| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/07716/И |
| Дугаар | 210/МА2025/02085 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02085
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07357 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******нарт холбогдох
Хариуцагч нарын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийн 2.2 дахь заалтын өөрт хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь 2021 онд өөрийн хөрөнгийг зарж хадгалсан 55,000 ам.доллар буюу 170,000,000 төгрөгийг “*******” ХХК-д 1 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. “*******” ХХК-ийн захирал *******мөнгийг барилгын ажилд зарцуулна, зээлийг тогтоосон хугацаанд буцаан төлж чадахгүй бол барьцаа баталгаа болгож, баригдаж буй барилгаас 1505, 1506 дугаартай орон сууцны эрхийг хадгална гэж бичгийн гэрээ байгуулан мөнгийг авсан. Гэвч *******нь эдгээр орон сууцыг бусдад худалдсан тухай гэрчээр шүүхэд мэдүүлсэн. ******* нь “*******” ХХК-ийн захирал *******ийг зуучилж танилцуулан манай найз нарт мөнгөө зээлүүлчих, хүү төлнө, баталгаа өгнө, барилга баригдаж дуусаад мөнгө ороод ирнэ гэж ойлгуулсан учир итгэж мөнгөө зээлдүүлсэн.
Гэтэл *******, *******нар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай гэрээний 2.2-т “өөрийн эхнэр болох *******ийн А талын хамаарал бүхий этгээд *******гаас 2021 оны 5 сард сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн 55,000 ам.доллар ... буюу 170,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтад тооцуулах” гэж тусгасан байх ба *******гаас энэ талаар зөвшөөрөл олгоогүй байхад түүнд мэдэгдэлгүйгээр хоорондоо тохиролцсон байна. Энэ гэрээг байгуулахад *******оролцсон байх ба миний мөнгийг *******т зээлсэн болгож, иргэн *******ийн надад төлөх ёстой төлбөр болгож, бодит байдлаас зөрүүтэй, худал гэрээ хийж, надад мөнгийг буцааж өгөхгүй байх нотлох баримт болгох зорилгоор хийсэн гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай” гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар мөн хуулийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
*******гийн эхнэр *******ийн *******гаас 2021 оны 05 дугаар сард сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн 55,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 170,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтаар тооцуулах гэсэн тохиролцоог миний бие 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээнд тусгаж нотариатаар батлуулахдаа *******гаас асуулгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад батлуулсан тул *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие *******тай өмнө нь уулзаж байгаагүй, утсаар ч харилцаж үзээгүй.
Харин хариуцагч *******тай өөрийн эхнэр *******аар дамжуулан 2021 онд танилцаж байсан. Би “Хан өндөр заяа” гэх нэртэй хуулийн этгээдийг 2018 онд үүсгэн байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан. 2021 онд миний танил *******нь надад хандаж “Миний таньдаг “*******” гэдэг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах жоншны уурхайтай компани хамтарч ажиллах хүмүүс хайж байгаа, уурхайдаа газар зааж өгч жонш олборлуулаад, 40 хувийг “*******” ХХК-д өгөөд, үлдсэн нь ажил хийж байгаа хүмүүсийн ашиг болно. Чи энэ ажилд хамтрах уу, зардлыг нь чи гарга, би ажлыг чинь уурхай дээр хийж гүйцэтгээд ашгаа тэнцүү хуваая” гэж хэлсэн. Тухайн үед тооцоо хийж үзэхэд бүх зардлыг 100 хувь өөрөө гаргахад хүндрэлтэй байсан учир өөрийн танил ******* ахад хамтарч хөрөнгө оруулж ажиллах саналыг тавихад зөвшөөрсөн. *******гаас 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн хөрөнгийг би гаргаж, *******нь манай “Хан өндөр заяа” ХХК-ийн захирлаар томилогдож, бүх ажлыг гардан хийж гүйцэтгэх, ашгаа 33.3 хувиар хуваан авахаар тохиролцож 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хамтын ажиллагааны гэрээг бичгээр байгуулсан.
Ажил эхэлснээс хойш удалгүй *******нь хувийн шалтгаанаар хөдөө орон нутагт удаан хугацаанд ажиллах боломжгүй гээд хамтын ажиллагаанаас гарсан ба ******* бид хоёр тохиролцоод ажлаа 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлүүлж байгаад миний бүх хөрөнгө оруулалтыг ******* авч үлдсэн.
Анх танилцахад ******* нь миний эхнэр *******ийн ажиллаж байсан “*******” ХХК-д хөрөнгө оруулсан, хүүгээ гүйцэтгэх захирлаар нь томилуулсан гэх талаар ярьж байсан. Харин хамтын ажиллагаа дуусгавар болсон шалтгаан нь ******* “*******” ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт 55,000 ам.долларыг буцаах шаардлага тавьсан ба компани нь мөнгөгүй байгаа учраас эхнэрийн компанийн өрийг нь дарах зорилгоор би өөрийн хөрөнгө оруулалт болох эд зүйл, тоног төхөөрөмжүүдээ 150,000,000 төгрөгт тооцож *******д үлдээгээд, түүнд дахин 20,000,000 төгрөгийг өгсөн.
Миний сүүлд мэдсэнээр ******* нь нэхэмжлэгч *******гийн төрсөн эгчийнх нь нөхөр бөгөөд энэ хоёр хүн ашиг сонирхол нэгтэй, нэгдмэл ашиг сонирхолтой байдлаа ашиглан 150,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт болох тоног төхөөрөмж, эд зүйл, 20,000,000 төгрөгийг авчихаад дахин 55,000 ам.доллар авч хууль бусаар хөрөнгөжих гэж илт худлаа нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон.
Түүнчлэн ******* 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш 1 жил гаруй хугацаанд өөрийн авлагатай холбоотой асуудлаар манай эхнэрт хандаагүй, зээл, хүүгийн төлбөрийг “*******” ХХК-аас нэхэж байгаагүй нь тухайн хэлцлийг мэдсэн, *******гаас тухайн мөнгөө эсхүл мөнгөнийхөө хүүг авч байсан учир хандаагүй гэж үзэж байна. Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцэл нь ямар нэгэн байдлаар хуулийн зохицуулалтыг зөрчсөн байсан бол нотариатч гэрчлэх ёсгүй байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, *******нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,730,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5.3-т ******* болон *******нарын хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д хамаарахгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн татгалзал тайлбар, нотариатчийн зөвхөн талуудын бичиж ирүүлсэн гэрээг цуцлах хэлцлийг баталсан тухай тайлбарыг харгалзалгүй гэрээний харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хэлцэл гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь гэрээний агуулга, нөхцөлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт өгөөгүй нь *******гийн “*******” ХХК-д зээлүүлсэн мөнгийг энэхүү гэрээний зүйл болгон хөрөнгө оруулалтад тооцож байгаад дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан.
Түүнчлэн гэрээний агуулга болон “*******” ХХК-д зээлүүлсэн мөнгийг *******д буцаан өгөхөөс татгалзал болгож энэхүү гэрээг ******* мэдэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гаргах шаардлагатай болсон. Үүнийг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгон тайлбарласаар байтал хоорондоо харилцан хамааралгүй гэрээ болох нь тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийлээ.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1 дэх хэсгийн дүгнэлтээр зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00858 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна гэж хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн нь хэргийн шийдвэрлэлтэд шууд нөлөөлсөн. Уг нь талуудын хэн аль нь 00858 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр болоогүй тухай маргаангүй тайлбарласан бөгөөд уг хэргийн татгалзлын үндэслэлд маргаан бүхий энэхүү гэрээний агуулга хамаарч тайлбарлагдсан. Тодруулбал *******гийн зээлсэн мөнгийг "*******" ХХК-ийн хөрөнгө оруулалт болсон учраас “*******” ХХК нь буцаан төлөх үүрэггүй гэсэн тайлбарлалтаас шалтгаалан 00858 дугаар шийдвэр нь хүчингүй болж, уг иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзэгдсэн төлөвтэй байгаа.
Маргаж буй гэрээгээр *******гийн зээлсэн мөнгийг “*******” ХХК-д хөрөнгө оруулалт болгон тооцох боломжгүйг, эхнэрийн үүрэг дуусгавар болсон гэх нөхцөлийг *******, *******нарын тохиролцоо болох үндэслэлгүй зэргийг шүүхээр хянуулахыг хүссэн боловч холбогдох тайлбар, нотлох баримтуудад шүүх огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй гэж үзэхээр байна.
Уг гэрээгээр *******гийн мөнгийг тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар эрх үүсгэх, үүрэг дуусгавар болгох хуулийг зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүхээр хянуулах үндэслэл болж байна. Нотариатчийн мэдүүлгээр хэлбэрийн төдий агуулгаар эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн, *******гийн эрхийг зөрчсөн үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар зөвшөөрөл авах хэлцэл биш гэх байдлаар дүгнэсэн ба гуравдагч этгээдийн буюу *******гийн зөвшөөрлийг авахгүйгээр түүний мөнгийг гэрээний зүйл болгон тохиролцож хэлцэл хийснийг хуульд нийцсэн гэх агуулгаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэргийг хэлэлцэх явцад *******гаас зөвшөөрөл аваагүй, *******гийн хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй болох нь тогтоогдсон. Зүй нь, нотариатын баталсан гэж тайлбарлаж байгаа нөхцөлийг харгалзан үзэж, гэрээг цуцлах хэлцэл үү, хөрөнгө оруулалтыг тооцох хэлцэл үү, эхнэрийн үүрэг дуусгавар болгох хэлцэл үү гэсэн нөхцөлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх ёстой байсан. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан зарчмыг зөрчсөн хэлцэл болсон. Шүүх гэрээг тайлбарлах хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох шаардлагыг хангах үндэслэлтэй байсан гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
******* нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг мөн дэмжиж байна. Хариуцагч *******гийн хувьд анх хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай хэлцлийн агуулга, үр дагаврыг бүрэн ойлгож, ухааралгүйгээр тухайн хэлцлийг байгуулсан гэх тайлбараа бичгээр гаргаж өгсөн.
Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж заасан. Энэ хэрэг маргааны хувьд уг хэлцэл хүчинтэй болохын тулд *******гаас зөвшөөрөл аваагүй талаар зохигчдын хэн аль нь маргадаггүй бөгөөд ******* тухайн хэлцэл байгуулагдсаныг мэдээгүй гэж тайлбарладаг. Тухайн хэлцэл нь хамтын ажиллагааны гэрээг цуцлах буюу хариуцагч *******, ******* нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээг цуцалж, дуусгавар болгож байгаа хэлцэл юм. Гэтэл тухайн хэлцэлд огт өөр ******* болон *******нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг оруулсан, зээлдүүлэгч талыг оролцуулалгүйгээр зээлдэгч талын үүргийг дуусгавар болгож байгаа хууль бус хэлцлийг хариуцагч ******* тухайн үед ойлгохгүйгээр байгуулсан. ******* энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ойлгосон учир нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай байдаг. Энэ нь зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд хариуцагч *******гийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан тул давж заалдах гомдлынхоо агуулгыг бүрэн тусгаагүй гэх тайлбарыг хэлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нь хуульд заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор бичгээр гарсан шүүхийн шийдвэрийг гардаж авах үүрэгтэй, уг үүргээ гүйцэтгээгүй нь давж заалдах гомдлын хугацааг тоолоход саад учруулахгүй гэх Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Тиймээс хугацаа хоцорч шүүхийн шийдвэрийг гардаж авсан нь хамааралгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжиж ирүүлсэн нотлох баримтын хэмжээгээр хязгаарлагддаг. Гэтэл энэ хэрэгт ******* болон *******нарын хооронд байгуулагдсан ямар нэгэн зээлийн гэрээ авагдаагүй учир зээлийн гэрээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй. Харин маргааны зүйл болж буй Хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох хэлцэл нь хамтарч 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хэлцэл байсан. *******хамтын ажиллагаанаас гарсныхаа хариуд 150,000,000 төгрөгийг *******гаас авах ёстой байсан боловч ******* тухайн мөнгийг танай эхнэрийн бусдад өгөх ёстой авлагад тооцуулъя гэх саналыг тавьж зөвшилцсөн хэлцэл байдаг. Тиймээс энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу заавал нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авах хэлцэл биш бөгөөд ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авах шаардлагыг хуульд тусгайлан хуульчилсан зүйл байхгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо тайлбарлахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл байгаа мэтээр тайлбарлаж байгааг илтэд үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл заавал гуравдагч этгээдээр буюу *******гаар зөвшөөрөгдөх ёстой байсан эсэх асуудал нь гэрээний биелэлттэй хамааралтай асуудал юм. Магадгүй уг гэрээ биелэгдээгүй тохиолдолд гэрээний үүргийг цаашид *******гаас нэхэмжлэх эрх нь гэрээний нөгөө тал болох хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон, өөрийн хамтын бизнесийг хүлээлгэж өгсөн этгээдэд хамаарах эрхийн асуудал гэж үзэж байна. Харин уг гэрээ биелэгдсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар талуудын хооронд маргаан үүсэхгүй байх нөхцөл байдал байсан.
Хүчингүй болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон мэтээр шийдвэрт дурдсаныг зөрчил гэж үзэж байгаа боловч үүнтэй холбоотой нэмэлт тайлбар байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******нарт холбогдуулан тэдгээрийн байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийн 2.2 дахь заалтын өөрт хамааралтай хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, хариуцагч *******эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3.1.Хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлээс үзэхэд, ******* (А тал), *******(Б тал) нар нь тэдгээрийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээг цуцлахаар харилцан тохиролцжээ.
Уг хэлцлийн 2.1-д А тал нь Хамтын ажиллагааны гэрээний 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч, “*******” ХХК-тай бие даан шийдвэр гарган хамтын ажиллагааг бие даан цааш үргэлжлүүлнэ,
2.2-т Б тал нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу оруулсан 150,000,000 төгрөгийг өөрийн эхнэр *******ийн А талын хамаарал бүхий этгээд *******гаас 2021 оны 5 сард сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн 55,000 ам.доллар буюу 170,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтанд тооцуулах, мөн Б талаас нэмэлт хүүгийн төлбөр болгон 20,000,000 төгрөгийг А талын ХААН банк дахь ******* тоот дансанд шилжүүлснээр А тал болон түүний хамаарал бүхий этгээдийн өмнө хүлээсэн Б тал болон түүний эхнэрийн бүх үүрэг дуусгавар болно,
2.3-т Хамтын ажиллагааны гэрээ цуцлагдсанаар Б талын “*******” ХХК, А талтай өмнө байгуулсан бүх гэрээний үүрэг дуусгавар болно гэсэн нөхцөлүүдийг тусгажээ.
3.2.Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/00858 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2024/00890 дугаар магадлалыг тус тус шүүхэд гаргасан байх ба эдгээр баримтаар *******гийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК, *******нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 342,341,823 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
3.3.Дээрх баримтуудыг зохигч талуудын тайлбартай харьцуулан үзвэл, хариуцагч *******, *******нар нь хэрэгт авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний тал биш буюу нэхэмжлэгч *******тай зээлийн гэрээ байгуулаагүй байна.
4.Зээлдүүлэгч *******гийн хувьд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж зааснаар өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг *******д олгоогүй байна. Тодруулбал, хариуцагч *******, *******нар нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцэл хийхдээ нэхэмжлэгч *******д мэдэгдээгүй, түүнийг оролцуулаагүй, зөвшөөрөл аваагүй болохыг үгүйсгээгүй.
Хариуцагч *******нь нэхэмжлэгч *******г хариуцагч *******гийн эхнэрийн дүү, ашиг сонирхол нэгтэй, энэ байдлаа ашиглан хууль бусаар хөрөнгөжихөөр нэхэмжлэл гаргасан гэж маргаж байх боловч садан, төрлийн холбоотой этгээдүүд итгэмжлэлгүйгээр нэгнийгээ төлөөлөх талаар хуульд зохицуулаагүй тул уг татгалзлыг хүлээн авах боломжгүй.
5.Түүнчлэн хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн, мөн биелүүлэх хугацаа нь болсон харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болохоор Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан.
Хариуцагч нар нь Хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж үр дагаврыг нь шийдвэрлэхдээ зөвхөн өөрсдийн хоорондох ижил төрлийн шаардлага бүхий үүргийг тооцож болох бөгөөд маргаан бүхий Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийн 2.2 дахь заалтад ******* болон “*******” ХХК, *******нарын хоорондох зээлийн гэрээний үүргийг тооцож дуусгавар болгохоор тусгасан нь тус хуулийн зохицуулалтад нийцэхгүй.
6.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нарын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийн 2.2 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл”-д хамаарч байна.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан бөгөөд дээрх хэлцлийн улмаас нэхэмжлэгч *******гийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн учир түүнийг сонирхогч этгээд гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч нарын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийн 2.2 дахь заалтын өөрийн гэрээнд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг буруу тайлбарлаж, хариуцагч нарыг нэхэмжлэгч болон “*******” ХХК, *******нарын хоорондох зээлийн гэрээний үүргийн талаар тохиролцох эрхтэй гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулна.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07357 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч *******, *******нарын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ цуцлах тухай хэлцлийн 2.2 дахь заалтад “Б тал нь ... өөрийн эхнэр *******ийн А талын хамаарал бүхий этгээд *******гаас 2021 оны 5 сард сарын 1.5 хувийн хүүтэй зээлсэн 55,000 ам.доллар буюу 170,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн уурхайн хөрөнгө оруулалтанд тооцуулах” гэснийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай” гэж,
2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч *******, *******тус бүрээс 865,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,730,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА