| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0080/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нариввв бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Бт холбогдох эрүүгийн 1919000000071 дугаартай хэргийг 04 дүгээр 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны ... дугаар сарын ....-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, .... ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн .... сум, .. дугаар баг, 0 тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б овогт Гын Б, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б овогт Гын Б нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Данзанваанчигийн 7-5А тоотод иргэн Э.Эийн цээжин тус газарт хөлөөрөө жийж унагаан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эийг эхнэртэйгээ хардаад жоохон муудсан юм. Этэй Б ахын гэрт нь жоохон маргалдаж байгаад цамцнаас нь татаад гэрээс гаргасан юм. Гараад гадаа намайг Этэй муудаж, маргалдаж байхад Н ах хорьчихоод эргээд гэр лүү ороод явчихсан юм. Тэгээд Э бид 2 гадаа үлдээд Б ахын хашаан дотор урд талд нь очоод би Эийг баруун хөлөөрөө цээж рүү нь өшиглөсөн юм. Тэгтэл Э хашаа руу дээшээгээ хараад унахдаа чулуун дээр толгой нь цохигдоод хагарсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б намайг өшиглөөд гаръя гээд чирээд байсан. Намайг гэрээс гараад өшиглөсөн юм. Тэгтэл намайг Н ах хориод бид 2-ыг салгасан юм.Тухайн үед бас Т ах бас хориод байж байсан. Гэхдээ Н ах, Т 2 буцаад гэр лүү орсон байх аа. Б бид 2 бас хашаан дотор ороод урд хашааны наад талд байж байтал Б миний цээж рүү баруун хөлөөрөө жийсэн, тэгтэл би хашааны наад тал руу дээшээ хараад газар чулуун дээр толгойгоороо унаад миний толгой хагарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь эхнэртэйгээ Э гэх залуутай хардсан юм. Б нь Ээг зодох гээд шууд дайрсан. Тэгээд би дундуур нь хорьсон. Намайг хориход бол Э нь Быг нэг ч цохиогүй юм. Тэгээд тэр хоёр гайгүй болоод гэртээ бүгдээрээ сууцгааж байсан ...нэг мэдэхэд л Б, Э гэх залуу 2 гэрээс гараад хашааны гадаа зодолдсон байсан. Намайг гэрээс гараад ирэхэд Э гэх залуугийн толгой нь нил цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хуудас/,
Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...манай гэрт Э толгойноос нь нил цус гарчихсан, цус нь гойжоод ирсэн юм. Тэгээд би яасан бэ гэж асуухад Бт зодуулчихлаа. Тэгээд би гэртээ оруулаагүй гадаа хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас/,
Гэрч Э.Эсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Б 2 хоорондоо гэрт байхдаа муудалцаад заамдалцаад л гэрээс гарсан юм. Тэгээд тэр 2-ыг салгах гээд Н ах гарсан юм. Тэгээд л гэрийн гадаа муудаад байх шиг байсан ...удалгүй Б Ээгийн толгойг хагалаад хаячихлаа гээд л орж ирээд шанагатай ус аваад гэрээс гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.АнхБын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн: “...Э.Эийн биед тархи доргилт, дагзны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Материалыг үндэслэн учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0192 дугаартай дүгнэлт /хх-ийн 10-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Данзанваанчигийн 7-5А тоотод иргэн Э.Эийн цээжин тус газарт хөлөөрөө жийж унагаасны улмаас хохирогч толгойгоороо чулуун дээр унаж түүний биед тархи доргилт, дагзны шарх гэмтэл үүсч эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б овогт Гын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл нь хөнгөн хэргийн ангилалд хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр энэ хуульд заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д заасан тодорхой төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд прокурор яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, уг саналаа яллагдагчид танилцуулахаар хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан. Прокурорын энэхүү саналыг шүүгдэгч Г.Б эс зөвшөөрч “...би “Экон Эйр Про” ХХК-д хөргөлтийн техникчээр ажилладаг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй тул татгалзаж байна. Харин тодорхой хэмжээний орлоготой, ажил амьдралаа залгуулж, боломжийн амьдарч байгаа тул торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөх боломжтой юм...” гэж мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэргийн 32 дугаар хуудаст хохирогч Э.Э нь “...Надад санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь сайн дураар 500 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА