| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/03339/И |
| Дугаар | 210/МА2025/02116 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02116
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06836 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь шүүхийн шийдвэрээр "*******" ХХК-ийн *******ийн албан тушаалд эгүүлэн томилогдсон бөгөөд 2024 оны 11 сарын 11-ний өдрийн ******* дугаартай тушаалаар хариуцагч ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан. Гэсэн ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаагүй хэзээ, хэрхэн, ямар хугацаагаар ажил хийх талаар мэдээлэл өгөөгүй. Харин ч бэлэн ажлын байр байхгүй байна, удахгүй дуудъя, *******захирал ажилд авах дургүй байна, нөхөн олговор өгөөд чөлөөлье гэсээр 2 сар өнгөрч би 2024 оны 03 сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлэхдээ 2025 оны 01 сарын 24-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох тухай ******* дугаартай тушаалыг 2025 оны 01 сарын 27-ны өдөр над руу и-мэйл хаягаар явуулсан гэсэн байсан.
Ингээд ажлаа эхлээгүй байж дахин халагдсанаа мэдсэнээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан урьдчилан шийдвэрлүүлж чадаагүй. Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох тухай ******* тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.2, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн байдаг ч би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Иймд *******ыг "*******" ХХК-ийн *******ийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн ******* дугаартай магадлалаар *******д дутуу олгосон цалин 1,936,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,517,665 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 37,002,726 төгрөг, нийт 43,456,391 төгрөгийг олгосон. Мөн Нийслэл дэх Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу *******д ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин 22,510,640 төгрөгийг олгосон.
"*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн ******* тушаалаар *******ыг "*******"-ийн албан тушаалд томилж, тушаал гарсан өдөр тус компанийн хүний нөөцийн ажилтан ******* *******д тушаал гарсныг мэдэгдсэн. Түүнрүү мессеж явуулж шаардлагатай бол имэйл хаягаар явуулах уу гэхэд "Би очиж байна, *******" гэсэн хариу ирүүлснээр имэйл хаяг руу тушаалыг явуулсан. *******ыг ирэхэд хүний нөөцийн ажилтан ******* хүлээн авч уулзаж, тушаалын 1 хувийг гардуулж, ******* аймгийн *******сумын ******* дахь тус компанийн оффист очиж ажлын байрны тодорхойлолттой танилцаж, тус оффис дахь *******захиралтай уулзаж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хэлж, чиглэл өгсөн. Гэсэн ч ******* үл тоож, ажилдаа ирээгүй, утсаар нь залгаж ажилдаа ирэх талаар мэдэгдэхэд очихгүй, шүүхдэнэ гэсэн бүдүүлэг байдал гаргасны улмаас хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй болсон. Компанийн зүгээс *******ыг тушаал гарснаас хойш 3 сарын хугацаанд хүлээж, ажилдаа эргэж орох бүх боломж, нөхцөлөөр хангасан ч ажилд ороогүй тул 2025 оны 01 сарын 24-ний өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлж, түүний и-мэйл хаяг руу тушаалыг явуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******ыг ******* ХХК-ийн *******ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 26,434,877 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулан *******од олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн худал тайлбарт үндэслэж шийдвэрлэсэн. Бодит байдал талуудын хүсэл зориг, тэр дундаа нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл, ажиллах чин хүсэл байгаа эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Нэхэмжлэгчийн тайлбар, зориуд ийм нөхцөл байдалд оруулсан зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс өөрсдийн байгаа нөхцөл дээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч шүүхээс энэ талаарх тайлбар, нотлох баримтыг хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ажилдаа ирэхгүй байгаа, ажиллах хүсэл зориг байхгүй, 3 сар ажилаа тасалсан зэрэг үйл баримт хангалттай тогтоогдож байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс ажилд эргэж орохгүй гэсэн ямар нэгэн эс үйлдэхүй хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд бид хариуцагч байгууллагатай удаа дараа уулзсан, утсаар холбогдсон, өмгөөлөгч рүү нь и-мэйл бичсэн талаар анхан шатны шүүхэд яригдсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Тухайн үед 2 удаагийн шүүхийн шийдвэрээр мөнгө авсан гэх асуудал ярьсан. Үүнд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж байгаагүй, тушаалыг танилцуулсан үйл баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 26,434,877 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх ажилд нь томилж, Өмнөговь аймгийн ******* дахь компанийн оффист очиж хөдөлмөрийн гэрээг байгуулан тэнд ажиллахыг мэдэгдсэн ч очиж ажиллаагүй, очихгүй гэсэн тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч *******ыг хариуцагч ******* ХХК-ийн *******ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан зохицуулалтад нийцсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4.Ажил олгогч ******* ХХК-ийн 2023 оны 02 сарын 20-ны өдрийн шийдвэрээр ажилтан *******ыг *******ийн ажлаас чөлөөлснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоожээ. ******* ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлж 2024 оны 11 сарын 11-ний өдрийн ******* дугаартай тушаалаар *******ыг тус компанийн *******ийн ажилд томилсон. Тус тушаалын 30-т *******той хөдөлмөрийн гэрээ ... байгуулж ... ажлын байрны тодорхойлолт танилцуулан баталгаажуулахыг Хүний нөөцийн ажилтан *******, ХАБЭА ажилтан ******* нарт даалгасугай гэжээ.
Хариуцагч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон ч талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь зохигчийн хооронд маргаан үүсэх нөхцөл бүрдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ажилд томилсон ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хэзээ, хэрхэн, ямар хугацаагаар ажил хийх талаар мэдээлэл өгөөгүй, ажилд авах дургүй байна гэсэн тайлбарыг гаргасан бол хариуцагчаас ******* аймгийн ******* дахь компанийн оффист очиж хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, компанийн хүний нөөцийн ажилтан энэ тухай удаа дараа мэдэгдсэн ч ажилдаа очоогүй тухай тайлбарлан маргасан байна.
Хариуцагч компанийн хүний нөөцийн ажилтан *******ийн мэдүүлэгт ажилд томилсон тушаалыг *******од гардуулах үед *******анд очиж ажиллах, хөдөлмөрийн гэрээг тэнд байгуулахыг танилцуулсан, нэхэмжлэгч ажилдаа 3 хоногийн дотор очно гэж хэлсэн, утсаар 1 удаа холбогдон ажлын байрандаа очихыг шаардахад очихгүй байх гэж хэлсэн талаар тус тус дурджээ. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг *******ийн ажлын байранд томилсон шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 48, 49 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажил үүрэг гүйцэтгэх байршил, ажлын байрны тодорхойлолт зэргийг танилцуулсан, энэ талаар тодорхой үйлдэл хийсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлэг хэргийн бусад баримтаар нотлогдоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа аман бус бичгийн хэлбэрээр явагдах учир ажил олгогч ажилтантай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд шаардлагатай бусад арга хэмжээг авсан байх үүрэгтэй.
Энэ хэргийн хувьд ажил олгогч хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар зохигч маргаж байгаа нөхцөлд хариуцагч нь дээрх байдлаар нэхэмжлэгчид *******аймгийн ******* дахь ажлын байранд очиж ажиллах, ажлын байрандаа 3 хоногийн дотор очсон байх, тэнд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах талаар мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэн тухайгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч ажлын байранд очиж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэсэн хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
5.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2-т зааснаар нэхэмжлэгч *******ыг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагч компани ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээх үүрэгтэй. Хариуцагчийн дээрх ******* дугаартай тушаал гарах үед талууд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөхөөр тохиролцоогүй байх тул өмнөх нөхцөлөөр хөдөлмөрийн харилцаа сэргээгдсэн байна.
Анхан шатны шүүхээс хариуцагч ******* ХХК-ийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзээгүй буюу нэхэмжлэгч *******ыг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан ч ажилтнаар ажил үүргийг бодитой гүйцэтгүүлээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй атлаа дахин ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж дүгнэн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцсэн байна.
6.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06836 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