Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 0235

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Х.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гд холбогдох эрүүгийн 1925004550280 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 06 сарын 25-ны өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 22-13 тоотод эхнэр Ч.Н-г хардан эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Х.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 06 сарын 24-ний орой утсаар ярих гээд чадаагүй. Тэгээд маргааш нь бас утсаар ярих гэхэд завгүй байна гэсэн. Дуудаад авахгүй байсан. Тэгээд 21 цагийн үед залгасан чинь 1 эрэгтэй хүн авсан. Эхнэртэйгээ ярихад Тэди дээр утсаа засуулж байна гэсэн. Тэгээд би ажлаа тараад Төв аймгийн Заамараас такси аваад гарсан. Үүрээр 5 цагийн үед гэртээ ирээд маргаан болж өшиглөж зодсон нь үнэн. Хардалтаас болж ийм зүйл боллоо. Би хийсэн хэргээ ойлгож гэмшиж байна. Бид одоо эвлэрсэн. Хохиролд 350.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 06 сарын 25-ны өглөө гэртээ 10 сартай хүү Батчулууны хамт унтаж байтал манай нөхөр Гомбо гаднаас орж ирсэн. Манай нөхөр гэртээ шууд орж ирээд намайг зодсон. Би нөхөр Гомбод хаалга тайлж өгөөд буцаад орондоо орохоор явж байтал нөхөр маань араас маань бөгс орчимд хөлөөрөө өшиглөсөн. Би нөхөр Гомбод бөгс орчимдоо өшиглүүлээд газар унасан. Намайг газар унасан хойно нөхөр дээрээс гуталтай хөлөөрөө өшиглөж дэвсэж зодсон. Би арай хийж босоод орон дээр унтаж байсан хүүгээ автал нөхөр маань араас нуруун тус газар ахин өшиглөж зодсон. Мөн миний барьж байсан I Phone-6 маркийн хар өнгийн гадаргуутай гар утсыг газар шидэж дээрээс нь дэвсэж эвдсэн. Тэгж унтаад өгсөн. Нөхөр маань бага зэрэг согтуу байсан. Намайг босоод ирэхэд байхгүй бол ална шүү гэж хэлээд унтаад өгсөн. Би 2019 оны 06 сарын 24-ний орой өөрийнхөө эвдэрсэн гар утсыг засуулахаар Тэди төв дээр явж байхад нөхөр маань надруу залгасан юм. Энэ үед миний гар утсыг засаж байсан залуу миний гар утсыг аваад байна уу гээд нөхөртэй маань ярьсан юм. Гэтэл нөхөр маань утас засдаг залуутай намайг хардаад би очиж байгаад чамайг ална гээд байсан. Тэгээд байж байтал миний гар утас унтарсан. Энэ асуудлаас болоод үүрээр хүрч ирээд намайг зодсон юм гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,

 

-Гэрч Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Охин маань надад утсаар хэлэхдээ нөхөр Гомбо үүрээр хүрч ирээд зодчихлоо гэсэн. Яагаад зодсон юм бэ гэтэл, хэн чамд гар утас өгсөн юм бэ гэж хэлээд зодсон гэж байсан. Тэр асуудал болоод байгаад гар утсыг нь би охиндоо өгсөн юм. Гэтэл тэр гар утаснаас болоод Гомбо нь манай охин Нарантунгалагийг зодсон байсан. Охин маань ярихдаа Дэнжид Ганзориг ахындаа байна гэсэн. Тэгээд би хөдөөнөөс охин дээрээ очсон. Намайг өглөө 10 цагийн үед Дэнжид яваад очиход нүүр ам нь битүү хөх эрээн болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Гэрч Г.-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Зэст багийн 1-21 дүгээр байранд байдаг Бадархундага эмнэлэг дээр манай нөхөр Ганзоригийн дүү Нарантунгалаг ирсэн. Нарантунгалагийн баруун талын нүдний дээд хэсэгт их том хавдсан хөхөрсөн байсан. Тэгэхлээр нь би юу болсон юм бэ гэхэд Нарантунгалаг нөхөр Гомбо сая намайг зодчихлоо гэсэн. Тэгээд Нарантунгалаг надаас манай гэрийн түлхүүрийг гуйж авсан. Нөхөр Гомбо нь манай гэрийг хаана байдгийг мэддэгүй юм. Тэгээд манай гэрт нуугдах гэж надаас манай гэрийн түлхүүрийг авсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,

 

            -Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №444 дугаартай  дүгнэлтэнд:

            1.Ч.Н-н биед биеийн бүх хэсэгт олон тооны зулгаралт, зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

            4.Зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/,

 

            -Эд зүйлийн үнэлгээ /хх 25 ху/

            -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол,  яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх36-39 ху/

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52 ху/

            -31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 53 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 06 сарын 25-ны өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 22-13 тоотод эхнэр Ч.Н-г хардан эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би Төв аймгийн Заамараас такси аваад гарсан. Үүрээр 5 цагийн үед гэртээ ирээд маргаан болж өшиглөж зодсон нь үнэн. Хардалтаас болж ийм зүйл боллоо. Би хийсэн хэргээ ойлгож гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Ч.Н-н “...Г-д бөгс орчимдоо өшиглүүлээд газар унасан. Намайг газар унасан хойно нөхөр маань дээрээс гуталтай хөлөөрөө өшиглөж дэвсэж зодсон. Би арай хийж босоод орон дээр унтаж байсан хүүгээ автал нөхөр маань араас нуруун тус газар ахин өшиглөж зодсон” гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/, гэрч Ц.Ж /хх 13 ху/, гэрч Г.Э /хх 14 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед биеийн бүх хэсэгт олон тооны зулгаралт, зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 444 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч нь “хохиролд 350.000 төгрөгийг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Шүүгдэгч Х.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг 4 сарын хугацаанд, сард 125.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА