| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2022/01163/И |
| Дугаар | 210/МА2025/02154 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/02154
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/07297 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “*******” ХХК, *******нарт холбогдох
56,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК нь 2019 оны 09 дүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ барилгын гадна болон дотно сантехникийн ажлыг 22,000,000 төгрөгөөр хийлгэхээр “*******” ХХК-ийн *******тай тохиролцсон.
*******нь гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамын булалт хийсэн, мөн зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа гэж ойлгуулж, манай байгууллагаас 8,000,000 төгрөгийн цалинг гаргуулан авсан. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлаа хийж байгаад хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ажлыг зогсоосон. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажил үргэлжлэхэд *******3 хүний бүрэлдэхүүнтэй ирж бэлтгэл хийж байгаад явсан. 2020 онд барилгын ажил санхүүжилтээс болж зогссон.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилгын хөгжлийн төв, Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Бүрэн сумын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид нэгдсэн шалгалт хийж, барилгын дотор сантехникийн ажлыг дахин хийхийг шаардсан. Учир нь уг ажлууд зураг төслөөс зөрүүтэй хийгдсэн, дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохир системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг нэг шугам нүхэнд холбож алдаа гаргасан. Мөн гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу, хол зайтай хийсэн, налууг зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж задарч хохирол учруулсан. Гадна шугамыг ухаж гаргахад экскаватор 3,000,000 төгрөгөөр түрээсэлж, гадна шугам булахад 1,500,000 төгрөг, гадна хөлдсөн шугам гэсгээх, тасалж гагнах ажилд 5,000,000 төгрөг, гадна дулааны материал хоолойн зардал 312,000 төгрөг, трубаг шинээр сольж дулаалах материалын зардал 1,500,000 төгрөг төлж, 3-4 сар ажил зогссон. Уг ажлыг *******той гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.
Иймд ажлын хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 11,312,000 төгрөг, нийт 19,312,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү.
1.2.Мөн 450 ширхэг тулаас төмрийг хадгалуудахаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *******ын Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Нарангийн голын эцэс Толгойтын ******* дугаар гудамж, ******* тоотод буулгасан ба *******хууль бусаар ашигласан байсан. Тухайн үед V-2 тулаас төмөр нь барилгын зах зээлд хомсдолтой, түрээсийн ханш өдрийн 110-170 төгрөг байсан. Иймээс 450 ширхэг тулаас төмрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 472 хоногийн хугацаанд хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 25,488,000 төгрөгийг алдсан гэж үзэж байна.
Мөн тулаас төмөр хаана, хэнд байгаа нь тодорхойгүй байгаа тул “*******” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн нэг ширхэг төмрийг 25,000 төгрөгөөр тооцож 11,250,000 төгрөг гаргуулах хүсэлттэй гэжээ.
2.Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай компани ажил хийсэн нь үнэн. Халаалт байхгүй газарт ус тавиад хөлдөнө гэдгийг хэлсэн боловч нэхэмжлэгч талаас бид хөлдөөхгүй гэсэн. Тулгуур хийгээгүй модоор түр хийсэн байсан, гулсах болон үл хөдлөх тулгуур хийгээгүй байсан. Дотор ажлын бүх паарыг бүгдийг холбосон. Заалны дотор ажлыг хийхэд материал дутаад дараа хийе гээд паарыг бэлдэж орхиод, заалны шугамыг угсарч дуусгаагүй орхисон. Хөлдсөн учир нь дэрүүдийг эцсийн байдлаар хийгээгүй түр мод хадаад тогтоосон байсан. Хүйтэн ус эргэлтгүй нэг шугам явдаг, хүйтэн ус тавихгүй гэхэд манай барилга усгүй болчихно гээд ус тавьсан. Паар хөлдсөн байх үед би очоогүй. Гадна газар ухах, булах ажил гэрээнд ордоггүй тул хийдэггүй, дотор угсралт, дулаалга хийдэг.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
*******нь “*******” ХХК-ийн захирал *******ын хамт “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той 2019 оны 08 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын гадна болон дотор шугамын ажил гүйцэтгэх 22,000,000 төгрөгийн гэрээг аман хэлбэрээр хийж, ажил гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулсан. Сантехникийн угсралтын ажлыг 70 хувьтай хийж гүйцэтгэсэн. 2019 оны 11 дүгээр сард “*******” ХХК-д гадна шугамын угсралтын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хувааж авсан нь үнэн.
