| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/03859/И |
| Дугаар | 210/МА2025/02183 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02183
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07761 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******, *******, *******нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 148,917,385 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Зээлдэгч *******, ******* нар нь “*******” ХК-тай 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/201944539858 тоот зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлсэн.
1.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГҮ201944539858 тоот барьцааны гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, *******хороо, Туул ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 700 м.кв талбайтай газар, түүнчлэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуун мод ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 282 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 388 м.кв талбайтай зуслангийн газар, *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, *******хороо, Сургуулийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 223.96 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 223.96 м.кв талбайтай газар зэргийг барьцаалуулсан.
1.3.Зээлдэгч нарын хүсэлтээр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунгасан.
Зээлийн гэрээний үүрэгт зээлд 8,615,250 төгрөг, зээлийн хүүнд 11,994,819 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 39,905 төгрөг, нийт 20,649,974 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээг авсан боловч биелүүлээгүй болно.
Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 61,384,749.9 төгрөг, зээлийн хүү 80,038,553.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,462,081.2 төгрөг, нийт 148,885,384.8 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нолох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 32,000 төгрөг, бүгд 148,917,384.8 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******, ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Тухайн зээлийг 2019 онд авч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан төлбөрийг төлсөн. Үндсэн зээл 70,000,000 төгрөгөөс 8,000,000 гаруй төгрөгийг хүүгийн хамт төлж байхад дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч төлбөр төлж чадахгүй байсан. 2020 онд банкинд хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж хугацаа сунгагдсан.
Ковид-19 цар тахлын улмаас 2022, 2023 онд үйл ажиллагаа явуулах боломжгүй, зогсонги байдалтай байсан. Энэ талаараа ******* банктай тухай бүрд уулзаж байсан, банкнаас гаргаж өгсөн тэмдэглэлүүд байдаг.
2.2.Банкны зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ хугацааны хүүг төлөх боломжгүй. Зээлийн гэрээний хугацаагаар 2023 он дуусах хүртэл хугацаагаар хүүг тооцож, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ
3.Хариуцагч *******, ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:
*******, ******* нарын зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, *******хороо, Сургуулийн 19 дугээр гудамж, 306Б тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт барьцаалсан. Бид зээлийн хамтран зээлдэгч биш зөвхөн зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан. Уг зээл 2019 онд 36 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан байдаг ба зээлийн хугацаа дуусах үед хариуцагч нарт ямар нэгэн байдлаар хандаж зээлээ төл гэсэн мэдэгдэх хуудас явуулж байгаагүй.
Барьцаа хөрөнгө өндөр байгаатай холбогдуулан барьцаа хөрөнгийн үнийн дүнтэй дүйцүүлэх хэмжээнд нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус санагдаж байна. Тийм учир хуульд заасан үндэслэлээр зээлийн хүүг бага болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 147,817,899 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлээс 1,099,433 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *******, *******, *******нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, Туул ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 77 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Сургуулийн ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 206 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Сургуулийн ******* гудамж, ******* тоотод байршилтай 223.96 м.кв газар, Г-******* улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 13 хороо, Туулын ******* гудамж, 491 тоот хаягт байрлалтай 700м.кв газар, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зуун мод ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 282 м.кв үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ******* дугаартай Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Зуун модод байршилтай 388м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрх-ийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,106,436 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 999,239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс шаардлагаа ихэсгэсэн 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл тооцсон нэмэгдүүлсэн хүү 1,099,433 төгрөгийг хасч тооцох нь зохимжтой гэж дүгнэв" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт "Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэж заасан.
Мөн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт "Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү .... төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, "гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан ЗГ/201944539858 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3, 5 дугаар зүйлийн 5.1.9, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тус тус тохиролцсон.
Дээрх зээлийн гэрээнд "Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна" гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ юм.
Гэрээ болон хуульд нэмэгдүүлсэн хүүг зохицуулсан зохицуулалтыг анхан шатны шүүхээс буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэмэгдүүлсэн хүү 1,099,433 төгрөгийг хасч тооцох нь зохимжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, тодорхойгүй байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр л анх хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдаан зарласан. Энэ хурлын үеэр хариуцагчийн зүгээс эвлэрэх хүсэлт гаргасан ба 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг.
Шүүх хурал хойшилсоны дараа 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 7,920,768 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь шүүх хуралдааны өмнөх өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан байдаг ба түүнд хуулийн хугацаанд хариу тайлбар гаргах боломжийг шүүх олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Шүүх дээр хэрэг хянагдаж байгаа, шүүхийн ачааллаас хамаарч шүүх хуралдаан нэхэмжлэл гаргаснаас хойш 5 сарын дараа хийгдсэн нь хариуцагч нараас хамаарахгүй нөхцөл байдал тул энэ хугацааны хүү болох 7,920,768 төгрөгийг буюу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу 7,920,768 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд манайх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байсан гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл болоогүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, *******, *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 148,917,384.8 (бүхэл дүнгээр 148,917,385) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.“*******” ХК болон *******, ******* нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч “*******” ХК нь 70,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон тул зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч нарыг зээлийн гэрээний дагуу зээлд 8,615,250 төгрөг, зээлийн хүүнд 11,994,819 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 39,905 төгрөг, нийт 20,649,974 төгрөг төлсөн талаар тусгаж, тооцооллын баримт хавсаргасан ба хариуцагч тал уг тооцооллыг үгүйсгэсэн тайлбар, баримт шүүхэд гаргаагүй.
5.Түүнчлэн нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 61,384,749.9 төгрөг, зээлийн хүү 80,038,553.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,462,081.2 төгрөг, нийт 148,885,384.8 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар шаардсан.
5.1.Хариуцагч нар нь зээлийн үлдэгдэл 61,384,749.9 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.
5.2.Мөн зээлийн гэрээгээр талууд хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт зааснаар эхний 12 сард хүүг, үлдэх хугацаанд сард 3,080,900 төгрөг төлөхөөр тусгасан боловч хариуцагч нар зээлийн төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөөгүй, гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна.
Хариуцагч нар Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдож зээл төлөх боломжгүй болсон гэж тайлбарласан ба талууд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж, зохих арга хэмжээг авсан байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэг, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-100 дугаар тушаалаар батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журамд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, хугацааг сунгах нөхцөлөөр цахим хэлбэрээр өөрчлөлт оруулах талаар зохицуулсан бөгөөд тус зохицуулалтаар зээлдэгчийг зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөөгүй болно.
5.3.Түүнчлэн зээлийн гэрээний 2.4.3-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж тусгасан ба уг нөхцөл нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасанд нийцжээ.
Иймээс зээлийн гэрээний хугацаа дууссан 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг эс зөвшөөрөх агуулга бүхий хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй.
5.4.Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тооцон хүү, нэмэгдүүлсэн хүүнд 7,920,768.9 төгрөг нэмж гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хариуцагч нараас шалтгаалаагүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хамаарсан гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн агуулгад нийцээгүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.5.Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн шаардлагад тусгагдсан “нэмэгдүүлсэн хүү 1,099,433 төгрөгийг хасч тооцох нь зохимжтой” гэж дүгнэж холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зээлдэгчийн хариуцлагын талаарх зохицуулалт болох Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул залруулна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 61,384,749.9 төгрөг, зээлийн хүү 80,038,553.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,462,081.2 төгрөг, нийт 148,885,384.8 (бүхэл дүнгээр 148,917,385) төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
6.Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, *******хороо, Туул 7 гудамж, 491 тоот хаягт байрлах, 77 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 700 м.кв талбайтай газар, түүнчлэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, Зуун мод ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 282 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 388 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, *******, *******нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, *******хороо, Сургуулийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 223.96 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 223.96 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалуулахаар харилцан тохиролцжээ.
Дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг албадан худалдахыг шаардах эрхтэй. Барьцааны гэрээний зүйл болох дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэнд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй байна.
7.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлсний зардал 32,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан ба үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх дээрх шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн хангасан дүнд тус 32,000 төгрөг багтсан боловч хариуцагч талаас уг шаардлагыг маргасан тайлбар гаргаагүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.
8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Хариуцагч *******, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан байх ба тухайн өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтгүйгээ илэрхийлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.
Иймээс хэргийн оролцогчийн тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд хууль хэрэглээний өөрчлөлт, мөн нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг зөв тусгаж, хариуцагч тус бүрд хуульд зааснаар хуваарилсан найруулгын өөрчлөлтийг оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/07761 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 148,917,385 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,074,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 1,004,682 төгрөг, хариуцагч *******, *******, ******* нараас 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “*******” ХК-аас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 30,936 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч *******, ******* нараас 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 141,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА