас буугаад хоорондоо барилцаад авсан. А ах Бийг заамдаад автал Б ах Агийн нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед Б бид хоёр тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

          Шинжээчийн ... дугаартай: “...Ц.Агийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/
           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 02-р сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Агийн эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохисны улмаас хохирогч Ц.Агийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

           Иймд шүүгдэгч  М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Ц.Агаас 2019 оны 04-р сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн “Сөүл” нүдний төвийн эмчийн ерөнхий үзлэг хийх үйлчилгээний төлбөр 28000 төгрөг, “Сөүл” нүдний төвөөр үйлчлүүлсэн үйлчилгээний төлбөр 98800 төгрөг, нийт 126800 төгрөгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан байх тул шүүгдэгч М.Боос гаргуулж хохирогч Ц.Ад олгох нь зүйтэй.

 Хохирогч Ц.Агаас ирүүлсэн нүдний ухархайн хагалгааны зардал 1 778 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 Учир нь нотлох баримтаас үзвэл 2019 оны 03-р сарын 04-ний өдөр амбулаториор эмчлүүлэгчийн картны эмчийн үзлэгийн тэмдэглэлд ухархайн ханыг нөхөх мэс заслын үнэ 1 200 000 төгрөг, ор хоног 508 000 төгрөг, өрөөний төлбөр 80 000 төгрөг, бүгд 1 778 000 төгрөг болохыг бичиж өгсөн байна. Харин хохирогч Ц.А энэ хагалгаанд орсны улмаас гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй ба нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
          
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Боос 126800 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ад олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 


                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА