Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ХШТ/20

 

  Б.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, Ц.Монгол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1161 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн    1169 дүгээр магадлалтай, Б.Ч-д холбогдох 2308009770547 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1975 оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Ч.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоот гэртээ хохирогч С.Б-ын зүрхэн тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1161 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ын цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Ч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д 5.825.000 /таван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ч-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цэнхэр өнгийн лентээр ороосон, нийт урт нь 32 см, ажлын хэсэг нь 20 см, бариул нь 12 см урттай 1 ширхэг хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хураагдан ирсэн 7 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1161 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор Ж.Сувданчимэг хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... Магадлалыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон өнгийн аяган дээрээс Ж.Б-ын баруун гарын эрхий хурууны хээ илэрснээр түүнийг тухайн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Ж.Б нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө ** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжинд Г.Ч, Т, Э, М, Б.Ч нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба улмаар Б.Ч нь автомашинаа хашаандаа оруулж тавихаар явах үедээ Ж.Б-ыг дуудаж хашаа руугаа Ж.Б-ын хамт орсон нөхцөл байдал тогтоогддог. Улмаар Ж.Б, Г.Ч, Б.Ч нар нь тус өдрийн 11 цагийн үед *** дүүргийн ** дугаар хороо Зүүн салааны хуучин эцэс дээр байрлах Мини маркет хүнсний дэлгүүр рүү хамт орцгоосон ба Хараа нэртэй 200 граммын архи худалдан авч уугаад 11 цаг 06 минутын үед салж явцгаасан. Ж.Б нь 11 цаг 06 минутын үед Б.Ч, Г.Ч нараас салж яваад гэртээ харьснаас хойш гэрээсээ гадагш гараагүй байх ба 16 цагийн үед Н.Т гэх эмэгтэйтэй хамт усанд явахаар гэрээсээ гарсан нөхцөл байдал хяналтын камерын бичлэгүүдэд тусгагдсан нь давхар гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Ж.Б нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед буюу хэрэг болсон цаг хугацаанд тухайн хэрэг гарсан газар буюу *** дүүргийн ** дугаар хороо ** дугаар гудамжны ** тоот Б.Ч-ын гэрт очоогүй, хэргийн газар байгаагүй болох нь тогтоогдож байна. Харин хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон өнгийн аяган дээрээс бэхжүүлэн авсан №3 дугаартай, Ж-ын Б-ын баруун гарын эрхий хурууны хээ нь хэрэг болсон цаг хугацаа болох 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагаас өмнө буюу тодруулбал, тухайн өдрийн өглөө Ж.Б нь Б.Ч-ынх руу орсон хугацаанд тус аяган дээр үлдсэн байх боломжтой юм. Анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/1161 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх тул тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2023/ДШМ/1169 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед *** дүүргийн ** дугаар хороо, ** тоот гэртээ хохирогч С.Б-ын зүрхэн тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.С.Б нь *** дүүргийн ** дугаар хороо ** тоотод зүрхэн тус газартаа хутгалагдсан байдалтай нас барсан ба тус хэрэг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13-14 цагийн үед үйлдэгдсэн болох нь Б.Ч нь Д.Б-ийн утсаар өөрийн ээж Д рүү 12 цаг 04 минутад залгаж... ярьсан...” гэх /3-р хх-ийн 23-р хуудас/ гар утасны ярианы баримт, гэрч н.Б, н.М нарын 13 цагийн үед Ч-д очсон талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба энэ үед Ж.Б нь хэргийн газарт байгаагүй болох нь дараах байдлаар тогтоогдсон байна. Тус хэрэгт сэжиглэгдсэн Ж.Б-ын хувьд маршрут шалгасан баримт, хяналтын камерын бичлэгээр гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийн 11 цаг 06 минутад гэр лүүгээ ганцаараа явж байгаа талаар тогтоогдсон, мөн тухайн өдөр 16 цаг 01 минут хүртэл гэрээсээ гараагүй нөхцөл байдал гэрч З.А, Н.Т нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон. Ж.Б-ын гарын мөр шүүгдэгчийн гэрийн ширээн дээр байсан аяган дээрээс илэрсэн талаар хийж болох бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч шүүгдэгч болон гэрчийн хэн аль нь шүүгдэгч Ч-нд ороогүй, тэр айлын эхнэр нөхөр хоёр гэртээ хүн оруулаад байдаггүй талаар мэдүүлсэн байдаг. Хурууны хэний талаар хэрхэн ямар байдлаар гарсан байх боломжтой байх талаар шүүгдэгч болон гэрч нарын хэн аль нь тодорхой мэдүүлээгүй. Анхан шатны шүүхээс хэргийн шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжлэгдсэн бүх баримтын хүрээнд, нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт тодорхой өөрчлөлтийг оруулж өгнө үү. Бусад зардлаа нэхэмжлэх гэсэн дээр “хор уршигтай холбоотой баримт” гэдгийг нэмж оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнчимэд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нэмж хэлэхэд миний бие 4 хүүхэдтэй амьдардаг. Бага хүүхэд маань насанд хүрээгүй, хоёр том нь 22, 23 настай. Миний бие болон хүүхдүүд маань ч гэсэн одоо хүртэл сэтгэл санааны маш их хүнд хямралтай байна. Прокурорын гаргасан эсэргүүцэл болон өмгөөлөгчийн гаргасан тайлбартай 100 хувь санал нэгтэй байна. Маш их гомдолтой байна гэдгээ хэлмээр байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон атлаа түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримтыг зааж өгч чадаагүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “гэм буруутай болох нь хангалттай нотлогдохгүй байна. Тухайн гэмт хэрэгт өөр шалгах нөхцөл байдлууд байна, нотлох баримтыг хангалттай судалж бэхжүүлээгүй байна” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон магадлалыг дэмжиж байна. Миний бие энэ гэмт хэрэг үйлдэгдэж дууссаны дараа тухайн үеийн яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Оролцож байх явцад хэрэгт прокурорын болон шүүхийн шатанд олон удаагийн хүсэлт, гомдлыг гаргасан. Агуулга нь энэ хэргийг бүрэн дүрэн хангалттай шалгаж өгөх тухай хүсэлт гаргасан. Гэвч уг хүсэлтүүдээс нэгийг ч хангаагүй нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байна. Эдгээр хүсэлтүүдээс хоёр зүйлийг дурдвал, нэг нь яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан шүүхийн тогтоолд гэрч н.М, н.Б нарын мэдүүлгийг дурддаг. Тус мэдүүлэгт Б.Ч, н.Б нар өөд өөдөөс харсан сандал дээр сууж байсан гэхээс өөр бичгийн нотлох баримт байхгүй. Гэвч тус нотлох баримт нь бодит байдалд болон бусад гэрч нарын мэдүүлгээр бодит үнэнд нийцэхгүй байгаа нь харагддаг. Гэрч н.М, н.Б нар нь мэдүүлэгтээ Б.Ч-ын гэрийн хаалга нь цоожтой байсан тул цонхны гаднаас харж байгаад явсан. Тэдний хашаанаас гараад 100 орчим метрийн зайд автобусны буудалд М гэх хүнтэй тааралдахад  тухайн хүн Б.Ч-ын гэр лүү явж байсан бөгөөд н.Б, н.М нар нь тэдний гэрт очих хэрэггүй, хаалга нь цоожтой, Б.Ч нь согтуу байна гэж хэлсэн. Гэтэл н.М нь түүнийг тоохгүйгээр Б.Ч-ын гэр лүү очсон. Энэ хугацаа болон тухайн зайнд туршилт хийгээгүй учраас ярих боломжгүй. Өмгөөлөгчийн хувьд тухайн газар дээр очсоныхоо хувьд 100 орчим метрийн зайд н.М нь Б.Ч-ын гэрт очдог. Хугацааг бол ярих боломжгүй. 100 метрийн зайд хүн очиход ямар зай болох нь барагцаагаар харагдана. Ингээд очиход Б.Ч-ын гэрийн хаалга нь онгорхой, дотогшоо ороход Б.Ч нь гэрийнхээ хувцастай орон дээр унтсан байдалтай, амь хохирогч нь ширээний ард хутгалагдсан байдалтай нас барсан байдалтай байдаг. Тэгэхээр гол нотлох баримт болгож байгаа н.М, н.Б нарын гэрчийн мэдүүлэг нь эргэлзээ төрүүлж байна. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дурдахад цагаатгалын нотлох баримтууд маш их байдаг. Шинжээчийн дүгнэлтэд “талийгаач нь цээжний зүүн хөндийг 5, 6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцгийн урд хана хэсгийг цоолж үхэлд хүргэсэн ба мөн зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Б.Ч-ын арван хурууны хумсны дээж болон гарын арчдаст цус биологийн гаралтай зүйл илрээгүй” гэж гарсан. Тиймээс зулгаралт үүссэн харагдаж байна. Мөн “хохирогч С.Б-ын 7, 10 дугаар хурууны хумсны дээжээс цус илэрсэн бөгөөд шинжилгээ хийхэд хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй. Б.Ч-ын биед үзлэг хийхэд ямар нэгэн зулгаралт, гэмтэл байхгүй” гэж гарсан. Тиймээс энэ хоёр хүний хооронд тэмцэл болоогүй гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Прокурорын тайлбар дээр гэрч Ж.Б-ын тухай дурдсан. Шинжээчийн дүгнэлтээр хэргийн газрын үзлэг хийж хурааж авсан аяганаас Ж.Б-ын гарын мөр илэрдэг. Тухайн өдрөөс өмнөх цаг хугацаанд Ж.Б нь Б.Ч-ын гэрт ороогүй болох нь тодорхой байдаг. Тухайн өдрийн болсон процессыг Б.Ч санахгүй байгаа. Шүүгдэгчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн учраас санахгүй байгааг прокурор болон мөрдөн байцаах ажиллагааны шатанд хүндрүүлэх байдлаар авч үзсэн. Гэхдээ ажил үүргийн хуваарийн хувьд Б.Ч нь урд шөнө хоногоор ажиллаад өглөө нь ажлаас бууж ирээд архи согтууруулах ундаа хэрэглээд тасарсан шинжтэй, болсон үйл явдлыг санахгүй байсан. Тиймээс тухайн өдөр Ж.Б орж ирсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл өөрөө ороогүй гэж тайлбарладаг. Гэвч Б.Ч-ын гэрт орсноор тухайн аяган дээр мөр үлдэнэ. Мөн Ж.Б-ын биед үзлэг хийхэд хөмсөг хэсэгт зулгаралт гэмтэл үүссэн, хувцас нь урагдсан байдалтай байсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний бие Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Давж заалдах шатны шүүхэд Б.Ч болон түүний өмгөөлөгч миний бие ялын хэмжээг хөнгөрүүлэх тухай гомдол гаргасан боловч тус гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй, хохирлоо барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхэд “санахгүй байна” гэсэн тайлбараар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн нөхцөл байдлаар оногдуулсан ял нь хүндрүүлсэн учраас өршөөл гуйж ял хөнгөрүүлэх тухай гомдол гаргасан. Уг гомдлыг хэлэлцэж хууль зүйн дүгнэлт өгөөгүй байгаа. Хэрвээ прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан нөхцөлд давж заалдах шатны шүүхэд гомдлоо хангуулах эрхээр хангаж өгнө үү, эсвэл Улсын дээд шүүхээс ял хөнгөрүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь, анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн эсэхийг хянадаг шүүх гэж ойлгож байгаа. Шүүхийг шүүдэг шүүх гэж ойлгохгүй байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад үнэн, худал хэлснийг тогтоодог полиграф буюу асуулт хариултын аппарат байдаг. Уг аппаратад эдгээр хүмүүсийг оруулах ёстой байсан. Сэжиг бүхий 60-аас дээш магадлалтай худал хэлсэн хүмүүсийг нягтлан шалгахгүйгээр зөвхөн мэдүүлэг авсан байдлаар хязгаарласан. Хүний амь настай холбоотой асуудал нь хариуцагч байх ёстой гэх утгаараа заавал нухацтай хийх байсан учраас түүнийг орхигдуулсан. Ц.Шийтэрчулуун өмгөөлөгч хэрэгт авагдсан баримтын талаар маш тодорхой тайлбарласан. Түүнийг ярихаас өөр арга байхгүй. Давж заалдах шатны шүүхийн шүүгч гарын хээ олдсон асуудлыг ярьсан. Тэр хүн тайван унтаж байсан. Хутган дээр байсан гарын хээг арчиж цэвэрлэсэн учраас хутганд гарын хээ гараагүй. Хүн алсан хүн нь ямар нэгэн асуудалд хандах ёстой. Гэтэл ухаан мэдрэлгүй байсан байна. Тиймээс энд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Энэ хэрэгт буцаагаад нэмэлт ажиллагаа хийснээр хэн нэгэн хохирохгүй гэж үзэж байна. Жинхэнэ гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтооход цаг хугацааны асуудал гаргах байх. Тийм учраас энэ бүхнийг нухацтай хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Прокурор эсэргүүцэлдээ “... Ж.Б нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед буюу хэрэг болсон цаг хугацаанд тухайн хэрэг гарсан газар буюу *** дүүргийн ** дугаар хороо * дугаар гудамжны ** тоот Б.Ч-ын гэрт очоогүй, хэргийн газар байгаагүй болох нь тогтоогдож байна. Харин хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон өнгийн аяган дээрээс бэхжүүлэн авсан №3 дугаартай, Ж-ын Б-ын баруун гарын эрхий хурууны хээ нь хэрэг болсон цаг хугацаа болох 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагаас өмнө буюу тодруулбал, тухайн өдрийн өглөө Ж.Б нь Б.Ч-ынх руу орсон хугацаанд тус аяган дээр үлдсэн байх боломжтой юм” гэжээ.

2.1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагаас 13 цаг 30 минутын хооронд *** дүүргийн ** дугаар хороо, ** тоот Б.Ч-ын гэрт амь хохирогч С.Б нь зүрхэн тус газартаа хутгалуулж амь насаа алдсан гэж цаг хугацааг тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин Ж.Б нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагаас 14 цагийн хооронд Б.Ч-ын гэрт байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан:

*** дүүргийн ** дугаар хороо, Зүүн салааны хуучин эцэс рүү чиглэсэн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  “... 2023.03.13-ны өдрийн 11 цаг 00 минут 20 секундэд Зүүн салааны хуучин эцсийн автобусны буудал дээр Б.Ч, Г.Ч, Ж.Б нар нь алхаж байгаа хэсэг, ... 11 цаг 00 минут 48 секундэд буудлын урд хэсэгт байрлах Мини маркет руу Б.Ч, Г.Ч, Ж.Б нар орж байгаа хэсэг. ... 11 цаг 04 минут 00 секундэд дэлгүүрээс Б.Ч, Г.Ч, Ж.Б нар гарч явж байгаа нь бичигдсэн” (1 дүгээр хавтаст хэргийн 96-102 дахь тал),

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... 2023.03.13-ны өдрийн 11 цаг 05 минутын бичлэг байсан ба уг бичлэгт иргэн Ж.Б нь *** дүүргийн ** дугаар хороо, * дүгээр гудамжаар 11 цаг 06 минутад саарал өнгийн куртиктэй, хөх өнгийн жинсэн өмдтэй алхаад уг гудамжаар эргэн нарийн гудамж руу орж гэр лүүгээ харьж байгаа нь бичигдсэн” (1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дахь тал),

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... 2023.03.13-ны өдрийн *** дүүргийн ** дугаар хороо, Зүүн салааны * дүгээр гудамжинд ертөнцийн зүгээр баруун тийш харсан бичлэг байх ба иргэн Ж.Б-ын гэр лүү явдаг замыг харуулсан байв. 16 цаг 01 минут 44 секундэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн усны тэрэг түрсэн байдалтай гарч ирж байх ба шар усны савтай тэрэг түрсэн нь Ж.Б байх бөгөөд гадуураа хар өнгийн куртиктэй, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй явж байгаа, улмаар 16 цаг 32 минут 33 секундэд усаа аваад тэргийг түрсэн байдалтай буцаад гэр лүүгээ явж байгаа нь бичигдсэн байна” (1 дүгээр хавтаст хэргийн 88-94 дэх тал),

гэрч Н.Т-ын “... Би 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр *** дүүргийн ** дугаар хороо, * дүгээр гудамжны ** тоот гэртээ байж байгаад манайхтай ойрхон байх Ж.Б-ын гэрт 12 цаг 30 минутад орсон чинь ээж А, хүү Б 2 унтаж байсан. Тэгээд ээж нь хаалга дугарахад сэрээд бид 2 ярьж сууж байгаад 14 цаг өнгөрч байхад гэртээ ус авах гээд Б-ыг цуг усанд явъя гэж хэлээд би гэрээсээ усны тэрэг болон усны саваа авсан ба Б бас усны тэрэг болон савтайгаа гарч ирээд бид 2 цуг гэр гэрийнхээ усыг авах гээд цуг яваад усаа авчихаад буцаад гэр гэр лүүгээ салаад явцгаасан бөгөөд ахиж бид 2 уулзаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн  193 дахь тал),

гэрч З.А-ийн “... 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ *** дүүргийн ** дугаар хороо, ** тоотоос өглөө 07 цаг 30 минутад гарч яваад өдөр 12 цагийн үед гэртээ согтуу ирсэн юм. Тэгэхээр нь би загнаад унт гээд хэлэхэд унтаад өгсөн. Тэгсэн 15 цагийн үед манай урд талын хашаанд байдаг зүс таних нэг эмэгтэй орж ирээд Ж.Б-ыг сэрээгээд усанд хамт явъя гэж хэлээд авч яваад 15 цаг 30 минутын үед 2 ширхэг шар савтай ус аваад гэртээ ирсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө Ж.Б, Б.Ч, Г.Ч, О.Т, О.Э, Э.М нар хамт архи ууж байгаад Э.М нь О.Т, О.Э нарын хамт гэр лүүгээ таксидаж харьсан бол Ж.Б, Б.Ч, Г.Ч нар Зүүн салааны хуучин эцэст үлдэн  11 цаг 00 минутад хамт дэлгүүр ороод, 11 цаг 04 минутад буцаад дэлгүүрээс гарч, 11 цаг 05 минутад Ж.Б нь тэднээс салан ганцаараа гэртээ харьсан ба улмаар гэртээ өөрийн ээж З.А-ийн хамт байж байгаад 16 цагийн үед Н.Т гэх эмэгтэйн хамт худгаас ус авахаар гэрээсээ гарсан болох нь хяналтын камерын бичлэг болон гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогджээ.

Дээр дурдсан нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах үед Ж.Б-ыг өөр газарт байсныг нотлох үйл баримт (факт) бөгөөд энэ нь түүнийг гэм буруугүй гэдгийг нотлох баримт буюу “alibi” болно.

Гэмт хэрэг гарах үед Ж.Б хэргийн газарт байгаагүй болох нь тогтоогдож байгаа тул тэрээр С.Б-ын зүрхэн тус газарт хутгалж алсан байх бодит боломж үгүйсгэгдэнэ.

2.2.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын    16-ны өдрийн 04/142 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Шинжилгээнд тэнцэх№2 дугаартай “Ногоон өнгийн аяган дээрээс” гэж тодорхойлон бичсэн гарын мөр нь Ж-ын Б-ын баруун гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна” (1 дүгээр хавтаст хэргийн 226-228 дахь тал) гэжээ.

Ж.Б нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өглөө Б.Ч дуудсаны дагуу очоод машинаа хашаандаа оруулахад нь хаалга барьж өгч туслаад, дараа нь түүний гэрт хамт орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Ч-ын “... Бид нар нөгөө Б баараа ахын авчирсан архийг задлаад сууж байсан чинь Б.Ч би машинаа оруулж тавиад ирье гээд бид нарыг машинаас буулгаад гэр лүүгээ машинаа оруулах гээд унаад явсан. Харин Т, Э, М, Б бид нар худгийн тэнд буугаад үлдсэн чинь Б.Ч ах Б-ыг дуудаад хамтдаа хашаа руу нь орсон. Хашаа руу ороод юу хийсэн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал),

гэрч Г.Ч-ын дахин өгсөн “... Б.Ч машинаа оруулж тавьчихаад ирье гээд бид нарыг машинаас буулгаад гэр лүүгээ машинаа унаад явсан. Т, Э, М, Б бид нар худгаас доошоо ойролцоогоор хоёр айлын хашаа өнгөрөөд ертөнцийн зүгээр урагшаа харсан граштай блокон хашаатай айлын тэнд архиа авч үлдээд зогсож байсан чинь Б.Ч хашааныхаа хаалгыг онгойлгоогүй байхдаа машинтайгаа хашааны үүдэнд зогсчихоод О гээд дуудаад байсан. Тэгсэн О Б.Ч дээр очоод Б.Ч Б хоёр машин оруулж тавьчихаад ойролцоогоор 10-15 минут болоод гарч ирсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал),

 гэрч О.Т-ын “... Б.Ч ах би машинаа тавиад гараад ирье, та нар буугаад намайг хүлээж бай гэж хэлсэн тэгээд М, Э, Шингэн Ч, Б бид нар машинаас архитайгаа хамт буугаад гудамжинд нь Б.Ч ахыг хүлээж байсан юм. Тэгсэн Б.Ч ах машинтайгаа хашааныхаа үүдэнд очоод Б-ыг дуудаад байсан. Тэгсэн Б Б.Ч руу яваад очсон. Ямар учраас дуудсаныг мэдэхгүй байна. Миний бодлоор хашааныхаа хаалга болон грашынхаа хаалгыг онгойлгуулах гэж дуудсан байх гэж бодож байна. Тэгээд М, Шингэн Ч, Э бид дөрөв нөгөө архиа хувааж ууж дуусгаад Б, Б.Ч хоёрыг 10 гаран минут гудамжинд хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь явъя гээд явах гэж байсан чинь Б, Б.Ч хоёр гараад ирсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал),

 яллагдагч Б.Ч-ын “... Би тухайн үед хашаа руугаа орохдоо Б-ыг дуудсан үгүйг санахгүй байна. Манай хашааны хаалга гадагшаа онгойдог юм. Хашааны хаалга заавал нэг нь барьж юм уу эсвэл чулуу тээглүүлж тавихгүй бол машин ороход хэцүү байдаг юм” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал) зэргээр нотлогдож байна.

Иймд прокурорын бичсэн “... Ж.Б нь ... Б.Ч-ын гэрт очоогүй, хэргийн газар байгаагүй болох нь тогтоогдож байна. ... 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагаас өмнө буюу тодруулбал, тухайн өдрийн өглөө Ж.Б нь Б.Ч-нх руу орсон хугацаанд тус аяган дээр хурууны хээ үлдсэн байх боломжтой юм” гэсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

3.Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт юм.

Энэ зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр *** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод С.Б нь зүрхэн тус газартаа хутгалуулж нас барсан гэх үйл явдлыг мөрдөн шалгах явцад уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь хянан үзсэний эцэст Б.Ч-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ч-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.Ч-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Б-ын зүрхэн тус газарт хутгалж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

5.Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  шүүгдэгч Б.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэв.  

6.Харин давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгээгүй атлаа гэмт хэрэг гарсан газраас хураан авсан аяган дээрээс Ж.Б-ын баруун гарын эрхий хурууны хээний дардас илэрсэн бөгөөд яагаад түүний гарын хээ илэрсэн талаар эргэлзээгүй тогтоож чадаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй тул дээрх нотлох баримтын эргэлзээтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах шаардлагатай гэж үйл баримтыг цогцоор нь бус хэсэгчлэн дүгнэж, дан ганц үр дагавар, объектив илрэлд тулгуурласан дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Нотлох баримтыг шалгах, үнэлэх нь хийсвэр таамаглал, субьектив хүсэл зориг, үзэмжийн асуудал биш шүүхээс нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг даван туулахын тулд рациональ сэтгэлгээ, логикийн болон шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан туршилтын хуулиуд, шинжлэх ухаан-танин мэдэхүйн дүрэм, арга зүйг ашиглах, тэдгээрт тулгуурлан дүгнэлт хийсэн байх шаардлагатай.

Гэтэл шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдал гэж үзэн уг эргэлзээг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах шаардлагатай гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

Тодруулбал, Ж.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байгаагүйг нотлох баримтууд болон хэргийн газраас хураан авсан аяган дээрээс Ж.Б-ын гарын хээ илэрсэн гэх нэг нь нөгөөгөө харилцан үгүйсгэсэн нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан цогц байдлаар шинжлэн судалж, логик оюун дүгнэлтэд үндэслэн үнэлж, тайлбар хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

7.Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

8.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны “... шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 12 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү”, өмгөөлөгч Ц.Монголын “... анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэх гаргасан гомдлуудад дараах тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл тул түүнийг оногдуулахдаа тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.

Шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Анхан шатны шүүхээс Б.Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлын баримтын хүрээнд төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ба12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогддоггүй болохыг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хангаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1161 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                            С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

М.ПҮРЭВСҮРЭН

Ч.ХОСБАЯР