“*******” ХХК нь *******ын хашаанд 2021 оны 06 дугаар сард 300 гаруй сапуд тавиулсан ба ажил гүйцэтгэхэд гарсан зардал 10 сая төгрөгийг өгөхгүй байгаа учраас бид сапудыг барьцаанд байлгаж байгаа нь үнэн гэжээ.
4.Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
“*******” ХХК нь менежер *******ын хамт “*******” ХХК-ийн захирал *******той 2019 оны 08 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын сантехникийн гадна болон дотор шугамын ажлын гэрээг аман хэлбэрээр хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулсан. Ажлыг 70 хувьтай хийж гүйцэтгэж 2019 оны 11 дүгээр сард “*******” ХХК-ийн барилга хариуцсан даамалд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компанийн зардлаар хийж гүйцэтгэсэн.
Урьдчилгаа 8,000,000 төгрөгийг авсан нь үнэн. “*******” ХХК нь гэрээгээ зөрчиж, өөр хүмүүс оруулж ажил гүйцэтгүүлсэн байсан. Иймээс ажлын хөлс 20,000,000 төгрөгөөс урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Барилгын ажлын явцад хариуцагч *******нь гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамын булалт хийгдсэн, мөн зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа хэмээн ойлгуулж, 8,000,000 төгрөгийн цалин гаргуулан авсан. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сард барилгын ажлыг түр зогсоосон ба түүнээс хойш барилгын санхүүжилт хойшилж 2021 оны 04 дүгээр сараас ажлаа эхлүүлсэн. *******ыг ажлаа дуусгахыг удаа дараа шаардахад ковид туссан, хүү нас барсан гэх шалтгаанаар 3 cap хүлээлгэсэн ба 2021 оны 07 дугаар сард арай гэж холбогдоход 3 хоногийн дараа Бүрэн суманд очиж ажлаа хийе гээд утсаа салгаад дахин холбогдоогүй.
*******нь дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохирын системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг нэг шугам нүхэнд холбосон, мөн гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу хол зайтай хийсэн, зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж, задарч бидэнд хохирол учруулсан. “*******” ХХК-ийн зүгээс хариуцагчийг ажлаа үргэлжлүүлэн хийх, доголдлыг арилгах хугацаа хангалттай олгосон боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдох 19,320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “*******” ХХК-ийн 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 11,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,488,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 693,314 төгрөг, хариуцагчаас төлсөн 207,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 194,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
7.1.“*******” ХХК-д холбогдох шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх доголдол арилгахад гаргасан зардал 11,320,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар огт дүгнэлт хийсэнгүй. “*******” ХХК нь тус барилгын гадна болон дотно сантехникийн ажлыг хийлгэхээр зүс таних *******тай ярилцаж, түүний “*******” ХХК нь хоол, багаж хэрэгсэл, тээвэр зэргээ хариуцах, “*******” ХХК нь ажлын хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон. Барилгын ажлын явцад гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамын булалт хийгдсэн, мөн зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа хэмээн ойлгуулсан учраас 8,000,000 төгрөгийн урьдчилгаа хөлсийг шилжүүлсэн. Хүйтний улирал эхэлж 2019 оны 11 дүгээр сард барилгын ажлыг түр зогсоосон ба түүнээс хойш санхүүжилт царцсаныг хөөцөлдөж 2021 оны 04 дүгээр сараас үргэлжлүүлсэн. Ингээд барилгын гадна, дотно ажлууд эхэлсэн бөгөөд дотор засал чимэглэлийн ажил хийхэд сангийн ажил хүлээгдсэн. “*******” ХХК-ийн ажлыг гүйцээлгэхээр *******тай холбогдож, ажлаа дуусгахыг удаа дараа шаардсан боловч ажлаа хийж дуусгаагүй тул арга буюу 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн *******той барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үлдэгдэл ажлыг 12,000,000 төгрөгөөр гүйцээлгэхээр тохирсон.
“*******” ХХК нь дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохирын системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг нэг шугам нүхэнд холбосон, гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу хол зайтай хийсэн, мөн налууг зургийн дагуу хийж гүйцэтгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж, задарсан буюу барилгын стандартын дагуу хийгдээгүй нь илэрч, уг ажлын доголдлыг засварлахад 11,312,000 төгрөгийн зардлыг “*******” ХХК гаргасан юм.
Ажлын доголдол нь хэрэгт авагдсан Барилгын ажил гүйцэтгэх 21/141 тоот 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт /хх 10/, Төв аймгийн Бүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай албан тоот /1хх 75/, Л. *******ыг гэрчээр асуусан тэмдэглэл /1хх 80/, *******ийг гэрчээр асуусан тэмдэглэл /хх 106-107/ зэрэг баримтуудаар нотлогдоно. “*******” ХХК нь гадна дулааны материалын хоолойн зардалд 312,000 төгрөг, гадна дулааны 120 м дулаалгад 1,500,000 төгрөг, гадна дулааныг ухсан механизмын зардалд 3,000,000 төрөг, гадна дулааны шугам буцаан булсан зардалд 1,500,000 төгрөг, шугамын хөлдүүс гаргаж бэхлэх ажилчдын цалинд 5,000,000 төгрөг, нийт 11,312,000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж, доголдлыг арилган хохирсон.
Гэтэл анхан шатны шүүх доголдол арилгахтай холбоотой гарсан зардлыг шийдвэрт огт дурдаагүйгээс гадна *******оор гүйцэтгүүлсэн дутуу ажлын зардал 12,000,000 төгрөгт доголдол арилгахад гарсан зардал багтсан мэт дүгнэж, уг ажилд нэхэмжлэгчээс нийт 31,312,000 төгрөг зарцуулчихаад байхад нийт 20,000,000 төгрөг зарцуулсан мэтээр буруу дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилгаанд 8,000,000 төгрөг, ажлын доголдол арилгахад 11,312,000 төгрөг, үлдэгдэл ажлыг гүйцээлгэхэд 12,000,000 төгрөг тус тус зарцуулсан байтал шүүх 20,000,000 төгрөгийг дээрх бүгдэд зарцуулсан мэт дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт "Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй" гэж зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй" гэж тус тус заасныг үндэслэн ажлын хөлсөнд урьдчилгаа болгож өгсөн 8,000,000 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд 11,312,000 төгрөг, нийт 19,312,000 төгрөгийг "*******" ХХК-аас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.
7.2.*******т холбогдох 36,738,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч *******нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгчийн тулаас төмрийг Дундговь аймагт баригдаж байгаа барилгад түрээслүүлэн орлого олж байгаа талаараа дурдсан, мөн талуудын хооронд бичсэн мессежинд түрээсэлсэн, байхгүй гэдэг агуулга бүхий бичилт байдаг зэргийг үнэлж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмч хөрөнгийг дур мэдэн хууль бусаар эзэмшиж ашиглаж нэхэмжлэгчийн олох ёстой орлогыг олж байгаа нь тогтоогдоод байхад шүүх дүгнэсэнгүй.
Анхан шатны шүүх хариуцагч *******аас 450 ширхэг тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж зөв дүгнэн шийдвэрлэсэн. Харин дээрх тулаас төмрүүд нь барилгад ашиглагдах боломжтой эсэх болоод нэхэмжлэгч компани нь тэдгээрийг бусдад түрээслэж, орлого олдог болох нь нотлогдоогүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон. “*******” ХХК нь “*******” ХХК-аас барилгын хэв тулаас түрээсэлсэн болон худалдан авсан болох нь тэдгээрийн хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт, гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогддог, барилгын ажилд ашиглагдах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байтал нотлох баримтад үндэслэгдээгүй хариуцагчийн тайлбараар дээрх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн зарчим болоод 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасанд нийцсэнгүй.
Аливаа өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах, түүний үр шимийг хүртэх эрхтэй гэж үзэж байна. Барилгад ашиглагддаг V-2 тулаас төмөр нь тухайн үед барилгын зах зээлд хомсдолтой, барилгын компанийн үнийн санал болон зар сурталчилгаанаас үзэхэд тулаас төмрийг түрээслэх зах зээлийн ханш 110-170 төгрөг байсан нь бодит байдал, тулаас төмөр түрээслэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй тул манай компани нь өөрийн хөрөнгөө ашиглаж чадаагүйн хохирлыг зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцож, нэг ширхэгийн хоногийн түрээсийг 120 төгрөгөөр бодож, нийт 450 ширхэг тулаас төмрийн 472 хоногийн түрээсийн олох байсан орлогод нийт 25,488,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.
Хадгалуулсан хөрөнгөө хариуцагчаас буцаан авч чадахгүй, хариуцагч энэ хугацаанд нэхэмжлэгчийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж үгүй хийсэн нь нэхэмжлэгчийг тулаас төмрөөр хохироогоод зогсохгүй түүнийг эргэлтэд оруулж, үр шим хүртэх боломжийг хүртэл үгүй хийсэн тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж энэхүү шаардлагыг гаргасан билээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч нар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 19,312,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас, хадгалалтын гэрээнээс учирсан хохирол 36,738,000 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган талууд маргажээ.
3.“*******” ХХК нь 2019 оны 09 дүгээр сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын гадна болон дотор сантехникийн ажлыг “*******” ХХК-аар 22,000,000 төгрөгийн хөлстэйгээр гүйцэтгүүлэхээр амаар харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагч “*******” ХХК-д 8,000,000 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
5.Мөн хариуцагч “*******” ХХК нь гадна шугамын ажлыг бүрэн хийсэн, дотор ажлаас нэгдүгээр давхрын паарыг байрлуулж, босоо, хэвтээ шугамыг хийсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, барилгын ажлын даамлаар ажилласан гэрч Л.*******ын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Тус ажлын үр дүн доголдолтой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
Гэрч Л.******* “...Аль нэг шугам нь худаг руугаа шавхагдаж байж ус нь гүйх ёстой. Гэтэл дунд нь хотойлгож, шугамын уналт хийгдээгүй учраас шугам дундаа ус нь хөлдөөд задарсан байсан”, гэрч ******* “... халаалтаа тавих гээд иртэл дулааны гадна шугам хөлдөж, паар нь халахгүй байсан учраас ... гадна дулааны шугамынхаа шороог нь ухаж задалсан. Дулааны шугамын ороосон дулаалгаа задлаад 3-4 газар гагнуур хийж буцааж дулаалгаа ороосон. Зарим трубагаа сольсон” гэж тус тус мэдүүлжээ.
Мөн нэхэмжлэгч нь *******той ажил гүйцэтгэх гэрээ байгуулж доголдлыг арилгуулсан гэж тайлбарлаж, холбогдох гэрээ, гэрээ дүгнэсэн акт, доголдолтой холбоотой ажлын гүйцэтгэлийг харуулсан фото зургууд, төлбөрийн баримтуудыг тус тус шүүхэд гаргасан.
Хариуцагч “*******” ХХК-аас “халаалт байхгүй газарт ус тавиад хөлдөнө гэдгийг хэлсэн боловч нэхэмжлэгч талаас бид хөлдөөхгүй гэсэн, тулгуур хийгээгүй модоор түр хийсэн байсан, гулсах болон үл хөдлөх тулгуур хийгээгүй байсан” гэсэн тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулж үзвэл, хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн гадна шугамын ажлыг доголдолтой гэж дүгнэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх “ажлын үр дүн бий болоогүй байх үед нэхэмжлэгч тал цэвэр усны шугамаар ус шахаж хөлдөөсөн гэх үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй тул дээрх байдлаар залруулна.
6.Ажлын үр дүнгийн доголдлын талаар захиалагчаас гаргах шаардлагуудын талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-352.2.3-т зохицуулсан ба үүнд доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага хамаарна.
6.1.Шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн талуудын 2021 оны 06-10 дугаар сард фэйсбүүкээр харилцсан зурвасуудаар нэхэмжлэгч нь гэрээт ажлаа үргэлжлүүлэн хийх талаар хариуцагчид удаа дараа мэдэгдсэн, мөн түүний гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан талаар мэдэгдсэн болох нь нотлогдож байх ба хариуцагч нь доголдолтой холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Иймээс нэхэмжлэгчийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу доголдлыг арилгахад гарсан зардлаа нөхөн төлөхийг хариуцагч “*******” ХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ.
6.2.Хэрэгт авагдсан “Барилгын ажил гүйцэтгэх 21/141 тоот 2021.08.19-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт”-д гадна дулаан бүрэн солих, хөлдсөн шугам гэсгээх, дулаалга хийх, гагнах таслах ажлын санхүүжилт 5,000,000 төгрөг гэж тусгасан, мөн нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уг санхүүжилтийн төлбөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Унагалдай УБ хотоос авчирч гадна дулааны шугам ухах” ажилд зориулж 3,000,000 төгрөгийг тус тус *******ид хүлээлгэн өгч кассын зарлагын ордер үйлдсэн байна. Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 312,000 төгрөгийн үнэ бүхий ф76*3.75-4 хэмжээтэй 12 м труба нэхэмжлэгчид худалдсан “*******” ХХК-ийн зарлагын баримт хэрэгт авагдсан.
Дээрх нотлох баримтуудыг хариуцагч тал баримтаар үгүйсгэж маргаагүй тул доголдлыг арилгахад гарсан зардалд нийт 8,312,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
6.3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд гадна шугам булах зардал 1,500,000 төгрөг, трубаг шинээр сольж дулаалах материалын зардал 1,500,000 төгрөг гэж тусгасан боловч эдгээр зардалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй.
7.Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас буцаан гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ “бүх ажлыг дахин хийх шаардлагатай” гэж тодорхойлсон.
7.1.Хариуцагчийн гүйцэтгэсэн гадна шугамын ажлын зарим доголдлыг арилгахад гарсан зардлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй талаар дээр дүгнэсэн, мөн нэгдүгээр давхарт хийсэн паар, босоо, хэвтээ шугамд доголдол илрээгүй учир Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т заасан “ажлыг шинээр гүйцэтгүүлэх” шаардлагатай гэж дүгнэх үндэслэлгүй.
7.2.Харин нэхэмжлэгч нь гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр 2021 оны 06-08 дугаар сард хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч үлдсэн ажлыг гүйцэтгээгүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй.
Гэрээ цуцлагдахад нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг буцаах боломжгүй тул ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн хөлсөө буцаан шаардахгүй.
Иймээс нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлгүй.
8.Хариуцагч тал дутуу төлсөн ажлын хөлс 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хэргийн баримтаар хариуцагч нь гэрээт ажлын 70 хувийг гүйцэтгэсэн, мөн ажлын хөлсөнд нэмж 12,000,000 төгрөг шаардах эрхтэй талаарх тайлбараа нотлох баримтаар нотлоогүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.
9.Нэхэмжлэгч нь 450 ширхэг тулаас төмрийг хадгалуулахаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч *******тай хадгалалтын гэрээ байгуулсан үйл баримтыг зохигч маргаагүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.
9.1.Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч *******уг үүргээ зөрчсөн тул түүнээс 450 ширхэг тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.
9.2.Нэхэмжлэгч нь 450 ширхэг тулаас төмрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 472 хоногийн хугацаанд хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 25,488,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээрх тулаас төмрийг түрээслүүлж орлого олдог байсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй. Тодруулбал 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн орлого олох байсан гэх нөхцөл байдлаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт нь 2022 оны 06, 10 дугаар сард хийгдсэн барилгын туслах материал түрээслүүлэх гэрээ, мөн 2022 оны 06 дугаар сарын орлого бүхий дансны хуулга байх ба эдгээр баримтаар нэхэмжлэлд дурдсан хугацааны V-2 маркийн тулаас төмрийн түрээсийн ханшийг тодорхойлох боломжгүй байна.
Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/07297 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 8,312,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “*******” ХХК-аас 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” ХХК, *******нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
3 дахь заалтын “194,950 төгрөгийг” гэсний дараа “хариуцагч “*******” ХХК-аас 147,942 төгрөгийг тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 381,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЗОЛЗАЯА