Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02193

 

 

 

 

       “*******” ХХК-ийн

       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07517 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

146,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь 2017 оны 05 дугаар сар хүртэл “*******” ХХК-ийн дэд захирлын алба хашиж байсан. Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу *******д түр хугацаагаар албаны хэрэгцээнд “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* УНО улсын дугаар бүхий Лексус 570 маркийн автомашиныг ашиглуулж байсан. *******ийг албанаас чөлөөлөгдсөний дараа автомашиныг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад компанийн гүйцэтгэх удирдлага бус хамааралгүй этгээдийн хоорондын төлбөр тооцоонд суутгаж авч байна гэсэн ор үндэслэлгүй зүйл ярьж хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс хойш 8 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа. Үндсэндээ элэгдэл хорогдлын асуудлаас шалтгаалаад хугацаа дуусчихсан гэж үзээд “*******” ХХК-ийн зүгээс автомашины үнэ 146,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан. Уг нэхэмжлэлд хариуцагч гэдэг дээр хүний нэр байхгүй байсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нөхцөл байдал бий болсон. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ засаад Баянзүрх дүүргийн шүүхэд өгөх ёстой байсан. Баянзүрх дүүргийн шүүхээс нэхэмжлэлийг буцаасан *******шүүгчийн захирамж өнөөдөр хүчин төгөлдөр байна. Тэгэхлээр хэргийн харьяалалтай холбоотой асуудал бас яригдана. Өмнө нь татгалзлыг хүлээгээд авсан шүүх нь дахиад энэ хэргээ шийдэх нь шударга ёсонд нийцэж байгаа юу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд зааснаар харьяалал зөрчигдөж байгаа. Шүүх хуралдаан дээр гаргасан шүүгчээс татгалзах асуудлыг сонсохгүй танхимаас хөөж гаргах гээд, хэргийг шийдэх гээд байгааг ойлгохгүй байна.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар баланстаа тэг төгрөг болсон эд хөрөнгийг биднээс 140,000,000 төгрөгөөр нэхэмжилж байна. Тэгэхээр энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалтгүй.

Өмнө буцаагдсан хэргийн материалаас хуулбарласан “Вендо” гэх үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлтээр автомашиныг 146,000,000 төгрөгөөр үнэлсэн. *******ийн эзэмшиж байгаа автомашиныг шинжээч үзээгүй, шинжилгээ хийгээгүй буюу уг автомашин дээр дүгнэлт гаргаагүй. Үнэлгээний тайланд зах зээлийн мэдээлэлд тулгуурлан автомашиныг үнэлсэн гэж байгаа. Гэтэл ижил төрлийн 2011, 2012 оны ойролцоо явсан километр гүйлттэй тээврийн хэрэгслүүд арай өөр үнэтэй байна. Тухайн үед 80,000,000-93,000,000 төгрөг гэсэн асуудал бол өмнө буцаасан хэрэгт яригдсан, энэ талаарх баримт нь хэрэгт байхгүй. Энэ нөхцөл байдлын талаар талууд маргаж байгаа. Тэгэхээр шинжээч томилж маргаантай хөрөнгийн асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна.

2.3.Нэхэмжлэлийг тодруулсны үндсэнд шийдэх нь зүйтэй. ******* УНО гэх дугаартай автомашины өмчлөлийн талаарх лавлагааг авах хэрэгтэй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа юм бол юу нэхээд байгаа вэ, 146,000,000 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу гэдэг асуудал байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 146,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “*******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888,801 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс 887 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Хэргийн үйл баримтыг үнэн зөв, бодитой тогтоож чадаагүй тухайд

Хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байх үед *******гэх хүн тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Тухайн үед *******нь *******ийн эзэмшилд буюу түүний эхнэр *******ын нэр дээр бүртгэлтэй байсан LX-570 маркийн ******* УНЧ улсын дугаартай автомашиныг өөрийн хамаарал бүхий компани болох “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч "*******" ХХК-ийн “*******” ХХК-д өгөх ёстой өр төлбөрт тооцон “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. *******нь өөрийн хамаарал бүхий компани болох "*******" ХХК-ийн өмчлөлийн LX-570 маркын ******* УНО улсын дугаартай автомашиныг *******ээс авсан ******* УНЧ улсын дугаартай автомашины төлбөрт тооцож өгсөн. Энэхүү автомашиныг ******* нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд *******ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 1,914,195,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Уг хэрэгт хариуцагч *******ийн эзэмшилд буюу эхнэр *******ын нэр дээр бүртгэлтэй байсан LX-570 маркийн ******* УНЧ улсын дугаартай автомашиныг 95,000 ам.доллароор “*******” ХХК-д худалдсан тухай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 77/13 дугаартай Худалдах худалдан авах гэрээ, “*******” ХХК-аас авах төлбөр тооцоонд *******ийн ******* УНЧ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тухай “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын өгсөн гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтууд авагдсан. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/13961 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжтай хэрэгт уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд авагдсан байдаг. Энэхүү хэргийн харъяалал олон дахин солигдсоноос үүдэн өмнөх хэргүүдэд авагдсан нотлох баримтууд уг хэрэгт байхгүй байгаа болно. Хариуцагч талаас хоорондоо холбоотой хэргүүдийг нэгтгэх, өмнө нь буцаагдсан хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хурал дээр удаа дараа гаргасан ч шүүхээс хангахгүй орхисон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал ... шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” тухай хүсэлт гаргах оролцогчийн эрхийг зааж өгсөн. 2023 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан 17 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолд "Хуулийг зорилгоор нь тайлбарлахад 38 дугаар зүйлийн 38.9-д заасан энэ ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмаас урган гарч, хэргийн бодит байдлыг тогтооход ийнхүү нэг удаа боломж олгосон зохицуулалт..." болохыг дурдаад "... хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргах" эрхтэй гэж тайлбарласан. Хариуцагч нь өөр хэргүүдэд шаардлагатай нотлох баримтуудыг бүгдийг гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад эдгээр хэргүүдийг нэгтгэх, өмнөх хэрэгт байгаа нотлох баримтыг гаргуулж авахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй талаар тайлбарлан хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч ажлаас чөлөөлөгдөх үед нэхэмжлэгч автомашиныг буцаан шаардсан удаа байхгүй атлаа 3 жил өнгөрсний дараа ямар үндэслэлээр буцаан шаардаж буйтай холбогдох тайлбарыг шүүхэд гаргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь автомашиныг буцаан авах үндэслэл буюу хариуцагчийн эзэмшил хууль бус гэдгийг нотолж чадаагүй болно. Хавтаст хэрэгт зөвхөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буцаасан хэргээс хуулбарлан авсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан авагдсан бөгөөд үнэлгээ хийгдсэнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн, бүрэн бус, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй болно. Хариуцагчаас шинжээч дахин томилуулж дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан ч шүүхээс хангахгүй орхиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Нөгөө талаар шүүх санаачилгаараа дахин шинжээч томилох боломжтой байсан. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар шүүхээс дахин шинжилгээ хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүхээс гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, ямар үндэслэлээр буцаан шаардаж буй зэрэг талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг баримтаар тогтоогоогүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хөрөнгөө шаардахын тулд суурь хэлцэл дуусгавар болж өмчийн хэлцлийн дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах гэсэн дэс дарааллаар явагдах ёстой. Үүний тулд ямар суурь хэлцэл хийгдсэн бэ гэдгийг тогтоох шаардлагатай болно. Эдгээрийг тогтоосны үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн дүгнэлтэд хүрсэн тохиолдолд ч шударга эзэмшигч мөн эсэхийг тогтоох шаардлага үүснэ. Хэрвээ хариуцагч шударга эзэмшигч байх тохиолдолд шударга эзэмшигчийн мэдэлд хөрөнгө байх хугацаанд хэрэглээний явцад устах, хэрэглэгдэх зэргээр тухайн хөрөнгийн шинж чанартай холбоотойгоор хөрөнгө байхгүй болсон бол өмчлөгчид шаардах эрх үүсэхгүй. Тиймээс хариуцагч шударга эзэмшигч байх тохиолдолд нэхэмжлэгч нь автомашины үнийг биш автомашиныг биет байдлаар нэхэмжлэх л үр дагавар үүснэ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар маргааны зүйл болж буй автомашины талаар зөрүүтэй тайлбар гаргасан ч хэргийн баримтаар дээрх тайлбарын алиныг нь ч үндэслэлтэй гэж үзэх боломжгүй буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтыг тодруулж, эрх зүйн харилцааг тодорхойлоогүй байхад хэргийг шийдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

4.2.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд

Дээр дурдсанчлан "*******" ХХК-ийн ерөнхий захирал *******нь өөрийн хамаарал бүхий компани болох "*******" ХХК-ийн өмчлөлийн LX-570 маркын ******* УНО улсын дугаартай автомашиныг *******ээс авсан LX-570 маркын ******* УНЧ улсын дугаартай автомашины хариу төлбөрт тооцож өгсөн. Энэ тохиолдолд гэрээний эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаprax хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулсан. 2017 оны 05 сарын 02-ны өдөр хариуцагч ажлаас гарснаас хойш 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 3 жил 3 сарын хугацаанд ******* УНО улсын дугаартай автомашиныг нэг ч удаа хариуцагчаас буцаан шаардаагүй болно.

Тухайн маргаан өмчлөх эрхтэй холбоотой тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж шууд дүгнэх нь өрөөсгөл бөгөөд тухайн маргаан нь хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргээс үүсэж байвал хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. Гэтэл анхан шатны шүүхээс ямар гэрээний харилцаа үүссэнийг тогтоолгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шууд дүгнэсэн нь иргэний эрх зүйн харилцааны тогтвортой ба тодорхой байх шинж чанарт нөлөөлсөн шийдвэр болоход хүргэсэн байна.

4.3.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.6-д “... Хариуцагч нь маргаж буй эд хөрөнгийг үндэслэлгүй олж аваад буцаан өгөхгүй 8 жил гаруй хугацаанд ашигласан энэ тохиолдолд 495.1, 495.2-т зааснаар нэхэмжлэгч үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх. нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайланд "... ашиглалтын хугацаанаас хамаарах элэгдэл 31.25 хувь байгаа бөгөөд хөдөлмөр хамгаалал болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа тул тухайн тээврийн хэрэгслийг цаашид дахин ашиглах боломжтойд тооцов" гэсэн дүгнэлтийг хийсэн /Хавтаст хэргийн 14 дэх нүүр/. Үүнээс хойш уг автомашинд техникийн үнэлгээ хийгээгүй бөгөөд ашиглалтын хугацаанаас хамаарах элэгдэл ямар хэмжээнд байгааг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлага нь автомашиныг биет байдлаар буцаан гаргуулах бус автомашины үнийг мөнгөөр гаргуулах тухай шаардлага тул автомашины үнэлгээг бодитой хийх шаардлагатай. Энэ үүднээс хариуцагч талаас шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүхээс хангахгүй орхисон. Нөгөө талаар дээрх автомашиныг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж буцаан өгөх боломжгүй байдалд хүргэсэн зүйл байхгүй бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл хэвийн ашиглаж байгаа болно. Ашиглах зэргээр уг машиныг буцаан өгөх боломжгүй болоогүй буюу нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдоогүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж байна.

4.4.Шүүхийн харъяалал зөрчсөн тухайд

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөгөөнөөр хүлээн авч, мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ЕШ2022/03367 дугаар захирамжаар хэргийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 2022 оны 12 сарын 01-ны өдрийн 183/11ШТ2022/00635 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор хариуцагчийн гомдол болон нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн харъяаллыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болгон өөрчилсөн /Хавтаст хэргийн 67-69 дэх нүүр/. Мөн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 210/3Т2023/00056 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр хэргийн харъяаллыг тогтоосон /Хавтаст хэргийн 47-49 дэх нүүр/. Дээрх тогтоолуудад үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр мөн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/13691 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг дахин гаргахдаа нэхэмжлэлийг буцаасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Энэхүү хэргийн харъяаллыг анхан болон давж заалдах шатны шүүхээс тусгайлан тогтоосон шүүхээс өөр шүүхэд хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хариуцагчийн эрх ашгийг хохироосон.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Хоорондын тооцооны төлбөртэй гэх асуудлыг хариуцагч тал тавьдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлохгүй байна гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2025 онд 3 удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргах бүрдээ хариуцагчийн хаягаар гаргадаг боловч хариуцагчийн оршин сууж байгаа хаяг тодорхойгүй байна гэж хариуцагчийг эрэн сурвалжлуулсан тул зарим нэхэмжлэл дээр хариуцагчийн нэр дурдагдаагүй асуудал байгаа. Гэхдээ тухайн нэхэмжлэлийг хариуцагч үнэхээр миний нэр байхгүй байна гээд гардаж авахгүй байх эрхтэй. Нэг нэхэмжлэл дээр хариуцагчийн нэр бичигдэж, нөгөө нэхэмжлэл дээр бичигдээгүй хоосон орхигдсон зүйл байж магадгүй. Учир нь би тухайн нэхэмжлэлийг хэвлэж гаргаад нэрийг нь дурдаж бичээд явуулаарай гэж хэлж хүнээр өгч явуулсан боловч нөгөө хүн маань 1 нэхэмжлэл дээр нь хариуцагчийн нэрийг дутуу бичиж өгсөн гэж хэлдэг. Тэгэхээр тухайн нэхэмжлэлийг миний нэр байхгүй тул би энэ нэхэмжлэлийг гардаж авахгүй гэж гардаж авахгүй байх эрх хариуцагчид байсан. Гэтэл хариуцагч өөрөө тухайн нэхэмжлэлийг гардаж авсан атлаа өнөөдөр “би тухайн нэхэмжлэлийг гардаж авах ёсгүй байсан, тухайн нэхэмжлэл дээр миний нэр дурдагдаагүй байсан” гэх зүйлийн талаар ярьж байгааг би ойлгохгүй байна. Энэ хэрэг үүссэн шүүхийн шийдвэр нь гарцаагүй ******* гэх хүний нэрийг дурдаж, хариуцагчаар тодорхойлсон, бүрдүүлбэрийн шаардлага хангасан тул энэ нь хууль ёсны юм.

5.2.Хариуцагч тал нь манай талыг суурь харилцааг зөв тодорхойлоогүй, мөн хууль бус эзэмшлээ нотлоогүй, тиймээс Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх ёстой гэдэг. Би хэргийн 17 дугаар талд авагдсан “*******” ХХК-д ******* УНО гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл байна гэх авто тээврийн лавлагааг гаргаж өгсөн. Мөн хэргийн 8 дугаар талд авагдсан өмнөх шүүх хуралдаанд ******* биечлэн оролцсон гэх шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаж өгсөн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “автомашин хаана байна” гэж шүүгч асуухад “миний эзэмшилд байгаа” гэх агуулгатай үг, өгүүлбэрийг ******* хэлснийг нотлох зорилгоор би тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт өгсөн юм. Тэгэхээр хууль бус эзэмшил гэдгийг нотолж чадахгүй байна гэх хариуцагч талын тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэнэ гэж би бодож байна.

Мөн хариуцагч тал нь шүүх бидний гаргасан хүсэлтийг хангаагүй гэж тайлбарладаг. Бид өмнөх хэргээсээ баримт авч хуулбарлан шүүхийн тэмдэг даруулж хэрэгт нотлох баримтаа бүрдүүлж өгдөг. Гэтэл хариуцагч талд ямар хүндэтгэл байх ёстой болоод өөрсдөө нотлох баримтаа цуглуулахгүй, заавал шүүхээр цуглуулуулна, шүүх тухайн хэргийг авч ирсний дараа бид дүгнэлт хийх ёстой гэж тайлбарлаад байна вэ. Үнэхээр ач холбогдолтой нотлох баримт байгаа тохиолдолд над шиг өмнөх хэргээс тухайн баримтаа авч хуулбарлан хэрэгт өгөх боломж бололцоо байгаа. Гэтэл заавал хүндэтгэлтэйгээр шүүх тухайн хэргийг авч ирсний дараа би түүнд үзлэг хийнэ гэх шаардлага тавьж байгаа нь хэргийн оролцогчийн тэгш байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэх асуудал яригдана. Шүүх хэргийн оролцогчдын тэгш байдлыг хангахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч талыг татгалзлаа нотол гэж шийдвэрлэсэн. Үнэхээр энэ талаар нотлох баримт байгаа бол тухайн баримтыг авч болохгүй гэх нөхцөл байдал байхгүй бөгөөд би өөрөө очиж өмнөх хэргээс баримт авсан. Хариуцагч тал хэргийн нөгөө оролцогч байсан гэдэг утгаар тухайн хэргээс баримт авах бүрэн эрхтэй байсан. Харин үнэхээр боломжгүй, өгөхгүй гэх албан бичиг өгсөн тохиолдолд өөр хэрэг. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан “төр, байгууллагын нууцад хамаарах, өөрөө олж авах боломжгүй баримт байсан” гэх нөхцөл эдгээр хүмүүст байхгүй гэж харж байна. Тэгэхээр хариуцагч талын шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, заавал тухайн нотлох баримтыг авах ёстой байсан, шүүх процесс ажиллагааг зөрчсөн гэх агуулга үндэслэлгүй юм.

Дахин шинжилгээ хийлгэх ёстой байсан гэх гомдлын тухайд, шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар зах зээлийн жишиг үнэлгээ буюу тухайн автомашин хэдэн онд Монгол Улсад орж ирсэн, хэдэн жилийн насжилттай болох, 2017 онд уг автомашин ямар үнэлгээтэй буюу зах зээл дээр ямар жишиг үнээр худалдан борлуулагдаж байсан гэх талаарх үнэлгээг гаргаж байгаа болохоос уг автомашины эвдрэл гэмтлийг тодорхойлуулах ямар ч шинжилгээ хийх шаардлагагүй. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. 2021 оны тайланд тухайн автомашиныг 25 хувийн элэгдэлтэй байсан гэж дурдсан байдаг. Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд “аж ахуйн нэгжийн хувьд заавал тухайн эд хөрөнгө бүртгэгдэх ёстой” гэж заасан байдаг бөгөөд аж ахуйн нэгж дагаж мөрддөг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт санхүүгийн тайлангийн талаар мөн тусгасан байдаг. 2005 оны Засгийн газрын 233 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар насжилтын хувьд тухайн техник хэрэгсэл нь үнэхээр чанарын шаардлага хангах эсэх, цаг хугацааны хувьд хэзээ актлагдах эсэх, ашиглалт даах эсэх, ашиглалт нь хэдэн жилийн хугацаатай байх ёстой гэх мэт бодитой, үндэслэл бүхий журмуудыг гаргасан. Аж ахуйн нэгжүүд бүгд баримталж байгаа энэ тодорхойлолт, тооцооллоор 6 жил болоход тухайн автомашины ашиглалтын хугацаа дуусна гэдэг. Гэтэл тухайн автомашин байнга ашиглагдаж байсан бөгөөд 8 жилийн хугацаа өнгөрсөн тул дээрх 233 дугаар тогтоолыг харгалзаж үзнэ үү гэх агуулгаар би мэтгэлцсэн.

5.3.Хариуцагч тал шүүхийн харьяалал зөрчсөн гэх асуудлын талаар ярьдаг. Өмнөх нэхэмжлэлийн асуудал нэгэнт дуусгавар болж, шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан тул би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд хариуцагчийн Хан-Уул дүүрэгт оршин сууж байсан хаягийн харьяаллын дагуу дахин нэхэмжлэл гаргасан тул би харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргаагүй. Өмнө нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Гэтэл одоо Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх гэх огт өөр тойргийн шүүхэд тухайн нэхэмжлэл хуваарилагдсан. Хариуцагч талд ямар нэгэн байдлаар, зориуд хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхгүй аргацаах, цаг хугацаа авах зорилго байгаа болохоос энэ хэргийн талаар мэтгэлцье, маргая гэх цаад санаа зорилго огт байхгүй байна гэж үзэж байна. Тиймээс хэргийн бүрдүүлбэр шаардлагыг хангаж, тэмдэгтийн хураамж төлж энэ хэргийг эцэслэн шийдвэрлүүлье гэх агуулгаар шүүхэд хандсан. Санамсаргүй байдлаар буюу хэрэг хуваарилах журмын дагуу уг хэргийг хуваарилсан боловч тухайн хэрэг Д.Мөнхцэцэг шүүгчид хуваарилагдсан. Хариуцагч тал Д.Мөнхцэцэг шүүгчийг 5 жил гүтгэсэн. Түүнчлэн энэ хэргийн шүүх хуралдааныг хийлгэхгүй байх, эцэст нь тухайн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхгүй, мөн давж заалдах шатны шүүхийн шүүгч нараас татгалзах гэх мэт бүх боломжит байдлаар хэргийг шийдвэрлүүлэхгүй хойшлуулах арга хэмжээг авсаар ирсэн. Бид энэ хэрэг маргааныг эцсийн байдлаар шийдвэрлүүлмээр байна. 5 жилийн өмнө нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан огт хийгдэхгүй байсаар энэ намар хийгдсэн. Хууль зүйн хувьд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн асуудал огт байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан автомашины үнэ 146,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу компанийн эзэмшлийн ******* УНО улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг *******ийг “*******” ХХК-ийн дэд захирлын алба хашиж байхад түр хугацаагаар албаны хэрэгцээнд 2017 оны 05 дугаар сарыг хүртэл ашиглуулсан, *******ийг албанаас чөлөөлөгдсөний дараа автомашиныг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад компанийн гүйцэтгэх удирдлага бус хамааралгүй этгээдийн хоорондын төлбөр тооцоонд суутгаж авч байна гэсэн үндэслэлгүй зүйл ярьж хүлээлгэн өгөөгүй учир үндэслэлгүй хөрөнгөжсөн автомашины үнийг гаргуулна” гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, шүүхийн харьяалал зөрчигдсөн, мөн хэрэгт нотлох баримт авагдаагүй, “Вендо” компанийн үнэлгээний тайлан маргаантай учир шинжээч томилж шийдэх ёстой, олон нийтэд нээлттэй мэдээллээр “*******” ХХК, “*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч *******болон ******* нар хоорондоо тооцоотой, *******өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан *******ийн эхнэр *******ын нэр дээр бүртгэлтэй байсан Лексус 570 маркийн ******* УНЧ улсын дугаартай автомашиныг өр төлбөрт шилжүүлсэн” гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ.

 

4.Маргаан бүхий ******* УНО улсын дугаартай Лексус 570 маркийн автомашины эзэмшигчээр нэхэмжлэгч компани бүртгэлтэй талаарх тээврийн хэрэгслийн лавлагаа хэрэгт авагдсан байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь хөрөнгө үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг хариуцагчаас шаардаж буй нөхцөлд хөрөнгө шилжүүлсэн болон олж авсан этгээдүүдийн хооронд үүрэг үүссэн эсэх, үүссэн бол тухайн үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон эсэх нь шүүхээс зайлшгүй дүгнэх үйл баримтад хамаарна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй хэдий ч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг зөвшөөрөхөөс татгалзаж буйгаа илэрхийлжээ.

Дээрх автомашиныг нэхэмжлэгч компаниас хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх болсон үндэслэл нь “*******” ХХК, түүний хувьцаа эзэмшигчтэй холбоотой эрх зүйн харилцаанд хамааралтай талаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины тайлбарт дурдагдаж байх боловч хэрэгт холбогдох баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл шүүхээс дүгнэвэл зохих үйл баримт тогтоогдоогүй байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3 дахь хэсэгт “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж тус тус заасан ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхдээ маргааны зүйлийг зөв тодорхойлж, тухайн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх, маргаанд чиглүүлэх арга хэмжээг авах учиртай.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй ба давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжгүй байна.

Хариуцагч талын гаргасан “нэхэмжлэгч, хариуцагч нар автомшины талаар зөрүүтэй тайлбар гаргасан ч хэргийн баримтаар тайлбарын алиныг нь ч үндэслэлтэй гэж үзэх боломжгүй буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, эрх зүйн харилцааг тодорхойлоогүй байхад шүүх хэргийг шийдсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6.Харин “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, шүүхийн харьяалал зөрчигдсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэргийн 1-3 дахь талд авагдсан “*******” ХХК-ийн нэхэмжлэлд *******ийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасанд нийцсэн. Мөн хариуцагч ******* тус нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/25808 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг зөрчөөгүй.

Нэхэмжлэгчээс өмнө нь тус нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх ба уг ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож байжээ. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/13691 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааснаар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгчээс дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авах эсэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн зохицуулалт үйлчлэх бөгөөд өмнө харьяалал тогтоосон асуудал нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй болно.

 

7.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Шүүгч тусгай санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/07517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 887,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.ЦЭНД

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.НЯМБАЗАР

                                                      ШҮҮГЧ                                          Д.ЗОЛЗАЯА