| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0192/Э |
| Дугаар | 0192 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 0192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгч Б.Мөнхбаатар оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мхолбогдох эрүүгийн 1925003840240 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт. Б.М
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 5 дугаар сарын 22- ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг “Баян-Өндөр” хотхоны 15-15 тоот гэртээ эхнэр Э.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Э.Ц “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.Ц ...“Энэ үед Б.М миний найзыг хүндэлдэггүй хэн бэ чи гээд миний уруул руу гар утсаараа цохихоор нь би Мөнхбаатарыг чи танихгүй хүний хажууд намайг цохиод байхдаа яадаг юм гээд уурлаад нэг удаа алгадсан. Гэтэл цуг орж ирсэн эмэгтэй нь гараад явчихсан. Энэ үед Б.М уурлаад ус буцалгагчийн саваар миний толгой руу цохиж толгой хагалаад мөн зүүн талын хэвлий хэсэг рүү өшиглөж давсаг руу өшиглөж зодсон. /хх-ийн 5-р хуудас/
2. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 380 дугаартай дүгнэлтэд ...“Э.Ц биед тархи доргилт, хуйханд язарсан шарх, зүүн талын 7 дугаар хавирганы суганы урд шугамаар далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 13-14-р хуудас/
3. Яллагдагч Б.М ...“Би эхнэртэйгээ маргалдаж байгаад ус буцалгагч эхнэрийнхээ толгой руу шидэж толгойг нь хагалсан. Мөн дараа нь би эхнэрийнхээ хэвлий хэсэг рүү нь жийгээд унагаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.И дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 15-15 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр н.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын үед шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөр байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу прокурор тогтоол үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэртээ эмэгтэй хүнтэй цуг орсноос хардаж хэрэлдэж маргалдаад хохирогчийн толгой руу ус буцалгагч шидэж толгойг нь хагалсан. Мөн хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн. Энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед болон хуйханд нь язарсан шарх, тархи доргилт үүссэн. Мөн зүүн 7 дугаар хавирганы суганы урд шугамаар хугаралт тогтоогдсон. Гэмтэл тус бүр нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдахаард дүгнэлт гарсан. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг ямар нэгэн зөрүүгүй. Иймд шүүгдэгч Б.М Эрүүгйин хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нэм буруутайд тооцуулах, Эрүүгйин хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгчийн орлого олох нөхцөл байдлыг харгалзан үзээд торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д ажилладаг учраас торгох ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, төлөх төлбөргүй байна гэв.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Ц мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Мөнхбаатар нь 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн “Баян-Өндөр” хотхоны 15-15 тоот гэртээ эхнэр Э.Ц зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржин овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС