Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 77

 

 

 

 


                                        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч А.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Аийн Бд холбогдох эрүүгийн 1919000810050 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ..... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... сумын .... дүгээр баг 0 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Я овогт Аийн Б, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт уйл ажиллагаа явуулж байгаа Минерал бааранд 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө иргэн Д.Бы нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
   Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хотоос найз нар маань ирээд уулзаж 22 цагийн үед Минерал бааранд ороод юм захиалах гэтэл 2 залуу дуудаад пиво өгөхөөр нь амсаад эргэж найз нар дээрээ ирсэн. Тамхи татах гээд гарахад 2 залуу үүдэнд хүмүүстэй муудалцаад байж байсан. Би салгаж нөгөө залуусыг нь явуулчихаад найз нар дээрээ ирээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал хохирогчийн найз хажууд ирээд  өдөөд татаж чангаагаад байсан. Сүүлд нь тамхины өрөө рүү ортол хохирогч нөгөө найзтайгаа орж ирсэн. Найз нь намайг байлгахгүй, эхнэр чинь хаана юу хийж байна гээд байсан. Тэгэхээр нь уурлаад найзыг нь түлхэхэд Б хажуунаас орж ирээд наана цаана гээд байхаар нь би цохьсон. Хүмүүс салгаад би гэр лүүгээ харьсан. Маргааш нь Б яриад, нөгөөдөр нь би хот руу очиж уулзсан...” гэв.

    Хохиорогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө М гэх найз маань хөдөөнөөс ирчихлээ, би архи уусан учраас ирээд машин бариад өг гэхээр нь очсон. Очиход найз маань архи уух уу гэхээр нь би манайх өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа учраас уухгүй гэж хэлсэн. Найз маань хоёр пиво уугаадхая, чи хамт байж бай гэж хэлсэн. Тэгээд сууж байтал шүүгдэгчтэй харц тулгарахаар нь юм бодоогүй, сайн байна уу гэж мэндэлсэн. Тамхи татах өрөөнд найзтайгаа тамхи татаад байж байтал гаднаас шүүгдэгч орж ирсэн. Тухайн үед юу ярьсан гэдгээ санахгүй байна. Би чамтай ярих шаардлага байхгүй гээд гарах гээд эргэтэл намайг цохьсон. Миний ухаан балартаад байж байтал баарны захирал нь чи яаралтай эмнэлэгт оч, шүд чинь унасан юм шиг байна гэж хэлсэн. Тэндээсээ цагдаа руу дуудлага өгөөд тэндээсээ эмнэлэг орж яаралтай хот яв гэсэн учраас хот явсан. Тухайн үед шүүгдэгчтэй маргах зүйл, шалтаг надад байгаагүй. Эрүүл мэндээрээ хохирсон, холбогдох баримтыг хавсаргасан, гомдолтой байна. зуулт хэвийн биш, бүрэн ангайж чаддаггүй, хугарсан шүд өвддөг. Хагалгаанд ороод сар гаруй хугацаанд өнгөрч байгаа учраас ам гүйцэд ангайхгүй байгаа... Шүүгдэгчээс өнөөдөр 1252 520 төгрөг шилжүүлсэн байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх бодит баримт байхгүй. Энэ гэмтлээс болж миний хоол боловсруулах эрхтэн доголдолтой болсон гэж үзэж байгаа...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж ирсэн учраас өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, эхнэр, ээжийн хамт амьдардаг. Эхнэр нь хуваариа хөдөлмөр эрхэлдэг, Б эхнэртэйгээ энэ ажлыг хийж байгаад энэ оны 03 дугаар сарын 19-нөөс эхлэн Сайншанд татах хэсэгт ажиллаж байгаад өчигдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээ жинхэлсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. 2002 онд хэрэгт холбогдож, ял эдлүүлэхийг хойшлуулж байсан учраас ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн гэж үзэх бүрэн боломжтой. Иймээс шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл бодит зардлыг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн. Шүүгдэгч саяхан ажилд орж цалингаа аваагүй ч гэсэн хурлын өмнө 1252 520 төгрөгийг төлсөн. Шүдний эмнэлгийн бичигт хохирогчийг шүдээ янзлуулахад 300 000 төгрөг орно гэсэн байгаа. Үүнийг төлөөгүй. Хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр нэхэмжлэх боломжтой. Нэрийн хуудсыг нотлох баримт гэж үзэхгүй. Иймээс шүүгдэгчийн хувийн байдал болон учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгож өгнө үү. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэж байна...” гэв.
 
           Хохирогч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр... Минерал баарны тамхи татах өрөө рүү тамхи татаад байж байтал гаднаас тек дээр таарсан залуу ганцаараа орж ирсэн. Орж ирээд надтай нэг сонин юм яриад байсан... тэгээд би тэр залууг би чамтай юм ярихгүй гээд зогсож байтал 10-15 секундын дараа гэнэт миний шанаанд нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд л би манараад миний ухаан балартаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
           Шүүгдэгч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна... Хажуунаас надад цохиулдаг залуу орж ирж хараалын үг хэлээд байсан, тэгээд хэсэг хугацааны дараа миний уур хүрч нүүрэн тус газар нь нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд тэр залуу ам болон эрүү хэсгээ дараад гадагшаа гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
          Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б болон тэр залуу 2 хоорондоо маргалдаад байсан... гэнэт хоорондоо барилцаад авсан. Тэгээд салгасан чинь танихгүй залуугийн амнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
           Гэрч Л.Мын мөрдөн шалгах ажиллагаанд: “....Махлаг шар залуу манай найз Бы шанаанд баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад л Быг хартал нэг сонин болсон байсан... Амнаас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/
         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь согтуугаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа Минерал бааранд 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнө иргэн Д.Бы  нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогчид эрүү ясны зөрөөтэй хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
            Шүүгдэгч Я овогтой Аийн Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан ”...бидний хооронд маргалдах, муудах ямарч зүйл болоогүй ба эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Гэсэн хэдий ч шүүгдэгч А.Б нь бага насны 2 хүүхэдтэй зэрэг ар гэрийн байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна...” гэсэн хүсэлт, талуудын санал, шүүгдэгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг сонгож оногдуулан, 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
    
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

    Хохирогч Д.Б нь шүүх хуралдаанд “... хохирол төлбөр гэж 1 252 520  төгрөгийг шилжүүлж өгсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэх болно..” гэсэн байх тул шүүгдэгч А.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

    Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогтой Аийн Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг  500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга /  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б торгуулын ялыг 8 / найм / сарын хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б торгууын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.Бд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 


                     ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА