Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/02153

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08365 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Хууль бус эзэмшлээс 0.77 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******(цахимаар), хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 5.56 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг. Миний баруун талын ******* тоот талбайн өмчлөгч ******* өргөтгөл хийж лангуу нэмэхдээ зарим хэсгийг нь миний өмчлөлийн талбайд байрлуулсан нь тогтоогдсон. Энэ нь лангууны схем зурагт тодорхой тусгагдсан байгаагаас гадна албан ёсны тусгай зөвшөөрөлтэй “*******” ХХК-ийн хэмжилтийн дүгнэлтээр тогтоогдсон. Би өөрийн өмчлөлийн 5.56 м.кв талбайгаас 4.81 м.кв талбайг ашиглаж байна.

*******аас өмчлөлийнхөө талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хэл амаар доромжилж чөлөөлж өгөхгүй, хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Би тус барилгын ашиглалт хариуцсан Сандэй плаза бизнес эрхлэгчид Цэлмэг төв байр ашиглалтын захиргаа гэх төрийн бус байгууллагад хандсан боловч шийдвэрлэх боломжгүй, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хариу өгсөн.

Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн 0.77 м.кв талбайг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Сандэй плаза үйлчилгээний төв баригдахад би “*******” ХХК-аас 6 дугаар давхрын 6022-6026 тоот талбайг худалдаж авсан. Тухайн үед нэхэмжлэгчийн хадам ээж талбай худалдаж авахад талбайн дотор талд багана байсан, Сандэй плаза үйлчилгээний төвийн удирдлагууд баганыг талбайн хэмжээнд оруулж тооцож, талбайн үнэд баганын м.кв-ыг тооцохгүй байхаар шийдэж байсан. Нэхэмжлэгчийн дутуу гэж байгаа 0.7 м.кв нь уг баганын хэмжээ бөгөөд дутсан зүйл байхгүй, үүнийг үнийг хасаж тооцсон. Багана хэмжээнд орсон ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ дээр тусгагдаагүй байгаа.

Анхны гэрчилгээнүүд 2011 оны 05 дугаар сард гарсан ба нэхэмжлэгч надтай биш, өөрийн хадам ээжтэйгээ маргаантай асуудлаа шийдэх ёстой. Нэхэмжлэгч анх энэ талбайг худалдаж авахад байгаагүй учраас тэр баганын талаар мэдэхгүй. Бид анх 3 сарын турш нарийн хэмжилт хийж байж худалдаж авсан, ингэж хэмжилт хийсэн хүмүүс дунд нэхэмжлэгчийн хадам ээж ч байсан. Тухайн үед баганын байршлыг зөвшөөрч худалдаж авчихаад 15 жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /13336/, Намъяанжугийн гудамж, ******* дугаар барилгад байрлах хариуцагч *******ын өмчлөлийн ******* тоот талбайн нэхэмжлэгч *******ын өмчлөлийн ******* тоот талбайтай хил залгаа хэсгээс 0.14 м.кв талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0.63 м.кв талбайд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас 400,000 төгрөг гаргуулж, шинжээч “*******” ХХК /рд:2582082/-т олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй талаар

Шүүхээс “*******" ХХК-ийг шинжээчээр томилсон боловч нэг жил өнгөрсний дараа шинжээчийн дүгнэлт гэх баримтыг ирүүлсэн. "*******" ХХК-аас ирүүлсэн албан тоотод “зураг төслийн байгууллага нь зөвхөн хариуцагч болон нэхэмжлэгч талуудын тус тусын талбайн хэмжээг тооцоолж гаргах эрх бүхий байгуулга бөгөөд хил хязгаар нэвтэрсэн эсэхийг тодорхой боломжгүй" гээд дүгнэлтдээ бидний маргаж буй 0.77 м.кв талбайг л дурддаг. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалтгүй, бүрэн бус дүгнэлт юм.

Нэхэмжлэгч анхнаасаа 0.77 м.кв талбайг өөрийн гэж үздэг тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шинжээч гэх байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд удаа дараа дахин бүрэлдэхүүнтэй нарийн мэдлэг бүхий шинжээч томилуулах гомдол, хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

1 дэх хавтаст хэргийн 3,163 дахь талд нэхэмжлэгч *******ын эзэмшлийн 6008б тоот хаяг бүхий лангууны талбайг харлуулсан схем зураг, 69 дэх талд хариуцагч *******ын эзэмшлийн 5 талбайг үргэлжлүүлэн харлуулсан схем зураг тус тус авагдсан. Дээрхи схем зургуудыг харьцуулан судлахад хариуцагч *******ын эзэмшдэг 5 лангуу нэхэмжлэгч *******ын лангууны чанх хойно байрлалтайгаар зурагдсан байна. Харин одоо нэхэмжлэгч *******ын эзэмшлийн 6008б тоот лангууны зүүн талаар *******ын лангуу 0.77 м.кв давхцаж байгаа тул маргаан үүсээд байгаа.

Шүүхээс хариуцагч *******ын нийт 5 лангууны талбайг хэмжиж үзлэг хийсэн. Дээрх 5 талбай хуваалтыг хариуцагч ******* өөрийн үзэмжээр хувааж тохижуулсан. Хэрвээ анхан шатны шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хязгаарлалгүйгээр мэргэшсэн шинжээч томилсон бол 5 талбайн нийт хэмжээг нарийн тогтоож, тус бүрийг хэмжээд, хариуцагч *******ын үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд дэх талбайн хэмжээтэй харьцуулахад шууд маргаан бүхий 0.77 м.кв талбай *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлөгдөх үндэслэл гарах байсан.

Анхан шатны шүүх "*******" ХХК-ийн бүрэн бус шинжээчийн дугнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэсэн. Гэтэл "*******" ХХК нь дүгнэлт гаргахдаа дутуу хэмжилт хийж хариуцагч *******ын өөрөө хуваалт хийсэн зөвхөн нэг лангууг буюу 6026 дугаартай лангуунд хэмжилт хийж бусад 4 лангууг хэмжээгүй тул "*******" ХХК-ийн хийсэн хэмжилт хэргийн бодит байдлыг тоогтоох шаардлага хангахгүй байна

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг шүүх хэрэглээгүй талаар

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас 400,000 төгрөг гаргуулж, шинжээч "*******" ХХК-д олгосугай" гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт "Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна" гэж хуульчилсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн мөртлөө шүүхийн зардлыг зөвхөн нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан "хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн", 168.1.7-д заасан "энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн" гэх үндэслэлүүдээр мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасны дагуу хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Сандэй плаза худалдааны төвийн 6 давхарт байрладаг “*******” ХХК-ийн 300 м.кв талбайг 22 иргэн түрээсэлж байсан. Маргаан үүсгэж буй *******нь *******ын хадам эх бөгөөд тухайн үед уг талбайг хамт түрээсэлдэг байсан. 2011 оны 02 дугаар сарын 20-ны үеэр “*******” ХХК 300 м.кв талбайг 22 түрээслэгчид түрээсийн гэрээний дагуу худалдах шийдвэр гарсан. Би тухайн үед 6022 тоотод байрлах 29.65 м.кв талбайтай үйлчилгээний 5 хэсэг талбайг худалдан авсан.

Нэхэмжлэгч тал анх “*******” ХХК-аар хэмжилт хийлгэсэн. Үүнд хариуцагч тал албан ёсны зөвшөөрөлтэй компани биш байна гэж маргасан. Давж заалдах шатны шүүхээс тухайн хэмжилтийг дахин хэмжүүлэх шаардлагатай гэж үзээд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Нэхэмжлэгч тал сайн дураараа санаачилга гаргаад хэмжилт хийлгэсэн учраас шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хийгдэж байгаа ажиллагааны зардлыг тухайн тал буюу нэхэмжлэгч тал хэмжилт хийлгэсэн компанид 400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Хуулийн дагуу төлүүлсэн учраас хариуцагч талд хамааралгүй гэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрт худалдаж авсан талаасаа нэхэмжлэх эрхтэй тул хохирлоо нөгөө талаасаа авна гэх агуулгыг дурдсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлт гарахад өмгөөлөгч нарт мэдэгдээгүй, манай үйлчлүүлэгчээс хэмжилт хийх гэж байна, одоо яах вэ гэж сандарсан байдалтай ярьсан. Өмгөөлөгч авсан өмгөөлөгчтэйгөө оролцоно гэж хэлсэн боловч шинжээч шууд хэмжилтээ хийсэн байсан. Хэмжилт явагдсан процессыг харахад 2 лангууг хэмжээд нэхэмжлэгч талын талбайг хэмжихдээ хулсан хаалтыг хаасан байхад хаалтын дээрээс нь хэмжсэн. 6026 болон 6008б лангуу нь 120 см хэмжээтэй плитагаар тусгаарлагдсан буюу 6008б лангуу нь бор өнгийн плитатай, 6026 тоот лангуу нь цагаан өнгийн плитатай. ******* өөрөө хэмжилт хийлгэхдээ 120 см хэмжээтэй талбайг 116 см гэж зориудаар дотогш хэмжүүлсэн гэж тайлбарладаг. Үүнээс 14 см хэмжээгээр илүү хэмжүүлээд чөлөөлүүлнэ гэх агуулгаар дүгнэлт гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зохигч талуудын өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хууль бус эзэмшлээс 0.77 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь өөрийн өмчлөлийн 6026 тоот талбайд лангуу нэмж хийхдээ зарим хэсгийг миний өмчлөлийн талбайн 0.77 м.кв хэсэгт байрлуулсан” гэж тодорхойлсон ба хариуцагч нь татгалзлаа “нэхэмжлэгчийн талбайд багана байгаа, нэхэмжлэгчийн дутуу гэж байгаа 0.7 м.кв нь уг баганын хэмжээ бөгөөд дутсан зүйл байхгүй” гэж тайлбарлажээ.

 

3.Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн баримтуудаас үзэхэд, 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, ******* дугаар барилгын ******* тоот хаягт байрлах 5.56 м.кв талбайн өмчлөгчөөр *******, ******* тоот хаягт байрлах 29.65 м.кв талбайн өмчлөгчөөр ******* тус тус бүртгэгджээ. (1хх 59, 164)

Үүний дараа нэхэмжлэгч нь 6008б тоот талбайг *******аас шилжүүлэн авч 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн, хариуцагч нь 6022 тоот талбайг 5 хувааж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг салгаж бүртгүүлсэн байна (6022 тоот - 8.35 м.кв, 6023 тоот - 5.93 м.кв, 6024 тоот - 5.16 м.кв, 6025 тоот - 5.19 м.кв, 6026 тоот - 5.24 м.кв). (1хх 39-44, 182)

Анх улсын бүртгэл хийгдэхэд 6008б болон 6022 тоот талбай тус бүрийн байршлыг харуулсан схем зургуудыг үндэслэсэн байна. (1хх 69, 163)

 

4.Нэхэмжлэгчийн 6008б тоот талбайг “*******” ХХК, хариуцагчийн 6026 тоот талбайг “Брайт пойнт” ХХК тус тус хэмжсэн баримтууд, шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00653 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаахдаа эдгээр баримтаар хариуцагчийн өмчлөлийн талбайн бодит эзэмшил нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайн хил хязгаарыг давсан эсэх, давсан бол ямар хэмжээтэй болох нь тогтоогдоогүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэжээ. (2хх 5-10)

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс “*******” ХХК-ийг шинжээчээр томилж 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлт гаргуулсан байх ба уг дүгнэлтэд 6008б тоот талбайг 4.81 м.кв, 6026 тоот талбайг 5.38 м.кв, маргаантай талбайг 0.77 м.кв хэмжээтэй гэж тусгажээ. (2хх 57-64)

Уг шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэхээр байна. Учир нь маргаан бүхий үйлчилгээний талбайнууд нь схемийн дагуу байршсан эсэх, мөн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хэмжээнд байгаа эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс гадна хариуцагч нь 6022 тоот талбайд 5 хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх ба зөвхөн 6026 тоот талбайг хэмжсэнээр маргааны үйл баримтыг тогтоох боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл 6022-6026 тоот талбайн бодит эзэмшлийн хэмжээ талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно” гэж заасан.

Анхан шатны шүүх “*******" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байхад дээрх хуульд заасан ажиллагаа явуулаагүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул зохигч талуудын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/08365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******аас төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

                                                    ШҮҮГЧИД                                    Б.АЗБАЯР

                                                                                                         Д.ЗОЛЗАЯА