Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2026/0091

 

“М Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрчим хүчний зохицуулах хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        М.Батсуурь

Танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                             Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:             П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0193 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2026/0307 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Г.Э нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0285 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “М Э С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 606 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Эрчим хүчний зохицуулах хороо 2019 онд “М Э С” ХХК-д Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд “5 МВт-ын чадалтай, 20 МВт.ц-ын багтаамжтай эрчим хүчний хуримтлуурын байгууламж барих” тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгож, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “М Э С” ХХК-ийн ****** аймгийн ****** суманд баригдах 5 МВт-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуурын системээс цахилгаан эрчим хүч худалдах тарифыг 1 кВт.ц тутамд 15.0 ам.центээс дээшгүй байх”-аар, 3 дахь заалтаар ““М Э С” ХХК-ийн “ДҮТ” ХХК-иас шөнийн цагт худалдаж авах цахилгааны тарифыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллаж буй үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамгийн бага энергийн тарифаар тооцсугай” гэж цахилгаан эрчим хүчний үнэ, тарифыг тогтоосон байна.

2.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 696 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоохдоо ““ДҮТ” ТӨХКК-тай байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох өөрчлөлт оруулахыг даалгасан буюу гэрээний 8.1-д “Худалдагч нь арилжааны үйл ажиллагаа эхлэх өдрөөс арилжааны цэгт цахилгаан эрчим хүчийг диспетчерийн зохицуулалтаар, шөнийн бага ачааллын 22:00-06:00 цагт, өдөр 13:00-18:00 цагуудад нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүч худалдаж авах ба бусад цагуудад цахилгаан эрчим хүч худалдана”, 9.2-т “Талууд Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 111 тоот тогтоолоор хуримтлуурын байгууламжаас цахилгаан эрчим хүч худалдах тарифын 15.0 ам.цент/квт.ц-аар, хорооны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/313 тоот албан бичгийн дагуу хуримтлуурыг цэнэглэхдээ Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс худалдан авах цахилгаан эрчим хүчний тарифыг 2.0 ам.цент/квт.ц-аар тус тус тооцно” гэснийг өөрчлөхийг даалгасан.

2.3.Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны 174 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоосон, ингэхдээ Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудад өөрчлөлт оруулахыг дахин даалгаж байсан, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 303 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “дунд” гэж дүгнэж байжээ.

2.4.2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасанд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/895 дугаар албан бичгээр  “… Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох” тухай 696 дугаар тогтоолын 4 дэх заалт болон “ДҮТ” ТӨХХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ирүүлэх”-ийг шаардсан, мөн нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 24/13 дугаар албан бичгээр “… гэрээний 8.1 заалттай холбоотой зөвлөмж” хүсэхэд, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “ДҮТ” ТӨХХК-ийн 01/1313 дугаар албан бичгээр “… хуулийн дагуу үнэ тарифын асуудал Эрчим хүчний зохицуулах хорооны эрх үүрэг тул хороонд хандаж тодруулга авч хамтран ажиллахыг зөвлөж байна” гэжээ.

2.5.2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч компаниас “… шинэчлэн тогтоосон нөхцөл, шаардлагын хүрээнд “ДҮТ” ТӨХХК-тэй 2023-2024 онуудад ажлын уулзалтуудыг хийсэн бөгөөд цаашид нэхэмжлэгч компани нь гэрээний оролцогч тал болох Эрчим хүчний зохицуулах хороотой “Өдрийн цагт хуримтлуурыг цэнэглэх тариф”-ыг зөвшилцөх саналтай байна” гэсэнд, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04/1158 дугаар албан бичгээр “… “Тариф батлах тухай” 111 дүгээр тогтоолоор “М Э С” ХХК-ийн эрчим хүчний хуримтлуурын системийн үнэ тарифыг баталсан. Гэтэл хорооны тогтоолыг үндэслэл болгохгүйгээр цахилгаан эрчим хүчийг 2.0 ам.центээр худалдан авахаар гэрээнд тусгасан байна. Иймд дээрх гэрээний заалтуудын талаар “ДҮТ” ТӨХХК-тай хамтран холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэжээ.

2.6.2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 605 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан байна.

3.Нэхэмжлэгчээс “... Тусгай зөвшөөрөлд 20 МВт.ц багтаамжтай хуримтлуур угсрахаар байгаа, 20 МВт.ц хуримтлуулах нь жилд 14.6 сая МВт.ц нийлүүлэхийн тулд 2 удаа цэнэглэх ёстой болж байгаа. Хариуцагчийн тавьж байгаа үүрэг даалгаврын дагуу нэг удаа цэнэглэх ёстой гэвэл 20 биш, 40 МВт.ц-ийн хуримтлуур байх асуудал үүснэ. Энэ нь техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, санхүүгийн тооцоолол зэргийг өөрчилж байна. Өөрчлөгдсөн хуримтлуурыг барихаар бол нэхэмжлэгч компани барилгын ажил эхлүүлэх боломжгүй болж, бусад үзүүлэлт дээрээ 0 оноо авч байна. 2 удаа цэнэглэх үү, 2 ам.центээр тооцох уу гэдэг нь төслийн ашигтай байдал, санхүүгийн өгөөж, санхүүжилтийг яаж босгох зэрэг олон асуудлыг хөндөж байгаа, анх өгсөн зөвшөөрөл, тарифын дагуу бүх зүйлээ бэлдэж байхад барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын өмнөхөн энэ асуудлыг гаргаж ирснээр бүх ажил гацсан. Байгуулагдсан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг өөрчлөх гэдэг үүрэг даалгавар өгөх эрх мэдэл Эрчим хүчний тухай хуульд байхгүй, ганцхан гэрээний загвар болон тарифыг батлах эрхтэй. Хэдэн удаа цэнэглэлт хийх асуудлыг тодорхой болгодог мэргэжлийн байгууллага бол “ДҮТ” ТӨХХК юм” гэж,

4.Хариуцагчаас “... Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлэх ёстой. Холболтын техникийн нөхцөлийн хугацаа дууссан, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 696 болон 2024 оны 174 дүгээр тогтоолоор өгсөн үүрэг даалгавар биелээгүй, барилга угсралтын ажил эхлээгүй тул хангалтгүй, 44%-тай үнэлсэн. 2020 оны 111 дүгээр тогтоолоор тарифыг баталсан. Энэ тогтоолд 2 удаа цэнэглэлт хийнэ гэж байхгүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос цэнэглэлтийн тоо, хэмжээг батлаагүй байхад өөрсдөө дур мэдэн тогтоосон. Яаж нийлүүлэх талаар яриад байгаа болохоос биш, хэрхэн цэнэглэх зохицуулалт байхгүй. Тарифын тооцоолол, хэдэн удаа цэнэглэх боломжтой, хэдэн удаа цэнэглэхэд ямар үнээр нийлүүлснээр тухайн компанийн санхүүгийн өгөөжөө яаж тооцох тухай тооцооллоо ирүүлж, Эрчим хүчний зохицуулах хороо түүнийг хянах үүрэгтэй. Тариф тооцох саналаа ирүүлнэ үү гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж байсан, гэвч саналаа Хороонд ирүүлж байгаагүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг тогтоосон үзүүлэлтийн дагуу жил бүр дүгнэсэн тайланг голлох үзүүлэлт болгон “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэх, техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэх”-ийг хурлаараа хэлэлцэж, тогтоол гарган шийдвэрлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх, түүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх нь Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрх буюу түүнд хуулиар олгогдсон сонгох боломж нь боловч энэ хэргийн тохиолдолд хариуцагч сонгох боломжийг буруу хэрэгжүүлсэн байна.

5.2.Учир нь хариуцагчаас тусгай зөвшөөрөл эзэмшигч “М Э С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг үнэлэхдээ бодитой үнэлээгүй буюу үүрэг даалгаврын дагуу “ДҮТ” ТӨХХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах талаар эрх бүхий байгууллагад хандаж байсан, нэг талын хүсэлтээр шийдвэрлэх асуудал биш болохыг харгалзаж үзээгүй, ****** аймгийн ******** сумын Засаг даргын дээрх шийдвэрүүдээр цахилгаан эрчим хүч дамжуулах шугамын зориулалтаар дуудлага худалдаанд оролцож, газар ашиглах эрхээ баталгаажуулж авсан, Эрчим хүчний яамнаас олгосон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/2022/252 дугаартай техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Эрчим хүчний яамнаас сунгах эсэхийг шийдвэрлээгүй зэрэг өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзээгүй, хүчин төгөлдөр үйлчилж буй Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын дагуу үнэлээгүй, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 174 дүгээр тогтоолын дагуу 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

5.3.Эрчим хүчний зохицуулах хорооноос “М Э С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг үнэлж дүгнэхдээ Эрчим хүчний яамны 02/2022/252 дугаартай техникийн нөхцөлийг сунгуулахаар нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийн мэдүүлгийг гаргасан боловч эрх бүхий байгууллагаас шийдвэрлээгүй байгааг анхаарч үзэлгүйгээр 0 хувиар үнэлсэн, Хорооны 2022 оны 696, 2024 оны 174 дүгээр тогтоолуудаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт-өөрчлөлт хийгдээгүй, 0 хувь гэж үнэлсэн.

5.4.Нэхэмжлэгчээс Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахаар төрийн захиргааны байгууллагад хандаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний нэг талын хүсэлтээр шийдвэрлэх асуудал биш байсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

5.5.Түүнчлэн нэхэмжлэгчээс суурь баримт бичиг буюу эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт хэрхэн орохоос шалтгаалан хуримтлуурын системийг 1 удаа цэнэглэх, 2 удаа цэнэглэх нөхцөл байдлын улмаас ямар хүчин чадалтай барилга байгууламж барих, ямар хүчин чадалтай хуримтлуур байршуулах гэх мэтээр зураг төслөө шинэчлэх, техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинээр батлуулах, хөрөнгө оруулагч нартайгаа дахин зөвшилцөх гэх мэтээр эхнээс нь бүх ажлаа хийх шаардлага үүссэн, “ДҮТ” ТӨХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Эрчим хүчний хуримтлуурын байгууламжийн цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах талаар “ДҮТ” ТӨХХК-тай уулзалт зохион байгуулсан боловч Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруул гэдэг хариу өгсөн. Эрчим хүчний зохицуулах хороо нь “ДҮТ” ТӨХХК-тай хамтран ажилла гээд 2 байгууллагын хоорондын асуудлаас болоод тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийн хэрэгжилт удааширч, үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл үүссэн гэх тайлбар нь үндэслэлтэй.

5.6.“М Э С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн баталж, хэм хэмжээний актад бүртгүүлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн шаардлагыг 10 шалгуур үзүүлэлтийг тогтоож өгсөн байгаа боловч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үнэлж дүгнэхдээ Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 174 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэсэн болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны танилцуулгаар тогтоогдож байна.

5.7.Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үнэлж, дүгнэн сунгах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байх бөгөөд энэхүү эрхэд халдаж, шүүхээс сунгахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй, иймээс тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дахин үнэлэхийг даалгах нь зүйтэй.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 174 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4.4-т “Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй байх”, 4.5-д “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш холбогдох хууль журмын хүрээнд 12 сарын дотор эхлүүлсэн байх”, 4.6-д “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулах, ашиглалтад оруулах” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь төслийн талбайд хашаанаас өөр зүйл бариагүй төдийгүй Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлийн хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.

6.2.Хэдийгээр нэхэмжлэгчээс “техникийн нөхцөлийг батлуулахаар Эрчим хүчний яаманд хүсэлт гаргасан ч шийдвэрлэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж тайлбарлах боловч Эрчим хүчний яам ямар үндэслэлээр техникийн нөхцөлийг нь батлахгүй байгаа, батлахаас татгалзсан эс үйлдэхүй гаргасан эсэх талаар тус яамны  үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хугацаанд маргаагүй нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар тогтоогдож буй энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 44% “Хангалтгүй” биелүүлсэн гэж үнэлснийг буруутгах үндэслэлгүй.

6.3.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь хамтын удирдлагатай, шийдвэр нь тогтоол хэлбэрээр гардаг байх тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тариф батлах тухай” 111 дүгээр тогтоолд нийцээгүй даргын албан бичгийн дагуу “М Э С” ХХК нь шөнийн цагаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс 2.0 ам.цент/квт.ц-р эрчим хүч худалдан авч, үүнийгээ ачаалал ихтэй, шаардлагатай цаг хугацаанд 1 кВт.ц тутамд 15.0 ам.центээс ихгүй үнээр худалдан борлуулахаар байна.

6.4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тариф батлах тухай” 111 дүгээр тогтоолын агуулгаас үзвэл “М Э С” ХХК нь шөнийн цагаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс 2.0 цент/кВт.ц-аар эрчим хүч худалдан авч, үүнийгээ ачаалал ихтэй, шаардлагатай цаг хугацаанд 1 кВт.ц тутамд 15.0 ам.центээс ихгүй үнээр худалдан борлуулахаар байна.

6.5.Гэтэл “ДҮТ” ТӨХХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өдөрт 2 удаа цэнэглэлт хийхээр, улмаар ачаалалтай өдрийн цагаар ч 2.0 ам.цент/кВт.ц-р эрчим хүч худалдан авч, үүнийгээ 1 кВт.ц тутамд 15.0 ам.цент үнээр худалдан борлуулахаар заасан нь дээр дурдсан 111 дүгээр тогтоолын зорилгод нийцээгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

6.6.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч компаниас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24/12 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлттэй нь холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/895 дугаар албан бичгээр нэмэлт баримт шаардсан байхад нэхэмжлэгч компаниас уг албан бичгийн хариуг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24/17 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх тул Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 6-д “Энэ зүйлийн 4.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа ажлын 10 өдөр байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдөл гаргаагүйд тооцно” гэж заасны дагуу өргөдөл гаргаагүйд тооцох үндэслэлтэй.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2025 онд шийдвэрлэхдээ биелэлтийг үнэлэх аргачлалыг буруу сонгож, хуучин дүрмийг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, 2025 оны дүрмийн 4.6-д “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн шаардлагыг арифметик дунджаар дүгнэх бөгөөд биелэлтийн хугацаа нь хүрээгүй шаардлагуудыг хасаж тооцно” гэсэн хэсэг 2023 оны дүрмийн 6.8-тай агуулгын хувьд ижил аргачлалыг тогтоосон бол сунгалтын тусгайлсан аргачлал болох 2023 оны 6.11.2-ыг агуулаагүй, хассан.

7.2.2025 оны дүрмийн 4.6-д заасны дагуу хугацаа нь хүрээгүй шаардлагыг хасч тооцох ёстой байсан, хугацаа нь болоогүй шаардлагыг үнэлгээнд оруулах нь нэхэмжлэгчийн үнэлгээг бууруулах үр дагавартай, харин хугацаа нь болоогүй шаардлагуудыг хасаж тооцвол нэхэмжлэгчийн оноо нэмэгдэж, “Хангалттай” үнэлэгдэх боломжтой.

7.3.Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэх эрх захиргааны байгууллагад хуулиар олгосон боловч уг эрхийг субъектив бус, урьдчилан тодорхойлсон аргачлал, механизмаар хэрэгжүүлэх ёстой. Захиргааны байгууллага үнэлгээний аргачлалыг дур мэдэн сонгож хэрэглэх боломжтой бол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд хуулийн өмнө тэгш, урьдчилан тооцоолох, үйл ажиллагаагаа төлөвлөх боломж алдагдана.

7.4.“М Э С” ХХК-ийн хэрэгжүүлж буй энэ төсөл түүний нэг тод жишээ болно. Гадаадын хөрөнгө оруулалттай тус компани холбогдох зөвшөөрлийн дагуу шат дараатай ажлаа явуулахад өмнө нь баталж өгсөн тарифаа Эрчим хүчний зохицуулах хорооноос үгүйсгэж, бас нэг төрийн өмчид хуулийн этгээд (ДҮТ)-тэй байгуулсан гэрээг өөрчил буюу гэрээнд тусгагдсан тарифаа өөрчил гэсэн шаардлагыг тавьдаг. “ДҮТ” ТӨХХК-ийн зүгээс “Тариф батлах нь Эрчим хүчний зохицуулах хорооны эрх, бид дур мэдэж тарифын талаарх өөрчлөлтийг гэрээнд оруулахгүй” гэдэг.

7.5.Үүнээс шалтгаалан нэг нэгнээсээ хамааралтай төслийн олон шат дамжлага, процесс саатсан бөгөөд “тэр бүр нь төсөл хэрэгжүүлэгч компанийн буруу, цаг тухайд нь, асуудал бүр дээр нь шүүхэд хандаад явах ёстой байсан” гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

9.Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22-т ““тариф” гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг ойлгоно” гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна”, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, Эрчим хүчний зохицуулах хороо нь цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах үнэ тариф тогтоох чиг үүрэгтэй, энэ хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор “М Э С” ХХК-ийн ******** аймгийн ******* суманд баригдах 5 МВт-ын хүчин чадалтай, эрчим хүчний хуримтлуурын системээс цахилгаан эрчим хүч худалдах тарифыг 1 кВт.ц тутамд 15.0 ам.цент/кВт.ц-ээс дээшгүй байхаар, шөнийн цагт худалдаж авах цахилгааны тарифыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллаж буй үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хамгийн бага энергийн тарифаар тооцсугай” гэж тарифыг тогтоожээ.

10.Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд болон “ДҮТ” ТӨХХК-ийн хооронд байгуулсан Эрчим хүч хуримтлуурын байгууламжийн цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд “өдөрт 2 удаа цэнэглэлт хийхээр,  ачаалалтай өдрийн цагаар Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс худалдан авах цахилгаан эрчим хүчний тарифыг 2.0 ам.цент/квт.ц-аар тооцох”-оор заасан нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгайлан тогтоож баталсан тарифт нийцээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

11.Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 696 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоохдоо “ДҮТ” ТӨХКК-тай байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох өөрчлөлт оруулахыг даалгасан, мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны 174 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоохдоо 2020 оны 111 дүгээр тогтоолоор тогтоосон тарифт нийцүүлэн гэрээг өөрчлөхийг дахин даалгаж байсан боловч нэхэмжлэгчээс уг шийдвэрийг биелүүлээгүй буруутай байна.

12.Нэхэмжлэгчээс “гэрээнд өөрчлөлт оруулахыг манай компани дангаар шийдвэрлэхгүй, гэрээнд ямар өөрчлөлт оруулах нь тодорхой бус байсан” гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд ямар агуулгаар өөрчлөлт оруулах нь илэрхий тодорхой буюу Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах байсан, “… цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах үнэ маргаантай тул гэрээг өөрчилж чадаагүй” гэх тайлбар нь нэхэмжлэлийг хангах, тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэл биш болно.

13.Түүнчлэн, дээрх байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифыг баримтлаагүй гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан “ДҮТ” ТӨХХК-иас  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1313 дугаар албан бичгээр “…хуулийн дагуу үнэ тарифын асуудал Эрчим хүчний зохицуулах хорооны эрх үүрэг тул хороонд хандаж тодруулга авч хамтран ажиллахыг зөвлөж байна” гэх хариуг “М Э С” ХХК-нд хүргүүлж байсан байх тул “… гэрээний нөгөө тал болох “ДҮТ” ТӨХХК шийдвэр гаргаагүй, … хоёр захиргааны байгууллага хооронд асуудлыг шийдвэрлэхгүй орхисон, удаасан” гэх агуулгатай гомдлыг хангахгүй.

14.Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн тусгай зөвшөөрлийг хадгалж үлдэхийн тулд ямар үүрэг хүлээж байсан нь энэ тохиолдолд тодорхой байсан, захиргааны зүгээс 2022 оноос хойш хангалттай хугацаа олгож байсан, Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнэ, тарифын асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой байсан ч ийнхүү шийдвэрлүүлээгүй, Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тооцож гаргасан өртөг, зардлын үндэслэл, үнэн зөв байдалд Зохицуулах хороо үнэлгээ өгөх үүрэгтэй бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд дахин боловсруулахаар буцаана. Зохицуулах хороо нь өөрийн санал, тооцоогоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнөөс үнэлгээ, тооцоог нөхөж гүйцэтгэхгүй” гэж заасан, нэхэмжлэгчээс холбогдох тооцоо судалгааг гаргаж ирүүлээгүй байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

15.Иймд анхан шатны шүүхийн “… гэрээнд өөрчлөлт оруулах талаар эрх бүхий байгууллагад хандаж байсан, нэг талын хүсэлтээр шийдвэрлэх асуудал биш, өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзээгүй” гэх дүгнэлт буруу болжээ.

16.Нэхэмжлэгчийн “… Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 43 дугаар тогтоолын дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг үнэлээгүй, хуучин дүрмээр үнэлсэн, хугацаа нь болоогүй шаардлагуудыг хасаж тооцвол нэхэмжлэгчийн оноо нэмэгдэж, “Хангалттай” үнэлэгдэх боломжтой” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь, Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн” байх хуулийн урьдчилсан нөхцөлийг хангаагүй, эрх бүхий байгууллагын “тарифаар тогтоосон үнэ мөрдөх” тухай үүрэг даалгаврыг биелүүлээгүй байх тул хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр хуульд нийцсэн байна.

17.Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгохдоо “цахилгаан эрчим хүч худалдах тарифыг 1 кВт.ц тутамд 15.0 ам.центээс дээшгүй байх”-аар заасан байхад нэхэмжлэгч энэ тарифыг зөвшөөрөөгүй, улмаар энэ асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж маргаагүй атлаа 2020 оноос хойш одоог хүртэл тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж, ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай гэрээг эцэслэн байгуулсан байх, гэрээ байгуулах нөхцөл биелэгдснээс хойш 12 сарын дотор барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

18.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2026/0307 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

     ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                  Д.БАТБААТАР

    П.СОЁЛ-ЭРДЭНЭ