| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0065/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Мд холбогдох эрүүгийн 1919000320029 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны ... дугаар сарын ....-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн ... сум, .. дугаар баг, 0 тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тэнссэн суллагдсан, мөн Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/124 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Тын М, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Б овогт Тын М нь 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, . дугаар баг, ... байх хохирогч Н.Цгийн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 25 литрийн багтаамжтай хуучин гуулин тогоо 1 ширхэг, 10 литрийн багтаамжтай цайран тогоо 1 ширхэг, 3 литрийн цайран данх 1 ширхэг, 2 сэнжтэй 5 литрийн багтаамжтай цайран сав 3 ширхэг, 5 литрийн багтаамжтай цайран түмпэн 1 ширхэг, 40 литрийн багтаамжтай цайран битон 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг тус тус хулгайлан нийт 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн тухайд бүрэн төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд М мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Хохирлын хэмжээ болон үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт нь орох зорилгоор цоожийг нь эвдэх багаж хайж гэрийн хажуугаар гэрэл тусгаж явж байгаад гэрийн зүүн урд хэсгээс тохой хэртэй арматур төмөр авч цоожийг нь хөшиж онгойлгоод гэрт нь орсон. Гэрээр нь дөнгөж ороход гэрийн зүүн урд талд үүдэн хэсэгт нь хөнгөн цагаан 40 литрийн битон байхаар нь харчихаад цааш гэрэл тусгахад ширээн дээр нь цайран дунд зэргийн түмпэн байхаар нь аваад мөн түмбүүшиг дээр нь байсан цайран данх 2 ширхэг, цайран цагаан өнгийн сав аваад гарахдаа гуулин 20 литрийн том тогоо, 40 литрийн усны бетонон савыг аваад гарсан. Тэгээд өөрийн машинд ачиж аймаг руу орж ирсэн ...маргааш нь 1 ширхэг цайран түмпэн, 2 цайран цагаан өнгийн сав, 40 литрийн битоныг хэмхлэн, хэлбэр дүрсийг алдагдуулан түүхий эд авдаг ченж болох Шижирбаатарын эхнэрт 1 кг-ыг нь 1200 төгрөгөөр өгсөн. Нийт 12 кг болсон, гуулин тогоог бол зараагүй хашаанд амбаарт л байсан...мөнгөн аягыг авах нь авсан, нэг архи ууж байгаад зарж үрсэн, тэр үед маш согтуу байсан болохоор ямар хүнд зарсанаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Хохирогч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан тээг” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө намаржаан дээр бариатай байсан монгол гэрээс эд зүйлээ хулгайд алдсан. Манай гэрт тэр шөнө хулгай орж гэрийн хаалганы цоожийг эвдэж гэр дотор баруун урд талын хатавчинд тавьсан байсан гуулин тогоо, гэр дотор үүдний зүүн талд тавьсан байсан 40 литрийн цайран битон, гэрийн зүүн урд талын түмбүүшиг дээр байсан цайны цайран данх, түүний хажууд зэрэгцүүлж тавьсан байсан 2 ширхэг цайран цагаан сав, хойморын авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан. Мөн гэрийн зуухны хойд талд ширээний хажууд байсан цайран түмпэн мөн алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Гэрч Ц.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Цагаан тээг гэдэг газар намаржаан дээр нь барьж орхисон байсан монгол гэрээс нь эд зүйлсээ хулгайд алдсан гэсэн. Нэг том гуулин тогоо, 40 литрийн цайран битон, цайран данх, 2 ширхэг цайран цагаан сав, авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайд алдсан гэж манай ээж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр надад утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 15-нд нэг танихгүй эрэгтэй хүн цайран эдлэл авчирч тушаасан...авчирч тушаасан эд зүйл нь хэлбэр зүрсийг нь алдагдуулж эвдэлж хэмхэлсэн цайран сав, бидон байсан болов уу гэхээр зүйл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаас хуудас/
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ6/18- 048 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 23-25 дугаар хуудас/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Цагаан тээг” гэх газарт нутаглах хохирогч Н.Цгийн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 25 литрийн багтаамжтай хуучин гуулин тогоо 1 ширхэг, 10 литрийн багтаамжтай цайран тогоо 1 ширхэг, 3 литрийн цайран данх 1 ширхэг, 2 сэнжтэй 5 литрийн багтаамжтай цайран сав 3 ширхэг, 5 литрийн багтаамжтай цайран түмпэн 1 ширхэг, 40 литрийн багтаамжтай цайран битон 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг тус тус хулгайлан нийт 375.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Мыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох боловч шүүгдэгч Т.Мын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч Н.Ц 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Т.Маас хохирол 375 000 төгрөг авсан тул одоо өөр гомдол байхгүй...” гэсэн нь шүүгдэгч Т.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гуулин тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Цд буцаан олгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Тын Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 2 / хоёр / жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 2 / хоёр / жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гуулин тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Цд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА