| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/07001/И |
| Дугаар | 210/МА2025/02182 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02182
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/08099 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 31,748,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие 2019 оны 04 дүгээр сард БНСУ руу явж байхдаа *******тай танилцсан. ******* нь БНСУ-д хоёр сар орчим болоод буцсанаас хойш над руу байнга ярьж “би цахим ченж хийж байгаа, надад бага зэргийн мөнгө оруулаач” гэсэн тул 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нийт 6,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, мөн 2021 оны 07 дугаар сарын 05, 16-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нийт 850,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 12, 26-ны өдрүүдэд нийт 1,150,000 төгрөг шилжүүлсэн.
Дээрх гүйлгээг Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн ******* тоот данс, Хаан банкин дахь хамтран амьдрагч *******ын ******* тоот данснаас Хаан банкин дахь ************** тоот дансанд хийсэн.
1.2.******* нь “Монгол Улсын том компанийн хувьцаа худалдан авбал их ашиг олдог юм байна, та над руу доллар шилжүүлвэл би таны нэр дээр хувьцаа аваад байж байя. Монголд ирэхэд чинь өсч байна биз” гэхээр нь итгээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкин дахь *******ын ******* тоот данснаас 5,100 ам.доллар шилжүүлсэн. Тухайн үед нэг ам.доллар 3,480 төгрөгтэй тэнцэж байсан буюу нийт 17,748,000 төгрөг болсон. ******* нь цагдаагийн байгууллагад “11,000,000 төгрөгөөр “*******” ХК, “*******” ХК, “*******” ХК-ийн хувьцааг авахуулж байсан” гэж мэдүүлэг өгсөн байсан. ******* нь дээрх компаниудын хувьцааг надад огт авч өгөөгүй, өөрийн нэр дээр авч дараа нь бусдад худалдсан гэсэн.
1.3.Би Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон талаар гомдол гаргасан ба прокуророос *******үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн болно.
Иймд хариуцагч *******ас үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 31,748,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Бид танилцах үед би “замын инженер мөн чөлөөт цагаараа Форексэд валютын ханшийн зөрүүний арилжааг анхан шатны мэдлэгтэйгээр өөрийнхөө мөнгөөр оролддог юм” гэж сонирхуулж ярьж байсан. ******* над руу байнга ярьдаг байсан ба хүмүүсээс Форекс арилжааны талаар асуусан бололтой нэг удаа “Наадах чинь дажгүй гэж байна. Хүмүүс мөнгө олж болдог гэх юм” гэж ярихад би “олохоосоо алдах нь их байсан, би өөрийнхөө 10 гаруй сая төгрөг алдчихсан” гэж хэлж байсан. Би 2019 оноос хэдэн хүмүүстэй нийлээд байр түрээслээд Форексийн арилжаа хийж нэг нэгнээсээ туршлага судалдаг байсан. Гэтэл ******* нь “хоёулаа наад арилжааг чинь хийж үзье, би ерөөсөө чам руу мөнгө шилжүүлье” гэхэд нь би тухайн үед зөвшөөрөөгүй, “Та өөрөө оролдоод үз, өөрийнхөө нэрээр хийгээд багаар оролдож үзэж болно” гэж хэлсэн. ******* нь “би чадахгүй ээ, чи намайг бодвол туршлагатай, интернэт орчны мэдлэгтэй,чи чадна, зүгээрээ, чи мөнгөнд санаа зоволтгүй” гээд байсан. Би тухайн үед огт зөвшөөрөөгүй, “би олигтой олж чаддаггүй, хормын дотор л алддаг тийм эрсдэлтэй зүйл шүү дээ” гэж өөрт нь зөндөө хэлсэн. Гэсэн ч ******* нь “чи чадна аа” гээд ятгаад байсан. Би тухайн үед “эрсдлийг нь би хүлээж чадахгүй” гэж хатуу сануулж хэлэхэд ******* нь “за за ойлгож байгаа” гээд зөвшөөрч байсан учраас би дансаа өгсөн. Шилжүүлсэн мөнгийг нь Форексэд олон удаагийн үйлдлээр хийгээд алдсан.
2.2.Би алдчихсан гэж хэлэхэд ******* нь надад ******* гэсэн дугаар өгөөд “энэ хувьцааны арилжаа хийдэг, миний найз Нацгаатай уулзаад хувьцааны талаар зөвлөгөө аваадах” гэсэн. Би *******ын хэлснээр бүгдийг нь хийж “*******” ХК, “*******” ХК, “*******” ХК гэх зэрэг энэ 3 компанийн хувьцааг худалдаж авсан. Энэ компаниудын хувьцаа унаад байсныг *******д хэлсэн. Хоорондоо ярилцаад Форексэд үлдсэн мөнгийг хийхээр болсон, ингээд энэ мөнгүүдийг бүгдийг алдсан.
Тухайн үед ******* нь өөрөө надад Форексэд мөнгө хийхийг санаачилж эрсдэлээ өөрөө хүлээнэ гээд надтай тохирсон байсан учраас тухайн үедээ намайг өгсөн мөнгөө буцааж төлөх ёстой гэж хэлээгүй. Мөн энэ мөнгөнөөсөө өөрийнхөө хэрэгцээнд зарцуулж болно гэж зөвшөөрч байсан. Гэтэл ******* нэхэмжлэлдээ намайг ор үндэсгүй гүтгэж, намайг мөнгө гуйсан мэтээр бичсэн байсан. ******* нь эрсдэлийг маш сайн ойлгож байж өөрөө гуйж байж над руу мөнгө шилжүүлсэн.
2.3.Одоо 3 жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад гэнэт ингэж нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй юм. Хэрвээ мөнгөө нэхэх байсан бол өмнө нь надаас нэхэж болох байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.2.2 -т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан 31,748,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 316,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Хариуцагч нь *******аас шилжүүлсэн мөнгийг олон удаагийн үйлдлээр Форексэд хийгээд алдсан. Мөн *******ын “*******” ХК, “*******” ХК, “*******” ХК-ийн хувьцаа авахуулах гэсэн мөнгөөр *******нэр дээр хэдэн ширхэг, хэдэн төгрөгийн хувьцаа авсан нь тодорхойгүй, *******ын нэр дээр авах ёстой хувьцааг өөрийн нэр дээр авч, түүнд мэдэгдэлгүйгээр бусдад арилжин өөртөө хөрөнгө бий болгосон. Энэ талаараа хариуцагч хариу талбар болон шүүх хуралдааны үед хэлдэг ба хэрвээ мөнгөө нэхэх байсан бол өмнө нь надаас нэхэж болох байсан гэж байгааг шүүх үнэлээгүй буюу огт үндэслэлгүй, бодит нотлох баримтад тулгуурлалгүйгээр хийсвэр, худал дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь *******ын эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндлөө.
Нэхэмжлэгч ******* нь мөнгөө нэхэж байсан ба хоёр талаас график хүртэл гаргаж байсан талааp *******гэсэн фэйсбүүк хаягаас ******* гэх фэйсбүүк хаягтай харилцсан 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны зурваст үзлэг хийж бэхжүүлсэн байгаагаас тодорхой харагдана. ******* нь хувьцаа авсан, үрсэн асуудлыг хэлээд байхад шүүх огт тоогоогүй. ******* нь дансаа өгсөн чинь мөнгө хийгээд байсан гэдэг боловч нэг төгрөг ч буцааж өгөөгүй. Авах ёсгүй мөнгө байсан юм бол буцааж өгөхгүй яасан юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. *******аас *******д шилжүүлж байсан мөнгө хаашаа орсон, юунд зарцуулагдсаныг нотлоогүй.
4.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4.9-д Үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн талуудын хооронд харилцсан зурвасаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгө шаардаж, хариуцагч 2022.07.11-ний өдөр мөнгийг бөөнд өгч чадахгүй гэсэн байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч эрх зөрчигдсөн тухай энэ үеэс мэдсэн гэж үзэв, 4.10-д Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцоход нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2025.07.11-ний өдөр дуусгавар болсон байх гэж дүгнэсэн.
Гэвч үндэслэх нь хэсгийн 4.6-д нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн. Энэ нь талуудын хоорондын харилцааг тогтоогоогүй атлаа хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй байхад шүүх сайн дураараа хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь огт хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ." гэж заасан. Талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй буюу талуудын хооронд үүссэн харилцааг харвал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Мөн анхан шатны шүүх хариуцагч *******2025.04.29-ний өдрийн гар бичмэлийг огт анхаарахыг хүсээгүй.
Анхан шатны шүүх эдгээр баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягталж, дүгнэж чадаагүйгээс гадна шүүхийн шийдвэрт тайлбар хийгээгүй, ойлгомжгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Шүүхийн шийдвэрт энэ талаарх хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй, тайлбарлаагүй.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д "Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана." гэсэн заалтыг зөрчсөн хэрэг болсон.
4.3.Үүнээс гадна анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар талуудын баримтыг тал бүрээс нь дүгнээгүйн нэг илрэл нь талуудын хооронд харилцсан зурвасыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа нь зөвхөн нэг талыг барьж дүгнэлт хийсэн байгаагаас харагдана.
4.4.Шийдвэрээ хуульд заасан үндэслэлээр гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөл үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.5.Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд Шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тодорхой харуулж байгаа бөгөөд тайлбар, зөвлөмжүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой явуулахад чиглэмж, гол зөвлөмж болдог. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай зөвлөмжид “Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно" гэж зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн байдлаас харагдана.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Би *******аас мөнгө шилжүүлж авсан нь үнэн. Гэвч нэхэмжлэгч тал намайг илт гүтгэсэн шинжтэй зүйл ярьж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь нэр дээр хувьцаа авч өгье гэж хэлэхэд ******* зөвшөөрөөгүй ба миний нэр дээр хувьцаа авахуулсан. Болохгүй бол эхнэрийнх нь нэр дээр авч өгье, би заагаад өгье гэж хэлсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй ба 5,000 орчим тооны хувьцаа худалдаж авсан.
*******тай байнга фэйсбүүк чатаар видео дуудлага хийж ярьдаг байсан ба юм бичдэггүй байсан. Иймд надад харилцан бичсэн бичвэр байхгүй тул нотлох баримт болгож өгөх зүйл алга. Анх нэхэмжлэгч намайг энэ зүйлд оруулсан. 2019 онд танилцах үедээ хувьцаа авч борлуулдаг гэдгээ сонин болгож л *******д ярьсан. Үүнээс хойш над руу байнга ярьдаг болсон. Гэтэл намайг байнга ярьдаг байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч анх Форекс хийх саналыг надад тавьсан бөгөөд намайг арилжаа хийж байгаа юу гэж асуухад нь би оролдож байгаа гэж хэлсэн. Би алдагдал, эрсдэл хүлээх тухай тайлбарлаж хэлсэн. ******* нь бүх зүйлийг өөрөө эхлүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн тул анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж маргах шаардлага байгаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 31,748,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь цахим ченж хийж мөнгийг чинь өсгөж өгнө, мөн Монголын том компаниудын хувьцааг авбал их ашиг олно гэж нийт 31,748,000 төгрөгийг авсан боловч буцаан өгөөгүй, хувьцаа авч өгөөгүй” гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлаа “нэхэмжлэгч өөрөө Форекс цахим арилжаанд мөнгөө оруулах хүсэлт тавьсан ба мөнгө алдах эрсдэлийн талаар урьдчилж тайлбарлахад зөвшөөрч мөнгөө уг арилжаанд хийлгэсэн боловч алдсан, мөнгөө буцааж авах талаар яриагүй, мөн “*******” ХК, “*******” ХК, “*******” ХК-ийн хувьцаа авахуулсан ч эдгээр хувьцааны ханш унасан учир буцаан зарсан” гэж тайлбарласан.
3.Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данс болон “Хаан банк” ХК дахь *******ын эзэмшлийн ******* тоот данснаас нийт 12,000,000 төгрөг, 5,100 ам.долларыг “Хаан банк” ХК дахь хариуцагчийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлсэн болох нь холбогдох дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон.
Дээрх мөнгөн хөрөнгөөс 4,000,000 төгрөг, 5,100 ам.долларыг *******ын данснаас шилжүүлсэн ба хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тус мөнгөн хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Тодруулбал, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд талуудын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийх нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй болно.
Иймд нэхэмжлэгчээс нийт 12,000,000 төгрөг, 5,100 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэнэ.
4.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүний шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Форекс арилжаанд оруулж алдсан, түүнчлэн “*******” ХК, “*******” ХК, “*******” ХК-ийн хувьцаа худалдан авсан ч хувьцааны ханш унасан учир буцааж зарсан гэж тайлбарласан ба дээрх зохицуулалтын дагуу тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгөөр Форекс цахим арилжаа болон хувьцааны арилжаа хийхээр харилцан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан ба талуудын хооронд үүрэг үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй.
5.Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүй бөгөөд тус хуулийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа болох арван жил өнгөрөөгүй буюу хариуцагчийн гаргасан “3 жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад гэнэт нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй” гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй талаар зөв дүгнэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацааг гэрээний үүрэгтэй холбоотой 3 жил гэж алдаатай тодорхойлсныг залруулна.
6.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч нь хариуцагчаас 12,000,000 төгрөг, мөн 5,100 ам.долларыг шилжүүлэх үеийн ханш 3,480 төгрөгөөр тооцон 17,748,000 төгрөг, нийт 29,748,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг энэ хэмжээнд хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/08099 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ас 29,748,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч *******ас 306,690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******аас 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 318,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА